Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/01546/И |
Дугаар | 01553 |
Огноо | 2016-12-14 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 01553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овооотын 13-31 тоотод оршин суух Чинван овгийн Бямбаагийн Түвшинжаргалын /ФВ-69010203/ нэхэмжлэлтэй нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Түвшинжаргал, прокурор Ц.Идэрмөнх, нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Чинван овгийн Бямбаагийн Түвшинжаргал миний бие нь улс төрийн хэргээр хэлмэгдсэн Жамсрангийн Пэрэнлэйжамцын зээ охин. Хуулийн дагуу өвөг эцэг Пэрэнлэйжамцтай садан төрлийн холбоогоо тогтоолгож, уг шийдвэрээ Улаанбаатар хотын улсын Цагаатгалын комисс руу явуулж, уг газраас Зууны мэдээ сонины 2016-08-31-ний өдрийн 170/5356/” дугаарт нийтэд зарлуулсан журмын дагуу 30 хоногийн дараа хэлмэгдсдийн ар гэрт олгодог нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэйг үндэслэн хуулийн дагуу хэлмэгдсэн Ж.Пэрэнлэйжамцын нөхөн олговрыг түүний үр хүүхэд надад олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна.Би хэлмэгдэгч Жамсрангийн Пэрэнлэйжамцын зээ охин юм.Надаас гадна минйи 2 ах байгаа.Эрхэмбаяр,Эрхэмбаатар нар надад энэ асуудлыг даалгасан,хөөцөлд гэсэн.Иймд хуулийн дагуу нөхөн олговор олгоно уу гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх тайлбарлахдаа: Б.Түвшинжаргал нь хэлмэгдэгч Жамсрангийн Пэрэнлэйжамцын зээ охин болохыг шүүхийн шйидвэрээр тогтоосн байна.Иймд хуулийн дагуу нөхөн олговор олгох үндэслэлтэй гэжээ.
Шүүх хэргээс Зууны мэдээ сонины 2016-8-31-ний өдрийн дугаарт хэвлэгдсэн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын зар мэдээ,Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-5-11-ний өдрийн 641 дугаартай шийдвэр, Жамсрангийн Пэрэнлэйжамцыг хэлмэгдсэнд тооцсон тухай үнэмлэх, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд заасны дагуу нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Б.Түвшинжаргалыг хэлмэгдэгч Ж.Пэрэнлэйжамцын зээ охин мөн болохыг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 641 дугаар шийдвэрээр тогтоож, Зууны мэдээ сонины 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаарт нөхөх олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн жагсаалтад Б.Түвшинжаргал орсон болох нь, Жамсрангийн Пэрэнлэйжамц нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт жил хорих ялаар шийтгүүлж, 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4/65 дугаар тогтоолоор Улсын Дээд Шүүхээс цагаатгагдсан болох нь тус тус хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна.Иймд Б.Түвшинжаргал нь нөхөх олговор гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.
Жамсран овогтой Пэрэнлэйжамцыг улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлснийг УДШ 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4/65 дугаар тогтоолоор тогтоосон 10 тоот цагаатгалын үнэмлэх олгосоныг 2016 онд нэхэмжлэгч авсан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Түвшинжаргалын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй. Б.Түвшинжаргал нь хэлмэгдэгч Ж.Пэрэнлэйжамцын зээ охин болох нь тогтоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д заасны дагуу хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүн мөн гэж үзнэ.
Дээрхи үндэслэлээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг баримтлан хэлмэгдэгч Ж.Пэрэнлэйжамцын зээ охин болох Б.Түвшинжаргалд улсын төсвөөс1,000,000 төгрөгийн нөхөн олговор гаргуулан олгохоор зааж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Б.Түвшинжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг баримтлан Б.Түвшинжаргалд улсын төсвөөс 1,000,000 төгрөгийн нөхөх олговор гаргуулан олгосугай.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч түүний төлөөлөгч,өмгөөлөгч,прокурор шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ