Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2016/01343

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Капитал банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-25а-6 тоотод оршин суух,  /Регистрийн дугаар: ФД66030848/, Булгадар овгийн Сандагийн Отгон,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-25а-6 тоотод оршин суух,  /Регистрийн дугаар: РЕ59122975/ Муумайхан овгийн Бираагийн Бат-Эрдэнэ нарт  холбогдох,

95 357 852.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргал, хариуцагч С.Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын яам болон Капитал банкны хооронд байгуулсан гэрээний дагуу албан хаагчдыг орон сууц худалдан авахад зориулж Капитал банкны зүгээс санхүүжилт хийхээр болсон. Гэрээний дагуу Капитал банк нь зээлдэгч С.Отгон, хамтран зээлдэгч Б.Бат-Эрдэнэ нартай 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 86 060 000 төгрөгийн зээлийг 8 сарын хугацаатай сарын 0,67 хувийн хүүтэй олгосон. Орон сууц бүрэн ашиглалтанд орсны дараа зээлдэгчийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч зээлдэгч орон сууцны урьдчилгаа 30 хувийг төлснөөр урт хугацааны орон сууцны зээлд хамрагдах нөхцөлтэй байсан. Гэвч зээлдэгч Сандаг овогтой Отгон, Бира овогтой Бат-Эрдэнэ нар нь зээлээр худалдан авсан орон сууц болох Орхон аймаг  Баян-Өндөр сум 2 дугаар баг Оюут багийн 2-25а дугаар байрны 6 тоот 3 өрөө орон сууцны гэрчилгээг гаргуулан аваад банкинд авчирч өгөлгүй хувь хүний өрөнд өгсөн байсан тул урт хугацааны орон сууцны зээлд хамрагдах боломжгүй болсон. Зээлийн гэрээний хугацааны 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дууссан бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч нараас удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 999,897.13 төгрөг, зээлийн хүүнд 10,061,494.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 494,166.82 төгрөг нийт 11 555 557.96 төгрөг төлсөн байх бөгөөд зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээл 83 444 995.66 төгрөг,  зээлийн хүү 10 280 978 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 631 879.15 төгрөг нийт 95 357 852.81 төгрөгийг С.Отгон, Б.Бат-Эрдэнэ нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Отгон шүүхэд гаргасан тайлбартаа: Орхон аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад үндэслэлгүй ажлаас халагдсан иргэн С.Отгон миний бие нь 2 шатны шүүхээр эргэн ажилдаа томилогдох шийдвэр гарсан. Одоо дээд шүүхийн шатанд хариуцагч тал гомдол гаргасан байгаа. Капитал банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Гэрээнийхээ үүргийн дагуу орон сууцны хүүгийн төлөлтийн хохиролыг бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Капитал банкны Орхон салбар нь хариуцагч С.Отгон, Б.Бат-Эрдэнэ нарт холбогдуулан “95 357 852.81 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Капитал банкны Орхон салбарын нэхэмжилсэн 95 357 852.81 төгрөгийг хариуцагч С.Отгон, Б.Бат-Эрдэнэ нар нь төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

              1. Нэхэмжлэгч Капитал банкны Орхон салбарын нэхэмжлэлийн шаардлага 95 357 852.81 төгрөгийг хариуцагч С.Отгон, Б.Бат-Эрдэнэ нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016-09-22-ны өдөр төлсөн 634 739 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Отгон, Б.Бат-Эрдэнэ нараас 634 739 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Орхон салбарт олгосугай.

            3. Хариуцагч нар 95 357 852.81 төгрөгийг сайн дураараа эс төлбөл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

             4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХИШИГДАВАА