Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2016/0427/и |
Дугаар | 426 |
Огноо | 2016-12-01 |
Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 426
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 12 сарын 01 Дугаар 426 Баруун-Урт
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Асгат сумын Жаргалант багт байрлах “Гүүнзэл” ЗГБХН-д холбогдох хугацаандаа төлөгдөөгүй татварын өр 1330262.8 /нэг сая гурван зуун гучин мянга хоёр зуун жаран хоёр төгрөг найман мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 3673677 тоот регистрийн дугаартай “Гүүнзэл” ЗГБХН нь 2007 оны 03-р сарын 30-ны өдөр татвар төлөгчөөр бүртгүүлэн, Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг дэвсгэрт мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2016 оны 11-р сарын 11-ний байдлаар цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 445870 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 200000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 684482.8 төгрөг, нийт 1330262.8 /нэг сая гурван зуун гучин мянга хоёр зуун жаран хоёр төгрөг найман мөнгө/-ний урьд оны болон тайлант оны өртэй байна. Бид дээрх тайлангаар баталгаажсан өрийг төлүүлэхээр “Гүүнзэл” ЗГБХН-ийн захирал Д.Нямжавтай удаа дараа холбогдсон боловч татварын хугацаа хэтрүүлсэн өрийг төлөхгүй байна. Иймд “Гүүнзэл” ЗГБХН-өөс хугацаандаа төлөгдөөгүй татварын өр 1330262.8 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Гүүнзэл” ЗГБХН-ийн захирал Д.Нямжав шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэлийн шаардлага болох цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 445870 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 200000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 684482.8 төгрөг, нийт 1330262.8 /нэг сая гурван зуун гучин мянга хоёр зуун жаран хоёр төгрөг найман мөнгө/-ийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Таварын хэлтэс нь хугацаандаа төлөгдөөгүй татварын өр 1330262.8 /нэг сая гурван зуун гучин мянга хоёр зуун жаран хоёр төгрөг найман мөнгө/-ийг хариуцагч “Гүүнзэл” ЗГБХН-өөс гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Гүүнзэл” ЗГБХН-ийн захирал Д.Нямжав нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, 1330262.8 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 36234 төгрөгний тал хувь 18117 төгрөгийг хариуцагч “Гүүн зэл” ЗГБХН-өөс гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн хугацаандаа төлөгдөөгүй татварын өр 1330262.8 /нэг сая гурван зуун гучин мянга хоёр зуун жаран хоёр төгрөг найман мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Гүүнзэл” ЗГБХН /захирал Д.Нямжав/ төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар 1330262.8 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 36234 төгрөгний тал хувь 18117 төгрөгийг хариуцагч “Гүүн зэл” ЗГБХН-өөс гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА