Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 501

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 103-р байр 1-15 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, 28 настай, Баяжих овгийн Энхтогтохын Наранцацралтын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрдэнэт-Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Наранцацралт, хариуцагч Б.Дэмбэрэлсайхан, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Наранцацралт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2013 оноос өнөөг хүртэл Эрдэнэт-Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас халагдсан. 2016 оны 08 дугаар сард салбарын дарга солигдож Б.Дэмбэрэлсайхан ажиллаж эхлэн сар гаруй хугацаанд 8 ажилтныг ажлаас нь үндэслэлгүйгээр халсан. Миний хувьд ажлаас халагдах үндэслэл байхгүй. Сахилгын сануулга, цалингийн хувиас хасуулах, эцсийн сануулга ажлаас халах хүртэл шат дараалсан арга хэмжээг авахуулж байгаагүй. Халагдах тушаал дээр намайг мэргэжлийн бус, эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны дүрэмд тэнцээгүй гэж тусгасан байна. Гэвч би 2014 онд Эрчим хүч хөгжлийн төвд суралцаж байцаагч монтёрын 3 дугаар зэрэгтэй мэргэжил эзэмшсэн ба байгууллагаас авсан бүх шалгалтанд тэнцсэн. Би энэ мэргэжилд сонирхолтой учраас эчнээгээр ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд цахилгаан хангамжийн ангид суралцдаг. Байгууллагын дарга солигдож болно. Гэхдээ ажилчдынхаа ар гэр, амьдрал байдлыг судалж үзээгүй байж ажлаас халж байгаа нь харамсалтай байна. Би урьд нь 2014-2015 оныг хүртэл байцаагч монтёр хийж байсан. Оны эцэст цахилгаан эрчим хүчний тооцоогоо хийгээгүй айлуудын тоолуурыг хураан авч төлбөрөө төлөөд тоолуураа тавиул гэсэн шаардлага тавьж цахилгаан эрчим хүчний үлдэгдэлтэй 15 айлын 199283 төгрөгний барьцаанд тоолууруудыг хураасан ба одоо хүртэл хураасан тоолуурууд нь надад байна. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б.Дэмбэрэлсайхан дарга өрөөндөө дуудаад оны эцэст төлбөрөө төлөөгүй айлуудын тооцоог хий гэсэн. Тэгэхээр нь би даргаа бүх тоолууруудыг нь мөнгөнийх нь барьцаанд хураасан, төлбөрөө төлөөд л тоолуураа надаас айлууд нь авна гэхэд явж тэр баасаа цэвэрлэ, гар хөлийнхөө бүтэн дээр явж үз гэж хэл амаар доромжилсон нь ажлын байрны дарамт гэж ойлгож байгаа. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би хүнээс 200000 төгрөг зээлээд оны эцэст үлдэгдэлтэй үлдсэн 15 айлын 199283 төгрөгийг хувиасаа төлж байгууллагыг хохиролгүй болгосон байтал хэлж сануулахгүй, мэдэгдэхгүй ажлаас халж байгаа нь шудрага ёсонд нийцэхгүй гэж үзэж байгаа болохоор гомдолтой байна. Иймд миний нэхэмжлэлийг судалж үзээд үнэн зөвийг тогтоон намайг ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Дэмбэрэлсайхан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Наранцацралт нь 2014-2015 онд байцаагч монтёроор ажиллах явцдаа ажилдаа хариуцлагагүй хандаж 200000 төгрөгийн өр авлага үүсгэсэн байсныг 09 дүгээр сард төлүүлсэн. Мөн айл өрхүүдийн тоолуурыг дур мэдэн хураан авч, зарим хэрэглэгч нь тоолуураа авъя гэхэд машинд ачаад Өмнөговь руу явуулчихсан, байхгүй гэх зэргээр чирэгдэл учруулж хэрэглэгчдийг хохироох байдал гарсаар байна. Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрэм-ийн шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн нь Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрэм-д заасны дагуу мэдлэгийн шалгалтанд тэнцээгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглодог учраас 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Наранцацралт нь Эрдэнэт-Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Учир нь Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчид хувьцаат компанийн Өвөрхангай аймаг дахь салбарын захирал Б.Дэмбэрэлсайхан нь нэхэмжлэгчийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны дүрэм-ийн 1.6 заалтуудыг үндэслэн шугамын монтёрын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Хариуцагч дээрхи тушаалынхаа үндэслэлийг Э.Наранцацралтыг мэргэжил, ур чадвар, тогтоосон шаардлагад тэнцэхгүй байгаа, мэргэжлийн бус гэж тайлбарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Э.Наранцацаралтыг мэргэжил, ур чадвар, тогтоосон шаардлагад тэнцэхгүй байгаа, мэргэжлийн бус гэж ажлаас халсан тушаалын үндэслэл болсон баримтууд хэрэгт авагдаагүйгээс гадна хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс тушаалынхаа үндэслэлийг шүүхэд нотлож чадаагүй тул хариуцагчийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн б/89 тоот тушаал үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэгч Э.Наранцацралтыг Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймаг дахь салбарын шугамын монтёрын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор 914680 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгч Э.Наранцацралтад олгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э.Наранцацралт сүүлийн 3 сар 491652 төгрөгний дундаж цалин авч байсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдсон ба 40 хоног ажилгүй байсан тул энэ хугацааны олговрыг тооцсон 491652:21.5=22867x45=914680төгрөг/ болно.

Хариуцагч Б.Дэмбэрэлсайхан нь Өвөрхангай салбарын төвийн ажилчдаас 2016 оны Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн ээлжит шалгалт авсан протокол болон Э.Наранцацралт болон С.Солонго нарын ЭБЦТС ТӨХК-ийн цахилгаан байгууламжийн ашиглалтийн үед мөрдөх ААД-ийн 2016 оны ээлжит шалгалтын материалуудыг шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө заасан бөгөөд хариуцагчийн гаргаж өгсөн дээрхи баримтууд нь хуульд заасан шаардлага хангаагүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныгтус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баяжих овгийн Энхтогтохын Наранцацралтыг Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймаг дахь салбарын шугамын монтёрын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч байгууллагаас 914680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Наранцацралтад олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгууллагаас 96702 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА