Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 148/2016/00548/И |
Дугаар | 590 |
Огноо | 2016-11-01 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 590
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Д.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1962 онд төрсөн, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Баянцагааны 2 дугаар баг, Бэлчирийн 7-5 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх,
Онход овгийн Дугарын Оюунчимэг
регистрийн дугаар: МП- 62112262
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: Д.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Миний бие анх 1972 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажилд орсон. Ингээд цэцэрлэгт 1986 он хүртэл тасралтгүй 4 жил ажиллаад мэргэжил эзэмшихээр Цэцэрлэгийн багшийн сургуульд элсэн суралцаад ар гэрийн гачигдалын улмаас сургуулиа эчнээ болгон тус цэцэрлэгт эргээд 1989 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн бүлгийн болон хөгжмийн багш, арга зүйчийн албан тушаал дээр 2016 оны 8 дугаар сар хүртэл тасралтгүй 31 жил ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарах болсон. Иймд 1982-1986 он, 1989-1995 оны цэцэрлэгт багшаар ажиллаж байсан 10 жилийг тогтоож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч: Д.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Би 1982 онд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 23 дугаар цэцэрлэгт багшаар анх ажилд орж 2016 оны 8 сар хүртэл ажилласан. 1995-2016 он хүртэл ажилласан жил маань тогтоогдсон. Харин 1982-1989 оныг хүртэл ажилласан 9 жил хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч тушаалууд олдохгүй, архиваас лавлагаа гарч ирээгүй тул намайг 1982-1989 оныг хүртэл Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 23 дугаар цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү! гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Д.Оюунчимэг нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан боловч ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэрүүд олдохгүйн улмаас тухайн байгууллагуудад ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгч Д.Оюунчимэг нь 1982 оны 01 дүгээр сарын 15-наас 1986 оны 08 дугаар сарын 20, 1989 оны 09 дүгээр сарын 10-наас 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 23 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан 1982 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ардын боловсролын хэлтсээс олгосон №108009 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдэж, тухай байгууллагуудын тамга дарагдаж баталгаажсан Ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 17 тоот “Ажилд томилох тухай” тушаалаар “1981 онд 10 дугаар ангиа төгссөн Д.Оюунчимэгийг Хүдэр сумын цэцэрлэгийн хүмүүжүүлэгчээр 1982 оны 01 дүгээр сарын 15-наас” ажилд авсан, мөн Цэцэрлэгийн багшийн сургуульд суралцах болсны улмаас ажлаас чөлөөлөгдсөн тухай Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1986 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №30 тоот “Цэцэрлэгийн багшийн сургуульд суралцах болсон тул ажлаас чөлөөлөв” гэх тушаал, суралцаж байх үедээ хүмүүжүүлэгч багшийн ангиас эчнээ ангид шилжин суралцаж, цэцэрлэгийн багшаар үргэлжлүүлэн ажилласан тухай тус Цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №32 тоот тушаалаар 1989 оны 09 дүгээр сарын 10-наас “Хүдэр сумын 23 дугаар цэцэрлэгт багшаар авч ажиллуулав” гэх тушаалын хуулбар, тухайн цэцэрлэгт ажиллаж байх үедээ ээлжийн болон жирэмсний амралт авч байсан тушаалуудын хуулбар зэрэг бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх З.Дашиймаа, Ө.Галбаатар, Д.Баярдэлгэр нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Иймд Онход овгийн Дугарын Оюунчимэгийг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 23 дугаар цэцэрлэгт багшаар 1982 оны 01 дүгээр сарын 15-наас 1986 оны 08 дугаар сарын 20, 1989 оны 09 дүгээр сарын 10-наас 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Онход овгийн Дугарын Оюунчимэгийг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 23 дугаар цэцэрлэгт багшаар 1982 оны 01 дүгээр сарын 15-наас 1986 оны 08 дугаар сарын 20, 1989 оны 09 дүгээр сарын 10-наас 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ