Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2016/00835/И |
Дугаар | 843 |
Огноо | 2016-12-19 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 843
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 8-9 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ64082025, Тугтан овогт Жийпрэлийн Оюунцэцэгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1964 онд төрсөн, 52 настай. Би 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Дараа нь 1983 оны 9 дүгээр сарын 01-нээс нэгдлийн гуанзанд талон бичигч, үйлчлэгчээр 1985 оныг дуустал ажилласан. Тухайн үед манай ах Барилга угсралтын трестэд ажиллаж байсан ба ахынхаа оронд 1986 оны 1 дүгээр сараас 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Барилга угсралтын трестэд барилгачнаар ажиллаж байгаад буцаад Пионер нэгдэлдээ малчнаар ажиллах болсон. Ингээд 1990 онд нэгдэл хувьчлагдахад зохих хувьцаагаа аваад ажлаас гарсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийг эрүүл мэндийн шалтгаанаар группт орж нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид өгсөн юм. Хөдөлмөрийн чадвар алдалтын группыг зогсоож миний материалыг буцааж өгөхөд хөдөлмөрийн дэвтрийг эргүүлж өгөөгүй ба та өөрөө авсан гэж хэлээд олж өгөхгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1980 оны 8 дугаар сараас 1985 оныг дуустал, 1986 оны 12 дугаар сараас 1989 оныг дуустал малчин, гуанзны талон бичигч, үйлчлэгчээр, 1986 оны 1 дүгээр сараас 1986 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд барилгачнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан С.Баттөмөр, Ж.Норовсамбуу нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нь Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1980 оны 8 дугаар сараас 1985 оныг дуустал, 1986 оны 12 дугаар сараас 1989 оныг дуустал малчин, гуанзны талон бичигч, үйлчлэгчээр, 1986 оны 1 дүгээр сараас 1986 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Жийпрэлийн Оюунцэцэгийн 1980 оны 8 дугаар сараас 1983 оны 10 дугаар сарыг дуустал, 1986 оны 11 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Түүнчлэн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 37 дугаар “Жолооч, үйлчлэгч томилох тухай” тушаалд: “Гуанзны талон бичигч, үйлчлэгчээр өөрийн нь хүсэлтийг үндэслэн Жийпэрэл овогтой Оюуныг 1983 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн авч ажиллуулсугай” гэжээ.
ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 409 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “...Барилгачин Ж.Оюунцэцэгийг 1986 оны 11 дүгээр сарын 29-нөөр тасалбар болгож ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч С.Баттөмөр, Ж.Норовсамбуу нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч С.Баттөмөр “Миний бие нь 1981 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж эхлэхэд Ж.Оюунцэцэг нь тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд Ж.Оюунцэцэг нь 1989 оныг дуустал ажилласан. Мөн Ж.Оюунцэцэг нь нэгдэлд ажиллаж байх хугацаандаа малчнаас гадна чөлөө авсан ажилтны оронд гуанзны талон бичигч үйлчлэгч, барилгад барилгачин зэрэг ажлуудыг хийдэг байсан” гэж, гэрч Ж.Норовсамбуу “Миний бие нь 1978 оноос 1993 он хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг нэгдэлд ажиллаж байхад Ж.Оюунцэцэг нь 1980 оноос эхлэн тус нэгдэлд малчнаар ажилласан бөгөөд 1989 оныг дуустал ажилласан. Мөн Ж.Оюунцэцэг нь нэгдэлд малчнаас гадна нэгдлийн гуанзанд талон бичигч үйлчлэгч, барилгад барилгачин зэрэг ажлуудыг хийдэг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 37 дугаар “Жолооч, үйлчлэгч томилох тухай” тушаалд түүний овгийг Жийпэрэл хэмээн 1 үсгийн зөрүүтэй, нэрийг Оюун гэж бичсэн боловч уг тушаал нь нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаал болох нь түүний тайлбар, гэрч С.Баттөмөр, Ж.Норовсамбуу нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нь Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1980 оны 8 дугаар сараас 1985 оныг дуустал, 1986 оны 12 дугаар сараас 1989 оныг дуустал малчин, гуанзны талон бичигч, үйлчлэгчээр, 1986 оны 1 дүгээр сараас 1986 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд барилгачнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 37 дугаар “Жолооч, үйлчлэгч томилох тухай” тушаал, ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 409 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч С.Баттөмөр, Ж.Норовсамбуу нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгийн хүсэлтийг хангаж, түүний Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1980 оны 8 дугаар сараас 1985 оныг дуустал, 1986 оны 12 дугаар сараас 1989 оныг дуустал малчин, гуанзны талон бичигч, үйлчлэгчээр 8 жил 6 сар, 1986 оны 1 дүгээр сараас 1986 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд барилгачнаар 11 сар 29 хоног, нийт 9 жил 5 сар 29 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Тугтан овогт Жийпрэлийн Оюунцэцэгийн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1980 оны 8 дугаар сараас 1985 оныг дуустал, 1986 оны 12 дугаар сараас 1989 оныг дуустал малчин, гуанзны талон бичигч, үйлчлэгчээр 8 /найм/ жил 6 /зургаа/ сар, 1986 оны 1 дүгээр сараас 1986 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд барилгачнаар 11 /арван нэг/ сар 29 /хорин ес/ хоног, нийт 9 /ес/ жил 5 /тав/ сар 29 /хорин ес/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ