Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 924

 

Д.Туяагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00302 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Туяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Мэндсайханд холбогдох        

Хүүхдийн сургалтын төлбөрт 1 990 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Туяа  

Хариуцагч М.Мэндсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1993 онд М.Мэндсайхантай гэр бүл болон амьдарч байгаад 2000 онд гэрлэлтээ цуцлуулсан. Бид хоёр хүүтэй, бага хүү М.Шинэцэнд нь Орхон аймгийн Технологийн сургуульд 2015 онд элсэн орж, одоо 2 дугаар курсэд суралцаж байна. Би 2015 онд сургалтын төлбөрт 1 885 000 төгрөг, 2016 онд 2 дугаар күрсэд 2 101 642 төгрөг төлөх шаардлагатай байгаа тул сургалтын төлбөрийн тал хувь 1 990 000 төгрөгиийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Мэндсайхан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2001 онд Орхон аймаг дахь сум дундын шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Миний хувьд хүүхдийн тэтгэлэг төлж дуусгасан. Хүү М.Шинэцэндийн сургуулийн тодорхойлолтод Тогтохбаярын Шинэцэнд гэж бичсэн байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Шүүх: 1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Мэндсайханаас 1 990 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Туяад олгож,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 790 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Мэндсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 46 790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Туяад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх "Хариуцагч нь сургуулийн тодорхойлолт дээр Тогтохбаярын Шинэцэнд гэж бичсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч Шинэцэндийн иргэний үнэмлэх дээр Харчин овогт Мэндсайханы Шинэцэнд, регистрийн дугаар ФБ98102112, сургалтын төлбөр төлсөн орлогын мэдүүлэгт регистрийн дугаар ФБ98102112, Мэндсайханы Шинэцэнд гэж тэмдэглэсэн байна” гэж нотлох баримт үнэлснийг эс зөвшөөрч байна. Учир нь: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний үнэмлэхний бүртгэлийн лавлагаа авч үнэлэх ажиллагаа хийгдээгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг бүрэн бүрдүүлж чадаагүй.

Миний бие Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу 18 нас хүртэл тогтоосон тэтгэлэгийг бүрэн төлсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т заасан “тэтгүүлэгч хүүхэд ...18 насанд хүрсэн” тул хуулийн дагуу миний тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон байтал энэ заалтыг шүүхээс харгалзаж үзэлгүй, хэт нэг талын эрх ашгийг барьж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Д.Туяа нь дахин гэр бүлтэй болсон бөгөөд хүү М.Шинэцэндийн овгийг дур мэдэн сольж Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Бага насны иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчлөх асуудлыг түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлөөр бүртгэнэ” гэж заасны дагуу төрсөн эцгээс нь зөвшөөрөл авалгүй миний эрхийг зөрчснийг шүүх харгалзаж үзээгүй. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт “дагавар хүүхэд хойд эцэг, хойд эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ” гэж заасны дагуу миний тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсноос хойш цаашид гарах зардлыг Б.Туяагийн гэр бүл хариуцах учиртай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Туяа нь хариуцагч М.Мэндсайханд холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөрт 1 990 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч  нь тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон, хүүхдийн овог өөрчилсөн тул төлөхгүй гэж маргажээ.

Д.Туяа, М.Мэндсайхан нар 1993 онд гэр бүл болж, тэдний дундаас 1994 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүү Ш.Цэнд-Аюуш, 1998 оны 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү М.Шинэцэнд нар төрсөн бөгөөд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 906 дугаар шийдвэрээр гэрлэлт цуцалж, хүү М.Цэнд-Аюушийг эцэг М.Мэндсайханы, хүү М.Шинэцэндийг эх Д.Туяагийн асрамжид тус тус үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна /хх-8,14,33/.

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдүүдэд шаардлагатай нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хүү М.Шинэцэнд одоо 18 настай, Орхон аймгийн Технологийн сургуулийн Уул уурхайн техник технологийн мэргэжлийн 2 дугаар күрсэд суралцдаг, сургалтын төлбөрт 2015-2016 оны хичээлийн жилд 2 348 894 төгрөг, 2016-2017 оны хичээлийн жилд 2 101 642 төгрөг төлөхөөс 2016 оны хичээлийн жилд 1 235 000 /1 200 000+35 000/ төгрөг төлсөн болох нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Технологийн сургуулийн тодорхойлолт, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1 200 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 35 000 төгрөг төлсөн Капитрон банкны орлогын мэдүүлэг зэрэг баримтуудаар  нотлогдсон. Уг зардал нь хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотойгоор үүсэн, гарсан байна /хх-31-32, 33-34/.  

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж, 26.2.2-т “...түүнд суурь боловсрол эзэмшүүлэх...” үүрэгтэй гэж тус тус заасан тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хариуцагч М.Мэндсайхан нь сургуулийн тодорхойлолтод “Т.Шинэцэнд” гэж бичсэн тул сургалтын төлбөр төлөхгүй гэж маргаж байгаа боловч хүүхдийн овог өөрчлөгдснөөс эцэг, хүүхдийн харилцааг шууд таслах, тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, тэтгэлэг, нэмэлт зардал /сургалтын төлбөр/ зэрэг нь тус тусдаа зохицуулалттай өөр өөр ойлголтууд юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                             ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

                                                                                                                    Д.БАЙГАЛМАА