Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00553/И |
Дугаар | 553 |
Огноо | 2016-11-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум, 2-р баг, ******* оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/,
Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Жаргалант нэгдлийн Бортээг бригадад 1982 оноос 1990 онд ямаа маллаж Улсад нийт 20 жил 5 сар ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1982 оноос 1990 оны хооронд ямаа маллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр зөрчилтэй бичигдсэний улмаас улсад ажилласан жилд орж тооцогдохгүй хохирохид хүрээд байна. Иймд миний 1982 оноос 1990 оныг дуустал Жаргалант нэгдлийн Бортээг бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний улсад ажилласан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба тэтгэвэрт гарах хугацаа өнгөрсөн, хөдөө малтай, хүн хүч муутай байгаа тул ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант нэгдлийн Бортээг бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Гэрч *******ын шүүхэд өгсөн: “Д.******* 1982 онд сургууль төгсөж ирээд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант нэгдлийн Бортээг багт малчнаар орж одоог хүртэл мал маллаж байна. Дээрх хугацаанд тасралтгүй ажилласан. Би тус нэгдэлд 1971 оноос хойш малчнаар орж одоог хүртэл Цогт-Овоо суманд тасралтгүй мал маллаж байна. Нэг байгууллагад хамт олон жил ажилласан учраас сайн мэдэж байна.” гэх мэдүүлэг,
2.Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “Д.******* 1982 онд 8 дугаар анги төгсөөд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг бригадад малчин болж Жаргалант нэгдэл татан буугдтал мал маллаж байсан. Одоог хүртэл тус сум, бригаддаа мал маллаж байгаа. Тухайн хугацаандаа тасралтгүй ажилласан. Нэг нэгдэлд хамт ажиллаж байсан учраас сайн мэднэ. 1975 оноос хойш тус нэгдэлд тасралтгүй ажилласан.” гэх мэдүүлэг,
3.Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт,
4.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 661 тоот Д.******* нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант нэгдлийн Бортээг бригадад 1982-1984 онуудад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,
5.Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант нэгдлээс 1985 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
6.Гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Нэхэмжлэгч Д.******* нь 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант нэгдлийн Бортээг бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүнтэй хамт тус нэгдэлд ажиллаж байсан гэрч *******, ******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 661 тоот Д.******* нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант нэгдлийн Бортээг бригадад 1982-1984 онуудад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант нэгдлээс 1985 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх ажилласан хугацаа нь ямар нэг нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хангахгүй орхих үндэстэй байна.
Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Д.*******ийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, түүний 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант нэгдлийн Бортээг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-ийн 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Жаргалант нэгдлийн Бортээг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР