Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 442

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 
хүлээн зөвшөөрснийг батлах тухай 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, шүүгч Ш.Одонзул, шүүгч Т.Балжинням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хариуцагч байгуулалгын төлөөлөгч Б.Энхжаргал иргэдийн төлөөлөгч Ю.Дармаабазар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Н.Бямбадоржийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай хөлстэй тэнцэх олговор 2.056.221 төгрөг гаргуулах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Н.Бямбадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн засаг дарга Ж.Жамъянтив 2016 оны 04 сарын 20-ны өдрийн Б/15 дугаартай захирамж гарган намайг сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн. Энэ захирамжаа засаг дарга өөрөө 2016 оны 06 сарын 30-нд Б/41 тоот захирамжаараа хүчингүй болгосон. Мөн миний нэхэмжлэлээр захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хууль бус захирамж болохыг тогтоосон. 2016 оны 04 сарын 20-ноос 2016 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хууль бус захирамжаар ажилгүй байсан цалин аваагүйгээс хөдөлмөрлөх эрх зөрчигдөж манай гэр бүлд хохирол үүссэн юм. Ийм учир дээрх хугацаанд надад олговол зохих цалингийн 2.056.221 төгрөг байна. Үүнийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Баатарын Энхжаргал шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Бямбадоржийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 2056221 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.  Н.Бямбадорж нь сургуулийнхаа нягтлангаар гаргуулсан тооцоон дээрээ хөдөө орон нутагт ажиллаж байгаагийн нэмэгдэл, үр дүнгийн гэрээний урамшуулал хүртэл нэмж гаргаж байгаа. Тиймээс 1 сарын цалин нь 917566 төгрөг юм байна гэж бодоод үүнээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад шимтгэл суутгалууд нь хасагдах байх гэж бодож байна гэв.  

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Бямбадорж шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна намайг байхгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн тул ИХШХШ тухай хуулийн 100-р зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн байхгүйд шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Н.Бямбадорж нь Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2056221 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь түүний тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэстэй байна.

Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг  дурдаж хариуцагч байгууллагаас гаргуулах олговорын хэмжээнээс тэмдэгтийн хураамж тооцож улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

 МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 105.5 ДАХЬ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Н.Бямбадоржийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор   2056221 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх  тухай иргэний хэргийн хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг  дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 47850 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Тогтоолыг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 ДАРГАЛАГЧ  Л.ЭХЛЭЛТ

 ШҮҮГЧИД  Ш.ОДОНЗУЛ

Т.БАЛЖИННЯМ