Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2016/01156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 3-7 тоотод оршин суух, Боржигон овгийн Дагванямын Амгаланзаяа /ФД86102802/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнж 1б-15 тоотод оршин суух, Их чулуут овгийн Цэнгүнжавын Эрдэнэмөнх /АД84102311/-д холбогдох,

“Хүүхдийн эцэг тогтоолгож, асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Амгаланзаяа, хариуцагч Ц.Эрдэнэмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Амгаланзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний бие Ц.Эрдэнэмөнхтэй 2010 онд танилцаж 2012 онд хамтран амьдарсан. Бидний дундаас 2013 онд том охин А.Мөнхзаяа, 2015 онд бага охин Энхжин нар төрсөн. Бид амьдарч байх хугацаанд нөхөр Ц.Эрдэнэмөнх архи ууж, зодож, хөөдөг байсан. Иймд цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул охин А.Мөнхзаяа, Э.Энхжин нарыг өөрийн асрамжинд авч хүүхдүүддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Ц.Эрдэнэмөнх нь аав ээж дүү нарыг минь оролцуулаад дандаа дарамталдаг, архи уучаад зодоод намайг гудманд чирч байсан. Хутгаар далайгаад намайг онолгүй хутга нь сандлын араар унаж байсан. Байнга харддаг, утас шалгадаг, сүүлд үснээс зулгааж чирээд хэсэг хэсэг газар халцарсан байсан. Хоёр удаа цагдаад хандаж байсан. Охин Мөнхзаяа нь надаар овогтой байдаг, Мөнхзаяагийн эцэг нь Ц.Эрдэнэмөнх болохыг тогтоолгож, охин Энхжин Ц.Эрдэнэмөнхөөр овогтой тул хоёр хүүхдээ өөрийн асрамжиндаа авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна... гэжээ.

Хариуцагч Ц.Эрдэнэмөнх шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: ...Миний бие Ц.Эрдэнэмөнх нь Д.Амгаланзаяатай 2010 оноос 2015 оны 12 сар хүртэл хамтран амьдарч байсан. Том охин 2013 онд бага охин 2015 онд төрсөн. Миний бие 12 сард хөл хугарч хэвтэрт байхад 2 хүүхэд аваад орхиод явсан. Эрдэнэмөнх би бага охин Энхжингээ өөрийн асрамж хамгаалалтанд авах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү. Миний Амгаланзаяаг зоддог нь үнэн. Би Амгаланзаяатай амьдрах гэж зөндөө үзсэн болохгүй юм билээ. Намайг янз бүрээр хэлдэг, би тэгэхээр нь гараад л архи уучихдаг. Яагаад ч юм ер болдоггүй юм, эдний аав нь намайг хэвтэрт байхад зодсон. Би урдаас нь нэг цохиод авсан юм. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул энэ асуудлыг хурдан шийдүүлмээр байна. Амгаланзаяа хүүхдүүдээ өөрөө авна гэж байгаа тул булаацалдмааргүй байна. Миний өмнөх эхнэрийн нэг охин над дээр байдаг. Сэтгэл санаа тайван бус болохоор би архи уучихдаг юм, архи уудаг нь үнэн. Мөнхзаяа бол миний охин мөн төрснийх нь дараа өөрөө овоглох гэтэл, том охины маань тэжээгчээ алдсаны тэтгэмж нь зогсох гээд байсан учир ээжээр нь овоглож байсан... гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Амгаланзаяа нь хариуцагч Ц.Эрдэнэмөнхөд холбогдуулан “Хүүхдийн эцэг тогтоолгох, асрамж, тэтгэлэг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Амгаланзаяа, хариуцагч Ц.Эрдэнэмөнх нарын дундаас 2013 оны 07 дугаар сарын 27-нд охин А.Мөнхзаяа, 2015 оны 02 дугаар сарын 25-нд охин Ц.Энхжин нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчидын тайлбараар нотлогдож байна.

Зохигчид 2008 онд танилцаад 2010 онд нэг гэрт орж амьдарч, 2 охин төрүүлсэн байх ба 2016 оны 06 дугаар 01-нээс хойш тусдаа амьдарч байгаа гэж тайлбарласан. Цаашид хэн аль нь хамтран амьдрах хүсэлгүй байгаа бөгөөд, охин Мөнхзаяагийн эцгээр Ц.Эрдэнмөнхийг тогтоолгож, Мөнхзаяа, Энхжин хоёр охиноо өөрийн асрамжиндаа авна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эсэргүүцээгүй болно.

Иймд охин Мөнхзаяа, Энхжин нарыг эх Д.Амгаланзаяагийн асрамжинд үлдээж, эцэг Ц.Эрдэнэмөнхөөр насанд хүртэл нь тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.  

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан улсын тэмдэгтийн хураамж болох 43 673 төгрөгийг төрийн санд оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2013-07-27-нд төрсөн Амгаланзаяагийн эцэг Цэнгүнжавын Эрдэнэмөнх мөн болохыг тогтоосугай.  

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 07 дугаар сарын 27-нд төрсөн охин Мөнхзаяа, 2015 оны 02 дугаар сарын 25-нд төрсөн охин Э.Энхжин нарыг эх Д.Амгаланзаяагийн асрамжинд үлдээсүгэй.   

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 07 дугаар сарын 27-нд төрсөн охин А.Мөнхзаяа, 2015 оны 02 дугаар сарын 25-нд төрсөн охин Э.Энхжин нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Эрдэнэмөнхөөр сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас 43 673  төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.   

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА