Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2016/00886/И |
Дугаар | 11 |
Огноо | 2016-12-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 11
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ56122711, Тугтан овогт Балчигийн Гомбын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Гомбо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1956 онд төрсөн, 60 настай. Би 1977 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд барилгын салбарт ажилчнаар ажиллаж байгаад өмч хувьчлалын шийдвэрээр нэгдэл тараагаад одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд бичиг баримт бүрдэл дутуу, д хөдөлмөрийн дэвтэр усанд орсон тул бичиг үсэг нь танигдахааргүй баларсан байна. Халагдах тушаал гарсан боловч миний нэр уг тушаалд бичигдээгүй учир шүүхэд хандаж байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ц.Норов, Б.Балжинням нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Гомбо нь 1977 оны 9 дүгээр сарын 15-наас 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Балчигийн Гомбын 1977 оны 9 дүгээр сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Наранбулаг сумын Пионер нэгдлийн захиргаанаас Б.Гомбод 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт: “1977 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн барилгын салбарт ажилчнаар авч ажиллуулав, 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэх бичилттэй хэсэг усанд орсон, бичиг нь арилсан” гэжээ.
Түүнчлэн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1977 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаар “Гишүүдийг ажилд томилох тухай” тушаалд: “...Барилгын нэгдсэн бригадад ажилчнаар 4 дүгээр хавсралтад дурдсан 203, гишүүн, тариачин, ногоочин, жимсчнээр 37, бүгд 240 хүнийг томилсугай. 4 дүгээр хавсралтын 44-т Б.Гомбо” гэжээ.
Увс аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар “Хувьчлах төсөл батлах тухай” тогтоолд: “...Өмч хувьчлалын комиссын хурлаар Наранбулаг сумын Пионер нэгдлийн хувьчлалын төслийг хэлэлцээд ТОГТООХ нь: Нэгдлийн бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн хувьчлах төслийг зөвшөөрч хувьчлах хөрөнгийг 32885,2 мянган төгрөгөөр тогтоосугай...” гэжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Балжинням, Ц.Норов нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Балжинням “Миний бие нь 1988 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Намайг нэгдэлд тоо бүртгэгчээр ажилд ороход Ц.Гомбо нь Пионер нэгдлийн барилгын бригадад чулуу ачих, барилга барих, хашаа засч янзлах, грушик зэрэг туслах ажлуудыг хийдэг байсан. Ц.Гомбо бид 2 нэгдэл тарах хүртэл буюу 1992 он хүртэл Пионер нэгдэлд ажилласан. Тухайн үед Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргаар Орших, Цэвээн, Доржсүрэн, Сайнжаргал гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ц.Норов “Миний бие нь 1970 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн барилгын бригадад бригадын дарга, барилгачнаар ажиллаж байсан. Намайг нэгдэлд ажиллаж байхад Ц.Гомбо нь 1976 оноос Пионер нэгдлийн барилгын бригадад туслах ажилтнаар ажиллах болсон. Пионер нэгдэл нь барилгын нэг л бригадтай байсан ба Ц.Гомбо бид хоёр барилгын бригадад хамт ажиллаж байсан. Ц.Гомбо бид 2 нэгдэл тарах хүртэл буюу 1992 он хүртэл Пионер нэгдлийн барилгын бригадад ажилласан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Б.Гомбод Наранбулаг сумын Пионер нэгдлийн захиргаанаас 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр нь нөхөн бичилттэй байгаа боловч нэхэмжлэгч нь 1977 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Пионер нэгдэлд ажиллаж эхэлсэн болох нь Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1977 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаар “Гишүүдийг ажилд томилох тухай” тушаалын хуулбараар тогтоогдож байх тул хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийг үнэлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Гомбо нь 1977 оны 9 дүгээр сарын 15-наас 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажилчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Наранбулаг сумын Пионер нэгдлийн захиргаанаас түүнд олгосон хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1977 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаар “Гишүүдийг ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар “Хувьчлах төсөл батлах тухай” тогтоол, гэрч Б.Балжинням, Ц.Норов нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Гомбын хүсэлтийг хангаж, түүний 1977 оны 9 дүгээр сарын 15-наас 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажилчнаар 14 жил 6 сар 25 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Тугтан овогт Балчигийн Гомбын 1977 оны 9 дүгээр сарын 15-наас 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажилчнаар 14 /арван дөрөв/ жил 6 /зургаа/ сар 25 /хорин тав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Гомбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ