Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Төмөрийн Балжинням |
Хэргийн индекс | 140/2016/00476/И |
Дугаар | 472 |
Огноо | 2016-12-20 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 472
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Я.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 1987 оны 02-р сарын 20-нд Завхан аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 52 тоот тушаалаар тус газарт үсчнээр томилогдон ажиллаж эхэлсэн. 1994 оны сүүлээр Нийтийн аж ахуй үйлчилгээний газар тарж хувийн хэвшлүүд болон хуваагдахад газрын даргын 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар хувиараа эрхлэж аж ахуйд ажиллах болсон.
Би өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл энэ хугацааны тушаал болон холбогдох баримт хэрэгтэй болоод аймгийн архивт шүүлгэхэд ямар ч баримт олдсонгүй. Ингээд шүүхэд хандах шаардлагатай гэсний дагуу танайд өргөдөл гаргаж байна.
Иймд миний 1987 оны 02-р сарын 20-ны өдрөөс 1994 оны 10-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт үсчнээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү.
Миний бие д очиж асуудлаа шийдвэрлүүлэх боломжгүй байна. Энэ байдлыг минь харгалзан намайг оролцуулалгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Я.******* нь 1987 оны 02 дугаар сарын 20-ноос 1994 оны 10-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт үсчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлсэн бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Я.******* 1987 оны 02 дугаар сарын 20-ноос 1994 оны 10-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт үсчнээр ажиллаж байсан болох нь 1985 оны 03-р сарын 13-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, фото зургуудаар нотлогдож байна.
Уг хөдөлмөрийн дэвтрийг ******* овогтой ******* гэж нээсэн байх бөгөөд хөдөлмөрийн дэвтрийн 4-р хуудаст ...байгууллагын нэр гэсэн хэсэгт Ахуй үйлчилгээний удирдах газар, ...гүйцэтгэсэн ажил, албан тушаал, тушаал шийдвэрийн он, сар, өдөр дугаар гэсэн хэсэгт ...үсчнээр 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 52 тоот тушаалаар ажиллуулав гээд Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлилгээ удирдах газар гэсэн тамга дарагдсан..., мөн 5-р хуудаст ...байгууллагын нэр гэсэн хэсэгт НАААУ газрын АҮ-ний пүүсийн харьяа үсчний ажлаас, ...гүйцэтгэсэн ажил, албан тушаал, тушаал шийдвэрийн он, сар, өдөр дугаар гэсэн хэсэгт ...өмч хувьчлалаар ХЭААхуйд үсчнээр ажиллалуулахаар 1994 оны 10-р сарын 01-нээр гээд тамга тэмдэг дарагдсан... байдлаар бичилт хийгджээ.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Д.*******гийн ...Бид нар Завхан аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээнд эрэгтэй үсчин дээр хамт ажилладаг байсан юм. Би ахуй үйлчилгээнд 1982 онд орж байсан. *******г яг хэзээ орсныг нь сайн мэдэхгүй байна. Надаас хойш ахуйн үйчилгээнд үсчнээр орсон юм. ...тэгээд ахуй үйлчилгээг татан буугдтал ажилласан. ...яг хэзээ тарсныг сайн мэдэхгүй. 1992 оны үеэр тарсан байх. Би 1992 оноос хойш хувиараа ажиллах болсон. Нийтийн ахуй үйлчилгээний даргаар ******* гэж хүн байсан... гэсэн,
гэрч Г*******гийн ..Бид нар Завхан аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээнд хамт ажилладаг байсан юм. Нийтийн ахуйн үйлчилгээг хувьчлагдах хүртэл хамт ажилласан юм. ******* эрэгтэй үсчин хийдэг байсан юм. Татан буугдсаны дараа хоршоо болж хувиараа хүртэл ажиллаж байсан юм. Би ахуйн үйлчилгээний газарт 1982 онд ажилд орж байсан. ...намайг ажилд орсны дараа ******* ажилд орж байсан. Ахуй үйлчилгээ 1994 онд татан буугдаж тэр хүртэл хамтдаа ажилласан. ...зургаас харахад тухайн үед хамт ажиллаж байхдаа авахуулсан зураг байна. Хэдэн онд авахуулсныг сайн санаж өгөхгүй байна. *******гийн бичиж тэмдгэлснээр 1990 онд авахуулсан юм байлгүй. ******* энэ зураг дээр урд эгнээний зүүн гар талаас 3 дээр сууж байна. Хоёулаа авахуулсан зураг нь бас манайд үсчин байсан *******тэй хамт авахуулсан байна... гэсэн,
гэрч Х.*******гийн ...Би 1978 онд үсчин болж ирээд Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт үсчнээр ажиллаж байгаад 1982 онд оюутан болоод явсан юм. Зуныхаа амралтаар ирэхдээ ахуй үйлчилгээний газарт үсчнээр ажилладаг байсан. ...би 1986 онд дээд сургуулиа төгсч ирээд 1987 онд *******тэй хамт ахуй үйлчилгээнд үсчнээр ажилласан. Тэгээд 1990 онд би ******* аймаг руу хүнтэй суугаад явсан. Гэхдээ зун нааш, цаашаа ирж очдог байсан. Тэгэхэд ******* ахуй үйлчилгээндээ ажиллаж л байсан. Ахуй үйлчилгээг хэзээ татан буугдсаныг сайн мэдэхгүй байна. Намайг 1993 онд аавындаа д ирэхэд ******* ажиллаж байсан. ...Зургаас харахад энэ бүгд манай хамт олны тухайн үед ажиллаж байхдаа авахуулсан зураг байна. Энэ бүгд зураг дээр ******* байна... гэсэн мэдүүлгүүдээр Я.*******гийн ажиллаж байсан байдал нь давхар нотлогдож байна гэж үзлээ.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******г 1987 оны 02 дугаар сарын 20-ноос 1994 оны 10 дугаар сарын 01-н хүртэл Завхан аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газарт үсчнээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ