Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 01435

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2016/01435

Орхон аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 28-08 тоотод оршин суух Бүргэд овогт Цэрэвийн Оюунбат /ФБ:87010613/

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулаат баг 14а-01тоотод оршин суух Бүргэд овогт Цэрэвийн Оюунбаяр /ФА:88123175/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 3-71 тоотод оршин суух Гөрөөчин овогт Баярбаатарын Шинэбаяр /РЙ:81112739/

            5 000 000 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Оюунбат, Ц.Оюунбаяр, хариуцагч Б.Шинэбаяр, гэрч  Б.Ууганбаяр, Б.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Оюунбат, Ц.Оюунбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр 2014 оны 03 дугаар сарын 08-нд Японоос 2001 онд үйлдвэрлэгдсэн Hino ranger машиныг 34 700 000 төгрөгөөр худалдан авсан. Энэ машинаараа хот хооронд ачаа тээвэрлэдэг байсан. 2015 оны 09 дүгээр сарын 03-нд Улаанбаатар хот явж байхад өөдөөс ирж явсан шаланз чиргүүлтэй Норд бенз машин замын эсрэг урсгалд орж, манай машиныг шүргэснээс машины кабин засах боломжгүйгээр эвдэрсэн. Осол болоход машин замаас гарч зогссон байсан ба 2015 оны 10 дугаар сарын 10-ны үед бид хоёр Б.Ууганбаяр, Б.Мөнхнасан, төрсөн эгч Ц.Булгаагийн хамт очиж машинаа унаж Эрдэнэтэд авчирсан. Машины кабин засах боломжгүй болж эвдэрсэн учраас Дарханд байгаа моторгүй Hino ranger машиныг очиж үзэж, 6 000 000 төгрөгөөр авахаар тохирч, өөрийнхөө машины моторыг тавьж сэлбэхээр болоод байж байтал Б.Шинэбаяр ирж уулзаад машины моторыг чинь авъя гэсэн. Бид мотороо 11 000 000 төгрөгөөр зарна гэж түүнд хэлсэн. Тэр Ганбаатар гэдэг жолоочийг дагуулж ирж, асааж үзүүлж, тухайн үед хойшоо харж зогссон байсан машиныг хашаан дотор хөдөлгөж урагшаа харж зогсоож үзэж, шалгасан. Манай машин цахилгаан аппартуртай. Харин Б.Шинэбаярын машин энгийн аппартуртай байсан. Тэр мотор үзсэн Ганбаатар гэдэг жолоочоор машиндаа моторыг тавиулахаар болж, тэд хоорондоо ярилцаж байсан. Б.Шинэбаяр нь бид хоёрыг гуйж, шалсаар бэлэн 9 000 000 төгрөгөөр авъя гэсэн. Түүнд бэлэн мөнгөөр бол 9 000 000 төгрөгөөр өгнө. Бэлнээр өгч чадахгүй бол 10 000 000 төгрөгөөр л зарна гэхэд 5 000 000 төгрөгийг бэлэн өгөөд гурав хоногийн дараа үлдэгдэл мөнгийг төлөхөөр болж, авахаар болсон. Гэвч моторыг ирж авах үедээ бэлнээр төлөх ёстой 5 000 000 төгрөгөө ахаас мөнгө орж ирэхээр өгье гэхээр нь мотороо ачуулаад явуулсан. Учир нь мотор ачуулахаар тухайн үед кран дуудсан байсан учир түүнд итгэж моторыг ачуулж, явуулсан. Тэр Ц.Оюунбаярын дансаар 5 000 000 төгрөгөө 4-5 хоногийн дараа шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөө асуухаар өнөөдөр, маргааш гэж янз бүрийн шалтгаан тоочсоор маш их хугацаа өнгөрсөн. Аргаа бараад бид хоёр 2015 оны 12 дугаар сарын 25, 26-ны үеэр очиж мөнгөө өгөхгүй бол өгсөн мөнгөө буцааж аваад авсан мотороо өг гэж хэлэхэд ... хөгшин нь авснаараа мотороо аваад, он гараад зээл тавигдахаар зээл авч өгье. Одоо зээл гаргахгүй байна гэж хэлж байсан ч мөнгөө төлөөгүй тул бид хоёр уулзая гэж 2016 оны 01 дүгээр сарын 15-нд уулзахад эхнэртэйгээ, өөр хоёр залуугийн хамт ирэхэд нь мөнгөө нэхэхэд эвдэрхий мотор өгсөн байсан гэж уурлаж, янз бүрийн тайлбар тавьсан. Тийм бол мөнгийг чинь өгөөд мотороо тайлж авна гэхэд моторийг өгөхөөс татгалзаж маргасан. Дарханд моторгүй Hino ranger машин байсан. Тэр машиныг 6 000 000 төгрөгөөр авахаар тохирсон байхад Б.Шинэбаяр моторыг чинь авъя гэж гуйхаар нь түүнд итгэж мотороо өгч явуулснаас болж мотор ч үгүй, үлдэгдэл мөнгөө ч авч чадахгүй маш их хохирч байна. Иймд энэ хүнээс моторын үлдэгдэл үнэ 5 000 000 төгрөг гаргуулж авна гэв.

Хариуцагч Б.Шинэбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Надаас моторын үнийн үлдэгдэл 5 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие 2015 оны 12 дугаар сарын дундуур Оюунбаттай уулзаж түүний унасан машиных нь моторыг 9 000 000 төгрөгөөр авахаар болж урьдчилгаа 5 000 000 төгрөг өгөөд эвдэрхий машинаас нь моторыг нь салгаж авсан. Анх эдгээр хүмүүс мотороо зарахдаа машины моторт асуудал байхгүй гэж хэлж ойлгуулж, би ч түүнд итгэж авсан. Ингээд өөрийнхөө машинд моторыг тавиулаад Улаанбаатар руу ачаа ачаад явсан дороо моторын улаан гэрэл асч тос гоожиж эхэлсэн. Тэгэхээр нь тэр чигээрээ нь явсаар Эрдэнэтэд ирээд Оюунбатад энэ талаар хэлж ирж үз гэсэн. Энэ 2 хамт ирж үзсэн. Ирэхэд нь улаан гэрэл асаалттай тос гоожоотой л байсан. Мотор тавьж өгсөн Ганбаатарт хэлж дуулгасан боловч ирээгүй. Ингээд 3 удаа ачаанд яваад ерөөсөө болохгүй байна гэдгийг нь хэлсэн. Улаанбаатар хотод Цэдэв гэж мотор сайн мэддэг засдаг хүнтэй уулзаж мотороо үзүүлтэл унаснаас болж моторонд гэмтэл орсон байна. Унасан машины мотор заавал гэмтэл авсан байдаг юм гэж хэлсэн. Нэхэмжлэгч нар нэхэмжлэл дээрээ болохоор машинаа шаланз машинтай шүргэлцсэн мэтээр бичжээ. Энэ машин нь шүргэлцсэн биш дээшээ харж унаад үүнээс болж Оюунбат өөрөө ухаангүй нилээд хэд хоног хэвтэрт байж байгаад боссон гэж хүмүүс ярьж байхыг сонссон. Одоо энэ асуудал нь Сэлэнгэ аймгийн шүүх дээр хянагдаж байгаа гэж өөрсдөө ярьж байсан. Тэгэхээр миний бие нь Оюунбатад өгөх ёстой 4 000 000 төгрөгийг мотороо засч янзлуулсан сэлбэхэд зориулах шаардлагатай болоод байгаа тул мөнгө төлөхөөс татгалзаж байна. Үнэхээр мотор хэвийн байсан бол би мөнгийг төлөхөд татгалзах зүйл алга. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Шинэбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид анх 9 000 000 төгрөгөөр мотор худалдах тухай ярьж тохирсон. Би 5 000 000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэж байгаа 4 000 000 төгрөгөөс моторыг янзлуулахад гарсан зардлаа хасаад өгөх боломжтой гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Ц.Оюунбат, Ц.Оюунбаяр нар нь хариуцагч Б.Шинэбаярт холбогдуулан машины моторын үнэ болох 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч Б.Шинэбаяр 4 000 000 төгрөг өгөх ёстойгоос мотор засахтай холбогдон гарсан зардлаа хасаад үлдэгдэл мөнгийг өгнө гэж мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Ц.Оюунбат, Ц.Оюунбаяр нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Өөрсдийн өмчлөлийн автомашинаар хот хооронд ачаа тээвэрлэдэг байсан ба зам тээврийн осолд орж машины бүхээг засах боломжгүй болсон. Моторгүй машины сэлбэг авч засахаар байж байтал Б.Шинэбаяр моторыг худалдаж авах санал гаргаад олон удаа ирж уулзсаны дараа бэлэн мөнгөөр 9 000 000 төгрөгөөр зарахаар бэлэн бус бол 10 000 000 төгрөгөөр зарахаар тохирсон. Б.Шинэбаяр 5 000 000 төгрөг төлөөд үлдэгдэл мөнгөө өгөхгүй байсан тул 2015 оны 12 дугаар сарын 25-26-ны үед өгсөн авсан зүйлээ буцаая гэдэг шаардлага тавьсан. Б.Шинэбаяр зөвшөөрөөгүй иймд одоо болтол мөнгөө төлөхгүй байгаа учир 5 000 000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

            Хариуцагч Б.Шинэбаяр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Бид гурав моторыг 9 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. 10 000 000 төгрөг гэдэг худлаа. Моторыг аваад 3 удаа ачаа тээвэрлэсэн боловч улаан гэрэл нь асаад дахин явах боломжгүй болсон. Мотороо буцааж авна гэж ирсэн боловч ажиллагаа ихтэй байсан учир өгөөгүй. 5 000 000 төгрөгийг өгсөн. Одоо 4 000 000 төгрөг төлөхөөс мотор засаж янзлуулсан төлбөрөө хасаад үлдэгдэл төлбөрөө төлнө гэж тайлбарлаж байна.

            2015 оны 12 дугаар сард нэхэмжлэгч Ц.Оюунбатын өмчлөлийн автомашины моторыг 9 000 000 төгрөгөөр худалдан авахаар хариуцагч Б.Шинэбаяр болон нэхэмжлэгч Ц.Оюунбат, Ц.Оюунбаяр нарын хооронд амаар гэрээ байгуулагдсан байна.

            Хариуцагч Б.Шинэбаяр худалдан авсан моторын үнийг 3 хоногийн дараа төлнө гэж хэлээд моторыг өөрийн эзэмшилдээ авсан бөгөөд дурдсан хугацаанд 5 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ үйл явдлын талаар маргаагүй.

            Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасын дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчилэн буюу бүрэн төлөх үүргийг хүлээдэг учир нэхэмжлэгч нар хариуцагчаас моторын үнийн үлдэгдэл төлбөрөө шаардах эрхтэй байна.

            Нэхэмжлэгч нар моторын үнийн үлдэгдэл төлбөрийг хугацаа хоцроож байгаа учир 5 000 000 төгрөг гэж, хариуцагч анх тохирсон үнээс төлөөгүй байгаа 4 000 000 төгрөг, үүнээс гарсан зардлаа хасаад үлдэгдэл төлбөрийг өгнө гэж мэтгэлцэж байна.

            Зохигчдын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байх бөгөөд иргэний хуульд уг гэрээг бичгээр байгуулахыг шаардсан байна.

            Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчилэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүү, үнийг тодорхойлох журам зэргийг заавал тусгах ёстой гэж заасан байх боловч талууд үнийн дүн болон төлбөр төлөх хугацааны талаар бичгийн гэрээ байгуулаагүй байна. Өөрөөр хэлбэл зохигчид аман хэлбэрээр төлбөр болон хугацааг тохирсон байна.

            Нэхэмжлэгч нар бэлэн 9 000 000 төгрөгөөр мотороо зарсан, 3 хоногоос хэтэрвэл 10 000 000 төгрөг төлөхөөр тохирсон гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй бөгөөд хариуцагч 10 000 000 төгрөг гэж тохироогүй бидний дунд ийм яриа болоогүй гэж үгүйсгэж байна. Нөгөөтэйгүүр тохирсон хугацаанд хариуцагч Б.Шинэбаяр төлбөрөө бүрэн төлөөгүй учир нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзаж мотороо буцааж авъя гэсэн шаардлага тавьж байсан талаар хариуцагч үгүйсгэхгүй байна.

            Хариуцагч 4 000 000 төгрөгөөс мотор засахад зарцуулсан мөнгөө хасаад үлдэгдлийг өгнө гэсэн тайлбар үндэслэлгүй байна.  Учир нь зохигчид зээлээр худалдах худалдан авах гэрээнд энэ талаар тохироогүй байх тул өөрийн машиндаа моторыг суурилуулахад гарсан зардал нь хариуцагчийн өөрийн эрсдэл юм. Мөн хариуцагч шинжээч томилуулах хүсэлт гаргасаныг шүүх хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан боловч  шинжилгээнд объектоо ирүүлэхийг удаа дараа сануулсан боловч хүсэлтээ үл дэмжсэн тул шинжээчийн дүгнэлтийг гаргуулах шаардлагагүй гэж шүүх дүгнэсэн болно.

            Хэрэв худалдан авсан автомашины мотор доголдолтой байсан бол гэрээнээс татгалзах эрх хариуцагчид байсан ба гэрчүүдийн шүүхэд өгсөн тайлбараар уг автомашиныг осол болсны дараа журмын хашаанаас асааж, өөрөөр нь унаж Эрдэнэтэд авчирсан гэсэн мэдүүлгийг няцаах нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д  зохигчид нь нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргээ  зохигчид биелүүлээгүй гэж үзнэ.

            Иймд хариуцагч Б.Шинэбаяраас 4 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Оюунбат, Ц.Оюунбаяр нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар нэхэмжлэгч нарын урьдчилан төлсөн 94 950 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Шинэбаяраас 78 950 төгрөг гаргуулж Ц.Оюунбат, Ц.Оюунбаяр нарт олгох нь зүйтэй.

 

 

      Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                          

  1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Б.Шинэбаяраас 4 000 000 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Ц.Оюунбат, Ц.Оюунбаяр нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Шинэбаяраас 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Оюунбат, Ц.Оюунбаяр нарт олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ