Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2016/0461/и |
Дугаар | 453 |
Огноо | 2016-12-12 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 453
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 12 сарын 12 Дугаар 453 Баруун-Урт
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6-р багт оршин суух А.Цогтбаярт холбогдох сум хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн хүү 16312500 /арван зургаан сая гурван зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай
нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: А.Цогтбаяр нь Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын дагуу сум хөгжүүлэх сангийн санхүүжилтээс “гэр ахуйн модон эдлэл” төслөөр 15000000 /арван таван сая/ төгрөгийг 2013 оны 12-р сарын 25-ны өдөр сумын засаг даргатай гэрээ байгуулж авсан. Зээлдэгч А.Цогтбаяр нь зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээл, зээлийн хүүг хугацаанд төлөөгүй, холбогдох газрын шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгаагүй, зээлийг эргэн төлүүлэх мэдэгдэлд хариу өгөөгүй. Иймд сум хөгжүүлэх сангаас олгосон зээл 15000000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 1312500 төгрөг, нийт 16312500 /арван зургаан сая гурван зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөгийг А.Цогтбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Цогтбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2014 онд сум хөгжүүлэх сангийн санхүүжилтээс “гэр ахуйн модон эдлэл” төслөөр 15000000 /арван таван сая/ төгрөгний зээл авсан. Сум хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн хүү нийт 16312500 /арван зургаан сая гурван зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга нь сум хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн хүү 16312500 /арван зургаан сая гурван зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөгийг хариуцагч А.Цогтбаяраас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч А.Цогтбаяр нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, 16312500 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 239512 төгрөгний тал хувь 119756 төгрөгийг хариуцагч А.Цогтбаяраас гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын сум хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн хүү 16312500 /арван зургаан сая гурван зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Цогтбаяр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар 16312500 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 239512 төгрөгний тал хувь 119756 төгрөгийг хариуцагч А.Цогтбаяраас гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА