Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2016/00691

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Ш овогт Өийн Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Т сумын 1 дүгээр багт оршин суух, Б овогт Жын Жд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.А, хариуцагч Ж.Ж, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Аы эцэг Ж.Ж мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг тус тус хүсжээ.

Нэхэмжлэгч Ө.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б овогт Ж овогтой Жтай 2015 оны 07-р сарын 05-ны өдөр гэр бүл болсон билээ. Би 2016 оны 04-р сарын 17-ныөдөр амаржиж чадахгүй мэс засал хийлгүүлэн охин хүүхэдтэй болсон юм. Тэр охин төрөх хүртэл бид сайн сайхан амьдарч байсан юм. Эмнэлэгт 4 хоносны дараа гарсан юм. Урьд өдөр нь Ж эмнэлэг дээр ирэхэд бид маргааш гарах юм байна гэхэд надыг ажил дээрээс дуудаад байна. Би явахгүй бол болохгүй.Чи маргааш гараад төрхөмийдээ байж байгаарай, бие чинь гайгүй болохоор би ирж авна гээд явсан юм.Эмнэлгээс гарсны дараа цаг ч болоогүй охины бие хөхөрсөн байхлаар нь буцаад эмнэлэг рүү очсон юм. Төрөх тасаг дээр охинд эрчимт эмчилгээ хийж эхлэхээр нь би нөхөр Жтай утсаар болсон асуудлыг хэлсэн юм. Ж надад орой Дий таксийгаар яваад очно гэв. Орой 19 цагийн үед Ж ирсэн. Эмч нар хүүхдийг хотод аваачиж эмчлүүл гэхээр нь би нөхөр Жд аавдаа хэлээрэй, ирж үзэг гэсэн юм. 3 хоноод хадам аав ирсэн. Ачаа үзчихээд хот явах мөнгө төгрөгөө цуглуулая гээд яваад өгсөн юм. Охины бие нэг сайжирснаа дахин гэнэт өвдсөн юм. Хадам аав миний ээжид чи эмчлүүлбэл эмчилж эдгээхээр бол эдгэх боллоо, надуулаа хөдөө гаргаж явуул гэсэн. Ээж: аппаратад залгаатай хүүхдийг яаж явуулах юм вэ гэж учраа хэлэхэд утсаа тасалсан юм. Би нөхөр Жд уурлаж хүүхдээ хот руу явуулж чадахгүй ямар хүн вэ гэсэн юм. Би өвчтэй хүүхдээ эмчлүүлэхгүй хөдөө явж чадахгүй гэсэн юм. Тэгээд миний нөхөр Ж 4-р сарын 29-ний өдөр яваад өгсөн юм. Түүнээс хойш надтай утсаар яриа ч үгүй, ирээч үгүй юм. 7-р сарын 29-ний өдөр хадам аав Өлгийд явж байна гэхээр нь миний аав Ө Н хуримын ордон дээр уулзаад худ аа хүүхдүүд ингээд тус тусдаа байгаад байх юм уу нийлүүлье гэхэд аав Ж нь миний хүү Ж зөвшөөрөхгүй байна. Хамт амьдрахгүй л гэнээ, болихоос өөр аргагүй юм гэжээ. Миний бэргэн эгч А.Г ч тэр өдөр Гг дагуулан очиж нөхөр Жы аав Жтай Аймгийн Төв сүмийн үүдэнд таарч мэндлээд учир байдлаа ярих гэхэд Чи миний тархи толгойг битгий эргүүлээд бай. Миний хүү танай Атай суухгүй, өөр хүнтэй суулгана гэж хэлсэн байна лээ. Нөхөр Ж бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй болно. Бид нярай охиндоо А гэж нэр өгсөн байгаа. Нөхөр Ж бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгөхийг хүсье? Би түүнээс эд хөрөнгө нэхэмжлэхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Ө.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад: Нөхөр Ж бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй болно. Би нярай охиндоо А гэж нэг өгсөн байгаа. Нөхөр Ж бди хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэж танайд би 9-р сарын дундуур нэхэмжлэл гаргасан юм. Ж Аыг миний хүүхэд гэж хүлээн зөвшөөрсөн байгаа юм байна. Тэр хүүхдээ хүн гэж хайхраагүй тул би өөрийн нэр дээр овоглуулан гэрчилгээ авсан юм. Хүүхдээ түүний нэр дээр болгохгүй. 2016 оны 04-р сарын 17-нд төрсөн охин Аы эцэг Ж.Ж мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна гэжээ.

Хариуцагч Ж.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж овогтой Ж Баян-Өлгий аймгийн Т сумын 1-р багт аав, ээж, дүүтэй хамт амьдардаг. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлье. Миний бие 2013 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийг малын эмч мэргэжлээр төгссөн. Ө овогтой Атай 2015 онд хуримаа хийж улмаар 2016 он хүүхэдтэй болсон. 2016 оны 04 сарын17-ны өдөр төрсөн охин А миний хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор эрхэлсэн тодорхой ажил байхгүй ба өөрийн эзэмшлийн ямар нэгэн хөрөнгө байхгүй. Иймд надад одоогоор хүүхдийн тэтгэлэг төлөх боломж бололцоо байхгүй. Хэрэв А зөвшөөрвөл хүүхдээ би өөрөө авч асран хамгаалах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Ө.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Хариуцагч Ж.Ж бид хоёр 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсон. 2016 оны 04 дүгээр сарын 11-ны үед хөл хүнд бие маань муу байсан тул эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Өөрөө төрж чадаагүй тул 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хийсвэр хагалгаагаар хүүхдээ төрсөн. Төрөөд 3 хоногийн дараа эмнэлгээс гарч гэртээ ирсэн. Гэртээ ирээд хүүхэд маань хөхөрч, таталт өгөөд өвдсөн тул түргэн дуудаад эмнэлэгт дахин очсон. Хүүхдийг маань эрчимтэй эмчилгээгээр аппаратад хийж эмчилсэн. Ээж маань бидний хажууд сахиж байсан. Орой Ж.Жыг утсаар ярьж таксийгаар ирэхгүй бол хүүхэд маань их өвдөж байна гээд дуудсан. Ж.Ж тухайн өдөр 19 цагийн үед Д сумын таксийгаар ирсэн. Ирээд хүүхэд нь яаж өвдөж байгааг өөрийнхөө нүдээр харсан. Ж.Жд хөдөөнөөс аав ээжийгээ дуудаарай хүүхэд маань өвдөж байна гэж хэлсэн. Аав нь ирээд хүүхэд маань яаж өвдөж байгааг өөрийнхөн нүдээр үзээд явсан. Эмч нар бидэнд хотод очоод үзүүлэхгүй бол эндээс онош нь гарахгүй байна гэж хэлсэн тул Ж.Жы аав нь хөдөө очоод мөнгө олоод ирье гэж явсан боловч тэр чигт нь ирээгүй. Ж.Жд нэгэнт хүүхдийнхээ эцэг нь мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа тул хүүхдийн тэтгэлэг төлүүлж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Ж.Ж шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Ө.А бид хоёр 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсон. Бид хоёр анхнаасаа таарч тохирохгүй байсан. Ө.А төрөх болоод эмнэлэгт ирсэн. Төрөх үед нь эмнэлэгт би хажууд нь байсан. Тэгж байтал би дуудлагаар хөдөө явсан. Хөдөө байж байхад өвдөөд байна гээд дуудахаар нь Д сумын таксийгаар ирсэн. Аав ээж маань бас хоёулаа ирсэн. Хүүхэд маань их өвдөөд хотод эмчилгээнд явуулахаар болсон тул аав маань зээл авахаар сум руу явсан байсан. Энэ үед Ө.Аын ээж нь ирээд манай аав ээжийг та нар мал гээд доромжилсон. Үүнд бид их гомдсон. Ө.Аын шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг төл гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхдээ өөрийн асрамжид авахыг хүсэж байна. Одоогоор ямар нэгэн ажил эрхэлдэггүй болохоор хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ө.А нь 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Аы төрсөн эцэг Ж.Ж мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг тус тус хүсжээ.

Нэхэмжлэгч Ө.А, хариуцагч Ж.Ж нар харилцан тохиролцож, 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, хурим найраа хийж, хамтран амьдарсан нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан шашны гэрлэлтийн гэрчилгээ, хуримын урилга, хуримын урилгын зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ө.А, хариуцагч Ж.Ж нар нь Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2-т зааснаар хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүд байсан байна.

Нэхэмжлэгч Ө.А нь 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр охиноо төрүүлж, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан ************ дугаар бүхий ************** регистрийн дугаартай Ш овогт Аын Аы төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.

Гэрлэгчид Ө.А, Ж.Ж нар нь гэр бүл болж, хурим найраа хийсэн хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 3.1.1-т заасны дагуу гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч Ө.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Аы эцэг Ж.Ж мөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч, хариуцагчид гардуулж өгсөн боловч хариуцагч Ж.Ж нь ...2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин А миний хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбараа бичгээр ирүүлсэн байх тул хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, мөн Гэр бүлийн тухай хуулийн 23.2-д зааснаар хариуцагч хүүхдийн эхтэй эр эмийн харилцаатай байсан болон бусад баримтыг үндэслэн нэхэмжлэгч Ө.Аын 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төрүүлсэн охин А.Аы төрсөн эцэг нь Ж.Ж мөн гэж үзлээ.

Хариуцагч Ж.Ж нь ...одоогоор ямар нэгэн ажил эрхэлдэггүй болохоор хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байна, хүүхдээ өөрийн асрамжид авна гэснийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, охин А.А одоогоор бага насны хөхүүл хүүхэд, мөн хүүхдийн нас, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдлыг харгалзан хүүхдийг эх Ө.Аын асрамжид үлдээх нь зүйтэй байна. Мөн Гэр бүлийн тухай хуульд зааснаар "эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй" гэж заасан байх тул охин А.Аыг эцэг Ж.Жаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч Ө.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч Ж.Жаас 70200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ө. Ад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасныг баримтлан 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин А.Аы эцэг нь Жын Ж мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин А.Аыг эх Ө.Аын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 4 дүгээрсарын 17-ны өдөр төрсөн охин Аыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Жаар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

5. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Жаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Ад олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН