Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/0605/и |
Дугаар | 0605 |
Огноо | 2016-05-04 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 0605
2016 оны 5 сарын 04 өдөр | Дугаар 142/ШШ2016/00605 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-13-146 тоотод оршин суух Боржигон овогт Үржиннамдагын Ганбаатар /АР:67012814/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-8-28 тоотод оршин суух Тайжууд овогт Дарамын Олзвой /ЧИ:58050678/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-6-65 тоотод оршин суух Авир Боржигон овогт Баасансүрэнгийн Цэнгэл /ФМ:74062304/
323 770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ү.Ганбаатар, хариуцагч Б.Цэнгэл, хариуцагч Д.Олзвой, хариуцагчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 11 сарын 28-ны өглөө зэргэлдээ лангууны Д.Олзвойгийн эхнэр Б.Цэнгэлтэй маргаснаас хойш Д.Олзвой 1 цагийн дараа ирж лангуун дээрх тавиуртай ээмгийг толгой тушаа авч шидэхэд зовхи язарч, тавиур үйрч, тавиураас зүүлттэй ээмэгнүүд хугарч эвдэрсэн тул энэ эвдэрсэн барааныхаа хохирлыг төлүүлэхээр нэхэмжлэл бичиж байна. Цагдаагаас тогтоогдсон 304 000 төгрөг, аудитад тушаасан 10 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 9 770 төгрөг нийт 323 770 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Д.Олзвой нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ү.Ганбаатарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Д.Олзвой миний бие хүлээн зөвшөөрөхгүй, хуучирч харалсан хөө тортог болсон Мэнд-Амар худалдааны төвийг шатахад үнэ нь төлөгдөөд актлагдсан ээмгүүдийг өндөр үнээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөө эмэгтэй хүнийг дарамталж дээрэлхээд зодчихоод лангуун дээр байсан ээмэг эвдэрсэн гээд байна. Би шидээгүй гэв.
Хариуцагч Б.Цэнгэл нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Баасансүрэн овогтой Цэнгэл нь Мэнд-Амар худалдааны төвд үсний гоёл, чимэглэлийн лангуун дээр худалдагч хийдэг болно. Манай лангууны эзэн 2015 оны 11 дүгээр сарын 14-нд бараандаа явж ирсэн. 11 дүгээр сарын 16-нд би бараагаа хүлээн аваад тоолоод өрж, янзлаад байж байтал, хажуу талын бэлэн хувцас зардаг Чимэгбаяр ээмэг авчирлаа гэж намайг хэлэх, хэлэхгүйгээр харааж загнасан боловч би өөдөөс нь сөрж маргалдаагүй. Харин 11 дүгээр сарын 28-ны өглөө лацтай учир эрт ирчихээд лангуугаа арчаад зогсож байсан чинь Чимэгбаярын нөхөр Ганбаатар намайг загнаж аашлаад байхаар нь, манай лангуун дээр ээмэг урьд нь зарж байсан юм билээ, гэж хэлсэний төлөө лангууныхаа цаанаас гарч ирээд хоёр гараараа миний хойлоог багалзуурдаж аваад түлхэж унагаасан. Ойр хавьд хүн байгаагүй, би тэр үед нь айж сандарч орилсон. Лангуунаасаа холдоод, жижүүр байна уу гэж орилсон. Юу болоо вэ? гэж лангууны хүмүүс надаас асуусан. Би жаахан тайвшраад эргээд лангуун дээрээ очоод бараагаа янзлаад зогсож байсан чинь Ганбаатар ахиад, сохор минь чи мөрөөрөө байгаарай, чамайг ална шүү гээд аашлаж загнаад байсан. Би Оогий ах руу утасдаж хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байхаар нь гэрт нь очоод, би энэ лангуун дээр чинь ахиад суухгүй, Ганбаатар намайг зодоод, хэл амаар доромжлоод байна гэж хэлж очсон. Оогий ах надтай цуг лангуун дээр очиход Ганбаатар өөрөө эхнэрээ зогсоочихсон лангууныхаа цаана нуугдаад сууж байсан. Оогий ахыг авгай, хүүхэд, дүү нар нь эмэгтэй хүний амнаас гарахааргүй, эрүүл хүний ухаан санаанд орохооргүй маш муухай үгээр олуулаа нийлчихээд аашилж загнасан. Оогий ах тэр Ганбаатарыг зодож цохиогүй, ээмэг тавьдаг тавиурыг нь эвдэж гэмтээгээгүй болно. Эд нар шатаж, харлаж, тортоглосон, харласан тавиур ээмэгнүүдээ аудитаар үнэлүүлж, компанаар төлүүлсэн мөртлөө ээмэг тавиураа актлуулаад устгаагүй хадгалж байгаад дахин бид нараар төлүүлэх муухай арга өөрсдөө зохиож бид нараар төлүүлэхээр санаархаж байгаа нь жудаггүй, ичгэвтэр арга хэрэглэж байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэд угаасаа дэлгүүр дотор нэр хүнд байхгүй, бүгдтэй нь хэрэлдэж байсан учир бүгд үзэн ядаж байдаг. Зөвхөн өөрөө л болж байвал бусдыг яаж ч мэдэх улс, үүнийг дэлгүүрийн хүмүүс бүгд мэднэ. Энэ хүмүүмсийн муухай заль явуургүй энэ аргыг төрийн шудрага шүүх үнэнээр нь шүүж ялгаж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү.Ганбаатар нь Д.Олзвой, Б.Цэнгэл нараас 323 770 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө зэргэлдээ лангууны Б.Цэнгэлтэй маргалдсан ба дараа нь нөхөр Д.Олзвой ирж лангуун дээр тавиуртай байсан ээмгийг авч шидсэнээс миний зовхи язарч, тавиур үйрч, ээмэгнүүд хугарсан. Эвдэрсэн барааны хохиролыг аудитаар үнэлүүлсэн тул 304 000 төгрөг, үнэлгээний хураамж 10 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 9 770 төгрөг нийт 323 770 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэж тайлбарладаг.
Хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ:
2015 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө Ү.Ганбаатар нь Б.Цэнгэлийг загнаж аашлаад, хоолойг нь багалзуурдаж түлхсэн. Д.Олзвой нь Ү.Ганбаатарыг цохиж зодоогүй, Мэнд-Амар худалдааны төвийг шатахад актлуулаад устгах байсан эд зүйлсийг дахин нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Эдгээр ээмэгнүүд харлаж, тортог болсон ээмэгнүүд байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст
багийн нутаг дэвсгэрт байрлах Мэнд-Амар ХХК-ний худалдааны төвд Б.Цэнгэл, Ү.Ганбаатар нар нь хоорондоо маргалдан Ү.Ганбаатар нь Б.Цэнгэлийн хоолойг боож, хэл амаар доромжилж танхайрсан гэх гомдолын дагуу шалгахад хэрүүл маргаан үүсгэсэн нь тогтоогдсон, Б.Цэнгэл, Ү.Ганбаатар нарын биед гэмтэл учраагүй, олон нийтийн газар жижгээр танхайрсан захиргааны зөрчил гаргасан байх тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэн Б.Цэнгэл, Ү.Ганбаатар нарт захиргааны арга хэмжээ авахыг хэрэг бүртгэгч, ахмад Ц.Ганчимэгт даалгасан Орхон аймгийн прокурорын тогтоол гарсан байна.
Шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1051 дугаартай дүгнэлтээр Б.Цэнгэлийн биед зүүн бугалганд цус хуралт үүссэн ба энэ нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэж, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1047 дугаартай дүгнэлтээр Ү.Ганбаатарын биед зүүн дээд зовхинд язарсан шарх, зөөлөн эдэд цус хуралт үүссэн ба энэ нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэсэн байна.
Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 1100-10252 дугаартай хэрэгт: ...Би ээмэг өлгөдөг төмрийг цааш түлхэхэд Ганбаатарын нүдэнд санаандгүй оногдож цохигдсон, түүнээс албаар түүнийг зодсон хүн байхгүй. Цэнгэл Ганбаатарт гар хүрээгүй гэх Д.Олзвойгийн тайлбар, ...Олзвой нь намайг хурц өнцөгтэй тавиур авч толгойн тушаа газар цохиж, гэмтээн хэл амаар доромжилсон гэх цагдаагийн газарт хандсан Ү.Ганбаатарын өргөдөл, ...Олзвой ах орж ирээд Ганбаа тэр хоёр бас маргалдан ээмэг зүүлт зүүдэг өлгүүрийг түлхэхэд Гамбаагийн хөмсөгний орчимд цохигдож бага зэрэг цус гарсан гэсэн Б.Цэнгэлийн тайлбар зэрэг бичмэл баримтуудаас дүгнэхэд 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохигчдын хооронд хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалсан маргаан гарсан ба Д.Олзвой нь ээмэг зүүлтний тавиурыг шидсэнээс Ү.Ганбаатар оногдож, түүний зүүн дээд зовхинд язралт үүсэж, ээмэгний өлгүүр эвдэрч, 6 нэр төрлийн ээмэг хугарсан байна.
Орхон аймгийн Цагдаагийн газраас эвдэрсэн эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон ба Найдвар Од аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр эд зүйлсийн үнэлгээг 304 000 төгрөг гэж тогтоосон байна.
Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалд Ү.Ганбаатар нь ээмэгний тавиурыг Цэнгэл шидсэн гэж тайлбар өгсөн боловч түүний цагдаагийн газарт өгсөн өргөдөл болон нэхэмжлэлийн шаардлага, шүүхэд мэдүүлсэн тайлбараас үзвэл Д.Олзвой нь ээмэгний тавиурыг Ү.Ганбаатар руу шидсэн үүний улмаас дээд зовхи нь язарсан болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Д.Олзвойгийн үйлдлээр ээмэгний тавиур болон зүүлттэй байсан ээмэгнүүд хугарсан байна гэж үзэв.
Хариуцагч нар нэхэмжлэгчийг Мэнд-Амар худалдааны төв шатахад актласан ээмэгнүүдээ устгалгүй дахин биднээс мөнгө нэхэж байна гэж тайлбарладаг боловч энэ талаар нотлоогүй, Найдвар Од аудит ХХК-ын үнэлгээний талаар маргаагүй.
Иймд хариуцагч нараас эвдэрсэн /ээмэгний тавиур, ээмэг/ эд зүйлийн үнэ 304 000 төгрөг, аудитын үнэлгээний зардал 10 000 төгрөг нийт 314 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжилсэн 9 770 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Томилогдсон иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, зохигчид иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хурлыг хийх боломжтой гэж зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс дутуу төлсөн 1 000 төгрөгийг нөхөн гаргуулж, урьдчилан төлсөн 9 770 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 10 770 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Ганбаатарт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Олзвой, Б.Цэнгэл нараас 314 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Ганбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 770 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ү.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1 000 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн санд оруулж, урьдчилан төлсөн 9 770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 10 770 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Ганбаатарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.АРИУНЦЭЦЭГ
Р.ҮҮРИЙНТУЯА