Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2016/01371

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б.У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “П” ХХК-д холбогдох,

Гэрээний үлдэгдэл төлбөр  2.565.000 төгрөг, алданги 1.282.500 төгрөг, нийт 3.847.500 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баттогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заантогтох, өмгөөлөгч С.Энхтуяа, гэрч Д.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.У” ХХК нь 2015 оны 6 сарын 10-ны өдрийн 06/15 тоот Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг “П” ХХК-тай байгуулсан. Уг гэрээ нь 2015 оны 6 сарын 10-ны өдрөөс эхлэн 2015 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай байгуулагдсан ба, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2016 оны 01 сарын 04-ний өдөр 01 дугаартай нэмэлт гэрээ байгуулан уг гэрээний хугацааг 2016 оны 3 сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан.Гэрээний дагуу үйлчилгээний 1 сарын төлбөр 2.400.000 төгрөг байхаар талууд тохиролцсон.

Нийт гэрээний хугацаанд “П” ХХК нь 2015 оны 12 сарын бүтэн төлбөр  1.800.000 төгрөг, 2016 оны 01 сарын төлбөрөөс 765.000 төгрөг тус тус дутуу төлсөн тул гэрээний төлбөр болох 2.565.000 төгрөг, алданги болох 2015 оны 12 сарын 10-ны өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах хугацаа буюу 2016 оны 9 сарын 07-ны өдрийг хүртэлх нийт 272 хоногийн алданги  гэрээнд зааснаар 0.3 хувиар тооцоход 1.468.800 төгрөг болох боловч хуульд нийцүүлэн 900.000 төгрөг, 2016 оны 01 сарын дутуу төлбөр 765.000 төгрөгийг 2016 оны 10 сарын 10-ны өдөр төлөх байсан. Гэвч энэ хугацаандаа төлөөгүй тул 2016 оны 01 сарын 10-ны өдрөөс 2016 оны 9 сарын 07-ны өдрийг хүртэлх 240 хоногийн алданги 550.800 төгрөг болох боловч үүнийг хуульд  нийцүүлэн 382.500 төгрөг, нийт алданги 1.282.500 төгрөгийг гэрээний үлдэгдэл 2.565.000 төгрөгийн хамт бүгд 3.847.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 сард тооллого хийхээр ирэхэд Хова маркийн автосамосвал дээр байрлах сэлбэгийн контейнерийн хаалга онгорхой, цоож эвдэгдэж 2.565.000 төгрөгийн эд зүйл алдагдаж, хохирол манай компанид учирсан.

Энэ талаар “Б.У” ХХК-ийн  Болор-Илд ГХХАлбаны дарга Х.Өлзийгийн 11 сарын ажлын тайланд тодорхой байгаа. Гэрээнд тохиролцсоноор ажил гүйцэтгэлийн тайланг үндэслэн  сар бүрийн 10-ны дотор төлбөр тооцоо хийхээр тохиролцсон, энэ дагуу төлбөр тооцоог хийж ирсэн.

Эд зүйл алдагдсанаас учирсан хохирлыг 2015 оны 12 сарын 15-ны дотор барагдуулах шаардлагыг манайх 474 тоот албан бичгээр “Б.У” ХХК-д хүргүүлсэн, үүний дараа 2015 оны 12 сарын 25-ны өдөр гэрээг 12 сарын 31-нээр тасалбар болгон  дуусгавар болгох тухай 500 тоот албан бичиг хүргүүлж, энэ албан бичигт УБ Салбар-1 агуулахад гарсан хулгайн хэргээс үүдсэн 2.565.000 төгрөгийн хохирлыг 11, 12 сарын ажлын хөлснөөс суутган тооцохыг мэдэгдэж алдагдсан материалын жагсаалтыг хавсаргаж өгсөн.

Талууд харилцан тохиролцсоноор хохирол болох 2.565.000 төгрөгийг гэрээний 5.5.-д заасны дагуу 2015 оны 11 сарын төлбөрөөс 1.800.000 төгрөг, 2015 оны 12 сарын төлбөрөөс 765.000 төгрөгийг тус тус суутгаж тооцоогүй болсон болно.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Гэрч Д.Чинбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 17-нд “П” ХХК-ийн хашаанд байх агуулахаас эд зүйл алдагдсан. Өмнө нь 10 сард очиход зүгээр байсан. “П” ХХК-ийн хашааг агуулах гэж нэрлэдэг бөгөөд эд зүйл хадгалдаг контейнер энэ хашаанд байдаг гэв.

 

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б.У” ХХК нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулан, гэрээний үлдэгдэл төлбөр 2.565.000 төгрөг, алданги 1.282.500 төгрөг, нийт 3.847.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

“Б.У” ХХК болон “П” ХХК-ийн хооронд 2015 оны 7 сарын 01-ний өдөр №07/15 дугаартай Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан, уг гэрээ байгуулах үед “Б.У” ХХК нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байсан байдал тогтоогдохгүй байгаа боловч талууд  уг гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.

“Б.У” ХХК болон “П” ХХК-ийн хооронд 2015 оны 7 сарын 01-ний өдөр №07/15 дугаартай Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсаныг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан хөлсөөр ажиллах гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзнэ.

 

 “П” ХХК 2015 оны 12 сарын 08-ны өдрийн 474 тоот албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг, 2015 оны 12 сарын 25-ны өдрийн №500 дугаартай Гэрээ дуусгавар болгох тухай албан бичгийг “Б.У” ХХК-д тус тус  хүргүүлсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэсэн хуулийн заалттай нийцэж байна.

 Иймд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2.-т “ ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээг цуцалсан бол ажиллагч ажлын хөлс шаардах эрхээ алдана.” гэж заасан тул цуцлагдаж, дуусгавар болсон гэрээний үүргээс үүдсэн  ажлын хөлсийг нэхэмжлэгч “Б.У” ХХК шаардах эрхгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3. дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1., 367 дугаар зүйлийн 367.2.-т заасныг баримтлан гэрээний үлдэгдэл төлбөр  2.565.000 төгрөг, алданги 1.282.500 төгрөг, нийт 3.847.500 төгрөг  гаргуулах тухай “Б.У” ХХК-ийн “П” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д

зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийнхураамжид төлсөн 76.510 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БААТАР