Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0429

 

 

                   Ц.Агийн нэхэмжлэлтэй

                                                 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, өмгөөлөгч Э.Т нар,

Нэхэмжлэгч: Ц.А,

Хариуцагч: Дотоод хэргийн их сургуулийн захирал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/242 дугаар “Сургуулиас хасах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ц.Аг Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн “Цагдаагийн ажил-Эрх зүй” ангид 2 дугаар дамжаанаас үргэлжлүүлэн суралцуулахыг хариуцагчид даалгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 356 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2022/0313/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.А нь Дотоод хэргийн их сургуулийн захиралд холбогдууланДотоод хэргийн их сургуулийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/242 дугаар “Сургуулиас хасах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ц.Аг Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн “Цагдаагийн ажил-Эрх зүй” ангид 2 дугаар дамжаанаас үргэлжлүүлэн суралцуулахыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 356 дугаар шийдвэрээр: “Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 16 дугаар зүйлийн 16.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Агийн “Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/242 дугаар “Сургуулиас хасах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ц.Аг Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн “Цагдаагийн ажил-Эрх зүй” ангид 2 дугаар дамжаанаас үргэлжлүүлэн суралцуулахыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ. 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, өмгөөлөгч Э.Т нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1.  Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үнэлэхдээ талуудын шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай нэг бүрчлэн харьцуулан үзэж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёcoop хэрэгжүүлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

3.2. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд нотлогдож байгаа үйл баримтуудын талаар шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэгч Ц.Агийн гаргасан гэх зөрчил, зөрчлийн шинж байдалд нь тохирсон арга хэмжээ хариуцагч байгууллага авсан эсэх, Ц.Агийн гаргасан гэх зөрчлийн талаар холбогдох дотоод хяналт, шалгалтын ажлыг бүрэн дүүрэн явуулсан эсэх, түүний гаргасан зөрчил нь хариуцагч Дотоод хэргийн их сургуулийн нэр хүндэд хэрхэн нөлөөлсөн, тухайн тохиолдолд нэхэмжлэгчийг сургуулиас хасах хүртэл арга хэмжээг авсан нь хууль зүйн үндэслэлтэй эсэх зэрэг хэрэгт хамааралтай нөхцөл байдлуудыг зөв тодорхойлж чадаагүй, баримтыг буруу, дутуу үнэлсэн болох нь дараах байдлуудаар нотлогдож байна.

3.3. Үүнд Маргаан бүхий тушаалд зааснаар сургуулиас хасах болсон гол үндэслэл нь “ ...сахилгын зөрчил, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан...” гэх үндэслэлийг хариуцагч захиргааны байгууллага зааж улмаар нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан сурч боловсрох, суралцах эрхэнд шууд халдсан байхад анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, сахилгын зөрчил, ёс зүйн ноцтой зөрчлийн шинж байдлыг огт тайлбарлаагүй байх тул гомдол үндэслэл болж байна. Хариуцагч Дотоод хэргийн их сургуулийн багш, ахмад Д.Н гэгч маргаан бүхий тушаалыг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид гардуулж өгөхдөө “... чи одоо нэгэнт сургуулиас хөөгдсөн, чи тушаалаа гардаж аваад ямар нэгэн гомдол санал гаргахгүй гэдгээ бичиж өг ...” гэж сүрдүүлж хүчээр гомдол саналгүй гэсэн хүсэлтийг өөрөөр нь бичүүлж авсан байдаг. Ер нь Ц.Аг сургуулиас хасах, хөөх ажлыг Д.Н нь зохион байгуулсан, худлаа хэлж дотоод, хяналт шалгалтын ажлыг хууль бусаар гардан зохион байгуулсан гэдгийг Ц.А болон түүний ээж нь хэлдэг төдийгүй ямар нэгэн гомдол, санал хүсэлт гаргахгүй гэж өөрөөр нь бичүүлж авсан үйлдэл нь ёс зүйн зөрчил гаргасан суралцагчид хамаарахаар байгаа. /Дотоод хэргийн их сургуулийн сурагчийн ёс зүйн дүрмийн 8.1.1/

3.4. Өөрөөр хэлбэл, Ц.А сахилгын, ёс зүйн зөрчлийн аль үндэслэлээр сургуулиас хасагдаж байгаа нь туйлын ойлгомжгүй, тодорхойгүй уг зөрчлүүдийг гаргасан талаар хангалттай нотлох баримт, хяналт шалгалтын материал бүрдүүлээгүй мөртлөө сургуулиас хасах арга хэмжээ авч байгаа үйлдэл хууль бус болсон байхад “Дотоод хэргийн их сургуулийн дүрэмт хувцастай олон нийтийн сүлжээнд өөрийн “S T” гэх цахим хуудаст байршуулсан нийтлэл нь холбогдох дүрэм журам зөрчсөн байна гэх ...” шүүгчийн дүгнэлт илтэд үндэслэл муутай болжээ. Нэхэмжлэгч Ц.А Дотоод хэргийн их сургуулийн дүрэмт хувцастай сургуулийн дотоод цахим группт садар самуун сурталчилсан нийтлэл байршуулсан тохиолдолд л Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрэм болон сахилгын дүрмийн дагуу сахилгын арга хэмжээ авч болохоор дүрэм журмаа боловсруулсан байхад хэргийг шийдвэрлэсэн шүүгч энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, мэргэжлийн хувьд ноцтой алдаа гаргасан байна.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд “ ... Ц.А Дотоод хэргийн их сургуулийн дүрэмт хувцастай олон нийтийн сүлжээнд садар самуун сурталчилсан мэдээлэл байршуулсан нь сургуулийн нэр хүндэд халдсан, сургуулийн нэр хүндийг унгасан ...” гэж тайлбарласан боловч тус сургуулийн дотоод, хяналт шалгалтын материалд сургуулийн нэр хүндэд халдсан талаар нэг ч ажиллагаа явуулаагүй, нотлогдсон, тогтоогдсон зөрчил байгаагаагүй болохыг дурдаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй бөгөөд энэ эрхээ эдэлснийхээ төлөө сургуулиас хасагдах хүртэл сахилгын арга хэмжээ авхуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Дотоод хэргийн их сургуулийн хувьд тухайн зөрчлийн шинж байдалд нь тохирсон “... сануулах, уучлал гуйхыг үүрэг болгох ...” сахилгын арга хэмжээг авах бүрэн боломжтой байсан.

3.6. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн сахилгын дүрэм /Д.03/-ийн 4.7-д “... Албаны шалгалтаар тухайн этгээд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан этгээдэд урьдчилан танилцуулж тэмдэгдэл үйлдэн, гарын үсэг зуруулна. Зөрчилд холбогдсон этгээд дүгнэлттэй танилцах, эсхүл гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж, албаны шалгалтын материалд хавсаргана ...”, мөн дүрмийн 4.8-д “... тухайн этгээд албаны шалгалтын материалтай танилцаж, тайлбар гаргах, нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй ...” байхаар заасан байхад энэ процесс ажиллагааг огт явуулаагүй, журамд заасан эрхийг нэхэмжлэгч Ц.Ад эдлүүлээгүй болох нь албаны шалгалтын материалаар нотлогдож байхад шүүх баримтад тулгуурлалгүй хууль бус дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд нэхэмжлэгч маш их гомдолтой байгаа. Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрэм /Д.05/-ийн 2 дугаар зүйлд зааснаар ёс зүйн зөрчил гэдгийг тодорхойлохдоо “... энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ...” хэлнэ гэж тодорхойлж журмын 5 дугаар зүйлийн 5.6-д суралцагчийн үйл ажиллагаанд хориглосон ёс зүйн зөрчлүүдийг нэрлэн заасан байх ба Ц.Аг нэрлэн заасан ёс зүйн зөрчлөөс яг аль зөрчлийг гаргасан талаар маргаан бүхий тушаалд огт заагаагүй, дүрмийн 7 дугаар зүйлд сахилга, ёс зүйн зөрчлийн тухай мэдээллийг хүлээж авах, шалгаж шийдвэрлэх ажиллагааны талаар болон албаны шалгалт явуулах хугацаа, гомдол мэдээлэлд холбогдсон суралцагчийн тайлбар, саналыг авах талаар нарийвлан зохицуулсан байхад энэ талаарх ажиллагаа явагдаагүй байхад нэхэмжлэгчийн гаргасан зөрчил албаны шалгалтын материалаар бүрэн тогтоогдсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “Сургуулийн суралцагчийн сахилгын дүрэм”-ийн 2 дугаар зүйд “... сахилгын зөрчил гэж энэ дүрмээр хориглож, шийтгэл ногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж журамласан байхад Ц.Аг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж сахилгын дүрмийн дагуу сургуулиас хасах арга хэмжээ оногдуулсан явдал нь тууний сурч боловсрох эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол энэ журмын дагуу түүнд шийтгэл ногдуулах байтал ёс зүйн зөрчил гаргасан гэж өөр журмаар шийтгэл оногдуулах боломжгүй байхад шүүх энэ талаар буруу дүгнэлт хийсэн.

3.7. Анхан шатны шүүх Ц.Агийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ Боловсролын тухай хуулийн холбогдох заалт, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь шүүгч шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа Боловсролын тухай хуульд зааснаар дээд сургуулийн захирал тушаал гаргаж суралцагчийг сургуулиас хасах эрх хуулиар олгогдсон тул энэ эрхийнхээ хүрээнд тушаал гаргасан хуульд нийцсэн байна гэж тайлбарласан боловч шийдвэрийн Үндэслэх хэсэгт энэ талаар огт дурдаагүй.

3.8. Д.Н нь “цагдаагийн байгууллагын 100 жилийн ойн бэлтгэл сургуулилалт хийнэ” гэх нэрийдлээр Ц.Аг сургууль дээрээ удаа дараа дууддаг байсан боловч бодит байдал дээр үүнээс алдаа, дутагдал хайж байсан байна гэдгийг Ц.А хэлдэг ба Д.Н нь Ц.Аг сургууль дээрээ дуудан ирүүлж “ ... улмаар гар утсыг нь булаан авч уг гар утасны gallery, video цэсэнд хадгалагдаж байсан зураг, бичлэг зэргийг хуулбарлан авч албаны шалгалтын материалд зөрчил гаргасан мэтээр нэмж оруулж сургуулийн захиралд танилцуулж хууль бус тушаалыг гаргасан гэж үзэж байна гэдгээ хэлдэг. Мөн албаны шалгалт явуулахдаа Ц.Агийн хувийн байдлыг тогтоогоогүй, анги хамт олон, ангийн багш, эцэг эхээс нь тайлбар аваагүй зэрэг нь түүнийг ёс зүйн, сахилгын зөрчил гаргасан гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй.

3.9. Маргаан бүхий Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Сургуулиас хасах тухай” А/242 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Аг мөн сургуулийн Цагдаагийн сургуулийн “Цагдаагийн ажил-Эрх зүй” ангийн 2 дугаар дамжаанаас үргэлжлүүлэн суралцуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснээр түүний сурч боловсрох эрх сэргэнэ.

3.10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 356 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч Ц.А ньДотоод хэргийн их сургуулийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/242 дугаар “Сургуулиас хасах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ц.Аг Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн “Цагдаагийн ажил-Эрх зүй” ангид 2 дугаар дамжаанаас үргэлжлүүлэн суралцуулахыг хариуцагчид даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

           3.2. Маргаан бүхий А/242 дугаар тушаалаар Цагдаагийн сургуулийн “Цагдаагийн ажил-Эрх зүй” хөтөлбөрийн 311 дүгээр дамжааны сонсогч Ц.А нь сахилга, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзээд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон их сургуулиас хассан байна.

            3.3. Суралцагч Дээд боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар Боловсролын тухай хуулийн 45.2-т зааснаас гадна сургуулийн дотоод дүрэм, журамд заасан үүргийг биелүүлэх, Боловсролын тухай хуулийн 45.2.5-д зааснаар сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих үүргийг хуулиар хүлээсэн. Мөн Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/224 дүгээр тушаалаар шинэчлэн батлагдсан “Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрэм”-д зааснаар их сургуулийн болон хувь хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэж суралцах бөгөөд албаны мэдээллийг эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр бусдад тараах, их сургуулийн үйл ажиллагаанд холбогдох асуудлаар үзэл, бодлоо илэрхийлэх болон албаны хувцастай зургийг хувийн зорилгоор олон нийтийн сүлжээнд байршуулах, их сургуулийн орчин, олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явах, бүх нийтээр дагаж мөрдөх харилцааны соёлыг үр баримтлахыг хориглохоор заасан байна.

3.4. “Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн сахилгын дүрэм”-д зааснаар их сургуулийн суралцагчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг ирүүлсэн нь албаны шалгалт явуулах үндэслэл болох бөгөөд нэхэмжлэгч Ц.А нь Дотоод хэргийн их сургуулийн “Цагдаагийн ажил-Эрх зүй” ангид сонсогчоор суралцаж байх үедээ олон нийтийн сүлжээнд сонсогчийн дүрэм хувцас бүхий өөрийн зурагтайгаар садар самуун, хүйсийн тэгш бус байдлыг илэрхийлсэн, бусдыг доромжилсон үг хэллэг бүхий зурагт хуудас, постыг удаа дараа байршуулсан талаар суралцагчдаас гомдол, мэдээлэл гаргасны дагуу тус сургуулийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргаас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Албаны шалгалт явуулах төлөвлөгөө”-г баталж, түүний дагуу шалгалтыг явуулсан, ийнхүү зөрчил гаргасан болох нь түүний шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг, албаны шалгалт явуулсан материал, түүний болон хамт суралцагчдын өгсөн мэдүүлэг, сургуулийн захиралд гаргасан тайлбар зэрэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна. Мөн нэхэмжлэгч нь тайлбар мэдүүлэг өгч, шалгалтын ажиллагаанд оролцсон байх тул Захиргааны ерөнхий хуульд заасныг зөрчиж мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулалгүйгээр шийдвэр гаргасан, үүгээр нэхэмжлэгчийн сурч боловсрох хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

3.5. Нэхэмжлэгчийн тухайд “... өөрийн гаргасан ёс зүйн зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа, зөрчлийн шинж байдалд тохируулан арга хэмжээ аваагүй, харин шалгалтын материалуудаас үзвэл сахилгын ямар зөрчил гаргасан байгаа нь тогтоогдохгүй байгаа, ... мөн буруугаа ойлгож байгаа, цаашид үргэлжлүүлэн суралцах хүсэл эрмэлзэлтэй тул боломж олгож үргэлжлүүлэн суралцуулахыг даалгах боломжтой, ... сургууль суралцагчийг хэрхэн бэлтгэж, сургасан, мөн сургалцагч зөрчил гаргагчаас хэрхэн урьдчилан сэргийлсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь уг тушаалын улмаас сэтгэлзүйн байдлаас болж Говь-Алтай аймагт хулгайн хэрэгт холбогдсон” гэх агуулгаар тайлбарлаж, гаргасан зөрчлөө үгүйсгэж маргаагүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

3.6. Иймд хариуцагч холбогдох хууль болон “Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн сахилгын дүрэм”, “Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрэм”-д тус тус заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар, гэм буруугийн санаатай болон болгоомжгүй үйлдэл зэргийг харгалзан үзээд сургуулиас хассаныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

3.7. Түүнчлэн нэхэмжлэгч нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах зорилгоор хуульд заасан ажиллагаа явуулах, гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах үйл ажиллагааг болон хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, улс орны эрх ашигт ноцтой хор уршиг, хохирол учруулж болзошгүй аюулыг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай албанд ажиллахаар бэлтгэгдэж байгаа суралцагчийн хувьд харилцаа хандлага, ёс зүйн хувьд өндөр төлөвшилтэй байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, хэдий үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч бусдын эрхэнд халдан, дур зоргоороо авирлаж болохгүйг, тодруулбал, хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болох Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрхийг зөрчиж болохгүйг ухамсарласан байх насанд хүрсэн байна. Ийнхүү гаргасан зөрчил нь ёс зүйн наад захын хэм хэмжээг зөрчсөн гэж үзэхээр бөгөөд хариуцагчийн “... асуудлын үр дагаврыг ойлгох, хариуцлага хүлээх чадвартай иргэн, ... тухайн суралцагчийн сэтгэлзүйн байдалд холбогдуулан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй” гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, өмгөөлөгч Э.Т нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР        

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН