Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2016/0349/и |
Дугаар | 420 |
Огноо | 2016-11-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 420
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 11 сарын 28 Дугаар 420 Баруун-Урт
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг, Төмөртэйн 4-18 тоотод оршин суух Лодон овгийн Хүрэлбаатарын Цогтбаярт холбогдох гал түймэр унтраахад гарсан зардал 930500 /есөн зуун гучин мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09-р сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2016 оны 05-р сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэр “Уртын-Цагаан” гэх газарт иргэн Х.Цогтбаярын буруутай үйл ажиллагааны улмаас хээрийн түймэр гарсан бөгөөд уг түймрийг унтраахад аймгийн онцгой комиссоос 930500 төгрөгийн зардал гарсан байна. Аймгийн Цагдаагийн газраас Х.Цогтбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн ба Прокурорын газраас Х.Цогтбаярт холбогдох хэргийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм. Иймд түймрийг унтраахад аймгийн онцгой комиссоос гарсан зардал болох 930500 /есөн зуун гучин мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Цогтбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. 2016 оны 05-р сард Эрдэнэцагаан сумын нутаг “Уртын-Цагаан” гэх газарт гарсан хээрийн түймрийг унтраахад гарсан зардал 930500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар нь гал түймэр унтраахад гарсан зардал 930500 /есөн зуун гучин мянга таван зуун/ төгрөгийг хариуцагч Х.Цогтбаяраас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Х.Цогтбаяр нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, 930500 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 26882 төгрөгний тал хувь 13441 төгрөгийг хариуцагч Х.Цогтбаяраас гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраахад гарсан зардал 930500 /есөн зуун гучин мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Цогтбаяр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар 930500 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 26882 төгрөгний тал хувь 13441 төгрөгийг хариуцагч Х.Цогтбаяраас гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА