Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/07085/и |
Дугаар | 7085 |
Огноо | 2016-12-16 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 7085
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 19-д байрлах “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Сүмбэр орд хороолол, Их монгол улсын гудамж, 601-р байрны 208 тоотод оршин суух Их номч овогт Баярсайханы Ундрал /РД:УХ84031613/-д холбогдох,
28,650,784.97 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Ундрал нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус банктай №ЗГ-ВСС2015101620-1 тоот “Зээлийн гэрээ”, №БГ-ВСС2015101620-1-2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, мөн №ВСС2015101620-1-4-н тоот “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-нүүдийг тус тус байгуулан 38,000,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь №ЗГ-ВСС2015101620-1 тоот “Зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломж олгон, хугацаа өгсөн боловч зээлдэгч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул ззэлийн гэрээг банкны зүгээс цуцалж байгаа болно. Иймд ззэлдэгч Б.Ундралтай байгуулсан №ЗГ-ВСС2015101620-1 тоот “Зээлийн гэрээ”-г цуцалж, зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 28,650,784.97 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,204 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд №ЗГ-ВСС2015101620-1 тоот “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Ундрал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжилсэн 28,650,784.97 төгрөгийг 2017.03.16-ны өдөр төлж дуусгана. Энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг барагдуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь хариуцагч Б.Ундралд холбогдуулан 28,650,784.97 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ундрал нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагч Б.Ундрал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Ундралд холбогдох 28,650,784.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Ундрал нь нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 28,650,784.97 төгрөгийг 2017 оны 03 сарын 16-ны өдөр төлж барагдуулахаар, энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Ундралд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301.204 төгрөгийн 150,602 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 150,602 төгрөгийг, хариуцагч Б.Ундралаас 150,602 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР