Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 328

 

П.Болдбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бадраа, З.Бат-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 707 дугаар магадлалтай 201626011050 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бадраа, З.Бат-Эрдэнэ нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1965 онд төрсөн, эрэгтэй, урьд 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэгдэж, уг ялыг 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлсэн, Өрнөх овгийн Пагамдоржийн Болдбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх П.Болдбаатарыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар П.Болдбаатараас 240.000 гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Цэрэнлхагвад  олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Болдбаатар, түүний өмгөөлөгч Б.Бадраа, З.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Б.Бадраа, З.Бат-Эрдэнэ нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:  “Шүүгдэгч П.Болдбаатар 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр өөрийн дагавар хүү Баяржаргалд зодуулсны улмаас өвчтэй болсон байдаг. 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Айраг худалдааны төвд Баяржаргал гаднаас орж ирэхэд нь нааш ир гэхэд хэл амаар доромжилсноос маргаан эхэлсэн байдаг. Маргаан нь зөвхөн зөвхөн гэр бүлийн хүмүүсийн хооронд явагдсан хувийн сэдэлттэй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. П.Болдбаатар нь зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй, энэ нь хэрэгт авагдсан камерийн бичлэгээр тогтоогддог. Лангуун дээрээс төмс авч шидсэн талаар гэрчүүд мэдүүлдэг.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан Зэвсгийн чанартай зүйл гэдэгт “төмс” нь хамаарахгүй юм. П.Болдбаатарын шидсэн зүйлийн дотор хутга хамт шидэгдсэн бол энэ нь зэвсгийн чанартай зүйлийг санаатай хэрэглэсэн гэх ухамсарт үйлдэл гэх үндэслэлгүй юм.

Гэрч Ц.Тайванжаргал нь тухайн үйл явдал болоход дэлгүүрт байгаагүй нь нотлогддог. Дэлгүүрийн агуулахад байсан ч П.Болдбаатар нь С.Баяржаргал руу юм авч шидэх энэ богино хугацаанд болсон үйл явдлыг харах цаг хугацаа болон орон зайны хувьд ямар ч боломжгүй юм.

П.Болдбаатар, Цэрэнлхагва нар нь 2000 онд хамтарч амьдарч эхэлсэн ба амьдрах хугацаанд дэлгүүр болон бусад эд хөрөнгийг бий болгосон байхад уг хөрөнгийг бий болгоход оруулсан хувь хэмжээг тодорхойлоогүй буюу П.Болдбаатараас бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бадраа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:  “...Шийтгэх тогтоол, магадлал үндэслэл бүхий гараагүй. П.Болдбаатарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулах байтал Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. П.Болдбаатар нь Д.Галбадрахын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5034 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан, зэвсгийн чанартай зүйл буюу хутга ашиглан танхайрсан гэсэн нь үйл баримтын хувьд тогтоогдоогүй байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн уг хуулийн 181 дүгээр зүйлийг хэрэглэсэн. П.Болдбаатар нь танхайрах гэмт хэргийн үйлдээгүй бөгөөд Д.Цэрэнлхагва, Д.Галбадрах, С.Баяржаргал нартай өмнө гэр бүлийн хүрээнд үүссэн байсан мөнгө төгрөг, эмчилгээний зардлаас үүдэлтэй хувийн таарамжгүй харьцаанаасаа үүдэн маргалдаж улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн. Нөгөө талаар Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь онц хүнд гэмт хэргийн зүйлчлэлд хамаарах тул гэмт хэрэгт холбогдсон П.Болдбаатарт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.6 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох шинжилгээг хийлгэх шаардлагатай байсан. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.3, 286.1.5 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү ” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

П.Болдбаатар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Айраг” худалдааны төвийн дэлгүүр дотор үл ялих зүйлээр шалтаглан бусадтай маргалдаж, дэлгүүрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, нийгмийн хэвийн журмыг ноцтой зөрчиж, дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэдийг үл ойшоон бүдүүлэг авирлан, аяга, хутга, хүнсний ногоо, ууттай зүйлсийг зэвсгийн чанартай ашиглаж Баяржаргал руу шидэн, түүний үйлдлийг таслан зогсоохоор хориглосон иргэн Д.Галбадрахын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан танхайрч дэлгүүрийн эд зүйлсийг эвдэлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Танхайрах гэмт хэргийн сэдэлт нь бусдыг илтэд үл хүндэтгэсэн байх бөгөөд өс хонзон буюу бусад хувийн сэдэлтээр үйлдэгдсэн хэргийг танхайн гэмт хэрэг гэж үзэхгүй боловч олон нийтийн газар зориудаар үйлдэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, үйлдвэр, үйлчилгээний газар, албан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан байвал танхайрах гэмт хэрэг гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл” гэдэг нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар зүйлсийг ойлгох бөгөөд дан ганц халуун, хүйтэн зэвсгийг ойлгохгүй бөгөөд зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйлийг танхайрах явцдаа хэрэглэсний үлмаас хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учирсан эсэхээс үл хамааран хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх бөгөөд шүүх П.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож, ял оногдуулах нийтлэг зарчмыг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдал болон ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан 5 жил 1 хоногийн ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү”, Б.Бадраагийн гаргасан “...хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэх гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 707 дугаар магадлал тус тус хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч тус тус хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бадраа, З.Бат-Эрдэнэ нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧ                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН