Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 547

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* /*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

 

Хариуцагч: “*******” ХХК /захирал *******/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 472,425,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

                                                                        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч WHANG ZHIMING /*******/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “БНХАУ-ын иргэн ******* нь “*******” ХХК-ийн захирал *******той 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,500,000 юанийг сарын 4,5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон ба зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш “*******” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хангаж, зээлийн өр төлбөрийг барагдуулахгүй өнөөдрийг хүрж байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдэгч нь үндсэн зээл болон хүүгийн хамт 1,905,000 юанийг төлөх ёстой. Зээлийн гэрээнд 0,3 хувиар алданги тооцохоор заасан. Гэрээний дагуу 6 сарын хүү 405,000 юань болоод байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөх нийт дүн 1,905,000 юань болоод байгаа боловч үндсэн зээл 1,500,000 юанийг Монгол банкны 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн юаны ханшаар тооцон 472,425,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хоорондын гэрээ нь юанаар байгуулагдсан боловч зээл олгогдохдоо төгрөгөөр олгогдсон байгаа учраас монгол мөнгөөр гаргуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарыг бичгээр ирүүлээгүй, мөн хэрэгт цугласан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байна.”  гэв.

Хариуцагч “*******” ХХК /захирал *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 11 дүгээр сард “*******” ХХК-ийн Говь хүрээ цогцолборын дулааны шугам сүлжээ тавих ажилд 450 сая төгрөг шаардлагатай болсон. Иймд төслийн удирдагч найз Д.Сугаржав хүнээс асууж үзье гээд утсаар ярьсан. Ингээд Ван Зиминг гэх хятад иргэнээс 1,500,000 юань зээлэх тухай гарын үсэг зурагдаагүй гэрээний төсөл имэйлээр ирүүлснийг танилцаад “урд нь уулзаж байгаагүй, таньж мэдэхгүй хүн их хэмжээний мөнгө учир биечлэн уулзаж байж зээл өгөх байлгүй” гэж бодоод 2 хувь хэвлэж гаргаад скайнердаж байгаад буцаагаад имэйлээр явуулчихаарай гээд компанийхаа менежер Э.Цогзолмаад өгсөн, тэр түүнийг өөр дээрээ хадгалж байхад нь 2016 оны 6 дугаар сард “Тедмент” ХХК-ийн Санхүү эрхэлсэн ерөнхийлөгч Ц.Мөнхбямба гэгч надад мэдэгдэлгүйгээр авч явсан байсан. Гэрээг намайг байлцуулж нотариатаар гэрчлүүлээгүй, түүнээс хойш дахин холбогдоогүй, гэрээний хувийг ч ирүүлэгүй учир би больсон юм байна гэж бодоод өнгөрсөн. Зээлдүүлэгчийн утас, хаяг тодорхойгүй уг гэрээг би төсөл гэж ойлгож байсан, бид тухайн үед шаардлагатай байсан хөрөнгө мөнгөө бусдаас зээл авалгүйгээр зохицуулсан.

 

БНХАУ-ын иргэн ******* /Wang Zhiming/ гэгч хүн надад бэлэн болон бэлэн бусаар аль ч хэлбэрээр ямар ч юань, мөнгө төгрөг шилжүүлээгүй, би хүлээж аваагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* /*******/ нь хариуцагч “*******” ХХК /захирал *******/-с зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 472,425,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгчийн үндсэн үүрэг нь зээлдэгчид мөнгө эсхүл эд хөрөнгийг шилжүүлэх болон тохиролцсон хугацаанд захиран зарцуулах эрхийг олгодог бол зээлдэгчийн үндсэн үүрэг нь мөнгө эсхүл эд хөрөнгийг анх зээлдүүлэгчээс шилжүүлж авсантай ижил хэмжээ, чанартайгаар хугацаанд нь буцааж өгөхөд оршдог. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр  нэг талаас зээлдүүлэгч /нэхэмжлэгч/ Ванг зиминг, нөгөө талаас зээлдэгч /хариуцагч/ “*******” ХХК-ийг төлөөлөн захирал ******* нар  1,500,000 юаныг сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлэх 01 дугаартай зээлийн гэрээ /хх-5/-г байгуулжээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т  “мөнгө ... зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасан бөгөөд энэ заалтад нийцүүлэн зээлийн гэрээний 3.3-т “зээлдүүлэгч нь зээлдэгчид нийт мөнгөн дүнг ажлын явц, хэрэгцээ, шаардлагад уялдуулан зээлдэгчийн хүсэлтээр тодорхой хуваарийн дагуу хэсэгчилж олгоно.” гэж заасны дагуу зээлдэгчид мөнгө дансаар шилжүүлжээ. Тухайлбал  хэргийн 94-97 дугаар талд авагдсан баримтыг шинжлэн судлахад 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Тэдмэнт” ХХК нь өөрийн эзэмшдэг Голомт банкны 1205013868 тоот данснаас “*******” ХХК-ийн Голомт банкны 1410016943 тоот данс руу 200,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Цэрэвсамбын Мөнхбямба нь “*******” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 414003443 тоот данс руу 100,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Цэрэвсамбын Мөнхбямба нь өөрийн эзэмшдэг Хаанбанкны 5021088996 тоот данснаас “*******” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 414003443 тоот данс руу 14,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Цэрэвсамбын Мөнхбямба нь “*******” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 414003443 тоот данс руу 157,000,000 төгрөг тус тус /нийт 471,000,000 төгрөг/ шилжүүлжээ. Зээлдүүлэгч Ванг зиминг нь “Тэдмэнт” ХХК-д хөрөнгө оруулж, хамтран ажилладаг, Ц.Мөнхбямба нь  тухайн компанийн ажилтан болох нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар /хх-54/, “Тэдмэнт” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тайлбар /хх-151/-аар тогтоогдож байх тул тус компанийн дансаар зээлдүүлсэн мөнгийг  хэсэгчлэн шилжүүлсэн  гэж үзэх үндэстэй байна. Мөн шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхчимэг нь зээлдүүлэгч Ванг зиминг нь “Тэдмэнт” ХХК-ийн  дансаар 1,500,000 юаныг монгол төгрөгт шилжүүлэн 4 удаагийн үйлдлээр “*******” ХХК-д зээлдүүлсэн, Өмнөговь аймаг дахь Татварын хэлтсээс ирүүлсэн “*******” ХХК-ийн баталгаажсан тайлан /хх-144/ дахь тус компанийн 1,269,840,000 төгрөгийн богино хугацаат зээлд Ван зимингийн зээлдүүлсэн 471,000,000 төгрөг орж тооцогдож байгаа гэх тайлбар гаргаж байх бөгөөд хариуцагч талаас үүнийг няцаасан ямар нэг тайлбар ирүүлээгүй болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох үндэслэл, тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй гэж заажээ. Шүүх нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагаа нотолж ирүүлсэн дээр дурдсан тайлбар, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэн зөв баримт гэж үнэллээ. Хариуцагч /зээлдэгч/ “*******” ХХК /захирал *******/ нэхэмжлэгч Ванг зимингээс зээл огт аваагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж байх болов ч татгалзлаа үндэслэлтэйгээр нотолсон ямар нэг нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч *******ээс хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан зээлийн үүргийн гүйцэтгэлд 472,425,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Нэхэмжлэгч нь “*******” ХХК-д 471,000,000 төгрөг зээлдүүлсэн болох нь дээр дурдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд шүүх 1,425,000 төгрөг /472,425,000-471,000,000=1,425,000/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хавтаст хэргийн 4, 98 дугаар талд авагдсан Монгол банкны юаны ханшийн лавлагааг үндэслэн шийдвэрлэсэн болно. Өөрөр хэлбэл 2015 оны 11 дүгээр сарын 09, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1 юань 313,61 төгрөг, 313,15 төгрөгтэй тус тус тэнцэж байсныг 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1 юань 314,95 төгрөгтэй тэнцэж байх үеийн ханшийн зөрүү нь 1,425,000 төгрөг болж байгааг дурдах нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхлээ нотлох баримтын шаардлага хангасан /хх-4-6,21,57,86,94-98,151/ бичмэл нотлох баримтуудыг үнэлж шийдвэр гаргалаа. Мөн хэргийн 25-49, 144-150 дахь талд авагдсан баримтуудыг тухайн хэргийн оролцогч бус Өмнөговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн тул нотлох баримтын хэмжээнд үнэлсэн бөгөөд хэрэгт авагдсан дараах баримт /хх-10, 99-108,123-142/-ууд нотлох баримтад тавигдах шаардлага хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй  болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч “*******” ХХК-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 472,425,000 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч ******* /*******/-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* /*******/-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,520,075 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч “*******” ХХК-с 2,520,075 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* /*******/-д олгосугай.

3.Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 143/ШТ2016/00050 дугаар тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР