Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 487

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 3-34 а тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 37 настай, Даагчин овгийн Мөнхбатын Алтайгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 27-14 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 35 настай, Цоохор овгийн Энхтайваны Өлзийжаргалд холбогдох 3.750.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдоос гаргасан хүсэлтийг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Алтай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Өлзийжаргал нь 2016 оны 03 дугаар сарын 15-нд 2.500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Энэ мөнгийг удаа дараа нэхсэн боловч өгнө гэж хэлдэгч одоог хүртэл өгөөгүй. Иймд Э.Өлзийжаргалаас үндсэн зээл 2.500.000 төгрөг, хүү 1.250.000 төгрөг нийт 3.750.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Алтай, хариуцагч Э.Өлзийжаргал нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Миний бие 3.750.000 төгрөг нэхэмжилснээс эвлэрлийн журмаар 3.500.000 төгрөгийг хариуцагч Э.Өлзийжаргалаар 20 хоногийн хугацаа буюу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлүүлэхээр тохиролцож гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Алтай нь Э.Өлзийжаргалд холбогдуулан 3.750.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийг шаардлагаасаа 3500000 төгрөг болгон багасгасныг хариуцагч Э.Өлзийжаргал зөвшөөрч эвлэрсэн нь бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар М.Алтайгийн нэхэмжлэлтэй, Э.Өлзийжаргалд холбогдох иргэний хэрэгт зохигчид 3500000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Э.Өлзийжаргалаас 37475 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 37475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 74950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА