Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2016/00581/И |
Дугаар | 1259 |
Огноо | 2016-09-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 1259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00581/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг *** байрлах *** ХХК /регистрийн дугаар *** /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар баг *** тоотод оршин суух, Х*** Б*** /регистрийн дугаар ***/-д холбогдох,
51,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б*** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Д.Б*** , хариуцагчийн өмгөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хуланнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
...Б*** миний бие нь 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ганц гишүүнтэй 1.000.000 төгрөгийн дүрмийн сантай *** ХХК-ийг үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Манай компани 2009 онд Дархан-Уул аймагт анх удаа хот доторхи нийтийн тээвэрт том оврын автобусны үйлчилгээ явуулж туршиж үзсэн. 2013 оны эхээр А.Б*** , Д.Б*** нар нь манай компанид тус бүр 30.000.000 төгрөгийн хөрөнгө оруулж, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх талаар цаашид хамтран ажиллахаар тохиролцсон. Тус компанид 30.000.000 төгрөгийн хөрөнгө оруулж хамтран ажиллах тохиролцоог баталгаажуулж 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус компанийн хувьцааны 33.3 хувийг хувьцаа бэлэглэх гэрээгээр Д.Б*** од шилжүүлсэн. Уг гэрээний дагуу компанид хөрөнгө оруулалт хийхийн тулд Д.Б*** нь 2013 оны 09 дүгээр сард Төрийн банкнаас 50.000.000 төгрөгийн зээл өөрийнхөө нэр дээр авч уг зээлээсээ 30.000.000 төгрөгийн компанид хөрөнгө оруулалт хийсэн боловч 2014 оны 01 дүгээр сар хүртэл түүний төлөх ёстой үндсэн зээл хүүг сар бүр компани өөрийн хөрөнгөөр төлөлт хийж байгаад 2014 оны 01 дүгээр сард зээлийг бүрэн төлж барагдуулсан. Төрийн банк дахь таны нэр дээр байсан зээлийг төлж барагдуулахын тулд компаниас нийтдээ 51.000.000 төгрөг гаргасан. Өөрөөр хэлбэл Д.Б*** нь компаний үйл ажиллагаагаа дөнгөж явуулж эхлэх үед хувьцаа эзэмшигчдийн дундаас ганцаараа 51.000.000 төгрөгийн ашигтай ажилласан байна.
Д.Б*** ыг 51.000.000 төгрөг авснаас хойш 3 жилийн хугацаанд компанийн санхүүгийн байдал хүнд байсан боловч компанид төлөх ёстой өр төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Одоо тус компани нь татвар, нийгмийн даатгал, шатахуун, хувь хүмүүсийн зээлээс гадна худалдаа хөгжлийн банкинд 460.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтай санхүүгийн хувьд маш хүнд байдалтай байна.
Иймд компанид төлөх ёстой 51.000.000 төгрөгийг Д.Б*** оос гаргуулж, ХХБ-ны өр төлбөрийг төлөх зорилгоор шүүхэд хандаж байна гэв.
Хариуцагч Д.Б*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...*** ХХК-ийн гүйцэтгэх захирал Б*** ын гаргасан ...компанид төлөх ёстой 51.000.000 төгрөгийг Д.Б*** оос гаргуулж, ХХБ-ны өр төлбөрийг төлөх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэсэн нэхэмжлэлтэй танилцаад дараахи тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1 Б*** ын нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, бодит байдалтай нийцээгүй байна. Тухайлбал:
Б*** , А.Б*** бид Дархан суманд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулахаар тохирч, тухайн үед ганц гишүүнтэй байсан. Б*** ын *** ХХК-ийн хувьцааг хүн тус бүр 33.3 хувиар эзэмшихээр тохирч 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр *** ХХК-ийн хувьцааг бэлэглэх гэрээг байгуулж компанийн 3 гишүүн тус бүрдээ 30.000.000 төгрөгийг компанид хөрөнгө оруулалт байдлаар хийж үйл ажиллагаа явуулахаар болсон.
А.Б*** гуай бид 2 өөрсдийн 30.000.000 төгрөгөө нийлүүлж, нийт 60.000.000 төгрөгөөр *** ХХК-аас 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр одоо *** ХХК-д ашиглаж байгаа гражийг газрын хамт худалдаж авсан. Миний бие дээрхи 30.000.000 төгрөгийг өгөхийн тулд тухайн үед өөрийн хашаа, байшингаа барьцаалж төрийн банкнаас 50.000.000 төгрөгийг зээл авч 30.000.000 төгрөгийг шууд *** ХХК-д оруулсан. Үүнийг Б*** сайн мэдэж байгаа. Харин Б*** нь хэлэлцэж тохирсон 30.000.000 төгрөгийг компанид оруулаагүй.
Нэхэмжлэлд Д.Б*** оос 51.000.000 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкны өр төлбөрийг төлөх гэжээ.
*** ХХК нь Худалдаа хөгжлийн банкны Дархан салбараас 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр *** тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 500.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 1,7 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Энэхүү зээлийг авахад компанийн барьцаа хөрөнгө хүрэлцээгүй гэтэл Б*** нь банкнаас зээл авах гэсэн хүрэлцэхгүй байна чиний хашаа байшин 210.000.000 төгрөгөөр үнэлэгдэх юм байна. Төрийн банкны зээлийг Худалдаа хөгжлийн банкнаас авах зээлээс хаая, хашаа байшинг чинь барьцаалья гэхэд нь би зөвшөөрсөн. Ингээд Б*** нь *** ХХК-ийн худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлээс миний төрийн банкны зээлийг хааж барьцаа хөрөнгийг нь худалдаа хөгжлийн банкруу шилжүүлсэн. Одоо ч миний хашаа байшин худалдаа хөгжлийн банкинд барьцаанд байгаа. *** ХХК нь Худалдаа хөгжлийн банкинд зээлээ төлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлд тус зээлийн асуудал явж байгаа бөгөөд нэхэмжлэлд дурдсан ... Д.Б*** ыг 51.000.000 төгрөг авснаас хойш 3 жилийн хугацаанд компанийн санхүүгийн байдал хүнд байсан гэдэг нь ташаа ойлголт бөгөөд ... худалдаа хөгжлийн банкнаас 460.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, санхүүгийн хувьд маш хүнд байдалтай байна. гэсэн нь худалдаа хөгжлийн банкнаас авсан 500.000.000 төгрөгийн зээлтэй холбоотой асуудал юм.
Иймд *** ХХК-ийн гүйцэтгэх захирал Б*** ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК нь ...хариуцагч Д.Б*** ын Төрийн банкны зээлийн төлбөрт төлсөн 51,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч Д.Б*** нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.
Хэрэгт авагдсан баримтаар
Хариуцагч Д.Б*** нь Төрийн банктай 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 130830/01 тоот зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэйгээр зээлж авсан болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч *** ХХК /захирал Б*** /-аас Төрийн банкнаас авсан Д.Б*** ын зээлийн төлбөрт нийт 51,772,600 төгрөгийг төлсөн болох нь Хадгаламж банкны орлогын мэдүүлэгүүд /хх-67-69/, нэхэмжлэгчийн ...Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн мөнгөнөөс Д.Б*** ын төрийн банкнаас авсан зээлийг хаасан... гэсэн тайлбар, хариуцагчийн ...зээлийн төлбөрийг компаний зээл авсан мөнгөнөөс хаасан ... гэсэн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Д.Б*** нь дээрх банкнаас авсан 50,000,000 төгрөгнөөс 30,000,000 төгрөгийг *** ХХК-ны үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж, уг компаний хувьцаа эзэмшигч болсон, 18,000,000 төгрөгийг өмнөх банкны зээлийн төлбөрт өгч зарцуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигч талууд дээрх үйл баримтын талаар маргадаггүй болно.
Нэхэмжлэгч *** ХХК нь Д.Б*** ын зээлийн төлбөрт өгсөн 51,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа энэхүү шаардлагыг Иргэний хуулийн заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүссэн эрх зүйн үр дагаврыг арилгуулахаар гаргасан шаардлага байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж төлж төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргэээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэх шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Д.Б*** оос түүний зээлийн төлбөрт төлсөн 51,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Хариуцагч Д.Б*** нь ...Би компанид хөрөнгө оруулалт хийсэнээс болоод үйл ажллагаа явуулж чадахгүй байгаа. Одоохондоо ажил төрөл байхгүй. Надад 51.000.000 төгрөг төлөх эх үүсвэр боломж байхгүй. Шүүх дээр 3 жил маргаантай явж байна. Мөнгийг төлөх боломжгүй байна ... гэсэн тайлбарыг гаргаж байх боловч энэ нь түүнийг дээрх төлбөрөөс чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй болно.
Хэдийгээр хэрэгт авагдсан баримтаар дээрх зээлийн төлбөрт 51,772,600 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн болох нь тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгчээс 51,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн тул хариуцагчаас 51,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар хариуцагч Д.Б*** оос 51,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 412,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА