Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 0572

 

2016 оны 4 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2016/00572

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 27-06 тоотод оршин суух Зая овогт Чулууны Нармандах /ФВ:56040113/

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Хүсэлт гаргагч Ч.Нармандах шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Чулууны Нармандах нь Архангай аймгийн Булган сумын Тамир бригадад 1956 оны 04 дүгээр сарын 01-нд төрсөн. Намайг төрсөнөөс хойш төрсний гэрчилгээ авч байгаагүй. Ингэж явсаар БХЯ-ны сайдын 1973 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн н/110 дугаар тушаалаар Архангай аймгаас цэргийн албанд татагдан барилгын цэргийн 022 дугаар ангид байлдагчаар 1973 оны 06 сарын 15-ны өдрөөс цэргийн алба хаасан. Ингэхдээ надад ямарч бичиг баримт байхгүй байсан ба Сумангийн Нармандах гэж өөрийн төрсөн эцгийнхээ нэрээр овоглож цэрэгт явсан. Ингэж явсаар 1981 оны 01 сарын 17-ний өдөр анх паспорт авсан. Энэ үед аав ээж хоёр маань салсан байсан туд ээжийн нэрээр буюу Чулууний Нармандах гэж овоглон паспорт авсан юм. Анх паспорт авахаасаа өмнө 1978 оны 08 сарын 01-ний өдрийн Архангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 124 дүгээр тушаалаар ачигч, буулгагчаар ажилд орсон юм. Энэ үед паспортгүй байсан тул Сумангийн Нармандах гэж ааваараа овоглож ажилд орж байсан. Паспортоо авсанаас хойш хөдөлмөрийн дэвтэрээ нээлгэж Чулуун овгоор авсан байдаг. Ажлаасаа 1984 оны 09 дүгээр сарын 01-нд Архангай аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 323 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Үүнээс хойш Чулуун гэсэн овгоор явж байгаа. Иймд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Архангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 124 дугаар тушаалд Сумангийн Нармандахыг ачигч буулгагчаар ажилд авсан нь иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтэрт бичсэн овогтой тохирохгүй байгаа тул Архангай аймгийн нийтийн ахуйн үйлчилгээний газар 1978 оны 07 сарын 23-наас 1984 оны 08 сарын 29-нийг хүртэл ажиллаж байсан мөн Барилгын цэргийн 022 дугаар ангид 1973 оны 06 сарын 15-наас 1977 оны 03 сарын 31-нийг хүртэлх хугацаагаар ажилсан жилүүдийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зая овогт Чулууны Нармандах нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Ч.Нармандах нь 1973 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс Батлан хамгаалах яамны сайдын н/110 дугаартай тушаалаар цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 022 дугаар ангид байлдагчаар, 1975 оны 05 дугаар сарын 19-ны өдрөөс улирч бага түрүүч цолтой өрлөгчнөөр 1977 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл  ажиллаж байгаад ар гэрийн гачигдалаар ахлагч цолтой бэлтгэлээр халагдсан ба 1978 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт хот тохижолт иргэдийн үйлчилгээний салбарт, ачиг, буулгагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 124 дугаартай ажилд томилох тухай тушаал, мөн 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 232 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1552 дугаартай албан тоотоор, гэрч Н.Батсайханы Ч.Нармандахтай хамт Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт ажиллаж байсныг гэрчилсэн тодорхойлолт нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тус тус  батлагдаж байна.

Чулууны Нармандахыг Сумаагийн /Суумаа/ Нармандах гэж даргын тушаал болон архивын лавлагаанд бичигдсэн байх боловч түүний төрсөн эцэг Сумаагаар овоглож, хожим эх Чулуунаар овоглосон гэх тайлбар, хөдөлмөрийн дэвтрээр нотлогдож байна.   

Иймд Зая овогт Чулууны Нармандахыг 1973 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1977 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Барилгын цэргийн 022 дугаар ангид байлдагч, өрлөгчнөөр, 1978 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын хот тохижилт, иргэдийн үйлчилгээний салбарт ачигч, буулгагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Зая овогт Чулууны Нармандахыг 1973 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1977 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Барилгын цэргийн 022 дугаар ангид байлдагч, өрлөгчнөөр, 1978 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын хот тохижилт, иргэдийн үйлчилгээний салбарт ачигч, буулгагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.Нармандахын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                  ШҮҮГЧ                                        Л.АРИУНЦЭЦЭГ