Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2015 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 0234

 

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын  1 дүгээр баг, Чандман-1-д оршин суух, 1963 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, Зөөд овогт Жамбын Цэвээндорж /РД: ТГ63030510/-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, Үйлдвэрийн районд байрлах “Цемент шохой” ХК-д холбогдох гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/559 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхлэж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “Цемент шохой” ХК-ийн компанид учирсан хохирол 31.744.448 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Цэвээндоржоос гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Цэвээндорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Ринзаан /0-2261/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтантогос, А.Дэмчигжав, гэрч Д.Гансүх, М.Болдбаатар, нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ж.Цэвээндорж шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие Жамба овогтой Цэвээндорж  нь  Хөтөлийн дулааны станцад 1986 оноос эхлэн тасралтгүйгээр инженер удирдах ажилтнаар 30 жил хоёргүй сэтгэлээр ажиллаж станцын өртөг зардлыг хямдруулах, аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөж станцын хэвийн үйл ажиллагааг хангаж ирсэн юм. Дулааны станцын шугам сүлжээнд тохируулга хийж цахилгаан нүүрсний хэмнэлт гаргаж ЦН-400-105 насос -2 ширхэг зэрэг ажилладаг байсныг тохируулга хийж нэг насосыг бүрэн зогсоосон. ДЭС төв дээр буцах шахах Д320-50 насос 75квт-ын чадалтай үүнийг к-100-165 2 насосоор сольж 38 квт/ цагийн гаргасан 2005 оны ханшаар  тооцоход сар бүр 12.3 сая төгрөгийн хэмнэлт гаргасаар байна. Дулааны станцын 1, 2-р зуухны галын хотлыг Багануурын инженерүүдтэй хамтран өндөр температурт шаталтын тавцант галын хотлоор сольж 349 сая төгрөгийн хэмнэлт гаргасан одоо хүртэл 14 жил хэвийн ажиллаж байна. /нэг хотлын үнэ 173 сая төгрөгийн үнэтэй байлаа/ мөн Компрессор цехийн хөргөлтийн усны тооцоо хийж Д500-65а2160квт/ц насосыг Д320-50-75 квт/ц насосоор сольж цахилгааны хэмнэлт 160-75=85/квт/ц. 120 төг= 10200 төг.24.30=7 сая 344 төгрөг сард хэмнэж байна. Жилд 88.128.000 төгрөг хэмнэж байна. 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Үйлдвэр эрхэлсэн захирал Туул Чулуунцар үйлдвэрийн дарга нарын өгсөн үүргийн дагуу Ялтсан бойлерын үйлчилгээ эрхэлдэг мэргэжлийн байгууллага засварладаг бойлерыг цэвэрлэх үйлчилгээг бойлерын бүтэц, түүний үйл ажиллагааны горимыг судлан өөрийн практик туршлагадаа тулгуурлан уг бойлерыг задлаж механик гар аргаар өөрөөр хэлбэл хусах байдлаар 195 ширхэг ялтасыг цэвэрлэж 50-60 килограмм бохирдос элс шороог гаргаж бойлерыг буцаан угсарч 7 хоног туршиж, ачаалалд оруулсан одоо хүртэл ачаалалд байна. Өндөр өртөг зардлаар засагдах байсан бойлерыг засварлах эрхгүй мөртлөө дарга нарын өгсөн үүргийг хүндэтгэж монголчилон засаж, халахгүй байсныг халдаг болгож, ажиллуулсаны хариуд дахин ус гоожсныг техникийн комиссийн дүгнэлт гаргаж хэн хэний ямар буруутай үйлдэл эс үйлдэхүй байсныг тогтоохгүйгээр, үйлдвэрийн дарга, үйлдвэрлэл эрхэлсэн захирал нарын саналаар ажил албан тушаалаас чөлөөлж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь хуулийг дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн шудрага ёсонд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Бойлерын эвдрэлд миний санаатай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаар заажээ. Гэтэл би хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын ямар нэгэн заалтыг зөрчсөн тухай тушаалд дурдаагүй, түүгээр ч үл барам миний гэм буруу нотлогдоогүй, ямар үр дагавар бий болсон, зөрчлийг шалгасан материал, хэрэг хэлэлцсэн хурлын тэмдэглэл ч байхгүй байхад 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Эвдрэл гэмтэл, хохирол 35/16 гэсэн актыг үндэслэж сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь хуульд нийцэхгүй байна. Гүйцэтгэх захирлын Б/559 дүгээр тушаалын удирдлага болгосон хуулийн заалтууд нь зохицуулж буй харилцаандаа ч тохирохгүй байгааг анхаарч үзнэ үү. Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн зарчимд нийцэхгүй байгаад шүүх дүгнэлт хийнэ гэдэгт найдаж байна. Иймд “Цемент шохой”ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны Б/559 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, миний биеийг Чулуунцарын үйлдвэрийн инженер /сантехник/-ийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Ер нь бойллор бол тодорхой хэмжээний даралтан дор ажилладаг тул бойлерыг засварлах ажлыг тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд хийх ёстой боловч манайд ийм албан тушаалтан байхгүй байсан тул удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу энэ бойлеруудыг задалж, угсарсан. Тэгээд ус шүүрсэн шалтгааныг тогтоож чадаагүй. Одоо уг бойлерыг хэрэгцээний халуун ус үйлдвэрлэх зориулалтаар ашиглаж байгаа гэв.

     Хариуцагч “Цемент шохой” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтантогос шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Ж.Цэвээндорж нь тус үйлдвэрт олон жил ажилласан хүн. 2016 оны үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө Чулуунцарын үйлдвэрийн засвар үйлчилгээний  хүрээнд сантехникийн инженер Ж.Цэвээндоржид ялтсан бойлерыг засварлаж, цэвэрлэх ажлыг хариуцуулсаны дагуу хийж гүйцэтгэсэн боловч нэг бойлероос ус шүүрсний улмаас үйлдвэрлэлийн үйл ажиллагаа цагтаа эхлээгүйгээс үйлдвэрт хохирол учирсан. Ингээд энэ хүнийг инженерийн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй, өөрийн ажлаа мэргэжлийн түвшинд хийж чадаагүй гэж үзэж албан тушаалыг нь бууруулж  сантехникч болгосон. Үүнийг сахилгын шийтгэл гэж үзэхгүй байна. Учир нь энэ хүн дээр их хэмжээний төлбөр тавигдахаар байсан тул олон жил ажилласныг нь харгалзаад албан тушаалыг нь өөрчилсөн. Албан тушаалыг нь өөрчилсөн хөдөлмөрийн гэрээний нэмэлт гэрээн дээр гарын үсэг зурсан тул өөрөө зөвшөөрсөн гэсэн үг. Иймд энэ хүнийг инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй гэв.

     Хариуцагч “Цемент шохой” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дэмчигжав шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: 2016 онд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу техникийн урсгал засварын ажил хийгдсэн. Энэ ажил бол холбогдох инженерүүдийн хийх ёстой хуваарьт ажил байсан. Ялтсан бойлер бол өөрөө ус дулаан солилцуулах үүрэгтэй энгийн төхөөрөмж байдаг. Үүнийг засварлахад гадаадаас болон дотоодоос мэргэжилтэн авчрах шаардлагагүй. Ийм учраас хариуцсан инженер Ж.Цэвээндоржид ялтсан бойлерыг задалж цэвэрлээд угсрах үүрэг өгсөний дагуу хийж гүйцэтгэсэн боловч хангалтгүй биелүүлснээс болж уг ялтсан бойлер нь ус тосондоо холилдсоны улмаас ажлаа зогсоож үйлдвэрт хохирол учирсан. Удирдлагуудын зүгээс Ж.Цэвээндорж инженерт төлбөр тавиагүй, харин энэ ажилдаа тэнцэхгүй байна гэсэн шалтгаанаар ажил үүргийг нь өөрчилсөн. Уг доголдсон бойлер нь тусгай зөвшөөрөл авах ёстой тоног төхөөрөмж биш тул тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээдүүдээр засварын ажлыг гүйцэтгүүлэх шаардлагагүй. Тухайн завсарласан бойлер ус, тос хоёрыг солилцуулж чадахгүй холилдуулсан байсан учир зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж үзсэн. Ингээд  дулааны станцын шугам хоолойд ашиглаж байгаа. Учир нь ижил төрлийн шингэнийг солилцуулахад ашиглах боломжтой юм гэв.

Хариуцагч “Цемент шохой” ХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Ж.Цэвээндорж нь тус компанийн Чулуунцарын үйлдвэрт сантехникийн инженерээр ажиллаж байхдаа 2016 оны их засварын ажлыг чанаргүй хийж, түүхий эдийн тээрмийн тосны станц дахь хөргөлтийн усны ялтсан хөргөгчийн засварын ажлыг үндсэн үүрэг, мэргэжлийн ур чадварын хүрээнд хийж чадаагүйгээс компанид 31.744.448 төгрөгийн шууд хохирол учруулсан. Өөрөөр хэлбэл өвлийн бэлтгэл их засварын ажлын үед Чулуунцарын үйлдвэрийн ахлах механик инженер нь сантехникийн инженер Ж.Цэвээндоржид редукторын тос албадан хөргөх системийн ялтсан хөргөгчийг цэвэрлэх үүрэг өгсөн байдаг. Дээрх ажлыг сантехникийн инженер удирдан хийсэн. Гэвч 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Чулуунцарын үйлдвэрийн түүхий эдийн тээрмийг ажиллуулах явцад төв редукторын тосны станц дахь L-CKC-320 маркийн шингэн тос руу хөргөлтийн системээр ус орж холилдсон учир тоног төхөөрөмжийг ажиллуулахыг хориглож станц дахь 8000 литр тосыг цэвэрлэж, ялтсан хөргөгчийг сольсон. Сантехникийн инженер нь ажлын байрны тодорхойлолтод /2.2/ зааснаар Чулуунцарын үйлдвэрийн хөргөлт, халаалт, бохир усны шугам хоолой, ус, дулаан хангамж, тоног төхөөрөмжийн хөлдөлт болон усны алдагдал гаргахгүй найдвартай жигд ажиллагааг техник технологийн шаардлагын дагуу тасралтгүй жигд ханган, удирдан зохион байгуулах үүрэгтэй. Гэвч ажлын байрны тодорхойлолтод заагдсан зорилго зорилтыг хангаж чадахгүй удаа дараа зөрчил дутагдал гаргаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаандаа биелүүлдэггүй, өөрийгөө хөгжүүлэхгүй, ажилдаа хайнга хариуцлагагүй хандсанаас үүдэн манай компанид 31.744.448 төгрөгийн хохирол учруулаад байна. Иймд Ж.Цэвээндоржтой байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу  31.744.448 төгрөгийг төлүүлж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 Нэхэмжлэгч Ж.Цэвээндорж шүүхэд урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Миний бие Жадамба овогтой Цэвээндорж нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чулуунцар үйлдвэрийн сантехникийн инженерээр томилогдон ажиллаж эхэлсэн ба тухайн үед өвөл байсан учир үйлдвэр бүрэн зогссон бүх тоног төхөөрөмжийн хөргөлтийн усыг юүлж хийгээр үлээлгэж цэвэрлэж дууссан байсан ба бүх инженер техникийн ажилтан нар ажилчдын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажил зохион байгуулалттайгаар хийгдэж байсан. Цехийн ажилчдыг сул зогсолтоор чөлөөнд явуулсан болно. Би мөн урьд оны амралтаа бүрэн амраагүй байсан учир түүнийгээ гүйцээж амраад үргэлжлүүлэн 2016 оны Ээлжийн амрлатаа аваад 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажилд орсон болно. Ажилд ороод цехийн өглөөний зөвлөгөөнд орж өглөө бүр цехийн даргад хийгдсэн ажлыг танилцуулж дараагийн ажлын даалгаврыг хүлээн авч тухайн өдрийн ажлыг ээлжийн сантехникч өдрийн сантехникч нартай хамтран ажлыг гүйцэтгэдэг байсан. Ялтсан бойлерийн тухайд: Чулуунцарын үйлдвэр нь сүүлийн үеийн өндөр технологийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэр юм. Уг үйлдвэрт тосыг усаар хөргөх том жижиг ялтсан бойлер 4 ширхэг, гуурсан бойлер 4 ширхэг, нийт 8 ширхэг бойлер ажилладаг. Уг үйлдвэр ашиглалтанд ороод 3 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд тус ялтсан бойлерт засвар болон үйлчилгээ хийгдэж байгаагүй гэдгийг тухайн үед инженерээр ажиллаж байсан Б.Цэдэвсүрэн хэлж байсан ба түүхий эдийн тээрмийн тосны станцын ялтсан бойлер нь 2 дахь жилдээ тосоо бүрэн хөргөж чадахгүй болсон ба үйлдвэрлэлийн явцад нилээд хүндрэл гарч бойлерийн гаднаас шлангаар ус гоожуулж хөргөдөг байсан ба тухайн үед цехийн усны зардалд шууд нөлөөлж байсан. Иймд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Үйлдвэрлэл хариуцсан захирал Ч.Туул, Шуурхай албаны удирдлага Д.Валяхүү нар хамтран газар дээр нь ирж үзээд тухайн ялтсан бойлерийг задлах шийдвэрийг цехийн дарга А.Дэмчигжав, Сантехникийн засварчнаар ажиллаж байсан Б.Цэдэвсүрэн нарт амаар үүрэг даалгавар өгсөн ба үүнийг гэрчлэх хүн тухайн үед сантехникийн засварчин Б.Цэдэвсүрэн нар юм. Энэ талаар цехийн шуурхай зөвлөгөөнд өдөр бүр яригдаж Хятад мэргэжилтэн тухайн бойлерийн засварыг мэргэжлийн компаниар хийлгэх санал тавьж байсан ба газар дээр нь задлаж цэвэрлэхийг бүрэн хориглож байсан. Хятад улсад бойлерийн засварыг мэргэжлийн компани хариуцан гүйцэтгэдэг ба тухайн бойлерийг заавал лаборатори орчинд зориулалтын цэвэрлэх шингэн бодис болох Hyaidrox-оор цэвэрлэх шаардлагатай байдгийг санал болгож байсныг цехийн дарга энэ байдлыг үл харгалзан надад задлах үүрэг даалгаврыг өгч задлахгүй бол сантехникийн инженерт хариуцлага тооцохыг өдөр бүр сануулж байсан учир 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Ээлжийн сантехникч нарыг өдрөөр татаж уг бойлерийг ажлын байран дээр нь задалж эхэлсэн. Уг бойлерийг задалж үзэхэд дараах шинж байдал ажиглагдсан. Үүнд: Угсралтын үед хөргөлтийн усны шугам хоолойг ус болон хийгээр шахаж шороог цэвэрлэсэн эсэхийг шалгаагүй мөн Эргэлтийн усны насосын станцын халуун, хүйтэн усны бакныг шороог цэвэрлээгүйгээс уг шороо насосоор дамжин ялтсан бойлерийг бөглөх хаг хурдас үүсэх шалтгаан болсон байна. Нийт 192 ширхэг ялтсыг нэг бүрчлэн задалж үзэхэд ус явах ялтас нь шороо, хаг хурдсаар дүүрч ус нэвтрэх боломжгүй болсон ба тухайн хагнаас сорьц авч лаборатор цехэд шинжлүүлэхэд 19%-ийн давсны хүчилд уусч байгааг тодорхойлсон. Нийт ялтсын 80% нь битүүрсэн ба цэвэрлэхэд 60 кг шороо, хаг хурдас гарсныг шётка болон гар багажаар цэвэрлэж вок, Fairy угаагч шингэнээр угааж цэвэрлэж дуусаад буцаад ялтсыг дэс дарааллаар нь угсарч шахаж шалгах ажлыг зохион байгуулсан. Усаар шахах ажлыг сантехникч нарт газар дээр нь тайлбарлаж усан шахалт хийж үзэхэд ялтасны завсараар ус нэвчсэн тул дахин чангалж хэвийн болгосон. Зөвхөн усны холболтыг хийж тосны холболтыг холбохгүйгээр 5кг/см квадрат даралттай усаар шахаж шалгахад тосны сувгаар ус гарах нэвчих эсэхийг 3 хоног ажлын даралтан дор байлгаж нэвчилт гоожилт шүүрэлтийг гэмтэл илрээгүй учир ахлах механик болон засварын механикт газар дээр нь үзүүлж зөвшөөрөл авсны дагуу тосны станцын шугам хоолойг холбосон. 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр түүхий эдийн тээрмийн том ялтсан бойлерийн ажил бүрэн дуусч ажлын бэлэн байдалд тавьж усаар системийг бүрэн эргүүлж эхэлсэн болно. Энэ хугацаанд тосны станцын тосны холбох шугам өгөх буцах задвижкийг холбож ажилд бэлтгэсэн. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зуух залгах гэж тоног төхөөрмжийн бэлэн байдлыг шалгах явцад түүхий эдийн тээрмийн тосны станцид ус орсон байна гэж засварчин хэлсний дагуу шалгахад тосны өнгө хувирсан байсан. Дахин газар дээр нь бүх удирдлагыг байхад тосны шугамын өгөх буцах шугамыг салгаж ус гарч байгаа эсэхийг шалгахад тосны сувгаар ус гараагүй дахин тосны өгөх буцах шугамыг сүлжээнд холбож, усны өгөх буцах шугамыг тайлж тосны станцын насосыг залгаж бойлерийг шахаж усны сувгаар тос гарч байгаа эсэхийг шалгахад тос гараагүй учир тухайн үед газар дээр үйлдвэрлэл хариуцсан захирал Ч.Туул, Д.Валяхүү, Цехийн ахлах механик Рэнцэндондог, механик Болд, Цехийн дарга А.Дэмчигжав нарт харуулсан болно. Засварын ажил горимийн дагуу явагдсан эсэхийг техникийн захирал Ч.Туул Улаанбаатар хотын Дулааны шугам сүлжээний инженерүүдийг авч ирж газар дээр нь шалгуулсан ба бойлерийг задлах, угсрах ажил тэдний байгууллагын хийдэг нэгэн адилаар хийж зөв шахаж шалгасан байна гэдэг дүгнэлт өгсөн. Одоо тус бойлерийг ЦШХК-ий дулааны станцын харъяа Дулаан хуваарилах төвд угсарч Хөтөлийн ард түмэнд хэрэгцээний халуун ус үйлдвэрлэн түгээж хэвийн ажиллаж байна. Иймд уг бойлерийг дахин шалгаж ашиглах бүрэн боломж хугацаа байхад шинэ бойлер авах шийдвэрийг техник хариуцсан захирал гаргаж үүрэг даалгавар өгөөд хийсэн хүнд хариуцлага тооцоод даалгавар өгсөн дарга нар яагаад хариуцлага хүлээхгүй байгаад гайхаж байна. Мөн тухайн бойлерийн хэддүгээр ялтас цоорсон эсэхийг тогтоогоогүй мөртлөө төлбөр тогтоож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж төлбөрийг зөвшөөрөхгүй байна. Түүхий эдийн тосны станцын 8000 л тос өвлийн улиралд төмөр саванд дотор нь тенээр халж тосыг царцахаас хамгаалж байдаг ба уг тосны станц халаалтгүй гадны хүйтэн агаар нэвтрэх боломжтой ба тосны баканд кондинсац үүсэх боломжтой гэж үзэж байна. Ялтсан бойлерийн марк C6-60-4 заводын номер №11072815 дугаартай болно. Иймд ЦШХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т заасны дагуу Эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг хүлээлгэж болох ажил албан тушаалын жагсаалтанд миний ажил нэр байхгүй мөн хуулийн 135.4-т заасны дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болно. Чулуунцарын үйлдвэр нь Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгай зөвшөөрөл аваагүй мөртлөө тус үйлдвэрийн захиргааны удирдлагууд захиргаадан хууль бус үүрэг өгч засвар хийлгэсэн нь хууль бус үйлдэл тул энэхүү хохирлыг чулуунцар үйлдвэр өөрөө хариуцах ёстой. Монгол улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны 33 дугаар тогтоолын 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ажлаас үндэсгүй халснаас байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах асуудлыг бие даан нэхэмжлэлээр шийдвэрлэнэ. Хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж тайлбарласныг шүүх анхаарч үзнэ гэдэгт итгэж байна гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Д.Гансүх, М.Болдбаатар  нарын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад      

 ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Цэвээндорж нь хариуцагч “Цемент шохой”ХК-нд холбогдуулан гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/559 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гарган байгууллагад учирсан хохирол 31.744.448 төгрөгийг Ж.Цэвээндоржоос гаргуулахаар шаардаж  байх ба шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж  үзлээ.

            Нэхэмжлэгч Ж.Цэвээндоржийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж өөр ажилд шилжүүлсэн гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана гэсэн заалтад нийцжээ.

            Ж.Цэвээндорж нь “Цемент шохой”ХК-нд 1986 онд анх инженерээр ажилд орж, сүүлд тус компанийн Чулуунцарын үйлдвэрт инженер /сантехник/-ээр ажиллаж байхад нь “Цемент шохой”ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/559 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.1, 24, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг  тус тус баримтлан инженер /сантехник/-ийн ажлаас нь чөлөөлж, сантехникээр томилон  ажиллуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон гэх үндэслэл тогтоогдохгүй, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалт нь ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирохгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Цэвээндорж нь компанийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Чулуунцарын үйлдвэрийн түүхий эдийн тээрмийн редукторын тос албадан хөргөх системийн ялтсан хөргөгчийг /бойлер/ задлаж цэвэрлэн, буцаан угсрах засварын ажлыг удирдан гүйцэтгэсний дараа 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр чулуунцарын үйлдвэрийн түүхий эдийн тээрмийг ажиллуулж байх явцад төв редукторын тосны станц дахь шингэн тос руу хөргөлтийн системээр ус бага хэмжээгээр холилдсоноос үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, тус тоног төхөөрөмжийг ажиллуулахыг хориглож, станц дахь тосыг цэвэрлэхээр шийдвэрлэсэн бөгөөд түүхий эдийн тээрмийн тосны станц дахь хөргөлтийн усны ялтсан хөргөгчийн засварын ажлыг техникийн шаардлагын хэмжээнд хийж чадаагүй гэсэн үндэслэлээр сантехникийн инженер Ж.Цэвээндоржийн албан тушаалыг бууруулж, сантехникч болгож шийдвэрлэжээ.

          Хариуцагч байгууллага нэхэмжлэгч Ж.Цэвээндоржид Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулаагүй, харин түүний тус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласныг харгалзан үзэж, түүнтэй зөвшилцсөний дагуу хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулан өөр ажилд томилсон гэж тайлбарлаж байгаа боловч өөр ажилд шилжүүлэн ажиллуулсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32-34 дүгээр зүйлүүдэд заасан өөр ажилд шилжүүлэх үндэслэлүүдтэй  тохирохгүй, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажилтны албан тушаалыг бууруулж, өөр албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасан ажлаас халах гэсэн ойлголтод хамаарч байна.

Өөрөөр хэлбэл Ж.Цэвээндоржид Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй албан тушаал бууруулан ажиллуулах сахилгын шийтгэлийг оногдуулсан  гэж үзнэ.

            Нэхэмжлэгч Ж.Цэвээндоржийн гаргасан түүхий эдийн тээрмийн тосны станц дахь хөргөлтийн усны ялтсан хөргөгчийн засварын ажлыг техникийн шаардлагын хэмжээнд хийж гүйцэтгээгүй гэсэн зөрчил нь зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй байх  бөгөөд хариуцагч тал дээрх зөрчлийг түүний инженерийн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй, өөрийн ажлаа мэргэжлийн түвшинд хийж чадахгүй байгаа байдлаас болсон гэж тайлбарлаж байгаа боловч дээрх үндэслэлээр бус  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу юм.

Нөгөөтэйгүүр Ж.Цэвээндорж нь мэргэжил, ур чадварын хувьд эрхэлсэн ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалсан ажил олгогчийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/559 дүгээр тушаалд тусгагдаагүй байна.

Ажлаас халах тушаалд заагдсанаас өөр нөхцөл, байдлыг дурдсан тайлбар нь ажил олгогчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг тодорхойлохгүй.

Нэхэмжлэгч Ж.Цэвээндорж 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өөр албан тушаалд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулсан  гэрээнд гарын үсэг зурсаныг өөр ажилд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн  гэж үзнэ гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Учир нь ажил олгогч Ж.Цэвээндоржийг сантехникийн инжернерийн ажлаас чөлөөлөх талаар хэлэлцсэн, өөр ажилд шилжүүлэн ажиллуулах талаар түүний зөвшөөрлийг авсан үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд ажил олгогчийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/559 дүгээр тушаалаар сантехникийн инженерийн ажлаас чөлөөлж, сантехникчийн ажилд томилсон тул тэрээр томилогдон очсон ажлаа хийж гүйцэтгэхгүй байх, хийж гүйцэтгэж буй ажлынхаа хүрээн дэх хөдөлмөрийн харилцаатай холбоотой гэрээ, хэлцэл, бичиг баримтад гарын үсэг зурахгүй байх эрхгүй юм.

            Иймд нэхэмжлэгч Ж.Цэвээндоржийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлсэн гэж үзэж, “Цемент шохой”ХК-ийн Чулуунцарын үйлдвэрийн инженер /сантехник/-ийн ажилд эгүүлэн тогтоов.

            Сөрөг нэхэмжлэлийн талаар:

            Хариуцагч байгууллагын байгуулагад учирсан хохирол 31.744.448 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн байна.

            Учир нь ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаан мөн боловч нэхэмжлэгчтэй байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т энэхүү гэрээнээс үүссэн ажил олгогч, ажилтны хооронд гарсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлнэ, 7 дугаар зүйлийн 7.2-т хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ  гэж заасан байна.

            Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг энэхүү шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар  хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгов. 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316.672 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.                           

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.1.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                     

ТОГТООХ нь:

         1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Цэвээндоржийг “Цемент шохой”ХК-ийн Чулуунцарын үйлдвэрийн инженер/ сантехник/-ийн ажилд  эгүүлэн тогтоосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Цемент шохой”ХК-ийн байгууллагад учирсан хохирол 31.744.448 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Цэвээндорж нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Цемент шохой”ХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг гаргуулж, орон нутгийн орлогод оруулж, хариуцагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 316.672 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж олгосугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР