Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 148/2016/00238/И |
Дугаар | 547 |
Огноо | 2016-10-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 547
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар С.Саруулмаагийн нэхэмжлэлтэй, Э.Эрдэнэзаяад холбогдох “90.000.000 төгрөг гаруулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.Саруулмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хотод 1985 онд төрсөн, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 31 дүгээр байр, 49 тоотод оршин суух хаягтай,
Цэдэндаш овгийн Нарандэлгэрийн Гантулга
регистрийн дугаар:ЦИ- 85102919
Гэрч: Дорноговь аймагт 1983 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Шинэ-Өглөө хотхоны 23 /б/ байрны 46 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй
Боржигон овгийн Нарантуяагийн Тамара
регистрийн дугаар:ЧЭ- 83082166
Хариуцагч: Э.Эрдэнэзаяагийн өмгөөлөгч М.Гансүх
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: С.Саруулмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2014 оны 07-10 сарын хооронд багын найз Н.Тамараагийн гуйлтаар түүний найз Э.Эрдэнэзаяад
шилжүүлэн нийт 90.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн.
Э.Эрдэнэзаяа нь 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 04 дүгээр сар хүртэл нийт 7 удаа бүгд 22.500.000 төгрөгийг зээлийн хүү гэж төлсөн. Гэвч 2015 оны 04 дүгээр сараас өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй намайг хохироож байгаа болно.
Тооцоог гаргавал үндсэн зээл 90.000.000 төгрөг надад эргүүлэн төлөх ёстой.
Шаардлага:
Э.Эрдэнэзаяагаас үндсэн зээл 90.000.000 төгрөг, зээлийг төлөөгүйгээс үүдэн гарсан зардлууд болох
- өмгөөлөгчийн хөлс 3000.000 төгрөг
- Эрдэнэзаяагаас авсан мөнгөөрөө төлөх байсан зээлийн 5%-ийн хүүгийн төлбөр /материалыг нэмэлтээр гаргаж өгөх/
- нэхэмжлэл гаргахтай холбоотой улсын тэмдэгтийн хураамжуудыг гаргуулах... гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 1982 онд төрсөн, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 002 тоотод оршин суух хаягтай, “Итгэлт-Агь” ХХК-ий захирал ажилтай,
Баатар овгийн Эрдэнэцогтийн Эрдэнзаяа
/регистрийн дугаар:МЗ- 82121202/ 2016 оны 6 дугаар сарын 22-нд шүүхэд гаргасан тайлбартаа:
... Э.Эрдэнэзаяа миний бие С.Саруулмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. С.Саруулмаа нь 2014 оны 07 дугаар сарын 07-ноос 2014 оны 10 дугаар сарын 16-ныг хүртэл нийт 83 сая төгрөг шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон байдаг. Үүнээс миний бие 25 саяыг эргүүлж өгсөн болно... гэжээ.
Нэхэмжлэгч С.Саруулмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Манай эхнэр С.Саруулмаа хариуцагч Э.Эрдэнэзаяад өөрийн найз болох Тамарагаар дамжуулан нийт 5 удаагийн үйлдлээр 30, 30, 10, 10, 10 гэсэн байдлаар 90.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Эхний 30.000.000 төгрөгийг Тамарагаар дамжуулж өгснийг Тамара өөрийн дүү Базарсүрэнгийн данс руу 23.500.000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Э.Эрдэнэзаяагийн “ХААН” банкны данс руу шилжүүлсэн. 2014 оны 08 дугаар сарын 30-нд 30.000.000 төгрөгийг С.Саруулмаа өөрийн биеээр Э.Эрдэнэзаяагийн данс руу хийсэн. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөгийг мөн өөрийн биеээр шилжүүлсэн. 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Тамарагаар дамжуулж 10.000.000 төгрөг өгсөний 9.500.000 төгрөгийг Тамара Э.Эрдэнэзаяагийн данс руу шилжүүлсэн. 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг нэмж шилжүүлснээр нийт 90.000.000 төгрөгийг Э.Эрдэнэзаяад банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байгаа гэсэн үйлдэлд нь зээлдүүлэх буюу аман хэлэлцээрээр тохиролцож зээлсэн. 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн мөнгийг Э.Эрдэнэзаяа тодорхой хугацаанд хүү гэж бага багаар төлж нийтдээ С.Саруулмаагийн дансанд 24.500.000 сая төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш мөнгөө төлөхгүй гэрээ контракт байгуулахгүй янз янзын арга хэрэглээд яваад байсан. Тухайн үед манай эхнэр хоёр ихэр хүүхэд төрүүлээд хол явах боломжгүй байсан учир гэрээ байгуулаагүй. Төлбөрөө төлөхгүй удсанаас болоод хуулийн мэдлэг бага байсан болоод ч тэрүү залилуулж байгаа юм байна гэж ойлгоод Цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагаас хянаж үзээд Прокурорын тайлбараар Э.Эрдэнэзаяа нь С.Саруулмаагаас 90.000.000 төгрөг авсан нь тогтоогдсон. Гэхдээ энэ нь иргэн хоорондын асуудал тул Иргэний шүүхээр шийдвэрлүүл гэсэн шийдвэр гарсны дагуу эрүүгийн хэргээс түдгэлзсэн. 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо 90.000.000 төгрөгийн хүү алдангийг хуулийн хүрээнд олж авах боломжгүй гэдгийг ойлгож байгаа. Нийт 90.000.000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Иймд эргүүлэн төлсөн 24.500.000 төгрөгийг хасч тооцоод үлдэгдэл мөнгийг гаргуулж өгнө үү!.
Н.Тамара, Э.Эрдэнэзаяа хоёр дотно найзууд. Анх мөнгө зээлүүлэх саналыг Э.Эрдэнэзаяа Н.Тамарад тавьж Н.Тамара манай эхнэр С.Саруулмаад хэлсэн байдаг. Тухайн үед манай эхнэр жирэмсэн байсан болохоор өөрөө гарж орох боломжгүй байсан. Тийм болохоор өөртөө бэлэн байсан мөнгөө Тамараг шилжүүлээд өгчих гэж хэлээд явуулсан байсан. Тухайн үед Н.Тамара, Э.Эрдэнэзаяа нарын хооронд мөнгө төгрөгний өгөө, аваа байсан юм шиг байсан. Тийм болохоор Тамара, Э.Эрдэнэзаяад шилжүүлж өгөх ёстой байсан мөнгөнөөс өрөндөө авсан юм шиг байгаа юм. Үлдсэн бүх тохиолдолд С.Саруулмаа өөрөө шилжүүлж байсан. 4 дэх удаагийн 10.000.000 төгрөгийг Н.Тамара, Э.Эрдэнэзаяагийн данс руу шилжүүлэхдээ мөн 500.000 төгрөг дутааж шилжүүлсэн байсан. Нийт 7.000.000 төгрөг орхигдсон талаар Н.Тамара гэрчээр оролцохдоо тайлбар хийх байх. Үлдсэн 83.000.000 төгрөгийг хариуцагч авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн... гэв.
Хариуцагч Э.Эрдэнэзаяагийн 2016 оны 08 дугаар сарын 09-нд гаргасан нэмэлт тайлбарыг шүүх хуралдаанд уншин сонсгосноор:
... Би Саруулмаатай найз нөхдийн холбоотой байсан, түүнээс тусламж дэмжлэг хүсч 83.000.000 төгрөгийг цувуулж бизнесийн үйл ажиллагаа явуулахаар авсан.
Ингэж мөнгө авахдаа би С.Саруулмаатай ямар нэгэн бичгээр гэрээ хийгээгүй, мөнгийг нь удаахгүй өгнө гээд тодорхой хугацаа заагаагүй авсан. Ингээд мөнгийг нь бөөнд нь өгч чадахгүй байсан учраас боломжоороо цувуулж, өнөөдрийн байдлаар нийтдээ 25.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн.
Гэтэл С.Саруулмаа намайг мөнгө залилж авсан гэж ямарч үндэслэлгүйгээр гүтгэж цагдаагийн байгуулагаар шалгуулсанд өнөөдрийг хүртэл харамсаж байна. Одоогийн байдлаар С.Саруулмаагийн нэхэмжилж байгаа 90.000.000 төгрөг, бусад нэхэмжлэоийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Би С. Саруулмаагаас 90.000.000 төгрөг аваагүй, харин 83.000.000 төгрөг авсан, энэ авсан мөнгөнөөсөө түүнд буцаагаад 25.000.000 төгрөгийг өгсөн, уг өгсөн мөнгийг хасаад одоогийн байдлаар С.Саруулмаад 58.000.000 төгрөгийг төлнө.
Илүү нэхэмжилсэн мөнгөн төлбөр болон өмгөөлөгчийн хөлс гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү!.... гэжээ.
Гэрч: Н.Тамара шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
... 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр С.Саруулмаа миний данс руу 30.000.000 төгрөг шилжүүлснээс би 23.500.000 төгрөгийг нь Э.Эрдэнэзаяагийн дансанд шилжүүлсэн. Үлдсэн 6.500.000 төгрөгийг нь би Э.Эрдэнэзаяагаас авах авлагатай байсан түүнийхээ оронд авсан.
2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр С.Саруулмаа миний данс руу 10.000.000 төгрөг шилжүүлснээс би Э.Эрдэнэзаяагийн дансанд 9.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 500.000 төгрөгийг нь авах ёстой байсан мөнгөнийхөө оронд авсан.
Тухайн үед Э.Эрдэнэзаяа, С.Саруулмаа хоёр холбоогүй байсан учир надаар дамжуулж мөнгө өгөлцөж, авалцсан.
Э.Эрдэнэзаяад өгсөн мөнгөний 7.000.000 төгрөгийг нь би авсан. С.Саруулмаа мөнгийг бэлэн өгсөн болохоор би өөрийнхөө авах ёстой мөнгийг авсан. Тухайн үед би мөнгө шилжүүлэх боломжгүй байсан учир дүү Н.Базарсүрэнгийн дансанд хийлгэж шилжүүлсэн юм... гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч С.Саруулмаа нь Э.Эрдэнэзаяагаас “Зээл 90.000.000 төгрөг, зээлийн хүү 5%-иар бодож нэмэгдүүлэх, өмгөөлөгчийн зардал 3000.000 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан улсын тэмдэгтийн хураамж” зэргийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Э.Эрдэнэзаяа нь С.Саруулмаагаас өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зориулан 90.000.000 төгрөг зээлэхээр хүсэлт тавьсны үндсэн дээр найз Н.Тамарагаараа дамжуулан 2014 оны 07 дугаар сараас 10 сарын хооронд 83,000.000 төгрөг зээлсэн, мөн дээрх зээлийн мөнгийг Н.Тамарагаар дамжуулан Э.Эрдэнэзаяад шилжүүлэн өгч байсан, 2014 оны 07 дугаар сарын 06-нд Н.Тамарагаар дамжуулан шилжүүлсэн 30.000.000 төгрөгнөөс Н.Тамара нь Э.Эрдэнэзаяагаас авах байсан “авлага” гэж 6500.000 төгрөгийг өөрөө авсан, 2014 оны 08 дугаар сарын 12-нд зээлсэн 10.000.000 төгрөнөөс 9500.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрч Н.Тамарагийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Харин нэхэмжлэгч С.Саруулмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гантулга нь шүүх хуралдааны шатанд .... “Э.Эрдэнэзаяагаас авсан мөнгөөрөө төлөх байсан зээлийн 5 хувийн хүүгийн төлбөр гаргуулах, өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч С.Саруулмаа нь Э.Эрдэнэзаяад 90.000.000 төгрөг зээлсэн гэх нэхэмжлэл гаргаж байгаа боловч Э.Эрдэнэзаяад шилжүүлэх ёстой мөнгөнөөс Н.Тамара “Э.Эрдэнэзаяа зөвшөөрсөн тул 6500.000 төгрөгийг авлагандаа суутган авч, үлдэх 23.500.000 төгрөгийг дүү Базарсүрэнгийнхээ данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлгийг шүүх хуралдаанд гаргаж байгаагаас үзэхэд хариуцагч 90.000.000 төгрөгийг бүрэн хүлээж аваагүй, хариуцагч нь С.Саруулмаагийн зээлдүүлсэн мөнгөнөөс ямар нэгэн авлага суутган авах талаар Н.Тамарад ямар нэгэн зөвшөөрөл өгсөн талаар шүүхэд тайлбар гаргаагүй, мөн 2014 оны 08 дугаар сарын 14-нд нэхэмжлэгчээс зээлсэн 10.000.000 төгрөгнөөс 500.000 төгрөг дутуу шилжүүлсэн болох нь нотлогдож байх тул зээлийн 7000.000 төгрөгийг төлөх үүргийг Э.Эрдэнэзаяа хүлээх үндэслэлгүй байна.
С.Саруулмаа, Э.Эрдэнэзаяа нарын хооронд мөнгө зээлэх, зээлдүүлэх талаар аман хэлцэл хийгдсэн боловч зээлийг “хүүтэй” төлөх талаар тохиролцон бичгээр гэрээ байгуулаагүй нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан “... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байх тул зээлд хүү тооцох эрхээ алдсан байна.
Иймд Э.Эрдэнэзаяагаас зээлийн төлбөрт 25.000.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байх тул нийт зээлсэн 83.000.000 төгрөгнөөс 58.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, дээрх зээлийн төлбөрт төлөгдсөн 25.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3000.000 төгрөг, Н.Тамарагийн нэхэмжлэгчид шилжүүлээгүй үлдээсэн 7000.000 төгрөг нийт 35.000.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 607.950 төгрөгийг төсвийн ологод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эрдэнэзаяагаас 58.000.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 447.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч Э.Эрдэнэзаяад шүүх хуралданы товыг боломжит хугацаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн боловч “... шүүх хуралдаанд өмгөөлөгч М.Гансүхийг оролцуулах хүсэлтэй байна. Намайг байлцуулахгүйгээр хэрэг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар Э.Эрдэнэзаяагаас үндсэн зээл 58.000.000 төгрөг гаргуулан С.Саруулмаад олгож, үлдэх 35.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 607.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эрдэнэзаяагаас 447.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Саруулмаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ