Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 496

 
 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 25-5 тоотод оршин суух, 1983 онд төрсөн, 33 настай, Бэйл овгийн Батчулууны Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Даваасүрэн, хариуцагч Б.Дэмбэрэлсайхан, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт 2009 оны 02 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл борлуулалтын оператор, борлуулалтын нягтлан бодогч зэрэг албан тушаалд тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж ирсэн. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр борлуулалтын өр авлага бууруулах чиглэл өгсөн. Өгсөн үүрэг чиглэлийн дагуу байцаагч нарт шаардлага тавьж ажилласны үр дүнд 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 88476200 төгрөгийн өр авлагатай байсныг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 50454700 төгрөг болтол бууруулж ажилласан. Дараагийн сард борлуулалтын авлага 43 хувиар буурсан байхад намайг борлуулалтын өр авлага өсгөсөн гэх шалтгаанаар ажлаас халж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хэрэглэгч, ажилчид болон харилцагч байгууллагуудаас миний зан харьцаа, ёс зүйтэй холбоотой ямар нэгэн гомдол санал ирээгүй байхад ийм хууль бус үндэслэлээр ажлаас халж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрвээ миний ёс зүй, зан харилцаатай холбоотой ямар нэгэн гомдол санал ирсэн бол миний ёс зүйн энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Гэтэл ийм үйл ажиллагаа явуулаагүй. Удирдлагын зүгээс туйлын ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сануулах, үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах зэрэг шат дараалсан арга хэмжээг авалгүйгээр шууд хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах шийдвэр гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын захирал Б.Дэмбэрэлсайханы гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн б/86 дугаартай тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль болон дотоод журам зөрчсөн шийдвэр гэж үзээд хүчингүй болгуулж, миний зөрчигдсөн эрхийг сэргээн, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Дэмбэрэлсайхан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2016 оны 08 дугаар сарн 08-ны өдөр салбарын даргын ажилд томилогдон ажилласан. 8 дугаар сарын 10-ны өдөр борлуулалтын инженер Ц.Отгонбямба, борлуулалтын нягтлан бодогч Б.Даваасүрэн нарын сүүлийн 3 сарын ажилтай танилцахад борлуулалтын өр авлага бууруулах ажил хангалтгүй байсан. Нийт авлага 88476200 төгрөгт хүрсэн байна. Үүнийг Эрдэнэтийн төв компани борлуулалтын алба, дотоод хяналт шалгалтын хэлтсээс нийт авлагыг 60 хувь бууруулах, борлуулалтын үйл ажиллагааг сайжруулж ажиллах үүрэг даалгавар биелүүлж ажиллахыг үүрэг болгосон. 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 43 хувь буурсан харагдаж байгаагаас өгөгдсөн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж байна. Борлуулалтын нягтлан бодогч Б.Даваасүрэн нь хамт ажилладаг байцаагч нартайгаа зүй бус харьцдаг талаар удаа дараа гомдол ирж байсан. Хүмүүсийн ажил төрөлтэй нь холбогдуулан тавьсан шаардлагыг огт хүлээж авдаггүй, багаар ажиллах чадваргүй, хамт олондоо нэр хүнд муутай зэрэг нь цаашид удирдлаганд байдаг ажилчид ажил хийх дургүй болох, ажил цалгардах үндэс болсоор байгаа юм. Иймд Б.Даваасүрэнтэй 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Даваасүрэн нь Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Учир нь Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчид хувьцаат компанийн Өвөрхангай аймаг дахь салбарын захирал Б.Дэмбэрэлсайхан нь нэхэмжлэгчийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, ЭБЦТС ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 10.7 ё, 10.7 м заалтуудыг үндэслэн борлуулалтын нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Хариуцагч дээрхи тушаалынхаа үндэслэлийг Б.Даваасүрэн нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, борлуулалтын бичилт, орлого, алдагдлын хэмжээг 3 сар дараалан биелүүлээгүй, борлуулалтын өр авлага ихэссэн, Б.Даваасүрэн нь ажилтан болон хэрэглэгчидтэй зүй бус харьцдаг зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэж тайлбарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Даваасүрэнг ямар зөрчлийг хэзээ гаргасан талаарх баримтууд хэрэгт авагдаагүйгээс гадна хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс тушаалынхаа үндэслэлийг шүүхэд нотлож чадаагүй тул хариуцагчийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн б/86 тоот тушаал үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэгч Б.Даваасүрэнг Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймаг дахь салбарын борлуулалтын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор 3492000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгч Б.Даваасүрэнд олгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Даваасүрэн сүүлийн 3 сар 1883411 төгрөгний дундаж цалин авч байсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдсон ба 45 хоног ажилгүй байсан тул энэ хугацааны олговрыг тооцсон1883411:21.5=87600x45=3942000 төгрөг/ болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныгтус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Бэйл овгийн Батчулууны Даваасүрэнг Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймаг дахь салбарын борлуулалтын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч байгууллагаас 3942000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Даваасүрэнд олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгууллагаас 148222 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА