Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
Хэргийн индекс | 102/2014/05494/и |
Дугаар | 1922 |
Огноо | 2016-11-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 1922
М.Т-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/05276 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч М.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Н.Ц , Н.Н нарт холбогдох
Улсын бүртгэлийн 00000 дугаартай 124.44 м.кв талбайтай ..... дүүргийн 000 дүгээр хороо Гаалийн 0000 дүгээр байрны 000000 тоот 5 өрөө орон сууц, тус байрны зоорийн 13.44 мкв талбайтай бүхий 2 автомашины зогсоолыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Маргаан бүхий дээрх орон сууц, автомашины зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М ,
Хариуцагч Н.Ц ,
Хариуцагч Н.Н гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н ,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...... дүүрэг 00000 дүгээр хороо, Гаалийн 4 дүгээр байр 00000 тоот 5 өрөө орон сууц нь 1999 оноос хойш М.Т-ийн нэр дээр бүртгэлтэй байсан. Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 240 дугаар орон сууц хувьчлах тухай тогтоолын хүрээнд Гаалийн ерөнхий газрын албан тоотын дагуу маргаан бүхий орон сууц хувьчлагдсан. Үүний дагуу 1999 онд олгосон улсын бүртгэлийн гэрчилгээний 2 дугаар хуудсанд байх хүснэгтэнд Ц.О , М.Ш , М.Т нарын нэр бүртгэгдсэн байна. Тухайн үед ээж Ц.Н-г Ц.О гэж андуурч бичигдсэн талаарх баримт нотлох баримтаар хэрэгт авагдсан. М.Т өөрийн өмчлөлийн орон сууцыг хэн нэгэнд шилжүүлсэн болон барьцаалсан зүйлгүй. М.Т-ийн аав З.М нь 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, ээж Ц.Н нь 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нас барсан. Үүнтэй холбоотой өвлөх эрхийн гэрчилгээ гарч улсын бүртгэлд хүсэлт гаргаж М.Т-ийн эгч М.Ш өвлөх эрхээсээ татгалзсан учир улсын бүртгэлийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг М.Т д олгосон. Иймд Улсын бүртгэлийн 0000000 дугаартай 124.44 м.кв талбайтай ...... дүүргийн ...... дүгээр хороо, Гаалийн ........дүгээр байрны 00000 тоот 5 өрөө орон сууц, тус байрны зоорийн давхарт баригдсан 2 автомашины зогсоолыг хариуцагч Н.Ц , Н.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Ц шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ байрыг 2002 онд худалдаж аваад түүнээс хойш 14 жил амьдарч байна. Байрны гэрчилгээнд бичигдсэн М.Т гэдэг хүний регистрийн дугаар болон төрсний гэрчилгээний дугаар зөрүүтэй байсан. Улсын бүртгэлд үнэн зөв бүртгэх ёстой ба тэр бүртгэл худал байвал хүчингүйд тооцогддог. Мэдүүлэгт бичигдсэн өмчлөгч нарын нэр зөрүүтэй байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлд буруу бүртгэгдэж, цахим мэдээллийн сангийн мэдээллийг хэн нэгэн хүн өөрчилсөн. Энэ талаар эрх бүхий албан тушаалтны яриаг нотлох баримтаар өгсөн. Хэргийн материалд авагдсан СД жинхэнэ нотлох баримт. Улсын бүртгэлийн газрын мэдээллийг Д.А гэдэг хүний хамт зассан байна гэсэн яриа СД-нд бичигдсэн. Улсын бүртгэлийн газраас цахим мэдээллийг хэн өөрчилсөн талаар мэдээллийг шүүхээр гаргуулах гэж хүсэлт гаргаж байсан боловч шүүх хангаагүй. Шүүхийн шийдвэр нотлох баримтгүй гарах гэж байна. М.Т-ийн регистрийн дугаар зөрүүтэй байхад улсын байцаагч яагаад түүнийг дүгнэлтдээ дурьдалгүй өмчлөх эрхийн гэрчилгээ олгож байгаа нь үндэслэлгүй. Улсын бүртгэлийн ажилтнууд хуйвалдсан байна гэдгийг цахим мэдээллийн сангийн хэлтсийн дарга хэлсэн баримт байна. М.Т-ийн регистрийн дугаар зөрүүтэй байхад засаж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байгаа тул энэ асуудлаар Захиргааны шүүхэд хандаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн байгаа гэжээ.
Хариуцагч Н.Ц , Н.Н нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Анх маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр З.М бүртгэгдэж Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа өөрийн нэр дээр авсан байр. Энэ орон сууцандаа оролгүй М.С д худалдсан боловч өмчлөх эрхийг шилжүүлээгүй. М.С байранд нэг жил амьдраад хувийн хаус бариулж орсон. М.С байрыг авахаа больж өгсөн мөнгөө З.М аас нэхэхэд мөнгө байхгүй гэсэн тул Н.Ц мөнгийг У.И д төлж байрыг худалдаж авсан. М.С ийн дараа уг байрыг У.И худалдаж авсан. У.И д байрны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг М.С ээс шаардахад З.М өмчлөх эрхийг шилжүүлээгүй. Учир нь орон сууцыг өөрийн 2 хүүхдийн нэр дээр бүртгүүлсэн байсан. У.И мөнгөө нэхэхэд М.С , З.М нарт мөнгө байгаагүй учир өөрийн найз Н.Ц т санал тавьснаар байрыг Н.Ц , Н.Н нар худалдаж авсан юм. М.С , З.М , Н.Ц , У.И нар хоорондоо сайн найзууд. Хариуцагч нар .......дүүргийг ...... дүгээр хороо Гаалийн ....... дүгээр байр 000000 тоот хаягт байрлах 5 өрөө орон сууц, подвалийн хэсэгт байрлах 13.44 мкв талбай бүхий 2 автомашины зогсоолын хамт 40 500 000 төгрөгөөр худалдан авсан. З.М ын эхнэр гадаад явсан, хүүхдүүд нь насанд хүрээгүй байсан тул байрны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй. З.М байрны өмчлөх эрхийн гэрчилгээнд эхнэрийнхээ нэрийг биш Ц.О гэж өөр хүний нэрийг бичүүлсэн байсан. З.М 2005 онд нас барсан тул өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж чадаагүй. М.Т г нас биед хүрсэн үед өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгана гэж байсан. Гэтэл 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүү М.Т гарч ирэн байраа авна гэсэн. Байрны өмчлөгчдийн нэрст ээжийнх нь нэр байгаагүй тул улсын бүртгэлд янз бүрийн баримт үйлдэж уг байрыг М.Т өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж авсан. Уг байранд хариуцагч нар 12 жил амьдарч одоог хүртэл өөрсдийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй. Иймд нэхэмжлэгч М.Т д 2002 онд эцэг З.М нь Н.Ц , Н.Н нарт автомашины зогсоолтой орон сууц худалдахдаа өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээний үүргийг биелүүлж, улсын бүртгэлийн 00000 дугаарт бүртгэлтэй ...... дүүргийн ......дүгээр хороо . ......дугаар хороолол Гаалийн ...... дүгээр байрны 000000 тоот 124.4 м.кв орон сууц болон 13.44 мкв талбайтай зоорийн давхрын автомашины зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Т сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх 2014 оны 8 дугаар сард өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууц, авто зогсоолыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан, уг хөрөнгүүд өмчлөлийн ямар нэг маргаангүй эд хөрөнгүүд. Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц хувьчлах тухай 240 дүгээр тогтоол болон Гаалийн ерөнхий газрын 1999 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1/627 тоот албан бичигт тус тус заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчөөр аав, ээж, эгч бид дөрвийн нэр дээр бүртгэгдсэн. Эцэг эх маань нас барж Иргэний хуулийн өв залгамжлалын журамд заасны дагуу 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр дээрх орон сууцны оногдох хэсгийг миний бие өвлөн авч улмаар 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 0000000 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлд дурдсанаар манай орон сууцыг хариуцагч Н.Ц , Н.Н нар У.И гээс, У.И нь М.С ээс тус тус авсан гэх зүйл байхгүй. У.И нь сууцыг хэзээч өмчилж байгаагүй, орон сууцны өмчлөлд ямар ч хамаагүй, орон сууцыг шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. 1994 оны Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.3, 77 дугаар зүйлийн 77.3-т үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах гэрээг бүртгэлийн газарт бүртгүүлэх, төрийн эрх бүхий байгууллага хуульд зааснаар бүртгэхээр заасан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү гэрчлүүлэх буюу бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно. 95 дугаар зүйлийн 95.3-т гэрчлэгчид гэр бүлийн бусад гишүүн нь дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахад адил тэгш эрх эдэлнэ. Гэр бүлийн бусад гишүүн уг эрхээ хэрэгжүүлэхдээ насанд хүрсэн бүх гишүүдтэй тохиролцох ба захиран зарцуулахдаа тэдгээрийн зөвшөөрлийг авна. Энэ шаардлагыг биелүүлээгүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Иймд хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Улсын бүртгэлийн 000000 дугаартай 124.44 м.кв талбайтай ......дүүргийн ....... дүгээр хороо Гаалийн ...... дүгээр байрны 00000 тоот 5 өрөө орон сууц, тус байрны зоорийн давхарт баригдсан 2 автомашины зогсоолын хамт хариуцагч Н.Ц , Н.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Ц , Н.Н нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Т д олгож,
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т зааснаар М.Т д 2002 онд эцэг З.М нь Н.Ц , Н.Н нарт автомашины зогсоолтой орон сууц худалдахдаа өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээний үүргийг биелүүлж, улсын бүртгэлийн 00000 дугаарт бүртгэлтэй ......дүүргийн ....... дүгээр хороо Гаалийн ...... дүгээр байрны 00000 тоот 124.4 м.кв орон сууц болон 13.44 м.кв талбайтай зоорийн давхарын автомашины зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай хариуцагч Н.Ц , Н.Н нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360 450 төгрөгнөөс илүү төлсөн 220 050 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Н.Ц , Н.Н нарт олгож, үлдэх 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Н.Ц , Н.Н нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/05276 дугаар шийдвэр нь хэрэгт цугларсан нотлох баримтанд хууль зүйн хувьд дутуу үнэлэлт өгснөөрөө шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадсангүй гэж үзэж байгаа тул түүнийг үл зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн гол үндэслэлээ “өв залгамжлал”, “улсын бүртгэлийн санд орсон өөрчлөлт” 2-ыг гэж тодорхойлжээ.
Ингэж үзэхдээ:
1. “өв залгамжлагч” хэзээ өвийг хүлээж авсан,
2. маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах үйл явц болж байх 1999-2002 онд өв залгамжлагч эрх зүйн чадвартай байсан эсэх,
3. Улсын бүртгэлд орсон өөрчлөлт чухам хэдийд, ямар журмаар хийгдсэн гэх мэт асуудалд дүгнэлт өгч чадсангүй юу, чадахыг хүссэнгүй юу гэдэгт гайхаж байна.
Хэрэгт авагдсан бичгийн баримтаар 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдөр олгогдсон 11-128625 дугаар бүхий лавлагаанд “Ц.Н ” гэсэн өмчлөгч байгаа мэт харагдсаар байхад яагаад 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улсын бүртгэлийн байцаагчийн 3/149/153 дугаар дүгнэлт гарч “Ц.О ”-г “Ц.Н ”-гаар солих шаардлага гарсан тал дээр дүгнэлт өгсөнгүй. Нэгэнт энэ 2 чухал нотлох баримт дээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй болохоор шүүхийн шийдвэр ийм байдлаар гарч хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдлөө гэж үзэж байна.
Дээрх дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримтыг гарган өгч шинжлэн судлуулах, шинэ нотлох баримт гаргуулах хүсэлтийг бидний өмгөөлөгч гаргахад шүүгч гомдол гаргах эрхгүйгээр хэрэгсэхгүй болгосон атлаа “...өмчлөгч нарын нэр зөрүүтэй байхад улсын бүртгэлд буруу бүртгэж, цахим мэдээллийн сангийн мэдээллийг хэн нэгэн хүн өөрчилсөн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд тайлбарыг нотлосон баримтгүй байна.” гэж шийдвэртээ дүгнэсэнд үнэхээр гомдолтой байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргуулсан баримт ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсаныг үгүйсгэж байгаад анхан шатны шүүх анхаарлаа хандуулаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө байдгийг нэхэмжлэгч 2014 оны 02 дугаар сараас л мэдэж энэ луйврын үйл ажиллагаандаа орсон гэдгийг тодорхой харуулах баримтууд хавтаст хэргээр дүүрэн байхад шүүх ийм шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна.
Харин анхан шатны шүүх “жинхэнэ” өв залгамжлагч М.Т гэдгийг тодорхойлж өгсөн атлаа өвлүүлэгчийн үүрэг түүнд шилжиж гүйцэтгээгүй үүргийг нь гүйцээх ёстой гэдэгт хууль зүйн ач холбогдол бүхий дүгнэлт хийхгүй орхигдуулснаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж үндэслэл боллоо. Хэрэв зөв талаас нь харж, хэрэгт байгаа нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт гаргасан бол ийм шийдвэр гаргахгүй байсан гэдэгт итгэж байна.
Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/05276 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, М.Т-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон Н.Ц , Н.Н нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Хариуцагч Н.Ц , Н.Н нарын хууль бус эзэмшлээс Улсын бүртгэлийн 000000 дугаартай 124.44 м.кв талбайтай ...... дүүргийн ...... дүгээр хороо Гаалийн ...... дүгээр байрны 000000 тоот 5 өрөө орон сууц, тус байрны зоорийн 13.44 мкв талбай бүхий 2 автомашины зогсоолыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч М.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч, худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлж авсан тул уг орон сууц, автомашины зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гарган маргажээ.
Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, маргааны зүйл болох ....... дүүргийн ....... дүгээр хороо, ...... дугаар хороолол, Гаалийн ....... дүгээр байрны 000000 тоот 124.44 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг, зоорийн 13.44 м.кв талбай бүхий автомашины зогсоолын хамт нэхэмжлэгчийн эцэг З.М эзэмшиж байгаад орон сууц хувьчлах тухай Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 240 дугаартай тогтоол, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1999 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоолын дагуу З.М , Ц.О , М.Ш , М.Т нарт 1999 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц өмчлөх эрхийн 0073907 тоот гэрчилгээ олгогдож, нэхэмжлэгчийн эцэг З.М 2005 онд, эх Ц.Н 2012 онд тус тус нас барснаар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар тэдгээрийн хууль ёсны өвлөгч болох М.Т , М.Ш нар нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс талийгаач нарын ногдох хэсгийг Өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авч, М.Ш нь уг байрны хамтран өмчлөгчөөс хасуулах хүсэлт гаргаснаар түүнд 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000 дугаартай гэрчилгээ олгогдсон нь Гаалийн ерөнхий газрын 1999 оны 1/627 тоот албан бичгийн хавсралт, 1999, 2014 оны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээ зэргээр тогтоогджээ.
Нэхэмжлэгчийн гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн гэх хүсэлтийн дагуу 1999 оны 000000 тоот гэрчилгээг хүчингүй болгож, дахин 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 0000000 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгоход үндэслэл болгосон хамтран өмчлөгч Ц.О гэснийг Ц.Н гэж залруулсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 3/149/153 дугаартай дүгнэлтийг хариуцагч нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын байцаагч Д.А нарт холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2413 дугаартай шүүгчийн захирамжаар энэ хэргийг шийдвэрлэгдтэл түдгэлзүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь талийгаач З.М , Ц.Н нарын хүүхэд буюу Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан нас барагчийн хууль ёсны өвлөгч болохыг хариуцагч нар үгүйсгээгүй бөгөөд М.Т , М.Ш нарт гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс талийгаач нарын ногдох хэсгийг өвлүүлсэн Өвлөх эрхийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 14, 15 дугаар гэрчилгээ хүчин төгөлдөр байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлахдаа, эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, 1999 оны орон сууц өмчлөх эрхийн 0073907 тоот гэрчилгээнд нэхэмжлэгч М.Т-ийн регистр зөрүүтэй бүртгэгдсэн гэж маргаж байх боловч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 5137 дугаар шийдвэрээр уг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд нэхэмжлэгч М.Т-ийн ...... гэсэн регистрийн дугаарыг ........ гэж буруу бичигдсэн болохыг тогтоосон, мөн хамтран өмчлөгчөөр Ц.Н гэж бүртгэлгүй Ц.О гэсэн бүртгэлтэй гэж маргаж байх боловч Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Архивын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 47 тоот тодорхойлолтоор уг гэрчилгээнд бичигдсэн Ц.О гэх ....... дугаарын регистрийн бүртгэлтэй хүн гараагүй байна.
/хэргийн 2 дахь хавтас 12-13, 16 дугаар тал/
Түүнчлэн уг орон сууц, автомашины зогсоолын талбайг М.М-аас М.С , М.С ээс У.И , У.И гээс хариуцагч нар нь 2002 онд 40 500 000 төгрөгөөр тус тус худалдаж авч, 12 жил амьдарч байгаа, орон сууцны ашиглалтын зардлыг өөрийн нэрээр төлдөг, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжсэн гэж мэтгэлцэж, гэрч М.С , У.И , П.Б нар энэ талаар мэдүүлж байх боловч мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор зохицуулжээ.
Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно”, 13 дугаар зүйлийн 13.5.1-т “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг мэдүүлэгт хавсаргана”, 19 дүгээр зүйлийн 19.1.1-т “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжихэд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч түүний гэр бүлийн гишүүдээс өөр этгээдэд хэлцлийн үндсэн дээр шилжиж, улмаар улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч нар нь эрх бүхий этгээдээс уг орон сууц, автомашины зогсоолыг дээрх хуулийн шаардлагын дагуу хэлцэл хийж, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн болохыг гэрчийн мэдүүлэг нотлохгүй юм.
Иймд шүүх нэхэмжлэгч М.Т Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Н.Ц , Н.Н нарын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарт өмчлөх эрх үүссэн болох нь нотлогдоогүй гэж дүгнэж мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Баянгол дүүргийн тойргийн 2687 дугаартай нотариатч Х.Бг гэрчээр асуулгаж өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо М.Ш ын иргэний үнэмлэхийг хуулбарлан авсан эсэх, иргэний үнэмлэхний хуулбар байсан эсэх, гэрчилгээ олгоход үндэслэсэн баримтуудад зурагдсан гарын үсэг нь М.Ш ын жинхэнэ гарын үсэг эсэх зэргийг тодруулах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй байх боловч Монголын нотариатчдын танхимаас 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 14, 15 дугаарт бүртгэн гэрчилсэн өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой баримтуудыг ирүүлсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч нь анх хариуцагч нарт өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх шаардлагыг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гаргаж, улмаар тэдгээрийн хооронд маргаан үүссэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.” гэж зааснаар тухайн үеэс нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах эрх үүссэн гэж үзэх бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.
Иймээс шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/05276 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Ц , Н.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
С.ЭНХТӨР