Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 899

 

       Г.Б-, Б.М-, Д.О-, Б.Ц-,

       Э.Л- нарт холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор М.Хэрлэнчимэг,

шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Г.Цагаан,

шүүгдэгч Б.М- өмгөөлөгч О.Баяраа,

хохирогч Д.Г-, Л.Л- нарын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны  2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 565 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Г.Цагаан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Б-, Б.М-, Д.О-, Б.Ц-, Э.Л- нарт холбогдох 201625010760 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Б-, Б.М-, Д.О-, Б.Ц-, Э.Л- нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансар үйлчилгээний төвийн хажууд хохирогч Д.Г-, Л.Л- нарын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Г.Б-, Э.Л- нар нь Л.Л- зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан, “Sky” загварын цагаан өнгийн гар утас, бэлэн 100.000 төгрөг зэргийг дээрэмдэн авч 270.000 төгрөгийн, Б.М-, Д.О-, Б.Ц- нар нь Д.Г-ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан, “IPhone 5s” загварын цагаан өнгийн гар утас, бугуйн цаг, түрийвч, савхин бээлий зэргийг дээрэмдэн авч 585.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Б-, Б.М-, Д.О-, Б.Ц-, Э.Л- нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Э.Л-од прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, Г.Б-, Д.М-, Д.О-, Б.Ц- нарт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, тэдгээрийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-ийн цагдан хоригдсон 68 хоног, Б.М-, Д.О-, Б.Ц- нарын тус бүр цагдан хоригдсон 72 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Э.Л- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Э.Л-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б-, Б.М-, Д.О-, Б.Ц- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөн байцаалтанд надаас 3 удаа байцаалт авсан. 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр эхний удаа байцаахдаа өмгөөлөгч авах боломж олгоогүй бөгөөд эрүүгийн төлөөлөгч нар “бусад чинь хэргээ хүлээсэн” гэж намайг бороохойгоор зодож, үг зааж өгсөн. 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хоёр дахь удаа байцаахад нь өмгөөлөгч авна гэдгээ хэлсэн. Ингээд 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн байцаалтанд өмгөөлөгч О.Цэрэнпунцагийг оролцуулсан. Намайг зодож хэрэг хүлээлгэсэн тухайгаа өмгөөлөгчдөө хэлэхэд тэрээр энэ талаар гомдол гаргасан. Гэвч холбогдох эрх бүхий албан тушаалтнаас ямар нэгэн хариу өгөөгүй. Харин хэргийн материалтай танилцах үеэр цагдаагийн хэлтсийн даргаас мөрдөн байцаагч М.Бат-Эрдэнийг миний биед гэмтэл учруулсан гэсэн шалтгаанаар 1 сарын цалинг 20 хувиар бууруулсан байсан. Би зодоонд оролцоогүй, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлсэн. Хэрэг гарсан өдөр Э.Л- бид хоёр тэр гурвын зодооныг салгасан болохоос биш зодоонд оролцоогүй. Миний бие хийгээгүй хэрэгтээ ял эдэлж байгаад гомдолтой байна. Иймд хэргийн үнэн бодит байдалд дүгнэлт хийж, намайг хорих ял эдлүүлэхгүй байхыг хүсье...” гэв.

Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Г.Цагаан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдгээрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, энэ нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа талаар ялгавартайгаар дүгнэлт хийгээгүй тул шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

1. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн болох нь:

Г.Б-ийг сэжигтнээр тооцсоноос хойш 3 удаа мэдүүлэг авсан бөгөөд эхний 2 удаагийн мэдүүлгийг өмгөөлөгчгүйгээр авсан. Тэрээр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “...намайг найз охинтойгоо утсаар ярьж байхад тэр 4 хүн дээрэмдэх талаар ярьсан юм шиг байсан. Замдаа хүн тааралдвал зодоод, эд зүйлсийг нь дээрэмдье гэсэн. Би тухайн үед ямар учиртайг нь асууж байгаад хамт дээрэм хийхээр болсон...” /1хх-ийн 115-117/, 

Мөн “...байцаагч “цаасан дээр бичсэн хэргийг чи үйлдсэн биздээ” гэхэд “би хүнтэй муудалцаж, хэрэг хийгээгүй” гэхэд “худал хэлээд бай, бусад чинь хэргээ хүлээчихсэн, чи хэргээ хүлээх л үлдээд байна” гээд гадуур хувцсыг тайлуулж байгаад 2 гарын ар, хуруу, гуя руу цахилгаан бороохойгоор цохисон. Одоо доошоо буугаад ингэж мэдүүлээрэй гэж үг зааж өгсөн. Тэгээд Төгсбаясгалан байцаагчид хэлснээр нь өгсөн...” /1хх-ийн 192-193/ гэдэг.

            Мөрдөн байцаагчийн дээрх үйлдлээс үзэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг цуглуулахдаа хүний амь нас, эрүүл мэндэд аюултай, ... хүнлэг бус хэрцгий хандах, айлган сүрдүүлэх, мэдүүлэг тайлбар ... гаргуулахаар тулган шаардах ... зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг ноцтойгоор зөрчжээ.

            Түүнчлэн хохирогч Д.Г-ийн өгсөн “...Сансарын колонк руу явж байхад урт хар куртик өмссөн 173-175 см өндөртэй залуу ирээд мөрлөсөн. Хойноос нь урт хоолойтой цамцтай 20 орчим насны залуу намайг заамдаж, урт куртиктэй залуу нь миний нүд рүү 2-3 удаа цохисон...” /1хх-ийн 44-49/, хохирогч Л.Л- өгсөн “...Сансарын колонк руу явж байхад 20-21 насны хар куртик өмссөн залуу ирээд намайг мөрлөсөн, хамт явж байсан 20-21 орчим насны залуу миний нүд рүү гараараа 1 удаа цохихоор нь нүдээ дартал, намайг эхлээд мөрлөсөн залуу нь миний баруун шанаа руу цохисон. Намайг газар унахад 3 залуу нийлээд миний толгой руу өшиглөсөн. Д.Г-ийг 20-21 насны 2 залуу газар унагаасан байдалтай зодсон...” /1хх-ийн 49-57/ гэсэн мэдүүлгүүд байдаг.

            Г.Б- нь энэ хэргийн хохирогч болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

            Тэрээр анх удаа мэдүүлэг өгөхдөө болсон явдлыг үнэнээр нь хэлсний төлөө цахилгаан бороохойгоор зодуулсан. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн 4908 тоот дүгнэлтээр түүний биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэдэг.

Харин 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга Т.Дамбийням нь мөрдөн байцаагч М.Бат-Эрдэнэд сахилгын шийтгэл оногдуулахдаа Г.Б-ийн биед гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээ тушаалдаа тодорхой заасан байдаг.

            Г.Б-ийн биед гэмтэл учирсанаас хойш цаг хугацааны хувьд 44 хоногийн дараа шинжээчийн дүгнэлт гарсан ба уг дүгнэлтээр “...баруун, зүүн бугалганд нөсөө бүхий гэмтэл...” тогтоогдлоо гэдэг. Тухайн үед Г.Б-ийн биед учирсан гэмтэл нь “гэмтлийн хөнгөн зэрэгт” хамаарах боломжтой байсан гэж үзэж байна.

Энэ хэргийн талаар газар дээр нь харсан гэрч байдаггүй. Хохирогч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “...биднийг 3 залуу бүлэглэн зодсон, Л-, Б- нар нь тэднийг салгасан...” гэж удаа дараа мэдүүлсээр байхад шүүх Э.Л-ыг гэм буруугүй гэж, Г.Б-ийг бүлэглэн оролцсон гэж дүгнэсэн нь шударга бус болсон.

2. Шүүхээс 2 удаа хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан боловч Г.Б-д холбогдох хэрэг нотлогдоогүй. Г.Б- нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт  “...Л- бид хоёр урд явж байхад хойно явж байсан хүмүүс маргалдаад байхаар нь эргэж харахад М-, Ц-, О- нар зууралдаж байхаар нь очиж салгасан...” /1хх-183-184/ гэж мэдүүлдэг.

Мөн улсын яллагчаас “ямар хувцастай явсан бэ” гэсэн асуултад Г.Б- “богино цэнхэр куртик, саарал саравчтай малгай, цагаан пүүз, хар өмдтэй, доогуураа хар нимгэн цамц, футболктой явсан” /1хх-189/ гэдэг.

Шүүгдэгч Э.Л-оос “...маргаан, зодоон болж байгаа газраас 50 метрийн зайтай урд нь Б- бид 2 хамт явж байсан. Б- бид 2 очиж салгасан. Хохирогч нарыг 2-3 залуучууд зодож, хөнгөн гэмтэл учруулж дээрэмдсэн...” гэж мэдүүлж байгаа нь Б- оролцоогүй гэдгийг нотолж байна. Нөгөө талаар хохирогч нар тэднийг таних боломжгүй харанхуй байсан гэж мэдүүлдэг бөгөөд тэднийг өмсөж явсан хувцасны өнгөөр нь таниж олсон гэдэг.

Г.Б-ийн биед хийсэн үзлэгээс хохирогч нарын дээрэмдүүлсэн гэх эд зүйл гараагүй. Анхан шатны шүүх 2 удаа хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаахдаа 5 үндэслэлийг зааж, тэдгээрийг тогтоох шаардлагатай гэж үзсэн. Гэвч яллагдагч тус бүрийн үйлдэл оролцоо, хэн хэнтэйгээ бүлэглээд хэнд ямар хохирол учруулсан нь болохыг, мөн хохирогч Д.Г-, Л.Л- нарын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж зодсон, дээрэмдсэн болохыг хангалттай тогтоож чадаагүй. Ялангуяа Г.Б-ийн гэм буруу, үйлдэл оролцоог тогтоож чадаагүй байна.

2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт Г.Б- нь “...бид бөөнөөрөө Сансарын тунель рүү явж байсан. Урд нь Л- бид хоёр, хойноос М-, Ц-, О- нар явж байсан. Гэтэл хойно орилолдоод байхаар нь эргээд харахад хүмүүс хоорондоо зодолдож байсан. Л- бид хоёр больцгоо гэж хэлсэн. Тэр үед 1 гар утас газар унасан байна гэхээр нь доош харахад цагаан өнгийн “Sky” загварын утас байсан. Манай найз нарын нэгнийх нь утас гэж ойлгоод аваад цааш явж байхад М- түрүүний утсаа яасан бэ гэхэд нь би өгсөн...” гэж,

Шүүгдэгч Э.Л- нь “...бид нарыг тунель дээр явж байхад хойноос мөрлөсөн. Б- бид хоёрыг эргээд харахад тэд нар хүмүүстэй барилцсан байсныг салгаад зугтаасан...” гэж,

Хохирогч Л.Л- нь “...Г- бид хоёрыг Сансарын тунелийн шатаар бууж явахад нэг банди намайг мөрлөсөн, нэг нь заамдаж авч газар унагаан дэвссэн. Хэн болохыг мэдээгүй...” гэж,

Хохирогч Б.Г- нь “...эд нарын нэг нь Л- хойноос мөрлөсөн. Хэн нь эхэлж мөрлөснийг санахгүй байна. О- нь “юу гээд байна” гээд миний хоолойг боосон. Гэтэл хойноос хэн нь мэдэгдэхгүй нэг нь намайг цохиж газар унагаасан. Тэгээд миний хоёр талаас өшиглөсөн. Тэр үед хэн нь намайг өшиглөж байгааг мэдээгүй...” гэж тус тус мэдүүлсэн.

Яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, яллагдагч тус бүрийн үйлдлийг тодорхой нотолж чадаагүй, хэн хэнтэйгээ бүлэглээд хэнд ямар хохирол учруулсан нь тодорхой бус, Д.Г-, Л.Л- биед хэн нь гэмтэл учруулсан болохыг 2 өөр байдлаар заасан байдаг.

3. Шүүхээс Г.Б-д ял оногдуулахдаа мөрдөн байцаалтанд хууль зөрчиж авсан мэдүүлгийг үндэслэл болгосон. Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын мэдүүлгүүд эрс зөрүүтэй, шинжээчийн дүгнэлт бодитой биш байхад мөрдөн байцаалтанд хууль зөрчиж авсан мэдүүлгээр Г.Б-д ял халдаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчлөө.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан “нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолын Г.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.М- өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Б.М- нь хүн зодсон талаар мэдүүлэг өгдөггүй. Харин Г.Б-, Б.М- хоёрын дунд гар утас дамжигдсан асуудал байдаг. Тухайн гар утсыг цагдаагийн хэлтэс дээр хураалгасан. Б.М- хувьд гэм буруугийн асуудалд маргадаггүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг үндэслэн түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье...” гэв.

Хохирогч Д.Г-, Л.Л- нарын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Харин шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч Э.Л-ын биеийн байцаалтыг бичихдээ урьд 1 удаагийн ял шийтгэлтэй гэж буруу бичигдсэн байсан.  Хохирогч нар анхнаасаа гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын талаар тогтвортой мэдүүлдэг. Анхан шатны шүүх гэрч, хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын биеэс дээрэмдсэн эд зүйл гарч ирсэн байдал зэргийг үндэслэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн. Өмгөөлөгч Г.Цагаан нь “мөрдөн байцаалтын явцад Г.Б-ийг зодож авсан мэдүүлгийг үндэслээд хэргийг шийдвэрлэлээ” гэх боловч хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Г.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон гэж үзэж байна. Хохирогч Д.Г-, Л.Л- нар нь мэдүүлэхдээ “5 хүн байсан, хоёр хоёроороо зодоод байсан. Харин дунд нь нэг нь гүйгээд байсан” гэдэг. Шүүх хуралдаан дээр дунд нь гүйгээд байсан Э.Л-ыг салгах үйлдэл хийж байсан гэж үзээд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгч “гэм буруугаа хүлээж байна уу” гэж асуухад хэн ч хүлээдэггүй бөгөөд “бид нар бүгд зодоон хийсэн, зодоон дундаа 2 гар утас олсон” гэдэг. Гэтэл хохирогч Д.Г- мэдүүлэхдээ “миний гар утас унахааргүй далд байсан, халаасны цоорхойгоор орсон утас унах ямар ч боломж байхгүй” гэж, хохирогч Л.Л- мэдүүлэхдээ “Наадах чинь гар утсаа зуураад тавихгүй байна, сайн өшиглөөд бай, цохиод бай гээд улам хүчтэй зодоод байсан” гэдэг. Иймээс хүч хэрэглэсэн үйлдэл нь хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн хохирогч нараас авсан эд зүйл нь шүүгдэгч нарын биеэс гардаг. Харин Б.М- өөрийн биеэс гарч ирсэн гар утсаа Г.Б-ээс авсан гэж хэлдэг. Г.Б- нь болохоор “гар утсыг газраас олсон бөгөөд Б.Мөнхтулгыг наашаа өгчих гэхээр нь өгсөн” гэдэг. Шүүх хуралдаанд эдгээр 2 шүүгдэгчийн ярьсан зүйлд зөрүү гарч ирдэг. Хэрвээ зодоон дундаа гар утас олсон юм бол яагаад тэр гар утсыг хашаа давуулж шидсэн юм бэ. Хохирогч нарын биш өөр хэн нэгэн хүний гар утсыг газраас олсон бол тэд нар хашаа давуулж шидэх байсан уу. Энэ мэт нөхцөл байдлуудаас дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдож байна...” гэв.

Прокурор М.Хэрлэнчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Дээрх хэрэг нь мөрдөн байцаалтаас 2 удаа буцсан. Эхний удаад нь прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Ингээд хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн гаргасан гомдол нь өмнөх шүүх хуралдаан дээр хэргийг 2 удаа буцаахад гаргаж байсан гомдолтой адил байна. Үүнтэй холбогдуулаад шүүхээс зохих ажиллагааг хийлгэхээр хэргийг 1 удаа прокурорт буцаасан. Хэргийг хэзээ, хаана, хэн үйлдсэн нь тогтоогдоогүй, нотлож чадаагүй гэсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч нар уг дээрмийн гэмт хэрэгт өртөгдөөд хохирсон даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн шөнөдөө цагдаагийн албан хаагч нар шуурхай эрэн сурвалжсаны үр дүнд холбогдогч нарыг барьж цагдаагийн хэлтэст хүлээлгэж өгсөн. Тухайн үед холбогдогч нарыг өмсөж явсан хувцастай нь гэрэл зургаар бэхжүүлж авсан байдаг. Тухайн үед хохирогч нар холбогдогч нарыг таньдаггүй байсан бөгөөд өмсөж явсан хувцсаар нь ялгаж мэдүүлдэг. Хохирогч нар шүүхийн хэлэлцүүлэгт ч мөн тогтвортой мэдүүлсэн. Мөн Э.Л-, Г.Б-тэй хамт явж байсан боловч зодоонд оролцоогүй гэж шүүх дүгнэсэн. Э.Л- мэдүүлэхдээ “Г.Б- нэг хүнтэй зууралдаад ноцолдоод байж байхад нь би очиж салгасан” гэдэг. Үүнээс харахад Г.Б- нь тухайн үедээ хохирогчтой зууралдаж, хохирогчийн эд зүйлийг дээрэмдсэн нь тогтоогдож байна. Мөн Б.М- нь өөрийн биеэс илэрсэн гар утсыг Г.Б-ээс авсан гэдэг. Гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд 2 хүний эсрэг 5 хүн хүч хэрэглэж, заналхийлж довтолж эд зүйлийг нь авсан гэдэг нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд дараах байдал тогтоогдов.

Прокурорын газраас Г.Б-, Б.М-, Д.О-, Б.Ц-, Э.Л- нарыг бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансар үйлчилгээний төвийн хажууд хохирогч Д.Г-, Л.Л- нарын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Г.Б-, Э.Л- нар нь Л.Л- зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан, “Sky” загварын цагаан өнгийн гар утас, бэлэн 100.000 төгрөг зэргийг дээрэмдэн авч 270.000 төгрөгийн, Б.М-, Д.О-, Б.Ц- нар нь Д.Г-ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан, “IPhone 5s” загварын цагаан өнгийн гар утас, бугуйн цаг, түрийвч, савхин бээлий зэргийг дээрэмдэн авч 585.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Э.Л-ыг “гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй, түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүнийг дээрэмдэх гэмт хэрэгт хамтран оролцсон гэсэн улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт заагаагүйн гадна, Э.Л-ын оролцооны талаар мэдүүлсэн Г.Б-ийн сэжигтнээр өгсөн “...манай найзууд нөгөө хоёрыг газар унагаагаад дээрээс нь нийлж зодож байхад Л- өмднийх нь баруун халаасыг ухаж, би нөгөө талын халаасыг нь ухахад “Sky” загварын цагаан өнгийн гар утас гарч ирснийг би авсан...” /1хх-ийн 116/, Б.М- сэжигтнээр өгсөн “...Л- “Sky” загварын цагаан өнгийн гар утас үзүүлээд үүнийг авсан гэхээр нь би аваад халаасандаа хийсэн...” /1хх-ийн 124/ гэсэн мэдүүлгүүд, мөн гэмт хэрэг гарсан байдлын талаар мэдүүлсэн хохирогч Д.Г-ийн “...тэр залуучуудын 3 нь нийлж намайг зодсон. Намайг газар унасан байхад нүүр лүү хоёр талд өшиглөөд байсан. Энэ үед 1 нь миний халаасыг ухаж эд зүйлийг авсан... харин Л-аг 2 залуу зодож байсан...” /1хх-ийн 45, 47-48, 2хх-ийн 8, 3хх-ийн 119/, хохирогч Л.Л- “...Г-ийг 3 залуу, намайг 2 залуу нийлж зодсон. Намайг зодож байхдаа миний гар утсыг халааснаас авсан...” /1хх-ийн 51-52, 2хх-ийн 228, 3хх-ийн 121/ гэсэн мэдүүлгүүдийг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийн нотлох баримтын агуулгыг дурьдаагүй нь шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг зөрчжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Б-, Б.М-, Д.О-, Б.Ц-, Э.Л- нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Г.Цагаан нарын давж заалдах гомдлуудыг тус тус хянан хэлэлцээгүй болно.