Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 330

 

Л.Алтанцэцэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнх-Амгалан, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

шүүгдэгч Л.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, Г.Нацагдорж,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоол,

Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дүгээр магадлалтай, 201519000732 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, Г.Нацагдорж нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Лүүлүүгийн Алтанцэцэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч үлэмж хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Л.Алтанцэцэгийг бусдын эд хөрөнгийг залилж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жилийн хорих ялыг оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Л.Алтанцэцэгт оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч С.Сувдмаа нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, С.Сувдмаа, Г.Нацагдорж нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Алтанцэцэг, өмгөөлөгч С.Сувдмаа нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Прокурор болон хоёр шатны шүүх хэт нэг талыг барьж, хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүдээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Миний бие анх 2014 оны 5 сарын эхээр өөрийн хуучны танил П.Наранчимэг санал тавихад нь зөвшөөрч тэдний “Анар” нэртэй найман нэрийн хүнсний дэлгүүрт нягтлангаар ажиллах болсон. Дээрх дэлгүүрийг мөн л миний хуучны танил н.Цогзолдулам гэх хүн ажиллуулж байсан бөгөөд 2014 оны 4 дүгээр сарын 20-ны үед н.Цогзолдуламаас худалдаж аваад ажиллуулах болсон тухай П.Наранчимэг надад хэлж байсан. Намайг анх ажилд ороод эхний тооллого хийхэд худалдагч н.Баттөрөөс 9,000,000 төгрөг, хоёр дахь тооллогоор 7,000,000 гаран төгрөгийн тооцоо дутаж байсан юм. Тухайн үед худалдагч нь дутаасан мөнгийг хүмүүст зээлдүүлсэн байсан гэж хэлээд дутагдлаа хүлээн зөвшөөрсөн учир П.Наранчимэг нь худалдагчтайгаа эв зүйгээ олж 16,000,000 төгрөгийн дутагдал гарсан талаар ямар нэг гомдол гаргаж байгаагүй. Харин худалдагч н.Баттөр нь намайг өөрийнх нь гаргасан дутагдлыг илрүүлсэнд өсөрхөж П.Наранчимэгт миний тухай элдвийн сөрөг зүйл ярих болсон тул би 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс хойш дэлгүүрт нь нягтлангаар ажиллахаа больсон. Гэтэл 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр П.Наранчимэг намайг дуудаад “Би ер нь хүнд хүүтэй мөнгө зээлдүүлж мөнгө хүүлэх бодолтой байна” гээд намайг “Улаанаа гэх хүнээс 5,000,000 төгрөг очоод авчих, тэр мөнгөө хүнд 8 хувийн хүүтэй зээлдүүл” гэж хэлсэн. Мөн “Энэ ажлынхаа хөлсөнд миний өгсөн алтыг хот орж тушаагаад дундаас нь ашиг унагааж авч бай” гэж хэлж байсан. П.Наранчимэг нь тухайн үед алт угаадаг байсан ба дээрхи мөнгийг нь би Улаанаа гэх хүнээс очиж аваад, хүмүүст зээлдүүлж эхэлсэн бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр надаас эхний хүүгээ нэхэхэд нь би 400,000 төгрөг шилжүүлэх гэтэл “Нэмээд хэдэн төгрөг өгчихвөл сайн байна, бараанд явах гэсэн чинь мөнгө дутчихлаа” гэж хэлсний дагуу өөрт байсан мөнгийг хүмүүсээс авсан хүүний мөнгөтэйгээ нийлүүлээд 2 тасалж нийт 1,500,000 төгрөгийг П.Наранчимэг рүү “хүү” гэсэн утгатай шилжүүлчихсэн юм. Миний бие П.Наранчимэгийн мөнгийг хүнд зээлдүүлж, хэн хэндээ тус дэм болох гэж хичээж ажиллаж байсан боловч ийнхүү миний мөнгө шилжүүлэхдээ гаргасан санамсаргүй алдааг миний эсрэг ашиглаж, гэмт хэрэгт гүтгэнэ гэж санаагүй. Намайг ийнхүү гэмт хэрэгт гүтгэх болсон үндэслэл нь хүмүүс зээлсэн мөнгөө хугацаанд нь өгөхгүй байснаас үүдэлтэй юм. 2014 оны 12 дугаар сард миний машиныг 5,000,000 төгрөгийнхөө барьцаанд хурааж аваад, 2015 оны 8 сард машины бичиг баримтыг нэхэж зодож байсан. Энэ хууль бус үйлдэлд нь би гомдол гаргаж, өөрийн машинаа хууль бус эзэмшлээс нь авч, намайг зодсон үйлдэлд нь цагдаад өргөдөл өгч шалгуулсан. Дээрхи бүх үйл явдлаас болоод л надад өсөрхөж намайг ор үндэсгүй 20,000,000 төгрөг залилсан гэх гэмт хэрэгт гүтгэсэн билээ. Хэрэгт авагдсан хохирогч П.Наранчимэг, гэрч н.Батзориг, Р.Энхцэцэг, н.Дэлгэрмаа, н.Баттөр, н.Мөнхбаяр нарын мэдүүлгүүд зөрүүтэй. Мөн хохирогч П.Наранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/ үндэслэл нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед гэрч байгаагүй бөгөөд гэмт хэргийн хохирогч нас барсан, хэрэг болсон газар, цаг хугацааг андуурсан зэрэг үед л шинжээчийн дүгнэлтээр хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тодорхойлох тохиолдолд хэрэглэгддэг заалт юм. П.Наранчимэгээс хэзээ ч 20,000,000 төгрөг авч байгаагүй бөгөөд хэрэв үнэхээр л ийм их хэмжээний мөнгө авсан бол машиныг минь авчихлаа, зодуулчихлаа гэж цагдаад гомдол гаргаж явахгүй байсан. П.Наранчимэг нь 5,000,000 төгрөгийнхөө үлдэгдэл 2,800,000 төгрөгийг хүүгийн хамт надаас нэхэж үүгээр шалтаглаж миний охины машиныг авах гэхэд нь би өгөхгүй гэж маргаж, цагдаад гомдол гаргасанд л надад өсөрхөж намайг хийгээгүй хэрэгт гүтгэсэн билээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан хэрэгт цагаатгах ач холбогдолтой баримтууд болох миний алт зарсан ченжийг байцаалгах, бараа материал хүлээлцсэн тухай баримтыг шинжлэн судалж хэрэгт хавсаргах, “Нарантуул” худалдааны төвийн худалдагч нараас намайг бараа авч байсан эсэхийг тодруулж байцаалт авах зэрэг хүсэлтүүдийг мөрдөн байцаагч, прокурор хангаагүйд гомдолтой байна. Хэргийн оролцогчид нь хүсэлтээ амаар болон бичгээр гаргах эрхтэй бөгөөд миний бие энэ тухай хүсэлтийг удаа дараа тавьж өмгөөлөгч маань хоёр удаа хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасныг прокурор хангаагүй. Прокурор, мөрдөн байцаагч нарыг нэг талын ашиг сонирхолтой байсан гэж үзэж байна. Иймд мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийгээгүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйл 13.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэх, түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байхад хохирогч, гэрч нарын зөрүүтэй мэдүүлгээс мөрдөн байцаагч, прокурор, шүүгч зөвхөн миний эсрэг мэдүүлгүүдийг үндэслэн, хэт нэг талыг буюу яллах талыг барьж намайг хилс хэрэгт буруутгаж байгаад гомдолтой байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2, 230.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн тухайд: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт “...Хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар...” гэжээ. П.Наранчимэгийн өгсөн гээд байгаа 20,000,000 төгрөгийн эх сурвалжийг шалгаад өгөөч, надад 20,000,000 төгрөг өгөөгүй, хот руу авч явсан алтыг 7,000,000, 8,000,000 төгрөгөөр зарсан болон зээлж авсан 5,000,000 төгрөгийн нийлбэр нь 20,000,000 төгрөг хэмээн тайлбарлаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.3 дахь хэсэгт заасан эрхээ эдэлж, нотлох баримтыг шалгуулъя гэсэн боловч шүүгдэгчийн уг эрхийг хязгаарлаж, ямар нэг ажиллагаа явуулаагүй байна.

Мөн заалтад “эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзнэ” гэжээ. 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нас барж, эрх зүйн харилцаанд оролцохоо больсон этгээдийн өмгөөлөгч шүүхэд хүсэлт гаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр П.Мөнх-Амгаланг тогтоосон 391 дүгээр шүүгчийн захирамж гаргасан байна. Гэтэл уг захирамж нь дараах алдааг өөртөө агуулж байна. Үүнд:

-Тухайн хэрэгт огт хамааралгүй болсон этгээдийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, хангаж шийдвэрлэснээрээ хууль ёсны байх шаардлагыг зөрчиж байна.

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг үндэслэн охин Н.Мөнх-Амгаланг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байх боловч уг заалт нь тухайн харилцааг зохицуулахгүй.

- Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.13 дахь хэсэгт “хууль ёсны төлөөлөгч” гэж хуулийн дагуу тогтоогдсон, хохирогчийн төрсөн болон үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хэлнэ гэж заасан байх тул өвчний улмаас нас барсан этгээдийн охин нь түүний хууль ёсны төлөөлөгч болох боломж хууль зүйн хувьд байхгүй болно. Уг хэрэгт мэдүүлэг өгсөн гэрчүүд 20,000,000 төгрөг өгсөн гэдгийг гэрчлээгүй бөгөөд бүгд бусдаас дамжмал байдлаар буюу сонссон зүйлээ ярьсан байдаг. Хэрэв бусдаас сонссон зүйлээ үнэн гэж үзээд, түүнийгээ гэрчлээд, нотлох баримт хэмээн шат шатны шүүх үнэлэх аваас хууль ёс гэдэг ойлголт үгүй болж, бие биенийгээ зээлтэй хэмээн гүтгэж, шүүхийн шийдвэр гаргуулах байдал нийгэмд бий болох нь гарцаагүй юм.

Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн тухайд: Л.Алтанцэцэг нь П.Наранчимэгийн эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг хуурч мэхлэх аргаар аваагүй байна. Хуурч мэхлэх аргаар мөнгө авчихлаа гэдэг талаар гомдолд огт бичигдээгүй ба мэдүүлэгт нь ч байхгүй байна. Л.Алтанцэцэг нь П.Наранчимэгийн эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар олж аваагүй. Учир нь П.Наранчимэг нь алт өгч явуулаад, зараад ир гэсэн байх ба миний мөнгө тэнд байгаа, очоод авчих хэмээн зааж өгсөн байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, хэргийг нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хохирогч П.Наранчимэг нь шүүгдэгч Л.Алтанцэцэгт 20,000,000 төгрөгийг өгсөн, авсан тухай нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Гэрчүүд мөрдөн байцаалтын шатанд 20,000,000 төгрөг гэж мэдүүлээгүй атлаа шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлгээ өөрчилж, дээрхи мөнгийн талаар мэдүүлдэг. Анхан шатны шүүх П.Наранчимэгийн охин Н.Мөнх-Амгаланг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон нь хууль зөрчсөн. Мөн энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаагүй Сэлэнгэ аймгийн мөрдөн байцаагчаар гэрч Б.Уламбаярыг асуулгасан боловч хэргийн талаар сайн тодруулж чадаагүй байдаг. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсье. Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүх П.Наранчимэгийн төрсөн охин Н.Мөнх-Амгаланг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хууль зөрчөөгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Л.Алтанцэцэгийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Л.Алтанцэцэг нь 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст, 3 дугаар багийн нутагт иргэн П.Наранчимэгийг хуурч мэхлэн, түүний итгэлийг эвдэх аргаар буюу 20,000,000 төгрөгийг нь хүнд хүүтэй зээлдүүлж, мөнгийг нь өсгөж өгнө гэх нэрийдлээр залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Л.Алтанцэцэгийг бусдын эд хөрөнгийг залилж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жилийн хорих ялыг оногдуулсан нь түүний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, шүүх уг хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэхдээ Эрүүгийн болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй тул шүүгдэгч Л.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, Г.Нацагдорж нарын “гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, алт зарсан ченж болон “Нарантуул” худалдааны төвийн худалдагч нарыг гэрчээр асуулгах, бараа материал хүлээлцсэн тухай баримтыг хэрэгт хавсаргах...” зэрэг хяналтын шатны шүүхийн харъяаллын бус асуудлаар гаргасан гомдол, хүсэлтүүдийг хүлээн авч хэлэлцэх боломжгүй байна. 

Харин нас барсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоосон эсэх, гэрч нарын зөрүүтэй мэдүүлгийг шүүх хэрхэн үнэлсэн, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нотлох баримтын хангалттай байдал, Л.Алтанцэцэг нь П.Наранчимэгийн эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар олж аваагүй зэрэг гомдлуудыг хянахад:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шаардлагатай тохиолдолд хохирогчийн төлөөлөгч хэрэгжүүлж хамгаалж болох талаар заасан. Нас барсан хохирогчид төлөөлөгч томилох нь энэ тохиолдолд хамаарах бөгөөд хохирогчийн эрхийг шүүн таслах ажиллагаанд бодитойгоор хамгаалахад чухал ач холбогдолтой. Тухайн этгээд хохирогчийн эрх, ашиг сонирхлыг тууштай төлөөлж хамгаалж чадна гэж шүүх үзвэл мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн төлөөлөгчөөр томилж болно. Н.Мөнх-Амгалан нь дээрх шаардлагыг хангасан байх бөгөөд нас барсан эх П.Наранчимэгийн төлөөлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлж шүүн таслах ажиллагаанд оролцсоноос гадна Н.Мөнх-Амгаланыг “хохирогчийн төлөөлөгчөөр” бус “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр” тогтоосноор шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх боломжгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой алдаанд тооцохгүй.

Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн тухай гомдолтой танилцахад Л.Алтанцэцэг П.Наранчимэгийн өгсөн алтыг зарсан, авлагыг нь хэлснээр нь авч бусдад зээлүүлсэн үйлдэл бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх Л.Алтанцэцэгийг дээр дурьдсан үйлдэлд буруутгаагүй бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар хийсэн дүгнэлт байхгүй байх тул гомдлыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Л.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, Г.Нацагдорж нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, Г.Нацагдорж нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ

                                    ШҮҮГЧ                                                     Б.БАТЦЭРЭН

                                    ШҮҮГЧ                                                     Ч.ХОСБАЯР