Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2016/00268/И |
Дугаар | 146/ШШ2016/00317 |
Огноо | 2016-12-13 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 146/ШШ2016/00317
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 6-8 тоотод оршин суух Үржээд овогтой Янжинлхамын Нармандахын /РД:ПЮ59061819/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Я.Нармандах нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Я.Нармандах миний бие 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад байсан. Гэтэл миний энэ ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байгаа тул энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Гэрч Г.Дондогширчин, Г.Цогнэмэх нарыг гэрчээр асууж өгнө үү...Миний бие Улаанбаатар хотод амьдардаг ба ажил төрлийн шалтгааны улмаас шүүх хуралд орох боломжгүй байгаа тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Я.Нармандах нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ц.Алтанцэцэг нь 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 478 дугаартай архивын лавлагааны хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн Цоохор овогтой Гүнсэнгийн Цог нь “...Би 1971 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Я.Нармандах нь 1975 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1977 оны 07 дугаар сараас эхлэн цэрэгт явсан. Я.Нармандах нь сувай үхэр маллаж байсан юм. Бид хоёр хамт нэг дор айл саахалт байсан тул би сайн мэднэ...” гэж, мөн Рэнчиннямбуу овогтой Гимнайгийн Дондогсэрчин “...Би 1976 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Бат зам” нэгдлийн бригадийн дарга байсан. Я.Нармандах 1975 оны 01 дүгээр сараас эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Я.Нармандах нь 1977 оны 07 дугаарыг дуустал ажиллаж байгаад цэрэгт явсан юм.Би тухайн үеийн бриагдын дарга байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Я.Нармандахын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Мөн хүсэлт гаргагч Я.Нармандах нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Үржээд овогтой Янжинлхамын Нармандахыг 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Я.Нармандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА