Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2016/00388/И/ |
Дугаар | 423 |
Огноо | 2016-12-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 423
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт оршин суух Жалайр овгийн Намсрайн Батдоржийн /РД: ДЮ61092019/ хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Батдорж нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Намсрай овогтой Батдорж миний бие нь ээж Намсрайгаар овоглодог. 1982 оны 11 дүгээр сарын 23-нд Холбооны газарт анх монтёроор орж ажиллан хөдөлмөрийн дэвтэр нээх үед миний овгийг хүнээс асуугаад Шагдаржав овогтой гэж бичсэн. Шагдаржав нь миний ээжтэй ханилж байгаад намайг төрөхөөс өмнө нас барсан юм. Иймд хөдөлмөрийн дэвтэрийн овгийг Намсрай гэж тогтоолгох шаардлагатай болсон учир уг дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Батдоржийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Н.Батдорж нь хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
“Овог Шагдаржав, нэр Батдорж, төрсөн он 1961 оны 09 сарын 20, боловсрол бүрэн бус дунд, мэргэжил монтёр, хөдөлмөрийн дэвтэр олгосон Говь-Алтай холбооны газрын дарга Н.Төмөрхүү, 1983 оны 02 дугаар сарын 14-ний өдөр” гэх 039209 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Жалайр овгийн Намсрайн Батдорж болох нь иргэний цахим үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “овог Намсрай, нэр Батдорж, төрсөн он 1961 оны 09 сарын 20” гэх Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 556893 дугаартай бат илэрхийлэх, Улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 103/016468 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,
Гэрч Б.Гүрбазарын “...Н.Батдорж 1982 оны 11 сард Шарга сумын холбоонд анх монтёроор орж байсан. Нэг байгууллага учраас бие биенээ мэддэг. Холбоонд анх орсон хүмүүсийг сумуудын холбооны шугамыг анх байгуулж байхад явуулж байсан. Тэр үеэс нэгнийгээ мэддэг болсон. Бид нарыг ажилд орохоос өмнө сумуудын шугамыг байгуулж эхэлсэн. Бид нарын үед сүүлчийн шугамуудыг тавьсан байх. 2000 он гартал холбоонд ажиллаж байсан. Шарга, Төгрөг, аймгийн төвд монтёроор ажиллаж байсан. Шаргад салбарын эрхлэгч хүртэл хийж байсан. Батдорж цэргээс ирээд ээжтэйгээ хамт байсан болохоор ээжийг нь мэднэ. Ээжийг нь Намсрай гэдэг. Аавыг нь сургаар л мэднэ. Аавыг нь дам яриагаар Шагдаржав гэж хүн байсан гэж хөгшчүүд ярьдаг байсан. Намайг мэдэх үеэс ээжтэйгээ хамт амьдардаг, аав нь нас барчихсан байсан. ..” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд 1983 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Шагдаржавын Батдорж гэх нэрээр нээгдсэн 039209 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Жалайр овгийн Намсрайн Батдорж мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Мөн хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр дээрх зураг, төрсөн он нь иргэний цахим үнэмлэх, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхний зураг, төрсөн огноотой тохирч байгаа байдал, гэрч Б.Гүрбазарын нь хөдөлмөрийн дэвтэр дээрх зургийг Н.Батдорж мөн болохыг нотолж мэдүүлсэн зэргийг хэргийг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзсэн болно.
Хүсэлт гаргагч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1983 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Шагдаржавын Батдорж гэх нэрээр нээгдсэн 039209 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Жалайр овгийн Намсрайн Батдорж мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Батдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ