Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2016/00716

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, И овогт Хын Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газар /дарга Х.Б/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ур чадварын нэмэгдлийн мөнгө 524650 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө сумын ЗДТГазрын жолооч ажилтай Х.С намайг тус сумын Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаартай тушаалаар Хот тохижуулах албаны хар замын цэвэрлэгээний машины жолоочоор ажиллуулахаар шилжүүлэн томилсон юм. Гэтэл би дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасны дагуу Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 503 дугаартай шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон ба дээрх шийдвэрийг ажил олгогчоос эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Ийнхүү шүүхийн шийдвэрийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хуучин ажилдаа эргүүлэн томилогдсон юм. Гэтэл 2015 оны 4 дүгээр сард хуучин ажилдаа томилогдсоноос хойш 2016 оны 4 дүгээр сар хүртэлх /2016.12-р сарыг оруулахгүйгээр/ 10 сарын хугацааны ур чадварын нэмэгдлийн мөнгө болох нийт 524650 төгрөгийг одоо хүртэл тооцож олгоогүй чирэгдүүлсээр байна. Иймд Ө сумын Засаг даргын тамгын газраас миний авах ур чадварын нэмэгдэл болох 524650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ө сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Б ЗДТГ-ын жолооч Х.Сын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байгаа болно. Үүнд:

1. Ө сумын ЗДТГ-т 2015 оны төсвийн давсан хөрөнгөөс Засаг даргад шинэ жижиг тэрэг авсан ба үүнд нэг жолооч нэмж авч ажиллуулсан. УАЗ-469 машины жолооч Х.С нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хуучин ажилдаа эргүүлэн томилогдсоноос хойш нэг жилийн хугацаанд ямар ч ажлын үр дүнгүй хоосон, сул зогсолтын байдалтай явж байгаад цалин авч ирсэн. 2015 онд төсөв хүрэлцээтэй байсан учраас 2 жолооч давхар авч цалинжуулж ирсэн юм. Х.С тухайн үед ажил үүргээ гүйцэтгээгүй учраас түүний оронд өдөр тутмын үйлчилгээнд явж байгаа жолооч Х.Бериктемирт ур чадварын нэмэгдэл олгож ирсэн.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 56 дугаар зүйлийн 56.4 дэх заалтуудын дагуу жолооч Х.Сын оронд тухайн үед өөр жолооч ажиллаж байсан тул Х.Сыг ажил эрхлээгүй, сул зогсолтын байдалтай гэж үзэж ур чадварын нэмэгдэл хөлсийг олгоогүй болно.

3. Монгол улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 5-д зааснаар "Ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд, жинхэнэ ажилласан цагт ноогдох албан тушаалын цалингаас тооцож сар тутам олгоно. Ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийг олгохгүй" гэж заасан байна.

Иймд Х.Сын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүй, үндэслэлгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.

Нэхэмжлэгч Х.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр шүүхийн шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Үүнээс хойш миний ур чадварын нэмэгдлийг хасаж нэг жил гаруй хугацаанд ур чадварын нэмэгдэл аваагүй. Шүүхээс миний ур чадварын нэмэгдлийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Яагаад гэвэл би шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдсоноос хойш ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, үргэлжлүүлж байгаа. Гэтэл намайг ажил хийгээгүй, сул зогсолтын байдалтай байсан гэсэн байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл намайг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажилд эгүүлэн тогтоохдоо түр тушаал гаргаж Хот тохижуулах албаны ажилтан болгож тэрүүгээр цалинжиж байсан. Сүүлд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тушаал гаргаж урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон. 2015 оны 04 дүгээр сарын 10-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх миний цалин хөлсний нэмэгдлийг яагаад хассан бэ, би бусад ажилчдын адил ур чадварын нэмэгдэл авах эрхээ яагаад хэрэгжүүлж чадахгүй байгаа гэдгийг хэлэхийг хүссэн юм. Хэрэв миний цалин хөлсний нэмэгдэл хасагдсан бол энэ тухай надад танилцуулж тушаал гаргах ёстой байсан. Хуулийн 2.8-д зааснаар тушаал гарах ёстой. Гэтэл тушаал гаргаагүй байж өөрсдөө дур мэдэн ур чадварын нэмэгдлийг хасаж ажилчдыг хохироох эрх байхгүй гэж үзэж байна. Тийм учраас би шүүхэд хандсан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Би энэ хийж байгаа ажлаа 2016 оны 05 дугаар сард авсан. Энэ маргаан нь 2015 оны маргаан юм байна. Үүнийг судалж үзэхэд Монгол улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолд ур чадварын нэмэгдлийг тухайн албан тушаалыг эрхэлж байгаа хугацаанд жинхэнэ албан тушаалтанд албан тушаалын ногдох цалингийн хэмжээгээр сар тутам олгоно. Ажлын үр дүн буурсан тохиолдолд олгохгүй гэж заасан. Нэхэмжлэгч Х.Сыг Хот тохижилтын албанд шилжүүлсэн байна. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-т жолооч байхдаа 20 хувийн ур чадварын нэмэгдэл авч байсан байна. Ажилласан хугацаанд Хот тохижуулах албанд шилжүүлсэн шийдвэр гарсан байна. Ур чадварын нэмэгдлийг ЗДТГ-ын жолооч байхдаа авна гэсэн журмыг баримталж байгаа гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.С нь Ө сумын Засаг даргын тамгын газраас 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэлх 10 сарын хугацааны ур чадварын нэмэгдлийн мөнгө 524650 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.Сын ... Ө сумын Засаг даргын тамгын газраас миний авах ур чадварын нэмэгдлийн мөнгө 524650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч Х.Сад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ... өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй-г танилцуулсан боловч нэхэмжлэгч энэ үүргийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн №194480 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтээр Х.Салатанат нь сард хэдэн төгрөгийн ур чадварын нэмэгдэл авдаг байсан нь харагдахгүй байна.

Нэхэмжлэгч Х.Сын шүүх хуралдаанд гаргаж өгсөн Ө сумын Засаг Даргын тамгын газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 3/706 дугаартай тодорхойлолт нь 2014 онд авч байсан цалин хөлсний талаар тодорхойлсон байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэлх ур чадварын нэмэгдлийн мөнгийг нэхэмжилж байгаа учир энэ тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.

Засгийн Газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмын 4-т ур чадварын нэмэгдлийг олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, хасах асуудлыг энэ журмын 2, 8-д заасан шалгуурыг үндэслэн тухайн байгууллагын эрх баригчийн тушаалаар шийдвэрлэнэ гэж заасан байна. Нэхэмжлэгч Х.Сад ур чадварын нэмэгдэл олгох талаар эрх бүхий байгууллага болон ажил олгогчоос ямар нэгэн эрхийн акт гарсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар нэхэмжлэгч нотлох баримт гаргаж өгч чадаагүй болно.

Мөн журмын 5-д ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд, жинхэнэ ажилласан цагт ноогдох албан тушаалын цалингаас тооцож сар тутам олгоно. Ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийг олгохгүй гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно гэж тус тус зохицуулсан байна.

Нэхэмжлэгч Х.С нь Ө сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор ажиллаж байх хугацаанд ур чадварын нэмэгдэл авч байсан нь, мөн тухайн албан тушаалыг хэзээнээс эрхэлсэн нь, хэдэн жил тухайн албан тушаалд ажилласан нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч Х.С нь би ур чадварын нэмэгдлээ олгохыг хүсэж удаа дараа шаардахад мөнгө орж ирэхээр нөхөж олгоно гэж хэлсэн гэж тайлбарлаж байгаа нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Х.Сын Ө сумын Засаг даргын тамгын газраас ур чадварын нэмэгдлийн 524650 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16389 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар Х.Сын Ө сумын Засаг даргын тамгын газраас ур чадварын нэмэгдлийн мөнгө 524650 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16389 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН