Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/07004/и |
Дугаар | 7004 |
Огноо | 2016-12-13 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 7004
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 3/9 тоотод байрлах “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эрдэнэ толгой 34 дүгээр гудамж, 899 тоотод оршин суух Олонхууд овогт Жамбалдоржийн Оюун-Эрдэнэ /РД:РЮ80083042\-д холбогдох,
90,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хэрэглэгч Ж.Оюун-Эрдэнэ нь манай компанитай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1193242 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP-10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр худалдан авсан. Гэвч Ж.Оюун-Эрдэнэ нь зээлийн гэрээний зээл төлөлтийн хуваарь дах 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 1,2 дугаар саруудад төлөх 60,000 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Ж.Оюун-Эрдэнээс төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 60,000 төгрөг, алданги 30,000 төгрөг, нийт 90,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Ж.Оюун-Эрдэнэд холбогдуулан 90,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Хариуцагч Ж.Оюун-Эрдэнэ нь манай байгууллагаас нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан аши сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Ж.Оюун-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ж.Оюун-Эрдэнэ нь нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн гаргасан 90,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Ж.Оюун-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаа нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгөөс 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 2,275 төгрөгийг, хариуцагч Ж.Оюун-Эрдэнээс 2,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР