Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 233

 

Д.Өлзий-Орших, Ч.Оюунтунгалаг нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2016/05587 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Өлзий-Орших, Ч.Оюунтунгалаг нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ганьт” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэтрүүлснээс тооцсон алданги, ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад гарах зардалд нийт 40 214 115 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Өлзий-Орших

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Эрхэсхулан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Өлзий-Орших, Ч.Оюунтунгалаг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ганьт ХХК-тай 2007 оны 12 сарын 17-ны өдөр "Захиалгаар орон сууц барих, бариулах гэрээ" байгуулж Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт барьж буй 40В байрны 2-р орцны 68 тоот 3 өрөө байрыг 1 м.кв-ыг 730 ам.доллараар бариулахаар захиалсан. Төлбөрийг гэрээний 3.2-т зааснаар 2007 оны 12 сарын 17-оос 2013 оны 9 сарын 11-ний хугацаанд нийт 49 640 ам.долларыг өгч дуусгасан. Ганьт ХХК нь барилгыг 2008 оны 3-р улиралд ашиглалтад оруулна гэсэн боловч хугацаагаа 850 хоногоор хэтрүүлж 2011 оны 1 дүгээр сард оруулсан. Гэрээгээр гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,1 хувийн алданги тооцохоор тохирсон бөгөөд алдангийн хэмжээ 39 216 доллар болж байна. Хуулиар алдангийг 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул 24 820 ам.доллар буюу 32 266 000 төгрөгийн хохирол учирсан. Байр 2011 оны 3 дугаар сард ашиглалтад орсноос хойш 3 сарын дараа доголдол илэрч хана цонхноос сийгэх, нүх гарч гадны орчин харагдах, мөөгөнцөртөх, муухай үнэр гарч өвчин үүсэх, дулаан их алдагдсан нөхцөл үүссэн тул Ганьт компанид хандахад асуудлыг түр аргалсан төдийхнөөр орхисон. Одоо 5 жил өнгөрч байхад ямар ч арга хэмжээ аваагүй. Бид 2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж, 2012 оны 3-р сарын 30-ны өдрийн 07-11/1207 тоот албан шаардлага хүргүүлсэн. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дахин гомдол гаргаж, хариу өгч, засвар үйлчилгээг Ганьт компаниар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэсэн. Ганьт ХХК нь зөрчлийг арилгаагүй, ямар ч засвар үйлчилгээ хийгээгүй тул бид засварын ажлын үнэлгээ хийлгэсэн. Засварын ажлын тооцоог 6 948 115 төгрөгөөр  тогтоосон. Мөн үнэлгээ хийсэн ажлын хөлс 500 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг нийт 40 214 115 төгрөгийг Ганьт компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ганьт ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Захиалсан байрыг хугацаа хожимдуулж ашиглалтад оруулсан учир алданги төлүүлнэ гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд 2008 оны 3-р улиралд буюу 2008 оны 9 дүгээр сард эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн буюу шаардах эрх үүссэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хуулийн хугацаа өнгөрсөн, хуулиар тогтоосон хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй учир алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэн Д.Өлзий-Орших нэхэмжлэлдээ дурьдаад байгаа 2012 оны 03 сарын 30-ны өпдрийн 07-11/1207 тоот Мэргэжпийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлага болон 2016 оны 05 сарын 03-ны өдрийн 02-07-100/547 тоот албан бичгүүд манай компанид ирж байгаагүй бөгөөд бид ийм шаардлага гарсан талаар огт мэдээгүй, мөн орон сууцны байрны чанарын асуудлаар нэхэмжлэгч Д.Өлзий-Орших нь бидэнд хандан өргөдөл, гомдол гаргаж байгаагүй болно. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1, 349-р зүйлийн 349.1, 352-р зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ганьт ХХК-иас 40 214 115 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Өлзий-Орших, Ч.Оюунтунгалаг нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан бөгөөд уг өдрийн Монгол банкны валютын ханшаас үзэхэд 1 ам.доллар 2,068.43 төгрөгтэй тэнцэж байсан байна. Үүнээс үзэхэд миний бие алдангид 32.266.000 төгрөг бус 51.338.432.6 төгрөг нэхэмжилсэн гэж үзэхээр байна. Шүүх талуудын хоорондох харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн буруу юм. Учир нь бидний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийнр 243.1-д заасан бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх буюу орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн алданги шаардах эрх нь эрх зөрчигдсөн буюу сууцыг 2008 оны 3-р улиралд ашиглалтад оруулах хугацаа дууссан үеэс байх ба Иргэний хуулийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэхдээ өрсөлдөх хэм хэмжээ болох Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д "үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно" гэж заасныг анхаарч дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч Ганьт ХХК гэрээний 2.1-д гүйцэтгэгч нь 1.2-т заасан орон сууцыг барилгын зураг, стандартын шаардлагыг хангасан чанартай барьж, 2008 оны 3-р улиралд багтаан ашиглалтанд оруулна" гэж заасан боловч үүргийн гүйцэтгэлээ хойшлуулсаар орон сууцны барилгыг барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 349/2011 дугаар актаар хүлээн авч, ашиглалтад оруулсан. Гэрээний 2.3-т "Энэхүү гэрээний 3.2-т заасан орон сууцны байрны төлбөр бүрэн төлөгдснөөс хойш нэг хоногийн дотор захиалагчийн өмчлөлд баримтаар хүлээлгэн өгнө гэж заасан. Миний хувьд орон сууцныхаа төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд улмаар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээгээ 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээж авсан. Тухайн үед Ганьт ХХК нь манай төдийгүй бусад айлуудыг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг огт гаргаж өгөхгүй байсан бөгөөд сүүлд нь "Ганьт" ХХК барьсан барилгаа бүтнээр нь Улаанбаатар хотын банкны барьцаанд тавьсан байсныг сүүлд мэдсэн. Дээрх нөхцөл байдлуудад анхан шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр шууд хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг дууссан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн алданги нэхэмжлэх эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2008 оны 3-р улирал буюу 2008.09.30-ны өдрөөс 2013.09.13-ны өдөр хүртэлх хугацаанд түр зогссон гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар нь Ганьт ХХК-д доголдлыг арилгуулах талаар гомдлын шаардлага гаргаснаа нотлоогүй гэсэн нь үндэслэлгүй байна. Учир  2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан. Улмаар албан шаардлагыг Ганьт ХХК-д хүргүүлж байсан. Иргэн миний бие төрийн эрх бүхий байгууллагад өргөдөл, гомдол гаргаж, улмаар төрийн байгууллагаас шийдвэр гарсныг Ганьт ХХК биелүүлэхгүй, нөгөө талаас төрийн байгууллага нь өөрийн гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцаж Ганьт ХХК-иас байрыг  засварлуулах байх гэж найдаж байсан боловч үр дүн гарахгүй байсан тул арга буюу шүүхэд хандсан. Иймд  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. 

 

Нэхэмжлэгч Д.Өлзий-Орших, Ч.Оюунтунгалаг нар нь хариуцагч “Ганьт” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алдангид  24 820 ам.доллар буюу 32 266 000 төгрөг, ажлын үр дүнгийн доголдлыг арилгах засварын зардалд  6 948 115 төгрөг, үнэлгээний хөлс 500 000, өмгөөлөгчийн хөлс 500 000 нийт 40 214 115 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

 

Зохигчид 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь 2008 оны оны 3 дугаар улиралд орон сууцыг захиалагч буюу нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргийн хугацааг хэтрүүлэн 2011 оны 01 дүгээр сард эзэмшилд шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон, нэхэмжлэгч нь 2011 оны 1 дүгээр сараас орон сууцанд амьдарч эхэлсэн талаар маргахгүй байна.

 

 Гүйцэтгэгч “Ганьт” ХХК нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдсон боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрснөөс гадна, нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны үнийг  төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдсон тул үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд анз шаардах эрхээ алдсан, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Харин нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн өгсөн орон сууц буюу ажлын үр дүнд дулаан алдагдал их, унтлагын өрөөний шал, ханын уулзвар хэсгүүдээр хөгцөрч мөөгөнцөртөж эвгүй үнэр ялгаруулдаг, өвчин үүсгэх нөхцлийг бий болгосон, цонхны чанар муу, ашиглалтын явцад шилнүүд нь хагарч цуурсан, барилгын хананд гарсан нүхийг хагас бөглөсөн зэрэг доголдол илэрчээ. Барилга, байшингийн дээрх дутагдал нь шууд илрээгүй, эдэлгээний явцад мөөгөнцөртөх, хүйтний улиралд дулаан алдах зэргээр илэрч, нэхэмжлэгч тухай бүрд Мэргэжлийн хяналтын байгуулллагад хандан шалгуулж дутагдал доголдлыг илрүүлж, баталгаажуулсан нь 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн улсын байцаагчийн албан шаардлага, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн фото зураг зэргээр нотлогдсон. /х.х-ийн 13-28 дугаар тал/ Уг доголдлоос үүссэн орон сууцыг засварлах зардалд 6 948 115 төгрөг шаардлагатай болсон нь Мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан дүгнэлтээр тогтоогдсон. Энэ үйл баримтыг хариуцагч баримтаар няцааж чадаагүй байна.

 Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “...Барилга, байшингийн дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж, мөн зүйлийн 349.3 дах хэсэгт гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор заажээ.

Орон сууцыг нэхэмжлэгч эзэмшилдээ авсан 2011 оны 01 дүгээр сараас тоолоход гомдлын шаардлага гаргах 3 жил 2014 оны 01 дүгээр сард дуусч, мөн өдрөөс эхлэн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа  тоологдохоор байна.

Гомдлын шаардлага гаргах хугацаанд дутагдал илэрч, дулаан алдагдлыг засварлуулах талаар арга хэмжээ авагдаж байсан, зарим зөрчил, доголдол үргэлжилсээр байгаа нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх анхаараагүй, хөөн хэлэлцэх хугацааны талаарх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзнэ. Хариуцагч нь дээрх засварын зардлын баримтыг няцаагаагүйгээс гадна гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгах зардал 6 948 115 төгрөгийг нэхэмжлэгч шаардсаныг буруутгах боломжгүй, уг зардлыг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч нарын шаардсан өмгөөлөгчийн зардал, үнэлгээчний хөлс зэргийг гэрээний үүргийн зөрчилтэй шууд холбоогүй тул хангах үндэслэлгүй.

 

Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2016/05587 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 349.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ганьт” ХХК-иас 6 948 115 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33 266 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж 2 дахь заалтыг “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Ганьт ХХК-иас 126 120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж. ОЮУНТУНГАЛАГ

               ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                            Ш.ОЮУНХАНД