Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 00066

 

                                            А.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Л.Эрдэнэбилэгт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2017/00161 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : А.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Эрдэнэбилэгт холбогдох,

“Гэм хорын хохирол 4.921.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Энхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч А.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие А.Энхцэцэг  2016 оны 06 дугаар сарын 17-ны шөнийн 03 цаг өнгөрч байхад гэр бүлийн өмчлөлийн авто машинаараа Баян-Өндөр сум Рашаант багийн нутаг дэвсгэрт засмал замаар чигээрээ явж байтал эсрэг урсгалаас нэг машин манай машиныг мөргөсөн. Би машиндаа нөхөр болон найзын хамт явж байсан. Эсрэг урсгалаас орж ирсэн машинаас 4 хүн бууж ирсэн, бүгдээрээ согтуу байсан бөгөөд Л.Эрдэнэбилэг шууд зугтаасан учир нь манай нөхөр араас нь хөөж гүйж барьж авчирсан. Манай машиныг мөргөсөн жолооч Л.Эрдэнэбилэг осол болсон даруйд цагдаа дуудахад ирсэн. Эрдэнэбилэг драгер үлээхэд 1.74 хувийн согтолттой, хамт явсан хүн нь мөн л согтолттой гарсан. Хохирлын үнэлгээ болох 1 565 000 төгрөг, үнэлгээний төлбөр 67 000 төгрөг, журмын хашааны ачилтын төлбөр 120 000 төгрөг, журмын хашааны төлбөр 52 000 төгрөг, өөрсдийн машингүй болсноос болж цагдаа, шүүх орох үнэлгээчин зэрэгт гарсан зардал 200 000 төгрөг, өмгөөлөгчөөр нэхэмжлэл бичүүлсний хөлс 10 000 төгрөг, нийтдээ 2 014 000 төгрөг нэхэмжилж байсан боловч уг нэхэмжлэл дээр нэмж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд: журмын хашааны зардлын зөрүү 227 000 төгрөг, тэнхлэг тохиргооны зөрүү 5 000 төгрөг, салхины шилний зөрүү 30 000 төгрөг, обудны зөрүү 5 000 төгрөг гар зөрүү 30 000 төгрөг, засварын зөрүү 855 000 төгрөг, нийт 1 152 000 төгрөг, үнэлгээнд ороогүй сэлбэг засвар босоо тэнцүүлэгч 50 000 төгрөг, шарнер 65 000 төгрөг, тээврийн зардал 40 000 төгрөг, гурван бул 90 000 төгрөг, таван бул 80 000 төгрөг, нийт 325 000 төгрөг болж байна. Огт хийгдээгүй зайлшгүй шаардлагатай засварын үнэ урд суудлын хамгаалалтын бүс 2 ширхэг 100 000 төгрөг, тэнхлэг тохиргоо алдагдаж гажсан 0.16 байхаас 1.15 болж өөрчлөгдсөн уг тохиргоог манай аймагт засварлах боломжгүй хотруу засварлуулахад 250 000-350 000 төгрөг, дугуйны обуд ширхэгээр зарагддаггүй гэх тул 4 ширхэгээр авахад 400 000 төгрөг нийт 800 000 төгрөг бүгд 2 277 000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа ба нийт 4 291 000 төгрөгийг иргэн Л.Эрдэнэбилэгээс нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Л.Эрдэнэбилэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2016 оны 06 дугаар сарын 17-ны шөнө Уртын голын төв зам дээр зам тээврийн осол болсон. Би тухайн үед 83-33 УНУ улсын дугаартай прус-10 маркын автомашин жолоодож явсан. Зугтаасан асуудал байхгүй. А.Энхцэцэг машин жолоодож яваагүй, хажууд нь сууж явсан. Арын суудалд нь гурван эрэгтэй хүн явсан. Энэ асуудлыг шалгуулах хүсэлтэй. Тухайн машинд хохиролын үнэлгээг 1 565 000 төгрөгөөр тогтоосон гэдгийг утсаар мэдсэн. Энэ мөнгөө өгөхөөр А.Энхцэцэгтэй утсаар ярихад авахгүй гэсэн. 3 000 000 төгрөг надаас нэхсэн. Харин ч мөнгө төгрөгөө өгөөд учир зүйгээ олъё гэхэд тэд авахгүй гээд өөрсдөө хөдлөөгүй. Иймд хохирол 1 565 000 төгрөг, үнэлгээний хөлс 67 000 төгрөг, машин ачилтын төлбөр 45 000 төгрөг, журмын хашааны төлбөр 60 000 төгрөг нийт 1 737 000 төгрөгийг зөвшөөрч төлнө бусад төлбөрийг хариуцахгүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2017/000161 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Эрдэнэбилэгээс 3 454 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 315 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 600 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Эрдэнэбилэгээс 70 214 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Энхцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн хохирлын хэмжээг тооцоход үндэслэл болгосон зарим баримтууд үнэн, зөв эсэх нь эргэлзээтэй байдаг. Тодруулбал, Халиун кузов засварын 2016-07-31-ны өдрийн 1 700 000 төгрөгний зарлагын баримт дээр худалдагчийн регистрийн дугаар, худалдан авагчийн гарын үсэггүй. Нийт үнийн дүнг 1 700 000 төгрөг гэж бичсэн боловч сэлбэг нэг бүрийн үнийг бичээгүй байдаг. Тухайн сэлбэг нэг бүр нь ямар үнэтэй болох нь тодорхойгүй /ХХ-ийн 58 дугаар хуудас/. Төмөр контейнер 71 гэсэн нэртэй 2016-08-23-ны өдрийн зарлагын баримтанд худалдагч байгууллагын регистрийн дугаар, худалдан авагчийн нэр, регистрийн дугаар болон эд хүлээн авагчийн нэр, гарын үсэггүй. Энэ баримтанд Обуд РМ6-1ш 70 000 төгрөг, 115/60/16 -1ш 60 000 төгрөг гэсэн боловч нийт үнийн дүн нь бичигдээгүй баримт /ХХ-ийн 59 дүгээр хуудас/. “Даа Хүрээ” зарлагын баримт дээр мөн худалдагчийн регистр болон худалдан авагчийн нэр, регистр, огноо зэрэг нь бичигдээгүй. Хэн гэдэг хүн худалдаж авсан нь тодорхойгүй баримт /ХХ-ийн 60 дугаар хуудас/ байдаг. Энэ баримтанд гурван бул-1ш 90 000 төгрөг, таван бул-1ш 80 000 төгрөг нийт 170 000 төгрөг гэсэн. Гэтэл Халиун кузов засварын 2016-07-31-ны өдрийн зарлагын баримтны 6-д таван бул-1ш, гэж бичигдсэн баримттай давхардсан. Дээрх сэлбэгийг мөн л өөр өөр зарлагын баримтуудаар давхардуулж нэхэмжилсэн. Танил захын В-23, 2016-08-10-н өдрийн зарлагын баримтанд худалдагчийн регистр, худалдан авагчийн нэр, эд хүлээн авагчийн нэр бичигдээгүй /ХХ-ийн 62 Дугаар хуудас/. Дээрх баримтанд НР\/ урд шил-1ш 190 000 төгрөг гэжээ. Гэтэл Халиун кузов засварын 2016-07-31-ны өдрийн зарлагын баримтны 5-д урд шил-1, гэж мөн давхардуулж бичигдсэн байдаг. Япон авто сэлбэгийн дэлгуурийн 201б-08-08-ны өдрийн зарлагын баримт дээр худалдагч байгууллагын регистрийн дугаар, худалдан авагчийн нэр, эд хүлээн авсан хүний гарын үсэг бичигдээгүй /ХХ-ийн 63 дугаар хуудас/.

Энэ зарлагын баримтанд L гар 80 000 төгрөг, L хаалга-45000 төгрөг гэж бичигдсэн байхад Халиун кузов засварын 2016-07-31-ны өдрийн зарлагын баримтны 2-т L хаалга керман-1, 9-т босоо тэнцүүлэгч, гар сольсон-1 гэж давхардуулж бичигдсэн бөгөөд нийт 1 700 000 төгрөгний үнийн дүнд тооцогдсон байсан. L гар, L хаалга зэрэг 2 төрлийн сэлбэгийн үнийг 2 зарлагын баримтаар давхардуулж нэхэмжилсэн байна.

Дээр дурьдсан зарлагын баримтуудыг судлан үзэхэд нэг зарлагын баримтанд бичигдсэн сэлбэгийг өөр зарлагын баримтуудад давхар бичиж үнийг нэхэмжилсэн. Мөн зарим нэг зарлагын баримтууд нь худалдагч, худалдан авагч хэн болох нь тодорхойгүй, огноо, дугаар бичээгүй. Эд ангиудыг жагсааж бичсэн боловч нэг бүрийн үнийг нь бичээгүй нийт үнийг бичсэн, тухайн сэлбэгийн үнэ тодорхойгүй, мэдэх боломжгүй байгаа зэрэг илт эргэлзээтэй байдлуудаас дүгнэхэд дээрх баримтууд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй хэдий ч нэхэмжпэгчийг эд хөрөнгөөрөө хохирсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа тул 2.083.000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Харин 1.371.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

                                                         ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Энхцэцэг нь хариуцагч Л.Эрдэнэбилэгт холбогдуулан гэм хорын хохиролд 4.921.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 3.769.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэг цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэг авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Эрдэнэбилэгээс 3 454 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 315 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувдын гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авах боломжтой юм.

Шүүх 3 бул, 5 булын үнэ 170.000 төгрөг, обуд 130.000 төгрөг, амортизатор 130.000 төгрөг, урд шил 190.000 төгрөг тус бүрийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн хангаж шийдвэрлэжээ.

Гэтэл автомашины сэлбэгийг хэн хүлээн авсан тодорхойгүй, тамга , тэмдэг дарагдаагүй нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байх тул хариуцагч Л.Эрдэнэбилэгээс 2.834.000 төгрөг гаргуулж А.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 935.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2017/00161 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Эрдэнэбилэгээс 3 454 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 315 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Эрдэнэбилэгээс 2.834.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 935.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

            2 дугаар заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 600 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Эрдэнэбилэгээс 70.214 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Энхцэцэгт олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.600 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Эрдэнэбилэгээс 60.294 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Энхцэцэгт олгосугай...”гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.000 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                                 Б.БАТТӨР