Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2016/01424/и |
Дугаар | 142/ШШ2016/01379 |
Огноо | 2016-11-15 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 142/ШШ2016/01379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум “Луут элстэй” ХХК-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Ургацын 1-23 тоотод оршин суух Гал овгийн Батмөнхийн Отгон /АР76051409/-д холбогдох,
“550 000 төгрөг гаргуулах” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болдбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Луут элстэй” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Цэцэгмаа нь Б.Отгонд 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус бүр 120 000 төгрөг, 110 000 төгрөгийн үнэтэй huwai гар утас 2 ширхэгийг зээлээр өгсөн. 2015 оны 05 сарын 16-ны өдөр 130 000 төгрөгийг сарын хугацаатай 0.5 хувийн хүүтэй зээлсэн боловч зээлээ төлөөгүй ба Б.Отгон 2015 оны 12 сарын 09-ны өдөр ирж уулзаад зээлийнхээ хүүг зогсоогооч, би танд зээл зээлийн хүү нийт 500 000 төгрөгийг төлье гэсэн. Ингээд Б.Отгонтой 500 000 төгрөг сарын хугацаатай 0.5 хувийн хүүтэй төлөхөөр гэрээ байгуулсан боловч өдийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй тул үндсэн зээл 500 000 төгрөг, алданги нэхэмжлэхгүйгээр 1 сарын хүү 50 000 төгрөг нийт 550 000 төгрөгийг Б.Отгоноос гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Луут элстэй” ХХК нь хариуцагч Б.Отгонд холбогдуулан “550 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Отгон нь нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ний өдөр гардаж аваад, хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, шүүх хуралдааны мэдэгдэлд гарын үсэг зурсан байх ба хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-д “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 77 дугаар хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 17 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Б.Отгоноос 550 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Луут элстэй” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 17 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА