Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
Хэргийн индекс | 147/2016/0465/и |
Дугаар | 466 |
Огноо | 2016-12-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 466
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 12 дугаар
сарын 15-ны өдөр Дугаар 466 Баруун-Урт
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би
Нэхэмжлэгч: Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй,
/Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ариунболд/
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, “Далан”-гийн 2-5 тоотод оршин суух, /РД:ЛЮ74052473, утасны дугаар 80948885/, Боржигон овогт Гунаажавын Цогтбаатарт холбогдох
“Нөхөн төлбөрт 1 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мэргэжлийн хяналтын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ариунболд нь Гунаажав овогтой Цогтбаатарыг гарал үүслийн тодорхойлолт эрхийн бичиггүй 1 ширхэг цагаан зээр агнаж амьтны аймагт хохирол учруулсан зөрчилд “ Амьтны тухай” хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь заалтаар гэм буруутай этгээдэд нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолоор баталсан “ Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр 1 ширхэг ооныг 500 000 төгрөгийг 2 дахин нугалж 1 000 000 төгрөгөөр тооцож нөхөн төлбөр ногдуулсныг хугацаанд нь барагдуулаагүй тул нөхөн төлбөрийг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Цогтбаатар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Мэргэжлийн хяналтын газрын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би энэхүү 1 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө тодорхой ажил төрөлгүй учраас төлөхгүй өдий хүрлээ. Одоо боломжоороо бага багаар ч хамаагүй төлөөд явна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тайлбар гаргасан Г.Цогтбаатар гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь хариуцагч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн иргэн Боржигон овогт Гунаажавын Цогтбаатараас “Нөхөн төлбөр 1 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Г.Цогтбаатар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 000 000 /нэг сая/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мэргэжлийн хяналтын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Г.Цогтбаатараас 1 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 550 төгрөгний тал хувь 14 275 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжилсэн нөхөн төлбөр 1 000 000 төгрөгийг хариуцагч Боржигон овогт Гунаажавын Цогтбаатар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мэргэжлийн хяналтын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Цогтбаатараас 1 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 550 төгрөгний тал хувь 14 275 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ