Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 508

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо 13-р хороолол, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:/-д холбогдох 3,574,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.                    

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл тус тус гарган цементний үнэ 3,574,920 төгрөг гаргуулах, ажлын хөлс 5,950,000 төгрөг гаргуулах талаар маргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П.******* нь Ц.*******г хувиасаа цалинжуулан ажиллуулсан байдаг. Ц.******* ажиллаж байхдаа талбай дээрээ хашаа барих блокны 26 тонн цементийг чинь Хятад улсаас Улаанбаатар хүртэлх зардлыг нь оруулаад маш хямдханаар буюу 3,574,920 төгрөгөр оруулж ирж чадна гэсний дагуу П.******* нь уг мөнгийг Ц.*******д өгсөн байдаг. Гэтэл ******* цементийг оруулж ирэлгүй 3 сар алга болсны эцэст цементийг Улаанбаатарт авчрахын тулд дахин 3,500,000 төгрөг хэрэгтэй гэхэд нь ******* мөнгө нэмж өгч чадахгүй, харин өгсөн мөнгөө буцааж авья гэсэн байдаг. П.******* өнөөдрийг хүртэл өгсөн мөнгөө авч чадаагүй байгаа тул хариуцагч Ц.*******гаас 3,574,920 төгрөгийг гаргуулан өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “П.******* Төв аймгийн нутаг Сэргэлэн дивизийн хажууд 2014 оны 05 дугаар сард надаар аж ахуй хадгалах контейнер зөөх, хашааны шонгийн труба бэлдэх, усалгааны системийн ажлуудыг хийлгэж байгаад  усалгааны сав шаардлагатай гэсний дагуу усны ёмкост барих ажлыг санал болгож хийлгэсэн юм. Тэгээд ******* хашаа барих санал гаргаж, цемент авч блокны машин авч газар дээр нь блок цохиж хундаамтай 3 үе блокон суурьтай торон хашаа барих ажил яригдаж цемент татах ажил яригдаж эхэлсэн. Тухайн үед Улаанбаатар хотоос цемент татахад үнэтэй тусч байсан болохоор Эрээн хотоос цемент татаж шууд газар дээр нь буулгахаар ярилцан тохиролцсоны үндсэн дээр миний таньдаг Өвөр Монгол руу мөнгө шилжүүлсэн.  3,574,920 төгрөг үндэслэлгүй шилжүүлсэн мөнгө биш цементний үнэ /тухайн үеийн юаниар хөрвөж бодогдсон/ юм. Гаалийн татвар тээврийн хөлс өөрөө төл гэж хэлснээс үүдэн цементээ авахаа болилоо мөнгөө эргүүлж авъя гэсэн асуудал үүссэн болохоос цементний үнэ дээр нэмж 3,500,000 төгрөгийг нэхээгүй. Нэхэмжлээд байгаа 3,574,920 төгрөгөнд 26 тонн цемент биш 40 тонн цемент ирэхээр байсан. Үүнийхээ гаалийн татвар, тээврийн хөлсийг *******ийг өөрөө төл л гэж хэлж байсан. Уг цементний үнэ болох 3,574,920 төгрөгийг би шилжүүлээгүй. П.******* нь өөрөө миний танил Өвөр Монгол руу ярьж Нямсүрэн гэж хүний дансаар дамжуулж шилжүүлсэн. Урд нь П.*******ийг өөрийн танил ӨвөрМонголд зуучилж хашааны тор, худгийн мотор, тросс зэргийг хямд зардлаар нийлүүлж газар дээр нь буулгуулж байсан учраас энэ хоёр хүнийг зуучилж өгсний төлөө нэхэмжлээд байгаа мөнгийг төлөх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.

Харин би П.*******ийн санал болгосон ажлын дагуу гүйцэтгэсэн 60 тоннын усны ёмкостын материалын зардал 9,650,000 төгрөгийг өөрөөс нь гаргуулж Төв аймагт аваачин суурилуулж хүлээлгэн өгсөн.  Тухайн үед надад ажлын хөлс гэж 750,000 төгрөг өгсөн энэ бол бодит ажлын хөлс биш. Би П.*******т 16,700,000 төгрөгөнд хийгддэг ажлыг материалынх нь зардлаар хийж өгсөн учраас би хохирсон. Би П.*******т услалтын системийн труба, төмөр зэрэг орох шаардлагатай бүхий л материалуудыг найз нөхдөөсөө гуйж, хямдаар олж сэтгэл гаргаж хийж өгсөн. Тэгээгүй бол зөвхөн материалын зардал 10,000,000 төгрөг хол давах байсан. Ажлын хөлсөө хангалттай өгнө биздээ гэж амаар ярилцаад гэрээ байгуулаагүй гүйцэтгэж өгсөн. Гэтэл надад 750,000 төгрөг өгч намайг шоконд оруулсан. Ийм учраас ажлын хөлсөө эргүүлж нэхэмжлэх болно.” гэжээ.

 

Хариуцагч Ц.******* 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “П.*******т Төв аймгийн нутаг Сэргэлэн дивизийн хажууд 2014 оны 05 дугаар сард надаар аж ахуй хадгалах контейнар зөөх, хашааны шонгийн труба бэлдэх, усалгааны системийн ажлуудыг хийж байгаад усалгааны сав шаардлагатай гэсний дагуу усны ёмкост барих ажлыг санал болгож хийлгэсэн юм. *******ийн санал болгосон ажлын дагуу 60 тоннын усны ёмкостыг Өмнөговь аймагт хийж, материалын зардал 9,650,000 төгрөгийг өөрөөс нь гаргуулж  Төв аймагт аваачин суурилуулж, хүлээлгэн өгсөн. Тухайн үед надад ажлын хөлс гэж 750,000 төгрөг өгсөн. Энэ бол бодит ажлын хөлс биш. Би 16,700,000 төгрөгөнд хийгддэг ажлыг материалын зардлаар хийж өгсөн учраас би хохирсон. ******* нь хэргийн материалд миний данс руу зардлын мөнгө 2,775,500 төгрөг шилжүүлэхдээ ажлын хөлс гэж шилжүүлсэн баримтыг өгсөн байдаг. Би П.*******т услалтын системийн труба, төмөр зэрэг орох шаардлагатай бүхий л материалуудыг найз нөхдөөсөө гуйж хямд үнээр олж, сэтгэл гаргаж хийж өгсөн. Тэгээгүй бол зөвхөн материалын зардал 10,000,000 төгрөг хол давах байсан. Ажлын хөлсөө хангалттай өгнө биздээ гэж амаар ярилцаад гэрээ байгуулалгүй гүйцэтгэж өгсөн. Гэтэл надад 750,000 төгрөг өгч шоконд оруулсан. Ийм учраас ажлын хөлс 5,950,000 төгрөгийг  иргэн П.*******ээс гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. 3,754,920 төгрөгийг хариуцагч тал гаргаж өгнө гэвэл эвлэрэх хүсэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжсэн нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Тэр үүргийнхээ дагуу хавтаст хэрэгт анхнаасаа 3,574,920 төгрөгийг төлсөн гэсэн баримтыг хавсаргасан байгаа. Цементний үнэ 3,574,920 төгрөгийг хариуцагч Ц.******* тухайн үед гарын үсгээ зураад П.*******ээс авсан гэдгийг кассын зарлагын баримтаар нотолж байна. Хэргийн хүрээнд гаргаж өгсөн энэ баримтыг хариуцагч талаас миний гарын үсэг биш гэж маргаагүй учраас энэ бол бодит үнэн зүйл юм. Хариуцагч тал 3,574,920 төгрөгийг Өвөр монгол хүнд өгсөн гэж тайлбарлаад байдаг. Энэ өгсөн гээд байгаа тайлбараа нотлох баримтаар гаргаж өгөх хэрэгтэй. Шүүн таслах ажиллагаа нотлох баримт дээр тулгуурлаж явагддаг зүйл юм. Хариуцагч кассын зарлагын ордерыг хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймээс ИХШХШТХуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Энэ хэргийн хүрээнд ажил гүйцэтгэсэн гэж сөрөг нэхэмжлэл гарж ирсэн. П.******* Ц.*******гаар ажил гүйцэтгүүлээгүй, хөлсөөр ажиллуулсан. Хөлсөөр ажиллуулахдаа ажлын хөлсийг хангалттай өгсөн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.  Харин  сөрөг нэхэмжлэлийн хувьд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд  хэргэсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэв.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “3,574,920 төгрөг гаргуулах шаардлагад эвлэрэх боломжгүй шүүхээр шийдвэрлүүлнэ. 5,950,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна. 4,000,000 төгрөг өгвөл эвлэрэх боломжтой. Цементний төлбөр болох 3,574,920 төгрөгийг ******* гар дээрээ авч шилжүүлсэн зүйл байхгүй байдаг. Дансаар нь 3,574,920 төгрөг орж ирсэн зүйл ч байдаггүй. Урьд нь хамтран ажилладаг байсан Өвөрмонгол хүн рүү П.******* нь мөнгөө шууд шилжүүлсэн байдаг. Ц.******* миний танил Өвөрмонгол хүн учраас би давхар гарын үсэг зурсан гэдгээ хэлдэг. Урьд нь бас Ц.*******гийн таньдаг хүн учраас давхар нотлох баримттай байх шаардлагатай гэдэг үүднээс Ц.*******гаар гарын үсэг зуруулсан нь бол үнэн. Тийм учраас П.******* өөрөө л хувь үйлдэж авсан. Ц.*******д орлого зарлагын баримтыг өгөөгүй. Энэ бол П.*******ийн буруу байх гэж бодож байна. Ц.*******гийн хувьд ажлын хөлс гэдгээр гүйцэтгэсэн зүйл байхгүй тухайн газарт ажил гүйцэтгэх гэрээгээр ажилласан байгаа, хөлсөөр ажиллах гэрээ бол биш юм. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул 5,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ц.*******гаас цементний үнэ 3,574,920 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.******* үл зөвшөөрч ажлын хөлс 5,950,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж: нэхэмжлэл /хх-1/, Хаанбанкны орлогын мэдүүлэг /хх-3-4,52/, итгэмжлэл /хх-3/, кассын зарлагын ордер /хх-6,14,52/, зарлагын баримт, зарлагын падаан /хх-53/ зэргийг

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрсөн татгалзал болон сөрөг нэхэмжлэлээ дэмжиж: хариу тайлбар /хх-12/, сөрөг нэхэмжлэл /хх-27/, гэрэл зураг /хх-30-31/, ажил гүйцэтгэх гэрээ /хх-32-35/, “Мичид халиун” ХХК-ийн патентаар хийгдэж буй 60000 л усны нөөцийн ёмкостийн ажлын зураг /хх-36-39/, Хаанбанкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-43-47/, итгэмжлэл /хх-49/ зэргийг нотлох баримтаар гарган мэтгэлцэж байна.  

Талуудын шүүхэд ирүүлсэн тайлбар /хх-1,12/-аас үзэхэд нэхэмжлэгч П.******* цемент авах, хариуцагч Ц.******* цемент нийлүүлэхээр амаар тохиролцсон буюу хүсэл зоригоо илэрхийлсэн талаар маргаагүй бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т “хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон”, 43.1.2-т “хэлцэл хийснийг нотолсон ... тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйл олгосон” гэсний дагуу хэлцэл байгуулагдсан гэх хууль зүйн үндэстэй байна. Маргааны гол зүйл нь П.******* нь Ц.*******гаас цемент нийлүүлээгүй тул өгсөн мөнгө 3,574,920 төгрөгийг буцаан шаардсан,  Ц.******* цементний үнэ 3,574,920 төгрөгийг аваагүй, П.******* өөрөө миний танил Өвөр монгол хүн рүү ярьж Нямсүрэн гэх хүний дансаар шилжүүлсэн тул энэ мөнгийг би төлөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч тал цементний мөнгө хариуцагч талд өгсөн гэдгээ нотолж “кассын зарлагын ордер” /хх-14/-ыг нотлох баримтаар гарган шүүхэд ирүүлжээ. Шүүх тухайн баримтыг хөндлөнгийн байр сууринаас, хэргийн байдалтай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, өөрийн дотоод итгэлээр үнэлэн хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан улмаар хариуцагч тал тухайн баримтыг хуурамч эсхүл гарын үсэг нь минийх бус байна гэх мэтээр маргахгүй байх тул үнэн зөв баримт гэж дүгнэлээ.

Хариуцагч тал цементний үнэ 3,574,920 төгрөгийг аваагүй, П.******* өөрөө миний танил Өвөр монгол хүн рүү ярьж Нямсүрэн гэх хүний дансаар шилжүүлсэн тул энэ мөнгийг би төлөхгүй гэж маргаж байна. Хариуцагч Ц.******* цементний мөнгийг аваагүй гэдгээ үндэслэлтэй тайлбарлаж, нотлох үүрэгтэй бөгөөд хууль болон өөрийн ашиг сонирхолд нийцсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой боловч энэ талаар аливаа баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийг няцаасан үндэслэл бүхий тайлбар гаргасан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар цемент нийлүүлэх тухай хэлцэл байгуулснаар талуудын хооронд үүргийн харилцаа үүсэж байна. Өөрөөр хэлбэл П.******* цемент авах мөнгийг Ц.*******д өгөх, Ц.******* П.*******т цемент нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасны дагуу цемент нийлүүлэх үүргээ зөрчсөн үүрэг гүйцэтгэгч буюу Ц.*******гаас үүрэг гүйцэтгүүлэгч буюу П.******* хохирол болох 3,574,920 төгрөгөө шаардах эрхтэй гэж үзлээ.

Ц.******* хариуцагч П.*******т холбогдуулан ажлын хөлс 5,950,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл /хх-27/ гаргажээ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 60,000 литрийн багтаамжтай усны сав /ёмкость/ барих ажлыг хариуцагчийн санал болгосны дагуу хийж гүйцэтгэсний ажлын хөлсөнд 750,000 төгрөг өгснийг бага байна хэмээн үл зөвшөөрч 5,950,000 төгрөг нэхэмжилснийг П.******* ажлын хөлсийг тухайн бүрд нь өгч байсан тул тооцоо байхгүй гэж маргаж байна.

Зохигчдын дээрх тайлбараас үзэхэд талууд хүсэл зоригоо илэрхийлэн аман хэлцэл хийж нэхэмжлэгч Ц.******* усны сав /ёмкость/ хийж суурилуулах, хариуцагч П.******* материалын зардал, ажлын хөлс өгөхөөр харилцан тохиролцсон гэх үндэстэй байна. Нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагаа нотолж “Говь Эрдэнэс Групп” ХХК-тай байгуулсан 16,700,000 төгрөгөөр 60 тонны цэвэр усны сав /ёмкость/ угсрах, суурилуулах гэрээ, усны сав угсарч, суурилуулж буй ажлын зургийг нотлох баримтаар ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байна. Тухайн гэрээ нь нэг талаас “Говь Эрдэнэс Групп” ХХК, нөгөө талаас “Мичид халиун” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ байх бөгөөд Ц.*******, П.******* нарын маргаж буй асуудалтай шалтгаант холбоогүй  өөрөөр хэлбэл хамааралгүй нотлох баримт байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч П.*******ээс ажлын хөлсөнд 750,000 төгрөг авсан гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байна. Тухайлбал нэхэмжлэгч Ц.*******гаас шүүхэд ирүүлсэн Хаанбанкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдөр П.*******ээс 6,500,000 төгрөгийн орлого орсон, 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр П.*******ээс ажлын хөлс гэж 2,275,500 төгрөг, 500,000 төгрөг тус тус орсон /хх-43,45/ байна. Ажлын хөлсөнд нийт 2,775,500 төгрөг авсан болох нь Хаанбанкны орлогын мэдүүлгээр /хх-3-4/ давхар нотлогдож байхаас гадна 3,000,000 төгрөг авсан болох нь кассын зарлагын ордер /хх-6/-оор тус тус тогтоогдож байна. Ажлын хөлсийг нийтэд нь тооцож үзэхэд 6,525,000 төгрөг /2,275,000+500,000+3,000,000+750,000/-ийг П.******* Ц.*******д өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

 Хариуцагч П.******* нэхэмжлэгч Ц.*******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаагаа нотолж нотлох баримтын шаардлага хангасан материалын зардлын тооцоонуудыг /хх-52-53/ ирүүлсэн боловч сөрөг нэхэмжлэл нь зөвхөн ажлын хөлс нэхэмжилсэн болохоос бус материалын зардал гаргуулахаар шаардсан нэхэмжлэл бус тул тухайн баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Дээр дурдсаныг үндэслэн хариуцагч Ц.*******гаас 3,574,920 төгрөг гаргуулан П.*******т олгож, нэхэмжлэгч Ц.*******гийн П.*******т холбогдуулан ажлын хөлсөнд 5,950,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч Ц.*******гаас 3,574,920 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн хариуцагч П.*******т холбогдуулан 5,950,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.*******ийн хариуцагч Ц.*******д холбогдуулан 3,574,920 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ц.*******гаас 72,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн хариуцагч П.*******т холбогдуулан 5,950,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар хавтаст хэргийн 30-39 дүгээр талд авагдсан бичмэл баримтыг нотлох баримтаас хассугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР