Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 408

 


Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 6-26 тоотод оршин суух Батмөнхийн Баярмаагийн хүсэлттэй 
Т.Ганбаатарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                                    ТОДОРХОЙЛОХ нь:
            Хүсэлт гаргагч Б.Баярмаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Батмөнх овогтой Баярмаа миний бие Төмөрпүрэв овогтой Ганбаатараас гэр бүл цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгө гаргуулахаар эвлэрүүлэн зуучлах газар болон шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн юм. Т.Ганбаатар нь Улаанбаатар хот руу яваад 3 жил болж байна. Хааяа л утсаар ярьдаг, гэртээ ирдэггүй, ах дүүсээс нь асуухаар Баярмаа гэдэг эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа гээд хаягийг нь хэлдэггүй. Иймд Т.Ганбаатарын одоогоор оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.  
                                                    ҮНДЭСЛЭХ нь:
 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
 Учир нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Ганбаатар /РД: ДК72080412/ нь оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, хаяг нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. 
  Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Төмөрпүрэвийн Ганбаатарыг Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.  

/Т.Ганбаатартай холбоо барьж байсан утас – 88787574, 80202495, Т.Ганбаатарын ах Т.Ганзоригийн утас 99179249 болно./

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Төмөрпүрэвийн Ганбаатарыг /РД: ДК72080412/ эрэн сурвалжилсугай.
2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар Төмөрпүрэвийн Ганбаатарыг эрэн сурвалжлахыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ