Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2016/01448

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-24-119 тоотод оршин суух, Боржигон овгийн Дашзэвэгийн Энхжаргал /СЮ66120524/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум “Шуурхай цонх” ХХК

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 52-07 тоотод оршин суух, Боржгон овгийн Лувсандашийн Ууганбаяр /ГЮ63110779/ нарт холбогдох

“4 300 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Энхжаргал, хариуцагч Я.Байгалмаа, Л.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Л.Ууганбаяртай дүнзэн байшин бариулах гэрээ байгуулан байшин бариулж, “Шуурхай цонх” ХХК-иар Royal фирмийн вакум цонх суулгуулж, 2 жилийн баталгаа гаргаж өгсөн. Цонх хагараад зуны улиралд борооны ус цонхны дээгүүр доогуур нь орж ирээд, өвөл амьдрах боломжгүй салхи сийгээд байх тул холбогдох хүмүүсээс хохиролыг гаргуулж өгнө үү. Байшин барьсан Л.Ууганбаяр нь манайх стандартын дагуу барьсан, манайхаас шалтгаалаагүй хохирлоо “Шуурхай цонх” ХХК-иас гаргуул гэдэг юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүн 4 300 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд холбогдох хүмүүсээс хагарсан цонхны үнэ 4 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Шуурхай цонх” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-24-119 тоотод оршин суугч Боржигон овгийн Дэшзэвэгийн Энхжаргалын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн аваад Д.Энхжаргалтай хамт очиж дүнзэн байшинд суурилуулсан цонх ямар эвдрэл гэмтэлтэй байгааг үзлээ. Д.Энхжаргал нь 2014.07.30-ны өдөр манай “Шуурхай цонх” ХХК-аар ROYAL фирмийн бор өнгөтэй материалаар 10 ширхэг вакуум цонхыг 4 300 000 төгрөгний үнэтэй хийлгэсэн боловч биднийг очиж үзэхэд доод давхарын 3-4 ширхэг цонхны шил хагарч цуурсан байдалтай байна. Дээд давхарын цонхнууд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн байдалтай байна. Шил нь хагарч цуурсан цонхны шил дарагчийг нь салгаж үзэхэд шил нь дүнзний суулт үүссэнээс дарагдаж цуурсан байдалтай байгаа тул “Шуурхай цонх” ХХК-ыг буруугүй гэдэг нь харагдаж байна. Тиймээс манай компани хариуцахгүй болно гэжээ.

Хариуцагч Л.Ууганбаяр шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Энхжаргалын нэхэмжлэлтэй “Шуурхай цонх” ХХК, Л.Ууганбаяр нараас 4 300 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасантай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. нэхэмжлэгч Д.Энхжаргалд 2014 05 сарын сүүлээр 8х7 хэмжээтэй дүнзэн байшингийн торхийг гарашийн хамт барьж дуусгасан юм. Торхийг барьж дуусангуут дотор заслын ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Би барилгын ажлыг 10 гаран жил хийж захиалгаар барилга барьдаг болоод удаж байгаа бөгөөд энэ хугацаанд ийм байдлаар гомдол гарч үзээгүйг хэлэх нь зүйтэй болов уу. Нэхэмжлэгч нь шаардлагадаа байшингийн цонх хагарсан, зуны улиралд борооны ус цонхны дээгүүр, доогуур урсаж орж ирээд өвөл амьдрах боломжгүй байдал үүссэн тул хохирлоо гаргуулж авна гэжээ. Миний хувьд дүнзэн байшинг ямар журмаар барих ёстой тэр журмаар нь барьж гүйцэтгэсэн юм. Миний зүгээс буруу барьж гүйцэтгэсэн гэж бодохгүй байна. Нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр 4 300 000 төгрөгийг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Хэрвээ хагарсан цонхны үнийг нэхэмжилж байвал ямар үндэслэлээр нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Би цонхны хэмжээг гаргаад торхоо барьсан. Вакум цонхных цонхыг суулгаад эргэн тойронд зай үлдээж хөөсөө шахдаг. Хир зэрэг зай үлдээж цонхоо суулгасныг би мэдэхгүй байна. Миний хувьд торхоо барьдаг журмаараа барьж гүйцэтгэсэн. Сүүлд би энэ айлд пийшингийнх нь яндангийн хоолойг холбохоор нэхэмжлэгч Д.Энхжаргалтай очиход 1 давхарын шатны хажуу талын зүүн талын цонхны доогуур ямар ч хөөс байхгүй салхи сийж гэрэлтэж байсан харагдаж байсан юм. Үүнийг нэхэмжлэгч өөрөө надад харуулж байсан юм. Би бодохдоо хөөсийг цонхны эргэн тойрон шахаагүй юм байхдаа гэж бодож байсан. Одоо болохоор тэр зай завсраар нь ус гоожоод байгаа юм болов уу. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “ Хариуцагч “Шуурхай цонх” ХХК-ий захирал Я.Байгалмаа, Л.Ууганбаяр нарын хариу тайлбартай танилцлаа. Газар дээр нь бид 3 очиж үзээд Л.Ууганбаяр нь хагарсан цонхны шилийг сольж өгөхөөр /өөрийн зардлаар/, “Шуурхай цонх” ХХК нь өөрийн тээврийн хэрэгслээр суулгаж өгсөн вакумыг цонхонд нь тааруулж янзалж өгөөд цонхыг хагарсан шилийг Ууганбаярын зардлаар дахин янзалж өгөхөд харилцан тохиролцож байгаа тул бидний эвлэрлийг батлаж шийдвэрлэж өгнө үү

Энэхүү гэрээ нэг талаас Шуурхай цонх” ХХКыг төлөөлж захирал Я.Байгалмаа, хариуцагч Л.Ууганбаяр, нэхэмжлэгч Д.Энхжаргал нар доорхи нөхцөлтэйгээр эврэлийн гэрээ байгуулж байна.

Нэг: Л.Ууганбаярын хүлээх үүрэг

  1. Хагарсан цонхны шилийг өөрийн зардлаар солиулах
  2. Вакум цонхыг эргнэ тойрны суултын зай гаргаж, цонхоо дахин суурилуулах
  3. Цонхны тавцанг янзалж, дахин суурилуулах,
  4. Цонх суулгасны дараа цонхны амалгаа /гадна, дотор/ үений хаягны төмрийн стандартын дагуу тогтоох,
  5. Ажиллах хүч багаж, холл хүнсээ хэрэгсэлийг хариуцна.

Хоёр: “Шуурхай цонх” ХХК-ны үүрэг

2.1 Л.Ууганбаярын дахин бэлдэж гаргасан цонхны зааган дээр цонхны ажлын хөлс, дулаалганы хөөсний зардлыг тооцохгүйгээр сууриулуулж өөрийн боломжоор туслах,

Гурав: Д.Энхжаргал нь гэрээнд заасан зүйлийг хүлээн зөвшөөрч байгаа тул эвлэрлийн гэрээ байгуулж байна.

3.1 Цонхыг дахин суурилуулахтай холбоотой асуудлаар гарах материал тавцан, будгийг хариуцна.

3.2 Тохирсон хугацаандаа ажлыг хийхийг Л.Ууганбаяраас шаардах

Дөрөв: Гэрээнд оролцогч тал нь үүргээ биелүүлэх гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхжаргал нь хариуцагч “Шуурхай цонх” ХХК, Л.Ууганбаяр нарт холбогдуулан “4 300 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд дээр талууд эвлэрсэн байна. Үүнд: Л.Ууганбаяр нь хагарсан цонхны шилийг өөрийн зардлаар солиулах, вакум цонхыг эргэн тойрны суултын зай гаргаж, цонхоо дахин суурилуулах, цонхны тавцанг янзалж, дахин суурилуулах, цонх суулгасны дараа цонхны амалгаа /гадна, дотор/ үений хаягны төмрийн стандартын дагуу тогтоох, ажиллах хүч багаж, хоол хүнсээ өөрөө хариуцахаар, “Шуурхай цонх” ХХК нь Л.Ууганбаярын дахин бэлдэж гаргасан цонхны зааган дээр цонхны ажлын хөлс, дулаалганы хөөсний зардлыг тооцохгүйгээр сууриулуулж өөрийн боломжоороо туслах, Д.Энхжаргал нь цонхыг дахин суурилуулахтай холбоотой асуудлаар гарах материал тавцан, будгийг хариуцахаар талууд эвлэрчээ.  

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулахаар заалаа. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Энхжаргалын хариуцагч “Шуурхай цонх” ХХК, Л.Ууганбаяр нараас “4 300 000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт, хариуцагч Л.Ууганбаяр нь хагарсан цонхны шилийг өөрийн зардлаар солиулах, вакум цонхыг эргэн тойрны суултын зай гаргаж, цонхоо дахин суурилуулах, цонхны тавцанг янзалж, дахин суурилуулах, цонх суулгасны дараа цонхны амалгаа /гадна, дотор/ үений хаягны төмрийн стандартын дагуу тогтоох, ажиллах хүч багаж, хоол хүнсээ өөрөө хариуцахаар, “Шуурхай цонх” ХХК нь Л.Ууганбаярын дахин бэлдэж гаргасан цонхны зааган дээр цонхны ажлын хөлс, дулаалганы хөөсний зардлыг тооцохгүйгээр суурилуулж өөрийн боломжоороо туслах, Д.Энхжаргал нь цонхыг дахин суурилуулахтай холбоотой асуудлаар гарах материал тавцан, будгийг хариуцахаар талууд эвлэрсэн зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй. 

      3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 83 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 83 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхжаргалд олгосугай.

      4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА