Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2015/01397/И |
Дугаар | 218 |
Огноо | 2016-01-27 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/01397/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, шүүгч М.Оюунцэцэг, З.Тунгалагмаа нарын бүрэлдхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байр, ******* тоотод оршин суух ******* /РД: *******, утас: *******/-гийн нэхэмжлэлтэй,
“Гэмт хэрэгт шалгагдаж, ажилгүй байсан хугацааг ажилласан жилд тооцуулах, нотариатын үйл ажиллагаанаас олох ёстой байсан орлого 167,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул прокурор Б.Сүрмандах, иргэдийн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“******* надад холбогдуулан Дархан Уул аймгийн Цагдаагийн газраас 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хэрэг үүсгэсэнээс 2 жил 8 сар 1 хоногийн дараа Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын прокурорын 2012 оны 10 дугаар с арын 01-ний өдрийн 15 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1,24 дүгээр зүйлийн 24.1.1 д зааснаар үндэслэлээр надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн хэрэгт намайг шалгаж байх хугацаанд би мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн тогтоолоор 118 хоног хоригдсон.
Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхлэхэд Монголын Нотариатчийн танхимын ерөнхийлөгч ******* намайг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгааг тодруулах албан бичгийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хандан явуулж Аймгийн Цагдаагийн газраас ******* нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байгаа нь үнэн гэсэн хариуг албан бичгээр авсанаар Монголын нотариатчийн танхимын сахилгын зөвлөлийн гишүүн үүрэг өгч миний 212 тоот нотариатын тамга тэмдэгийг 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хураан авсан. Тамга хураалгасан өдрөөс буюу 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 09-нийг хүртэлхи 2 жил 6 сарын хугацаанд миний амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан нотариатын үйл ажиллагааг эрхлэх боломжгүй болсон. Тухайн үед би хилсээр хүнд гэмт хэрэгт гүтгэгдэж урт удаан хугацаанд хууль хяналтын байгууллагаар шалгагдаагүй бол Монголын Нотариатын танхимын ерөнхийлөгч *******т миний тамгыг хураан авч нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх үндэслэл байхгүй байсан. Миний нөхөр асан талийгаач бөөрний хорт хавдар өвчний улмаас 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзсэн би нөхрөө эмчлүүлэхийн тулд амьдарч байсан орон байраа зарж насанд хүрээгүй байсан хүү хамт орон сууц хөлслөн байрныхаа мөнгийг үндсэн үйл ажиллагааныхаа орлогоор төлөн амьдарч байсан. Хэрэгт шалгагдаж байх хугацаанд дээрхи байдлаар нотариатын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болж амьжиргааны эх үүсвэргүй болсон учраас Улаанбаатар хот руу том хүүгийндээ очиж амьдарч байх хугацаандаа Улаанбаатар хотын Баянгол дүүргийн шүүхэд 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хууль бусаар хохиросоны хохиролыг нэхэмжлэл гаргаж шүүх надад хохиролд 16 567 20 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2 000 000 төгрөг, өмгөөлөгчийн 1 500 000 төгрөг нийт 17 *******8 400 төгрөгийг олгохоор шийдвэрлэж би уг мөнгийг авсан.
Тухайн үед би үндсэн үйл ажиллагааны орлогыг нэхэмжлэхдээ Хууль зүйн сайдын нотариатын үйлчилгээ эрхлэх эрхийг түдгэлзүүлэх тухай тушаал, МНТ-ын ерөнхийлөгчийн болон сахилгын зөвлөлийн шийдвэр, ерөнхийлөгчийн цагдаагийн газарт явуулсан албан бичиг, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын намайг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан гэмт хэрэгт шалгагдаж байгаа албан бичиг болон бусад нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй байсан учраас шүүх Нотариатын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар нотариатын үйл ажиллагааг явуулах эрхийг түдгэлзүүлсэн байх ба Хууль зүйн сайд нь нэхэмжлэгчийн холбогдсон гэмт хэрэг нь хэрэг мөн эсэхийг шалгаж тогтоохгүй тул нотариатчийн ёс зүйн хариуцлагын үүднээс дүрэмд заасан ажиллагааг буруутгах боломжгүй гэж дүгнэн миний нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаагүй.
Тухайн үед миний тамгыг хурааж авсан ерөнхийлөгч ******* МНТ-ыг удирдаж байсан болохоор би Нотариатчийн ёс зүйн болон сахилгын ямар нэгэн зөрчил гаргасанаар миний нотариатын үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлээгүй, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан гэмт хэрэгт шалгуулж байсан минь миний нотариатын эрхийг түтгэлзүүлэх үндэслэл болсон гэдгийг нотлох боломж байгаагүй.
Гэмт хэрэгт шалгагдаагүй бол миний нотариатын эрхийг түдгэлзүүлэх өөр ямар ч үндэслэл байхгүй байсныг энэ нэхэмжлэлд хавсарган өгсөн болон шүүхэд цаашид гаргаж өгөх баримтууд хангалттай нотолно.
Улсын Ерөнхий Прокурорын газрын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 15 тоот тогтоолыг үндэслэн Монгол улсын Хууль зүйн сайд миний нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээсэн а/48 тоот тушаалыг 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргаж Нотариатын сахилгын зөвлөлийн шийдвэр 2013 оны 03 дугаар сард гарсанаар би 2013 оны 03 дугаар сараас эхлэн нотариатчаар ажиллаж эхэлсэн. 2013 оны 03 дугаар сараас хойш 2 жил 10 сар ажиллах хугацаанд нийт 190 000 000 төгрөгийн орлого олсон. Энэ мөнгийг гэмт хэрэгт шалгагдаж байснаас болоод нотариатчаар ажиллаагүй 34 сардаа хуваавал миний сард олох байсан дундаж орлого 167 000 000 төгрөг болж байна.
Иймд миний гэмт хэрэгт шалгагдаж байсан хугацааг ажилласан жилд тооцуулах, олох ёстой байсан орлого 167 000 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“177,491,480 төгрөгийг нэхэмжилж байгаа, 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл буюу 940 хоног нотариатын ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй, эрүүгийн хэрэг үүсгээд 2 жил 8 сарын хугацаанд шалгагдаж байсан, үүнтэй холбоотойгоор нотариатын үйл ажиллагаагаа явуулж чадаагүй байдаг, 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тамга тэмдгээ авч ажиллаад, 970 хоног ажиллахдаа 177,791,480 төгрөгийн орлого олсон байдаг үүнийгээ 940 хоногт хуваахаар өдөрт 181,419.87 төгрөг олдог байсан, ажиллаагүй 940 хоногт үржүүлэхээр 170,537,684 төгрөг олсон тул гэмт хэрэгт гүтгэгдээд үйл ажиллагаа явуулж байсан бол 177,791,480 төгрөгийн орлого олох байсан, ЭБШ хуулийн 388.1-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хууль зөрчсөн үйл ажиллагаанаас болоод, авах ёстой байсан орлого, хөнгөлөлт урамшуулал эдлэх байсан, нотариатын танхимд төлсөн төлбөрийн 10 % урамшуулал авах байсан гэх мэт. Татвар төлж байсан бол 20%-ийг эргүүлээд өгдөг энэ дүнг нэхэмжлээгүй, зөвхөн олох ёстой байсан орлогоо нэхэмжилж байгаа. Гэмт хэрэгт гүтгэгдэж байсан хугацаанд олох байсан орлогоо гаргуулах хүсэлтэй байна.
Гэмт хэрэгт холбогдоод байна гэж нийтэд тараан, телевиз, сонингоор яригдсан тул нотариатын газраас тамга тэмдгийг хураасан. Нотариатын танхим дахь мөрдөн байцаах газраас тодруулахад албан бичиг байхгүй, Цагдаагийн байгууллагаас албан бичиг очоогүй гэдэг, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргад гомдол гаргахад, эрүүгийн хэргийн байдлыг хүлээ гэсэн хариу ирсэн. гэдэг хүний хамтаар эрхийг, түдгэлзүүлж тамга тэмдэгийг хураасан байдаг” гэв.
Шүү хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор дүгнэлтдээ:
“Нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар сонслоо. Нотариатын ажил үйлчилгээ эрхлээгүй байсан гэх 940 хоногийн олох байсан орлогыг бодож гаргасан гэж байгаа юм байна, нотариатын танхимын тоотоор *******гийн ажил эрхлэхийг хүчингүй болгосноос, мөрдөн байцаалтын үйл ажиллаагаанаас болж ажиллах эрхийг зогсоогоогүй, 2013 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацааны үйл ажиллагааны орлогыг нэхэмжилсэн байгаа, энэ хугацаа нь эрүүгийн хэрэгт хамаагүй, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолоор улсын бүртгэгч буюу өөр үйл ажиллагаа явуулж байсантай нь холбогдуулан шалгаж байсан, эрүүгийн хэрэгт татаж 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хэрэг үүссэн, хэрэг шийдэгдэх хугацаанд мөрдөн байцаагч, прокурорын тогтоолоор ажил үүргийг түдгэлзүүлээгүй, эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа цагдаагийн байгууллагад дуудагдаж байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш, нийт 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 13 хоног, мөн 03 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 14 хоног цагдан хорьсон, нийт 27 хоног ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй, энэ хугацаа нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан, шүүхийн шатанд 91 хоног хоригдсон байгаа тул нийт 118 хоног дээр ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй гэж яригдах ёстой. 2010 оны 08 дугаар сарын 10-наас эхлээд 2013 оны 03 дугаар сарын 15-нд эрүүгийн хэрэг шалгаж дууссан, гэтэл нэхэмжлэгч нь нотариатын эрх сэргээсэн өдөр хүртлээ бодоод байна, нотариатын эрх сэргээсэн сайдын тушаал гарсан байхад эрх сэргээх ажиллагаа нь мөрдөн байцаагч, прокурорын үйл ажиллагаанд хамаагүй гэж үзэж байна. Эрх нь 2011 оны 05 дугаар сарын 27-ны сайдын тушаалаар эрхийг нь хүчингүй болгосон, үүнээс хойш эрх сэргээсэн хугацаа хүртэл хугацааг бодож гаргах, зайлшгүй шалгах үндэслэл байсан, шүүх хуралдаанаар ороод гэм буруутай гэж үзэж шийдвэрлэж байсан зэргийг харгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Дахин хэлэхэд *******г Дархан-Уул аймгийн Улын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч–албаны даргаар ажиллаж байх үедээ бусдад хохирол учруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд нотариатчийн ажиллагаатай нь холбогдуулан шалгаагүй, мөн мөрдөн байцаах явцад болон прокурорын байгуулагын зүгээс нотариатчийн эрхийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг зохих байгууллагад явуулаагүй болно.
Мөн Нотариатын танхим ямар үндэслэлээр нотариатын үйл ажиллагаанд шаардлагатай тамга тэмдэгийг хураан авч, Хууль зүйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/48 тоот “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх тухай“ тушаал гарсаар байхад 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нотариатын тангараг өргүүлж, тамга тэмдэгийг хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй энэ байдалд төр буруутай гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Эрх бүхий байгууллага нь хуульд заасны дагуу эрхийг сэргээн өгсөн байхад ажиллуулаагүй нь нотариатын танхимын буруутай үйлдэл байх, мөн нөгөө талаар ажиллаагүй гэх хугацааны зарим хэсгийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаарддлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хууль бусаар цагдан хоригдсоны улмаас нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэн, сэргээгдэх хүртэлхи хугацаанд олох байсан орлого 177 791 480 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
******* нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 21023072 тоот Эрүүийн хэрэг үүсгэх тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж Улсын Ерөнхий Прокурорын Газрын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай Прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан *******д холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1- заасан үндэслээр хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
******* нь залиалан мэхлэх гэмт хэрэгт болон төрийн албан тушаалтан албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлэн, 118 хоног цагдан хоригдсон бөгөөд Прокурорын тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3, 391 дүгээр зүйлийн 391.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар тус тус хохирол шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсэн шалгагдах үедээ Дархан-Уул аймгийн төвийн тойргийн нотариатчийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 2010 оны 08 дугаар сарын 12-нд Монголын нотариатчдын танхимын сахилгын зөвлөлийн гишүүн нийт 6 дардас, 1 тамга хураалгаж, Монголын Нотариатчдын танхимын 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай“ 207 тоотын дагуу Хууль зүй Дотоод хэргийн сайдын 87 тоот тушаалаар 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвгөөрлийг түдгэлзүүлэн, нотариатын тамга, баталгааны тэмдэг /дардас/-ийг хүлээн авах ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулахыг Монголын нотариатчийн танхимын Ерөнхийлөгч Ч.Отгонбаярт даалгаж байсан байна.
Нотариатын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар нотариатч эрүүгийн хариуцлагад татагдсан тохиолдолд эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн эцсийн шийдвэр гартал түүний эрхийг түдгэлзүүлсэн байсныг мөн Хууль зүйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/48 тоот “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх тухай“ тушаалаар ... Дархан-Уул аймгийн төвийн тойргийн нотариатч *******д холбогдох эрүүгийн хэргийг эрх бүхий байгууллагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул ... гэж үзэн түүний нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сэргээсэн байна.
Нэхэмжлэгч ******* нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байх хугацаанд нотариатын ажил үйлчилгээ эрхлэж байсан нь тогтоогдож байгаа боловч олох байсан орлогыг тооцсон хугацааг 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 15 гэж тодорхойлж байгаа бөгөөд үүнээс Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 118 тоот шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 117 тоот магадлалтай иргэний хэрэгт 2010 оны 08 дугаар сарын 12-ноос 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлхи 2 жил 2 сар 14 хоногийн хугацаанд нотариатын үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагаа эрхэлсэн бол 44 841 163 төгрөгийн орлого олох байсан гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зохих байдлаар хянан шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч ******* нь 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 15 хүртэл хугацаанд нотариатын үйл ажиллагаа эрхлэж байсан бол олох байсан орлогыг гаргуулна гэж тайлбарлаж байгаа бөгөөд Улсын Ерөнхий Прокурорын Газрын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай Прокурорын тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан *******д холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1- заасан үндэслэээр хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилөлт оруулан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнээр Хууль зүйн сайдын 2012 оны 10 дугаар с арын 26-ны өдрийн 4/48 тоот “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөьшөөрлийг сэргээх тухай“ тушаалаар .... Дархан-Уул аймгийн төвийн тойргийн нотариатч *******д холбогдох эрүүгийн хэргийг эрх бүхий байгууллагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул гэж үзэн түүний нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сэргээсэн байхад нотариатын тамга, баталгааны тэмдэг /дардас/-ийг хүлээлэгэн өгч, тангараг өргүүлэх ажиллагааг 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хэрэгжүүлсэн байгаад Төр буруутай эсэх нь нотлогдохгүй энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Мөн 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Монголын Нотариатчийн танхимийн сахилгын зөвлөлийн гишүүн Нотариатын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1–д зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл /цаашид “Сахилгын зөвлөл” гэх/ нотариатчдын үйл ажиллагаанд хяналт тавина гэсний дагуу 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нотариатын тамга, баталгааны тэмдэг /дардас/-ийг хураан авсан гэх бөгөөд Хууль зүй Дотоод хэргийн сайдын 87 тоот тушаалаар 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэн, нотариатын тамга, баталгааны тэмдэг /дардас/-ийг хүлээн авах ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулахыг Монголын нотариатчийн танхимын Ерөнхийлөгч Ч.Отгонбаярт даалгаж байсныг дурдаж байна.
Нэхэмжлэгч *******д холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэг нь түүний нотариатын үйл ажиллагаа эрхэлж байсантай хамааралгүй байх бөгөөд 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 15 хүртэл хугацаанд нотариатын үйл ажиллагаа эрхлэж байсан бол олох байсан орлогыг тасалдуулсанд төр зохих буруутай эсэх нь тогтоогдохгүй байгаа тул нотариатын үйл ажиллагаанаас олох байсан орлого 177 791 480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь нотариатын үйл ажиллагаа эрхлээгүй байсан 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 15 хүртэл хугацааг ажилласан жилд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Дархан-Уул аймгийн төвийн нотариатын үйл ажиллагаа эрхлэлж бай үедээ Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар зохих журмын дагуу сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлж ажиллаж байсан эсэх нь тодорхойгүй, цагдан хоригдож байсан 118 хоногоос бусад хугацаанд зохих байдлаар шимтгэл төлөх эсэх нь өөрийнх нь эрх байсан байна.
Иймд энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.4-т зааснаар нэхэмжлэгч *******гийн төрөөс 177 791 480 төгрөг гаргуулах тухай, нотариатын үйл ажиллагаа эрхлээгүй байсан 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 15 хүртэл хугацааг ажилласан жилд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар ******* нь нэхэмжлэл гаргах үед тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ
ШҮҮГЧИД М.ОЮУНЦЭЦЭГ
З.ТУНГАЛАГМАА