Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 858

 

 Б.Б, Ч.А нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Т.Оргил-Очир,

цагаатгагдсан этгээд Б.Бгийн өмгөөлөгч Ш.М,

цагаатгагдсан этгээд Ч.Агийн өмгөөлөгч Ц.Г,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 498 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Оргил-Очирын бичсэн эсэргүүцлээр Б.Б, Ч.А нарт холбогдох 201501000135 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          1. Н овогт Б.Б, 1989 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хэрэг бүртгэгч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ......................... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./,

          2. Ч овогт А, 1975 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Жирэм аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “Архорчин найман” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ......................... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........................../,

          Б.Б нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэгчийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 415 дугаар зүйлийн 415.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 414.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, хохирогч харилцан зөвшөөрч, хүсэлт гаргасан бөгөөд сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирлын талаар маргаангүй бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бөгөөд хэрэг бүртгэх ажиллагааг эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш нэн даруй гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчин иргэн С.Г-аас гаргасан бусдад зодуулж гэмтсэн гэх гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, С.Г  нь хохирлын талаар маргаантай, хохирогч, сэжигтэн нар харилцан зөвшөөрөөгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар буюу түргэн шуурхай шийдвэрлэж өгөхөөр амлан Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Ч.Аг хээл хахууль өгөхийг тулган шаардах буюу хясан боогдуулах замаар 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын гадна түүнээс 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан,

          Ч.А нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж буй “иргэн С.Г-ыг зодож түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэх гомдлыг өөрийн ашиг сонирхлын үүднээс түргэн шуурхай шийдвэрлүүлэхийн тулд уг гомдлыг шалгаж байсан хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бд 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын гадна 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  Нийслэлийн Прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар, Ч.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, Ч.А нарыг гэм буруугүйд тооцож, Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар шилжүүлэн ирсэн 1.000.000 төгрөгийг Ч.Ад буцаан олгож, Б.Б, Ч.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Т.Оргил-Очир бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 498 дугаар цагаатгах тогтоол нь хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлаагүй буюу хэргийн жинхэнэ байдалд эрх зүйн зөв үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Түүнчлэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэснийг зөрчин цагаатгах тогтоолыг 31 хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр улсын яллагчид гардуулжээ. Иймд анхан шатны шүүхийн дээрх цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, дараах байдлаар эсэргүүцэж байна. Үүнд:

1. Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт: “... шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “... Прокурорын яллах дүгнэлтэд орж байгаа гэрч гэх хүмүүс бүгд энэ хэрэгт холбогдолтой сэжигтнээр тооцогдсон хүмүүс юм. Холбогдолтой хүмүүсийг гэрчээр байцааж, түүнийг нь нотлох баримтаар оруулж ирсэн байдаг. ... Дотоод хяналт шалгалтынхан энэ хэрэгт холбогдолтой. Одоо бүгд гэрчээр тооцогдсон байгаа...” гэв.

Шүүгдэгч Ч.А мэдүүлэхдээ “... Тухайн үед Б.Б надаас 1.000.000 төгрөг нэхсэн, ямар учраас авч байгааг ойлгоогүй. Тийм учраас ханддаг газарт нь хандсан. Монгол улсын хууль дүрэм сайн мэдэхгүй, хаана хандах ёстойгоо мэдэхгүй учраас ...Цогтсайхан намайг дуудаж Цагдаагийн ерөнхий газарт авч очоод мэдүүлэг авсан. Гадаа дуудаж, гарч ирээд аваачиж өгөөрэй гэж хэлсэн. Намайг өг гэж хэлсэн гэж битгий хэлээрэй гэж дахин дахин шалсан. Ийм учраас би тухайн үед мэдүүлэг дээрээ Цогтсайханыг битгий өг гэж хэлсэн гэдэг мэдүүлгийг өгсөн. ... Өөрийгөө гэм буруугүй гэж бодож байна” гэв.

Мөрдөн байцаалтад С.Г-ын мэдүүлэг /1хх-208-209/, мөрдөн байцаалтад гэрч Р.Ц-ы мэдүүлэг /1хх-218-219/, мөрдөн байцаалтад гэрч Э.Б-н мэдүүлэг /1хх-221-222/, нэгжлэг хийх тогтоол /1хх-10/, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-9/, шинжээчийн дүгнэлт /3хх-170/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-11-14/, Ч.Агаас гаргасан баталгаа /1хх-24/, нэгжлэг хийх тогтоол /2хх-104/, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн А/94 дүгээр тушаалын хавсралт “Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дүрэм” /3хх-132-138/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-139-150/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж аваагүй, хууль зөрчсөн байх ба шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэхэд эргэлзээ төрж байна...

...Б.Бгийн албан тасалгаанд үзлэг хийсэн тэмдэглэлд: 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хийсэн үзлэгт гэрч Р.Ц  өөрөө оролцож гарын үсэг зурсан байна /1хх-5-6/. ... Энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй Р.Ц  гэгч албан тушаал, эрх мэдлээ ашиглан хэрэг бүртгэгч Б.Бгийн албан хэрэгт хөндлөнгөөс оролцож 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр гэрч Ч.Агаас 1.000.000 төгрөгийн авлига авсан мэтээр энэ үйл баримтыг зохион байгуулсан эргэлзээтэй байдал үүсч байна. /2хх-95/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж бэхжүүлэхийг хориглоно, мөн зүйлийн 7 дахь хэсэгт энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж хуульчилсан байна. Иймд дээр дурдсан нотлох баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзлээ...” гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Учир нь дээрх нотлох баримтуудыг “хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж аваагүй, хууль зөрчсөн” гэж дүгнэсэн байх боловч эдгээр нотлох баримтын алийг нь эсхүл бүгдийг нь ямар хуулийн зүйл, хэсэг, заалтыг хэрхэн зөрчиж цуглуулж бэхжүүлсэн гэж үзэж байгаа талаараа тодорхой дүгнээгүй буюу чухам юуг хууль зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Б.Бгийн албан тасалгаанд үзлэг хийсэн тэмдэглэлд: Р.Ц  гэгч нь оролцож гарын үсгээ зурсан /1хх-5-6/ нь үнэн боловч тухайн үзлэгийн ажиллагааг Р.Цогтсайхан явуулаагүй бөгөөд хуучнаар Мөрдөн байцаах газрын Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэсгийн мөрдөн байцаагч нь ямар нэгэн хууль бус арга, хэрэгслээр бус харин хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн Р.Ц гэгч нь дээрх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцоогүй бөгөөд түүнийг тухайн ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа хэргийн талаар гэрчээр байцааж мэдүүлэг авсан болно. Улмаар түүнийг гэрчээр байцааж мэдүүлэг авсны дараа “Ч.Аг гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж, зоригжуулан хатгагчаар хамтран оролцсон” гэх хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон холбогдуулан шалгасан тул 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ”  гэснийг зөрчөөгүй гэж үзнэ.

2. Мөн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “... хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амласан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба амласан байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна...” гэж дүгнэснийг дараах байдлаар эс зөвшөөрч байна. Үүнд:

С.Г ын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр өгсөн “... миний хувьд 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн төрсөн дүү Г ын хамтран амьдрагч Ч.Атай маргалдаж, тэрээр намайг зодсон учраас асуудлаа шалгуулахаар гомдол гаргасан. ...миний хувьд өөрийн гаргасан гомдлоо хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар ямар нэгэн хүсэлт бичгээр гаргаагүй. Би албан ёсоор гомдол, саналгүй болсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-208-209/ болон бусад баримтуудаар С.Г нь хохирлын талаар маргаантай, хохирогч, сэжигтэн нар харилцан зөвшөөрөөгүй байхад шүүгдэгч Б.Б нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 415 дугаар зүйлийн 415.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 414.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, хохирогч харилцан зөвшөөрч, хүсэлт гаргасан бөгөөд сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирлын талаар маргаангүй бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх бөгөөд хэрэг бүртгэх ажиллагааг эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш нэн даруй гүйцэтгэнэ.” гэж заасныг зөрчин хэргийг хялбаршуулсан журмаар шалгасан болох нь тогтоогджээ. Тэгээд ч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд заасан “хээл хахууль авах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг “...албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр ... хээл хахууль авсан” гэж тодорхойлсон байгаа нь заавал урьдчилан амласан байхыг шаардаагүй бөгөөд хэрэв урьдчилан амлахгүйгээр хээл хахууль авбал мөн адил гэмт хэрэгт тооцохоор ойлгогдож байна.

3. Мөн тогтоолын тодорхойлох хэсэгт “... шүүгдэгч Ч.А нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн, шүүх хуралдаанд би Монгол улсын хууль тогтоомжийг мэдэхгүйгээс ийм байдалд хүрлээ гэж эргэлзээтэй мэдүүлэг, тайлбарыг өгч байна...” гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагч, шүүгдэгчээр оролцож байгаа этгээд нь үнэнийг мэдүүлэх үүрэггүй бөгөөд хэрэв худал мэдүүлбэл түүнд хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл байхгүй тул Ч.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн эрхээ эдэлж, хэргийн талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Түүнчлэн дээрх хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн байцаалт явуулсан бөгөөд харин хэрэг бүртгэлт явуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.    

4. Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “... мөн хавтаст хэргийн 10 дугаар талд “нэгжлэг хийх” тогтоолыг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Ц оор батлуулснаар авагдсан байх боловч 3 дугаар хавтаст хэргийн 170-176 дугаар талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 3991 тоот шинжээчийн дүгнэлтээр прокурор О.Ц-оор батлуулаагүй болох нь няцаагдаж байна. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 133.1 дэх хэсэгт “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хураан авах, нэгжлэг хийх тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж, прокуророор батлуулах ба уг ажиллагаа эхлэхийн өмнө холбогдох этгээдэд уншиж сонсгоно” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна...” гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна.

Хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар талд буй нэгжлэг хийх тогтоолд прокурорын гарын үсгийг дуурайлган зурсан гэх асуудал нь дээрх хэргээс тусдаа буюу холбогдох байгууллагад жич шалгуулахаар шилжүүлсэн асуудал бөгөөд уг тогтоолыг нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй буюу нотлох баримтаар тооцохгүй байхад хэргийн шийдвэрлэлтэнд нөлөөлөхгүй юм. Учир нь дээрх хэргийн мөрдөн байцаалтын явцад М.О гэгчийг “Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Ч.А-с хэрэг бүртгэгч Б.Бд 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгч, Б.Б түүнээс хээл хахууль авахад албан тушаалын байдлаа ашиглан зуулчилсан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан холбогдуулан шалгаад, түүнд холбогдох хэргийг прокуророос 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ба тухайн нэгжлэг хийх тогтоол нь яллагдагчаар шалгагдсан М.О-д холбогдох хэрэгт хамааралтай бөгөөд харин Б.Б, Ч.А нарт холбогдох хэрэгт хамааралгүй  юм. Түүнчлэн мөрдөн байцаах газрын тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагч нар нь дээрх тохиолдолд нэгжлэг хийх ажиллагааг хойшлуулшгүйгээр буюу 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 133 дугаар зүйлийн 133.2 дахь хэсэгт заасан “Хойшлуулшгүй тохиолдолд хураан авах, нэгжлэг хийх ажиллагааг шууд, эсхүл шөнийн цагаар гүйцэтгэж, энэ тухайгаа 24 цагийн дотор прокурорт мэдэгдэнэ” гэсний дагуу хийж гүйцэтгэсэн байгаа нь прокуророор тогтоолыг урьдчилан батлуулах шаардлага, үндэслэлгүй юм.

5. Цагаатгах тогтоолд “Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5, 36.6, 36.7, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон” гэж, мөн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “2015 оны Шинэчлэн найруулсан Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, Ч.А нарыг гэм буруугүйд тооцсугай” гэж хүчингүй болсон хуулийг үндэслэн удирдлага болгож хэргийг шийдвэрлэжээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 498 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Бгийн өмгөөлөгч Ш.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо хүчингүй болсон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг удирдлага болгож шийдвэрлэсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзэж байна. Хуулийн нэрийг андуурч бичсэн нь техникийн шинжтэй, засаж залруулж болох алдаа тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудлыг дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй юм. Ч.Ад холбогдох хэргийг шалгах явцдаа Б.Бг 1.000.000 төгрөгийн хээл хахууль хясан боогдуулах замаар авсан гэж үзэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх явцдаа “хууль зөрчиж цугларсан нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж дүгнэсэн. Харин өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар өмгөөлөл явуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6, 7 дахь заалтууд бүгд зөрчигдсөн байгаа нь хэрэг шалгах явцад хангалттай тогтоогдсон. Ц нь Цагдаагийн ерөнхий газар ажилладаг ба Ч.Атай танилууд болох нь тогтоогдсон. Ч.А нь Цогтсайханаас 1.000.000 төгрөгийн асуудлыг хэрхэх талаар асуухад, мөнгөний зургийг аваад, “аваачиж өгөөд асуудлыг шийдвэрлээд үз, бид нар энд нь арга хэмжээ авна” гэдэг зүйл ярьчихаад араас нь очиж, нэгжлэг хийсэн асуудал гарсан. Харамсалтай нь нэгжлэг хийх зөвшөөрөл олгосон прокурорын тогтоолд хуурамч гарын үсэг зурсан нь тогтоогдсон. Улсын яллагч анхан шатны шүүх хуралдаанд тухайн нэгжлэг хийлгэх тогтоолыг яллах гол нотлох баримтаа болгож, шүүмжлэлийн шатанд оролцсон. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байгаа. Уг хууль бус нэгжлэг хийх тогтоолыг үйлдсэн хүн нь Одонхүү гэж хүн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Гэтэл прокуророос өөр хэрэгт холбогдолтой нотлох баримтыг энэ хэрэгт оролцуулж анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь буруу гэж үзэж байна. Тэр тогтоол нь өөр хэргийн бүрэлдэхүүнтэй хэдий ч энэ хэрэгт нотлох баримт болох үндэслэлгүй юм. Ч.А хууль мэдэхгүй гэдэг зүйл ярьдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцно гэж заасан. Гэхдээ энэ нь дангаараа яллах үндэслэл болохгүй ч гэсэн сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцно гэж заасныг бид үгүйсгэж болохгүй. Иймд прокурорын эсэргүүцлийн энэ хэсэг үндэслэлгүй болох нь харагдаж байна. Хахуульд авсан 1.000.000 төгрөг яасан бэ гэдэг асуудал яригдаад байна. 1.000.000 төгрөгийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч Ганцацралд шилжүүлж өгснөөр энэ хэрэг хаагдах ёстой байсан эсэхэд маргаан гарч байгаа. Гэтэл энэ хээл хахуулийн хэргийг шалгах явцад Ганцацралд Ч.Агаас дахин 1.000.000 төгрөг гаргуулж өгөөд, Ганцацрал нь гомдолгүй гээд хэргээ хаасан. Гэтэл үүнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж урьдчилан амласан гэсэн зүйл яригддаг. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэгт хохирол төлбөрөө төлөөд хохирогч, сэжигтэн, яллагдагч эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байгаа. Энд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх ямар ч шаардлага байхгүй. Хөнгөн гэмт хэрэгт хохирлыг нь барагдуулаад, хохирогч нь гомдол, саналгүй гэдгээ илэрхийлээд хэрэг хаагдах ёстой. Гэтэл хээл хахуульд авсан гэх 1.000.000 төгрөгийг хээл хахуульд авсан гэж үзэж байсан бол тухайн мөнгийг Ганцацралд өгөх эсэх ажиллагааг эцэст нь хүртэл явуулаагүй атлаа хувийн сонирхолтой этгээд болох Цогтсайхан очиж гүйцэтгэх ажиллагаанд оролцсон нь хууль зөрчсөн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж шүүх үзсэн нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу анхан шатны шүүхэд санал тавьж, шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ч.Агийн өмгөөлөгч Ц.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг нотлох баримтад тулгуурлаагүй, хэргийн жинхэнэ байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэх мэт 5 үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байна. Прокурорын эсэргүүцлийн үндэслэх хэсэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж аваагүй, хууль зөрчсөн гэж дүгнэсэн байх боловч эдгээр нотлох баримтын алийг нь эсхүл бүгдийг нь ямар хуулийн зүйл заалтыг хэрхэн яаж зөрчсөнийг, мөн цуглуулж бэхжүүлснийг энэ талаар тодорхой дүгнээгүй, яг юуг хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ. Гэтэл цагаатгах тогтоолын үндэслэл хэсэгт хуулийн зүйл заалтыг тодорхой зааж өгсөн. Мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амласан гэсэн зүйлийг дурдсан нь буруу байна гэсэн агуулгаар бичсэн байна. Гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийнэ гэдэг нь өөрөө үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Г , Ч.А нарын хэргийг шийдвэрлэхээр урьдчилан амлах ямар ч боломжгүй. Г  нь өөрөө хохирлоо аваад гомдол саналгүй гэснээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэрэг хэрэгсэхгүй болох үндэслэл бий болох байсан. Гэтэл хохирлыг нь өгөөгүй байхад энэ ажиллагаа хийгдсэн гэж ойлгох боломжгүй юм. Яагаад гэвэл Г-ын гомдол, саналгүй, хохирол төлбөргүй гэсэн баримтгүйгээр энэ хэрэг шийдвэрлэгдэх боломжгүй байсан. Ч.Агийн үйлдэлд Ц-ы асуудал яригдана. Ц нь анх эрүүлжүүлэх байрнаас Ч.Аг авсан. Мөн тусгай субъектийн төлөвлөгөө хэрэгжихээс өмнөх өдрийн төлөвлөгөөн дээр гарын үсгээ зурж баталгаажуулсан. Процесс зөрчсөн гээд байгаа нэгжлэг хийх прокурорын тогтоолыг хуурамчаар үйлдсэн ба үүнд прокурор гарын үсэг зураагүй нь тогтоогдсон. Цагдаагийн хэлтэс Б.Бтой хамт ажиллаж байсан О-ийн гарын үсэг нь байна гэж тогтоогдсон. Гэтэл Одонхүү нь Б.Бг 500.000 төгрөг яаралтай хэрэгтэй байна гээд шахсаар байгаад авсан үйлдэл харагддаг. Тэгэхээр үүнээс харахад урьдчилан тусгай субъектийн хийж байгаа үйлдэл нь магадгүй О өөрөө тусгай субъектэд үүрэг гүйцэтгэдэг байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна. Урьдчилаад Ч.Агийн хүсэл зоригоос гадуур хийгдсэн үйлдэл байна гэж харагдаад байна. Цагаатгах тогтоолын үндэслэх хэсэгт Г гэх хохирогчийн нэхэмжлээд байгаа 1.000.000 төгрөгийн хэмжээ нь Ч.Агийн авчирч өгсөн 1.000.000 төгрөгийн хэмжээтэй тохирч байгаа. Иймд үнэхээр тэр мөнгийг аваад хохирогчид өгөөд, хэргийг нь хааж байна уу, эсхүл төлөхгүйгээр хэргийг нь хэрэгсэхгүй болгох тогтоол үйлдсэн үү гэх үйлдлийг төгсгөх ёстой байсан ба ингэснээр тухайн асуудал тодорхой болох ёстой. Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 Прокуророос Б.Бг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэгчийн албан үүргийг гүйцэтгэж байхдаа  иргэн С.Г-аас гаргасан бусдад зодуулж гэмтсэн гэх гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, С.Г нь хохирлын талаар маргаантай, хохирогч, сэжигтэн нар харилцан зөвшөөрөөгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар буюу түргэн шуурхай шийдвэрлэж өгөхөөр амлан Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Ч.А -гаас хээл хахууль өгөхийг тулган шаардах буюу хясан боогдуулах замаар 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын гадна 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар,

Ч.Аг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж буй “иргэн С.Г-ыг зодож түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэх гомдлыг өөрийн ашиг сонирхлын үүднээс түргэн шуурхай шийдвэрлүүлэхийн тулд уг гомдлыг шалгаж байсан хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бд 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын гадна 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж,  яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэсний дагуу Б.Б, Ч.А нарыг гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна гэж дүгнэж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү Б.Б, Ч.А нарыг гэм буруугүйд тооцож,  тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”  байна гэж  гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудыг дурдаж “... дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж аваагүй, хууль зөрчсөн байх ба шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэхэд эргэлзээ төрж байна...” гэж бүх баримтуудыг эргэлзээтэй гэж дүгнэсэн байх ба уг баримтуудыг хэрхэн үнэлсэн, ямар нөхцөл байдлын улмаас ач холбогдолтой, үнэн зөв эсэхэд эргэлзээ төрж байгаа эсэх, яллах талын нотлох баримтуудыг хэрхэн няцааж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, шинжлэн судалсан бүх нотлох баримтуудыг эргэлзээтэй гэж дүгнэсэн нь  үндэслэлгүй байна. 

Тухайлбал; хэрэгт үзлэг,  нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн  үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 6- ны өдрийн А/94 дүгээр тушаалын хавсралт, Дотоод шалгалт, аюулгүй байдлын газрын дүрэм зэрэг баримтуудыг ямар үндэслэлээр эргэлзээтэй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хэрхэн үнэлж дүгнэсэн нь  цагаатгах тогтоолоос харагдахгүй байна.

Мөн шүүхээс “... гэмт хэргийн талаарх гомдлыг шалган шийдвэрлэхдээ хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амласан байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна...” гэж дүгнэхдээ улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгасан яллах талын нотлох баримтуудад няцааж, үгүйсгэсэн дүгнэлт хийлгүй, зөвхөн Цагдаагийн байгууллага дээр явагдсан ажиллагааг хуулийн дагуу явагдаагүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

 Түүнчлэн анхан шатны шүүх “... Ч.А нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд зөрүүтэй мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд “... би Монгол улсын хууль тогтоомж мэдэхгүйгээс ийм байдалд хүрлээ...” гэж эргэлзээтэй мэдүүлэг өгсөн...” гэсэн дүгнэлт хийсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...” гэж зааснаар шүүгдэгч Ч.А нь заавал үнэн, зөв мэдүүлэг өгөх үүрэггүй ба тэрээр худал мэдүүлснээр хохирогч, гэрч нарын нэгэн адил хуулийн хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй тул Ч.Агийн мэдүүлгүүд зөрүүтэй гэх зүйлийг анхан шатны шүүх цагаатгах тогтоолынхоо нэг үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Мөн гэрчээр Р.Ц-ны “... Ч.А над руу залгаад “Б.Б гэж байцаагч намайг гадаадын харъяатын албанд мэдэгдэж хөөж гаргана, эсвэл шоронд явуулна гээд байна, хэлсэн мөнгийг нь олж өгмөөр байна, мөнгө бол олдоно, нутаг руу явуулчихвал хэцүүднэ” гэсэн зүйл ярихаар нь “чи мөнгө төгрөг өгч болохгүй, өөрөө хэрэгт орно шүү” гэж анхааруулсан..., ... Бат-Эрдэнэ дэд хурандаа бид хоёр Ч.Ад мөнгө өгч болохгүй шүү гэж анхааруулж хэлсэн...” гэх /1хх-218-220/,

Гэрчээр Э.Б-ийн “... 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 10 цагийн үед Ч.Агаас болсон асуудлыг тодруулж асуугаад мөнгө төгрөг өгч болохгүй, хэрвээ бусдад хээл хахууль өгвөл Монгол улсын Эрүүгийн хуулиар өөрөө бас давхар хариуцлага хүлээдэг талаар хэлж ойлгуулсан ...” гэх /1хх-221-222/ мэдүүлгүүдээс харахад Ч.А нь хээл хахуулийн мөнгө өгөх гэж байгаагаа мэдэж байсан, Р.Ц , Э.Б нар дараа нь гарах үр дагаварын талаар хэлж, анхааруулсаар байтал Б.Бд мөнгө өгсөн үйлдлийг түүний хүсэл зоригоос гадуур хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Бгийн албан өрөөнд 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр үзлэг хийх үед Р.Ц байлцсан нь үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зурснаар нотлогдож байх боловч уг үзлэгийг Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод шалгалт, аюулгүй байдлын газраас явуулаагүй, харин мөрдөн байцаах газрын Тусгай субъектын гэмт хэрэг мөрдөх хэлтсээс явуулсан байх тул түүнийг үзлэгт оролцсон, үзлэг хийсэн гэж үзэх үндэслэл болохгүй. 

Мөн Ч.А нь Б.Бд 1.000.000 төгрөг өгснөө Р.Ц-д 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 13 цаг 30 минутад утсаар хэлж, Р.Ц хэлтсийн дарга Н.Б-д танилцуулснаар хойшлуулшгүй ажиллагааг 14 цагт эхлүүлж Б.Бгийн албан өрөөнд үзлэг, М.О-ийн албан өрөөнд нэгжлэг хийснийг болон нэгжлэг хийх тогтоолд прокуророор гарын үсэг зуруулаагүйг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд прокурорын гарын үсгийг дуурайлган зурсан гэх асуудал нь дээрх хэргээс тусдаа асуудал буюу холбогдох байгууллагад жич шалгуулахаар шилжүүлсэн гэж прокурор тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлтэй гэж үзнэ.

   Иймд дээрх баримтууд нь Б.Б, Ч.А нарт холбогдох эрүүгийн хэргийг цагаатгах үндэслэл болохгүй юм. 

Түүнчлэн   Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор “... шүүх Ч.Агийн гэрчээр өгсөн “... Б.Б нь намайг цагдаагийн хэлтсийн хажууд байрлах Монгол зоог ресторан руу дагуулж ороод “халхын шорон хэцүү шүү, мэдэж байгаа биз дээ” гэхээр нь “заавал шоронд явуулах шаардлагатай юм уу, авараач” гэж гуйсан. Тэгтэл Б.Б нь “чи тэгвэл хэдэн төгрөг гаргаж чадах юм” гэж асуусан, миний хувьд хохирлын мөнгө нэмж өгөх гэж ойлгоод “500.000 төгрөг өгч чадна” гэхэд Б.Б нь “битгий доромжлоод байгаарай, С.Г-аас доогуур үзээд байна уу” гэхээр нь мөнгө олдохгүй байна гэхэд “битгий олон юм яриад бай, одоо яваад 1.500.000 төгрөг олоод ир” гэсэн. Энэ үед би хохирлын мөнгө яриагүй юм байна гэж ойлгосон” гэсэн, мөн гэрч Р.Ц-ны “...Ч.А над руу залгаад Б.Б гэж байцаагч намайг гадаадын харъяатын албанд мэдэгдэж хөөж гаргана, эсхүл шоронд явуулна гээд байна, хэлсэн мөнгийг нь олоод өгмөөр байна, мөнгө бол олдоно, нутаг руу явуулчихвал би тэндээ хэцүүднэ гэж ярьсан” гэсэн мэдүүлгүүдийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгээгүй атлаа “Б.Б нь хясан боогдуулах замаар хээл хахууль авсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна” хэмээн дүгнэж, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсгийн шаардлагыг зөрчсөн,    

Нөгөөтэйгүүр, Ч.А нь Б.Бд мөнгө өгөхөөс өмнө болон дараа нь цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газарт хандсан үйл баримттай холбогдуулан түүнд гэмт хэрэгт үйлдэх субъектив санаа зорилго байсан эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай...” гэсэн үндэслэлүүдээр хэргийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн.

Гэтэл анхан шатны шүүх хяналтын шатны шүүхийн дээрх тогтоолд дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон дээр дурдсан мэдүүлгүүдийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгээгүй,  хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа Б.Б, Ч.А нарт холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзлээ. 

 Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 498 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Б, Ч.А нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 498 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Б, Ч.А нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Б.Б, Ч.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Т.ӨСӨХБАЯР

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН