Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 201

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/00201

Төв аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Төв аймаг, Өндөрширээт сум, 1 дүгээр баг, Баянтуул багт оршин суух, Таван тэмээт овогт Хишигдоржийн Ариунаа /НР79072063/-гийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Төв аймаг, Өндөрширээт сум, 1 дүгээр баг, Баянтуул багт оршин суух Найман гэлэнт овогт Дагвагийн Эрдэнэбилэг /НР69091578/-д холбогдох,

 

зээлийн төлбөр 5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дашдулам, хариуцагч Д.Эрдэнэбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Ариунаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Эрдэнэбилэг нь эхнэр н.Цэндмаагийн хамт 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 18.000.000 төгрөгийг хоёр хоногийн дараа 20.000.000 төгрөг болгож өгнө гээд авсан. Дараа нь 10.500.000 төгрөгийг өгөөд үлдсэн 9.500.000 төгрөгийг өдийг хүртэл өгөөгүй байгаа тул Д.Эрдэнэбилэгээс 9.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Ариунаа нь хариуцагч Д.Эрдэнэбилэгээс зээлийн төлбөр 9.500.000  төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. /хх 1/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.Ариунаа нь нэхэмжлэлийн шаардлагаас 4.500.000 төгрөгийг багасгаж, хариуцагч Д.Эрдэнэбилэгээс 5.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн болно. /хх 45/

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед зохигч харилцан ярилцсаны үр дүнд хариуцагч Д.Эрдэнэбилэг нь 5.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно. /хх 113/

Дээрх төлбөрийг хариуцагч Д.Эрдэнэбилэг нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1.250.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1.250.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1.250.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1.250.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн өмгөөлөгч нь төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Х.Ариунаа нь шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх, хариуцагч, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нар нь шүүх хуралдаанд гэрчээр Т.Тунгалагийг оролцуулах хүсэлтээсээ татгалзсныг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хянан шийдвэрлэсэн тул шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 151/ШЗ2016/02987 дугаар захирамж хүчингүй болсныг дурдах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166.950 төгрөгийн 83.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 83.475 төгрөгийг, хариуцагч Д.Эрдэнэбилэгээс 83.475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х.Ариунаад буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

                       

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Х.Ариунаагийн нэхэмжлэлтэй, Д.Эрдэнэбилэгт холбогдох иргэний хэргийн хариуцагч Д.Эрдэнэбилэг нь 5.000.000 төгрөгийг “2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1.250.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1.250.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1.250.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1.250.000 төгрөгөөр тус тус” төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166.950 төгрөгийн 83.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 83.475 төгрөгийг, хариуцагч Д.Эрдэнэбилэгээс 83.475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х.Ариунаад буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хянан шийдвэрлэсэн тул шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 151/ШЗ2016/02987 дугаар захирамж хүчингүй болсныг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                       Д.АЛТАНТУУЛ