Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 469

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч С.Цацрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Болор-Эрдэнэ, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Алтангэрэл, гэрч Эрдэнэ-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцээд С.Цацралын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Улиастай сумын Бүрэн дунд 4 дүгээр сургуульд холбогдох ажилд эүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, үндэслэлгүйгээр цалин бууруулсан цалингийн зөрүү 1.970.565 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан, Улиастай, 5-р багийн иргэн Боржигон овогт Сүхээгийн Цацрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1985 оноос Завхан аймгийн Улиастай сумын шинэ хорооны бага сургуульд бага ангийн багшаар ажилд орж, 1986 оноос уг сургууль нь Завхан аймгийн Улиастай сумын 10-н жилийн 4-р сургууль болсон. Миний бие уг сургуульд өнөөг хүртэл бага ангийн багшаар 30 гаруй жил ажилласан. Би 2014 онд олон хүүхэдтэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан бөгөөд 4-р сургуулиас намайг 2014 оны 11-р сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлж, тухайн өдрөө буюу 2014 оны 11-р сарын 25-ны өдөр бага ангийн багшаар ажилд буцаан томилсон. Ингээд би тус сургуульдаа 2016 оны 06-р сарыг дуустал хэвийн ажиллаж байсан бөгөөд 2016 оны сонгуулийн үеэр захирал намайг дуудаж уулзаад, та манай намыг дэмжээрэй, манай нам багаараа гарвал таныг ажиллуулна гэж хэлсэн. Үүний дараа 7-р сард мөн намайг захирал дуудаж уулзан тэтгэмжээ та авдгаараа ав, тэгээд 1-р ангийн 2 бүлэг гарвал таныг ажиллуулна гэж хэлсэн. Ингээд би шинэ хичээлийн жилийн ажилдаа орохоор 2016 оны 8-р сарын 25-ны өдөр сургууль дээрээ очиход захирал надад ямар ч байсан 1-р анги хэд гарахнуу, та харж бай, тэгээд ажиллуулах эсэхээ шийднэ гэж хэлсэн.

Ингээд би анги хуваах шийдвэр гарахыг хүлээж байтал, 9-р сарын 10-ны үед тус сургуульд ажилладаг манай бэрээр дамжуулан, хадам ээжийгээ ирж ажлаас халагдсан тушаалаа аваарай гэж хэлүүлсэн байсан. Би ажлаас халагдсан тушаалаа гардаж авалгүйгээр Аймгийн Боловсрол Соёлын газарт хандсан. Ийнхүү Аймгийн Боловсрол Соёлын газраас 4-р сургуулийн захиралд С.Цацрал багшийг боломжоор нь ажиллуулна уу гэсэн албан бичгийг өгсөн. Гэтэл 4-р сургуулийн захирал Д.Болор-Эрдэнэ нь дээрхи Боловсрол Соёлын газрын албан бичгийн талаар өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байгаа учраас би 2016 оны 10-р сарын 06-ны өдөр 4-р сургуулийн бичиг хэргийн ажилтнаас очиж ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа гардан авахад намайг 2016 оны 09-р сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлсөн байсан. Ажлаас чөлөөлсөн тушаал дээрээ захирал Д.Болор-Эрдэнэнээр хуулбар үнэн тэмдэг даруулж, баталгаажуулах гэтэл тэмдэг дарж өгөөгүй юм. Уг тушаалаар С.Цацрал намайг МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3 дахь заалт, Бага дунд Боловсролын тухай хуулийн 20.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжинд нийцэхгүй байгаа бөгөөд уг тушаалаар намайг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна.

Иймд Завхан аймгийн Улиастай сумын Бүрэн дунд 4-р сургуулийн захиралын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, тус байгууллагын бага ангийн багшийн ажилд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү.

...Намайг ажилд авсан 2014.11.25-ны өдрийн Б/19 тоот тушаалаар миний үндсэн цалинг Засгийн газрын сүлжээг үндэслэн тооцож олгохоор заасан боловч 2015 оны 01-р сараас эхлэн миний үндсэн цалин болох 608314 төгрөгийг 535000 төгрөг болгон бууруулж, цалин хөлс олгож эхэлсэн. Би үндсэн цалингаасаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж, бусад урамшуулал нэмэгдлүүдээ бодуулан 680000 төгрөгийн цалин гар дээрээ авдаг байсан бол цалин буурсаар 500000 гаруй төгрөг гар дээрээ авдаг болсон. Үүний учрыг удирдлагуудаас асуухад та ахмад настны тэтгэвэр тогтоолгосон учраас үндсэн цалинг бууруулан олгож байгаа юм гэсэн. Ийнхүү 2015 оны 01-р сараас эхлэн сүүлд ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд буюу 2016 оны 08 сар хүртэл миний үндсэн цалинг үндэслэлгүйгээр бууруулж, 53500 төгрөгөөр тооцож олгосон. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 112-р зүйлийн 112.2 дахь хэсэгт ахмаэд настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж заасныг ноцтой зөрчиж байгаа юм. Иймд би цалингийн зөрүүгээ нарийн тооцоолох боломжгүй байгаа бөгөөд хариуцагчаас миний үндсэн цалин болох 608314 төгрөг болгон үндэслэлгүйгээр бууруулан надад олгосон цалинтай харьцуулан цалингийн зөрүүг хариуцагчаас гаргуулан олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Цацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 11 сарын 25-ны өдөр тэтгэвэрт гарсан. Би 5 хүүхэд төрүүлж, өсгөсөн. Сүүлийн 5 жил 5 хүүхдээ тусд нь гаргасан. Өөрсдийн гэсэн хурааж хуримтлуулсан хөрөнгө байхгүй байсан учраас зээл тавьж хүүхдүүдээ тусд нь гаргасан. Хамгийн бага охиноо 2014 оны 11 сард тусд нь гаргасан. Би давхар давхар зээлтэй байсан учраас тэтгэвэрээ тогтоолгочихвол надад нэмэртэй юм байна гэж бодоод Нийгмийн даатгалын хэлтэстэй уулзахад захиралтайгаа яриад ажлаас чөлөөлсөн тушаалаа аваад ирвэл та тэтгэвэр тогтоолгож болно гэсэн юм. Тэгээд манай сургуулийн нягтлан ч бас тэтгэвэр, тэтгэмжийн хуульд өөрчлөлт ороод тэтгэмжийг хасах гээд байна гэж надад хэлсэн. Би тэтгэмжээ авъя гэж хүсэлт өгсөн. Тэтгэмжээ аваад цаашид ажиллахгүй гэж өргөдөл бичиж өгвөл тэтгэмж орж ирдэг юм гэсэн учраас би өргөдөл бичиж өгсөн. Намар цалин мөнгөгүй учраас манайх санхүүгийн хүнд байдалд байсан. Би захиралтай 5 дугаар ангиа төгстөл ажиллах талаар хүсэлтээ тавиад боловсролын байгууллагаар хөөцөлдөөд явж байх хооронд намайг ажлаас халсан тушаал гаргасан байсан. Манай бэр манай сургуульд ажилладаг юм. 09 сарын 12-ны өдөр манай бэр над руу яриад захирал таныг халагдсан тушаалаа ирж аваарай гэж байна гэж хэлсэн. Тэгээд би 09 сарын 14-ний өдөр Боловсрол соёлын газрын дарга дээр ороход миний ажлаас чөлөөлөгдсөн тушаал, өргөдөл зэргийг даргад өгсөн байсан. Ажлаас халсан тушаал дээр намайг 60 нас хүрсэн, тэтгэвэр тэтгэмж тогтоолгосон гэж бичсэн байсан. Би одоо 54 настай. Тиймээс би шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Би ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа 10 сарын 06-ны өдөр хүлээн авсан. Мөн миний цалинг үндэслэлгүйгээр бууруулсан байсан учраас цалингийн зөрүүг нэмж нэхэмжилж байгаа юм гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Болор-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цацрал багш над дээр тэтгэвэрээ тогтоолгох гэсэн юм ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөөч тэгээд би үргэлжлүүлэн ажиллах гэсэн юм гэж хүсэлт тавьж орж ирсэн. Тэгэхээр нь би нягтлангаа дуудаад бид 3 хууль дүрэм судалж үзсэн. Тэгээд та намайг үргэлжлүүлээд ажлуулаад өгөөч амьдрал ахуй хүнд байна гэж хэлсэн. Тэгээд би энэ хүнтэй 10 гаруй жил хамт ажилласан, амьдрал ахуйг нь мэдэхийн хувьд тэтгэвэрт чинь оруулаад буцаагаад ажилд аваад ажиллуулж байя. Тэтгэмжээ авсан тохиолдолдл та цаашид ажиллах боломжгүй гэдгийг нь хэлсэн. Тэгээд 2014 оны 11 сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөөд тэр өдрөөс эргүүлээд ажилд нь авсан тушаал гаргасан. 2015 оны төсөв 56 орон тоогоор батлагдаж ирсэн. Тэгээд би орон тооны хязгаар, төсөвтөө багтаагаад энэ хүний цалинг бууруулсан. Шатлал дотор нь бууруулсан. Цалин буурсан болон цалин буурсны дараа энэ асуудлуудаар манай багш нар надад хандаж байгаагүй. Инэгээд С.Цацрал багш 2016 оны төсөвт тэтгэмжээ суулгуулах хүсэлт гаргаж тэтгэмжээ суулгуулж 2016 оны 07 сард тэтгэмж нь орж ирсэн. Тэтгэмжээ авахын тулд хууль дүрэм журамд заасны дагуу өргөдөл гаргадаг. Үүний дагуу энэ хүн өргөдлөө гаргаж өгсөн. Би Цацрал багшид хүүхдийн тоо бололцоотой бол та 5 дугаар ангиа төгсгөөрэй. Хүүхдийн тоо цөөрвөл хоёр анги болгоод нийлүүэхээс өөр бололцоо боломж байхгүй болно. Намайг битгий зовоогоорой гэж хэлсэн. 2016 оны 8 сарын 25-ны өдөр багш ажилчид ажилдаа цугласан. 09 сарын 01-ний өдөр хүүхдийн тоогоо харж байж шийдье гэж хэлсэн. 09 сарын 01-ний өдөр болсон. 09 сарын 01-ний өдөр 5 дугаар ангийн 2 бүлэг нийлээд 33 хүүхэдтэй, 1 дүгээр ангид 33 хүүхэд элсэн орсон байсан. Өөрөөр хэлбэл 2 ангид 4 багш байсан. Тэгээд би багш, ажилчдыг дуудаж 2 багш тэтгэвэрт гараад тэтгэвэрээ тогтоолгосон учраас энэ 2 багшийг ажлаас нь чөлөөлнө гэдгээ хэлсэн. Тэгээд 09 сарын 05-ны өдөр хүртэл харая гээд 09 сарын 05-ны өдөр болоход хүүхдийн тоо нэмэгдээгүй байсан учраас ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Бичиг хэргийн ажилтандаа ажлаас чөлөөлөх тушаалыг нь өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд бичиг хэргийн ажилтан Наранцэцэг багш руу утасдаж хэлэхэд бухимдалтай урдаас нь загнасан гэсэн. Цацрал багш руу залгахад утас нь холбогдохгүй байсан гэсэн. Тэгэхээр нь Цацрал багшийн бэрийг нь дуудаад хэлээрэй гэж хэлсэн. Дараа нь Цацрал багш 09 сарын 07-ны өдөр надтай ирж уулзсан. Тэгэж уулзахдаа намайг янз бүрээр доромжлоод явсан. 09 сарын 09-ний өдөр дахин над дээр ирж надаас уучлалт гуйсан. ...Цацрал багш ханддаг газар байвал хандана гэсэн. Тэгэхээр нь би та хандах газар байвал ханд, надад боломж бололцоо байхгүй гэдгийг хэлсэн. Энэ хүн тушаал гарсан гэдгийг мэдсэн. Боловсрол соёлын газарт өргөдөл өгсөн байсан. Газрын дарга намайг дуудсан. Би бичиг баримтуудыг нь аваачиж өгсөн. Тэгээд дараа нь энэ хүн өөрөө Боловсрол соёлын газраас нэг бичиг хийлгүүлж надад авчирж өгсөн. Би тэгэхэд нь ажиллуулах боломж байхгүй гэдгээ хэлээд гаргасан. Тэгээд шүүхэд хандах болохоороо надаас ирж тушаалаа авсан. Нэмэгдүүлсэн шаардлага дээр нь тайлбар хэлье. Төсвийн тухай хуулийн 16.5 дах хэсэгт зааснаар цалинг бууруулсан. Ийм учраас энэ хүнийг буцаагаад ажилд авах боломжгүй юм гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Цацрал багш 2014 оны 11 сарын 25-ны өдөр тэтгэвэртээ гарсан. Тухайн өдөр нь буюу 2014 оны 11 сарын 25-ны өдөр тэтгэвэрт гарсан гэсэн үндэслэлээр Завхан аймгийн Улиастай сумын бүрэн дунд 4-р сургууль ажлаас чөлөөлсөн байдаг. Мөн тухайн өдрөө тус сургуулийн захирал нь өөрийнх нь хүсэлтээр буцааж ажилд авсан байдаг. Тэгээд 2016 оны 09 сарын 05-ны өдөр тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байгаа. Ажлаас чөлөөлсөн тушалаа С.Цацрал багшид өөрт нь өгөөгүй. Бэрээр нь дамжуулж хэлүүлсэн байдаг. Өөрөө 10 сард очиж тушаалаа авсан. Өөрт нь тушаал гарсан талаар хэлээгүй гэдэг нь гэрч бичиг хэргийн ажилтан Зулзаяагийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Ийм урчаас Завхан аймгийн Улиастай сумын Бүрэн дунд 4-р сургуулийн захиралын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, тус байгууллагын бага ангийн багшийн ажилд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, мөн 2015 оны 02-р сарын 17-ны өдрийн А/05 дугаартай цалин шинэчлэн тогтоох тухай тушаалын дагуу хассан цалингийн зөрүүг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлгыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаас чөлөөлөх тушаалын агуулга нь олон жил ажилласан, тэтгэвэртээ гарсан, тэтгэмжээ авсан гэж заасан байгаа. Нэхэмжлэгч өөрөө тэтгэмжээ аваад ажлаасаа гарна гэсэн өргөдөл бичиж өгсөн байгаа. Тэтгэмжээ авчихаад ажиллаад байгаа нь хууль зөрчсөн асуудал юм биш үү. С.Цацрал багш ажлаас халагдсан гэдгээ мэдэж байсан мөртлөө тушаалыг авахгүй явсаар 2016 оны 10-р сарын 06-нд авсан нь энэ хүний хариуцлагагүйнх, тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болж байна. Цалин бууруулсан гэдгийг тухайн үед нь мэдсэн. Мэдсэн хэрнээ тэр үед нь гомдол гаргаагүй. Энэ хугацаанд гомдол гаргаагүй учраас хөөн хэлэлцэх хугацаа мөн дууссан гэж үзэж байна. Энэ хүн хамгийн сүүлд 6 сард цалин авсан байгаа. Цалингийн зөрүү нэхэмжлэх байсан бол тэр үед нь нэхэмжлэх ёстой байсан. Тиймээс цалингийн зөрүүг гаргуулах тухай болон ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, цалингийн зөрүү гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Улиастай сумын бүрэн дунд 4-р сургууль нь С.Цацралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ажил олгогчийн санаачлагаар цуцалж, Завхан аймгийн Улиастай сумын бүрэн дунд 4-р сургуулийн захирлын 2016 оны 09-р сарын 05-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...С.Цацрал багш ажлаас халагдсан гэдгээ мэдэж байсан мөртлөө тушаалыг авахгүй явсаар 2016 оны 10-р сарын 06-нд авсан нь энэ хүний хариуцлагагүйнх, тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болж байна... гэж тайлбарлаж байгаа боловч түүний энэ тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь ажил олгогч ажлаас халсан тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гардуулан өгсөн гэж С.Цацрал тайлбарлаж байгаа бөгөөд түүний энэ тайлбарыг ажил олгогч ямар нэгэн байдлаар үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул ажилтан ажлаас халагдсан тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гардан авсан гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй бөгөөд ажил олгогч хуульд заасан дээрх үүргээ зөрчиж ажил олгогч хугацаа хэтрүүлж тушаалаа гардуулсанд ажилтан буруугүй юм.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргана гэж ажилтан ажлаас халагдсан шийдвэрийг мэдсэн өдрөөс бус тушаалыг хүлээн авсан өдрөөс хойш гомдол гаргах хугацааг тооцохоор заасан бөгөөд нэхэмжлэгч тушаалыг гардаж авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж үзэх боломжгүй байна.

Ажил олгогч С.Цацралыг ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлажээ.

Нэхэмжлэгч С.Цацрал нь 1962 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн бөгөөд дээрх тушаалыг гарах үед 53 жил 11 сар 21хоногийн настай буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан нас /60 нас/ хүрээгүй байсан болох нь түүний иргэний үнэмлэх дэх төрсөн он, сар, өдрийн бичилтээр тогтоогдож байх тул түүнийг 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд С.Цацрал өөрөө сайн дураар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн ажлаас халсан гэсэн тайлбар гаргаж байгаа боловч энэ нь үндэслэлгүй байна.

С.Цацрал нь 2014 оны 11-р сарын 25-нд ...тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгааг харгалзан үзэж ажлаас чөлөөлж өгнө үү... гэсэн өргөдлийг Завхан аймгийн Улиастай сумын бүрэн дунд 4-р сургуулийн захиргаанд гаргасан бөгөөд тус сургуулийн захирлын 2014 оны 11-р сарын 25-ны өдрийн Б/18 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан боловч мөн өдрөө буюу 2014 оны 11-р сарын 25-ны өдөр Б/19 дугаартай ажилд авах тухай тушаалыг гаргажээ.

Мөн С.Цацрал 2015 оны 05-р сарын 26-нд ...миний бие өөрийн хүсэлтээр өндөр насныхаа тэтгэвэрт гарах хүсэлтэй байгааг харгалзан үзэж Боловсролын хуулийн 43-ын 1-ийн 4-т заасны дагуу 36 сарын тэтгэмжийг олгож өгнө үү. Тэтгэмжээ авсан тохиолдолд ажлаас чөлөөлөгдөх болно... гэсэн өргөдлийг Завхан аймгийн Улиастай сумын бүрэн дунд 4-р сургуулийн захиргаанд гаргасан боловч түүний өргөдлийг тухайн үед ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй ба ажилтан цааш үргэлжүүлэн ажиллаж байснаас үзэхэд нэхэмжлэгч дээрх хүсэлтээсээ татгалзсан гэж үзэх үндэстэй бөгөөд түүний энэ хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа ажил олгогчийн тайлбар үндэслэлгүй байна.

Тэрээр ажилтныг ажлаас халсан дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцласан байгаа учир ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч С.Цацрал Завхан аймгийн Улиастай сумын бүрэн дунд 4-р сургуулийн захирлын 2015 оны 02-р сарын 17-ны өдрийн А/05 дугаартай цалин шинэчлэн тогтоох тухай тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндэслэлгүйгээр цалинг бууруулсны цалингийн зөрүүг нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэснийг зөрчин уг гомдлоо хугацаа хэтэрч шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч С.Цацралыг Завхан аймгийн Улиастай сумын бүрэн дунд 4-р сургуулийн бага боловсролын багшийн ажилд эгүүлэн тотоож, ажилгүй байсан хугацааны олговорыг гаргуулах нь үндэстэй байна.

С.Цацралд дээрх хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Цацрал нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 1.906.068 төгрөгийн цалин авсан нь түүний 0773062 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. /6 дугаар сарын цалин 552253+7 дугаар сарын цалин 1231770 + 8 дугаар сарын цалин 122045 = 1.906.068 сүүлийн 3 сарын цалин, 1.906.068: 3=635356 /сарын дундаж цалин/, 635356: 21,5=29551 /өдрийн дундаж цалин/

Нэхэмжлэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-наас 2016 оны 12 дугаар сарын 15-ныг хүртэл хугацааны цалинг тооцоход нийт 2.157.223 төгрөг байх тул хариуцагчаас 2.157.223 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож /ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 70200 + ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 49466 төгрөг= нийт 119666 төгрөгийг/ хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Сүхээгийн Цацралыг Завхан аймгийн Улиастай сумын бүрэн дунд 4-р сургуулийн бага боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Улиастай сумын бүрэн дунд 4-р сургуулиас С.Цацралын ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 09 дүгээр сарын 05-наас 2016 оны 12 дугаар сарын 15ны өдрийг хүртэл хугацааны олговор 2.157.223 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Цацралд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндэслэлгүйгээр цалинг бууруулсны цалингийн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 119.666 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ