Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 19

 

                                       Э.Отгонболд, А.Нарангарав, Г.Очирчулуун,

                                       Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс нарт холбогдох

                                                     эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч Э.Отгонболдын өмгөөлөгч Б.Энхзаяа,

шүүгдэгч Г.Очирчулуун, Х.Мөнхтуул нарын өмгөөлөгч Ц.Туяа,

шүүгдэгч Б.Түвшинтөгсийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 774 дүгээр магадлалтай, 201625012732 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Отгонболд, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Б.Энхзаяа, шүүгдэгч А.Нарангарав нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Энхболдын Отгонболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан “Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Алтансүхийн Нарангарав нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан “Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Харьд овогт Ганболдын Очирчулуун нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Тэхийнхэн овогт Хүрэлбаатарын Мөнхтуул нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

5. Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Батбаярын Түвшинтөгс нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Отгонболд, А.Нарангарав, Г.Очирчулуун, Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс нарыг бүлэглэн бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэж, бусдын эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Э.Отгонболд, А.Нарангарав нарыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар Э.Отгонболдод эд хөрөнгө хураах нэмэгдэл ял  хэрэглэхгүйгээр  5 жил 3 сарын хугацаатай хорих ялаар, А.Нарангарав эд хөрөнгө хураах нэмэгдэл  ял  хэрэглэхгүйгээр  5 жил 1 сарын хугацаатай хорих ялаар, Э.Отгонболд, А.Нарангарав нарыг мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар тус бүр 2 сарын хугацаатай баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар Г.Очирчулуун, Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс нарт эд хөрөнгө хураах  нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүрийг 5 жил 1 сарын хугацаатай хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Э.Отгонболдод Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 2 сарын хугацаатай оногдуулсан баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 5 жил 3 сарын хугацаатай хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 5 сарын хугацаатай, А.Нарангаравт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар  2 сарын хугацаатай оногдуулсан баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаатай хорих ял дээр  нэмж  нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 3 сарын хугацаатай хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг  журамлан  52.5-д зааснаар Э.Отгонболдод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,  А.Нарангаравт оногдуулсан хорих ялыг  жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг  журамлан  52.8-д зааснаар Г.Очирчулуун, Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс нарт оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар Г.Очирчулуун, Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2-т зааснаар А.Нарангаравт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “... бүлэглэн ...” гэснийг “... урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн ...” гэж, 2 дахь заалтад “... Алтансүхийн Нарангаравыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар ...” гэснийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Алтансүхийн Нарангаравыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар ...” гэж, 4 дэх заалтад “... хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй ...” гэснийг “... хорих ялыг жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй ...” гэж тус тус өөрчилж, 4 дэх заалтаас “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан ...” гэснийг хасч, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Э.Отгонболдын өмгөөлөгч Ж.Батбаяр, Б.Энхзаяа, ялтан А.Нарангаравын өмгөөлөгч Л.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхзаяа, Ц.Туяа, Б.Бат-Ерөөлт нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Отгонболдын өмгөөлөгч Б.Энхзаяа, Ж.Батбаяр нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “... Э.Отгонболд нь тухайн үеийн үйл явдлын талаар огт маргаагүй, үгүйсгээгүй, харин гэмт үйлдэл, сэдэл, санаа зорилго, аргын талаар прокурорын яллах дүгнэлтэд буруугаар тусгасанд гомдолтой байна. Энэ зүйлийн хамгийн гол шинж нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед “аюултайгаар” хүч хэрэглэсэн, эсхүл “аюултайгаар” хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл гэмт этгээдийн зүгээс “дээрэмдүүлэгч”-ийн нүд, сэтгэлд нь өөрийн амь насанд аюултай байдал нэгэнт бий болчихжээ гэдгийг харуулсан, мэдрүүлсэн байх явдал нь энэ төрлийн гэмт хэргийн онцлог шинж юм. Э.Отгонболд нарын үйлдэлд тийм шинж тэмдэг огт байдаггүй. Өөрөөр хэлбэл хутга шөвөг барьсан, буу зэвсэг агссан, тэсэрч дэлбэрэх бодис далайсан, харуулсан, заналхийлсэн гэх зэрэг аюултай байдлыг үүсгэснийг нотлох баримт хэрэгт байхгүй. Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Э.Отгонболд болон А.Нарангарав, Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс, Г.Очирчулуун нар нь дээрэмдэх санаа зорилго байгаагүй талаар мэдүүлдгээс үзэхэд тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Хэргийн нөхцөл байдал ийм байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн зүйлчлэлийг өөрчлөх боломжтой. Түүнчлэн Э.Отгонболд нь холбогдсон гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа ухамсарлан ойлгож байгаа бөгөөд тэрээр нас залуу, ид хийж бүтээх, сурч боловсрох насандаа нийгмээс тусгаарлагдан олон жилээр хоригдохоор болсондоо харамсаад барахгүй байгаа. Иймд хохирол бүрэн барагдсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж нийгмийн дунд хүмүүжих боломжтой ял оногдуулж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Э.Отгонболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Би яллах дүгнэлт болон хоёр шатны шүүхийн шийдвэрт дурдсан шиг амь биед аюултайгаар хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилго огт байгаагүй. Солонгос нөхрийг монгол охинтой хамт байхад нь орж гаргаж ирэх, мөнгө болохоор зүйл байвал авч гарах санаа агуулсан нь үнэн. Харин хүч хэрэглэж дээрэмдэх санаа үнэхээр байгаагүй. Миний хувьд тэр солонгос залуугийн биед нь хүрэх нь битгий хэл царайг нь ч хараад танихааргүй өрөөний цаад хэсэгт байсан. Тэр тухай хохирогч мэдүүлэгтээ нэг залуу цаана байсан гэж дурдсан байдаг. Энэ болчимгүй, үр дагаврыг нь мэдэхгүй хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа ухамсарлан харамсаж байна. Хохирогчид учирсан 600,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан. Гэнэн томоогүй зангаасаа болж анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч А.Нарангарав хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Мөрдөн байцаагч Мөнхцэнгэл мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй гээд байхад чамайг гэрчээр байцааж байна, сэжигтнээр байцаагаагүй тохиолдолд өмгөөлөгчийн шаардлага байхгүй, яг одоо мэдүүлэг өгөхгүй бол Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсгийг зөрчсөнд тооцож 1-3 сар хүртэл хугацаагаар цагдан хорино гэж хууран мэхлэж мэдүүлэг аваад гарын үсэг зуруулсан. Намайг бага насны хүүхэдтэйг мэдсээр байж Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т заасныг зөрчиж 72 цаг цагдан хорьсонд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлээр ял оногдуулахдаа үгүйсгэх нотлох баримтыг шалгаж үзээгүйгээс гадна насанд хүрсэн хүн насанд хүрээгүй хүнтэй хамт байвал уруу татсанд орно гэх тайлбарыг гарган анхнаасаа яллах талыг баримтлан хэргийг шалгасан. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэдий ч хохирогчийн гэрт дээрмийн хэрэг үйлдэгдсэнийг нотлох зүйл байдаггүй. Мөн хохирогчийн үснээс зулгааж, хоолойноос боосон гэдэг ч энэ нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдоогүй. Бусдын амь биед аюултай байдлаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэж үздэг боловч “амь биед аюултай” хүч хэрэглэсэн байдал болоогүй. Хохирогч цонхны тусгалд гурван хүн орж ирэхийг харсан гэх зэргээс харвал хүн орж ирэхийг харснаар хулгайн гэмт хэргийн төгсгөл болж байх тул зүйлчлэлийг анхаарч үзнэ үү. Мөн Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийг журамлан хэрэгт хэн, хэн ямар үүрэг оролцоотой байсныг сайтар нягталж үзэх шаардлагатай. Насанд хүрээгүй этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэр гаргасан хэдий ч насанд хүрсэн бидний хувьд Үндсэн хууль, олон улсын пакт гэрээнүүдийг зөрчиж байна. Шүүх хүн бүрийн өмнө эрх тэгш үйлчилж хэргийн үйлдэл нэг бүрийг үнэн зөвөөр тогтоож, түүнд нь тохирсон ял шийтгэл оногдуулах үүрэгтэй. Бидэнд оногдуулсан ял дэндүү хатуу байгаа бөгөөд бид хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байна. Хохирогчийн зүй бус үйлдэл уг хэргийн сэдэлт төрөхөд нөлөөлсөн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Э.Отгонболдын өмгөөлөгч Б.Энхзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлээр зүйлчлэхийн тулд амь биед аюултай арга хэрэглээд түүнийх нь хариуд хохирогч өөрөө эд зүйлээ гаргаж өгсөн байх ёстой. Гэтэл Э.Отгонболдын үйлдэлд ийм шинж байдаггүй. Иймд тэдний үйлдэл нь булаалтын гэмт хэргийн шинжийг агуулж байх тул зүйлчлэлийг өөрчлөх саналтай байна ...” гэв.

Шүүгдэгч Г.Очирчулуун, Х.Мөнхтуул нарын өмгөөлөгч Ц.Туяа хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд нэг талыг барьсан зүйл байхгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Шүүгдэгч Б.Түвшинтөгсийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Шүүгдэгч нар хохирогчийн гэрт орж хоолойг нь боож, цохиж довтолгоон хийснээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн бүрдэл төгссөн. Тэд гэмт хэрэг үйлдэх талаар үг, үйлдлээрээ нэгдэж урьдчилан үгсэн тохиролцсон. Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт ач холбогдолтой бүхий л нотлох баримтыг шалгаж тогтоосон. Хэргийн зүйлчлэл, ял шийтгэл тэдний гэм бурууд тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Э.Отгонболд, А.Нарангарав, Г.Очирчулуун, Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2016 оны 7 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 6-1 дүгээр байрны 5 тоотод Солонгос улсын иргэн Чае Донгбаегийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн гар утас, нүдний шилийг дээрэмдэж 600,000 төгрөгийн хохирол учруулсан, Э.Отгонболд, А.Нарангарав нар нь насанд хүрээгүй Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс, Г.Очирчулуун нарт шан харамж өгөх нэрийдлээр хуурч мэхлэн гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан үйл баримт тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Э.Отгонболд, А.Нарангарав, Г.Очирчулуун, Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байх бөгөөд шүүх тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Э.Отгонболд, А.Нарангарав нарын насанд хүрээгүй хүүхдүүдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан үйлдлийг мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар тус тус  зөв зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, А.Нарангаравын “гурав хүртэлх насны хүүхэдтэй”, Г.Очирчулуун, Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс нарын “насанд хүрээгүй” байдлуудыг харгалзан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус тус хойшлуулж шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэсэн гэж дүгнэв.

Амь биед аюултайгаар хүч хэрэглэх тухай ойлголтод зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэхээс гадна хохирогчийн эсэргүүцлийг дарах, айлгах, заналхийлэхэд чиглэсэн бие махбодийн хүчирхийллийн аливаа үйлдэл хийснийг ойлгох бөгөөд хүч хэрэглэсэн тухайн үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирхаас гадна бодитой хор уршиг учраагүй боловч амь биед аюултай нөхцөл байдал бий болгохоор байсныг хамааруулан ойлгоно.

Булаах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч болон эзэмшигч, хариуцсан этгээдээс өөртөө шилжүүлэн авснаар төгсдөг бол дээрэмдэх гэмт хэрэг нь эд хөрөнгийг авсан эсэхээс үл хамаарч хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолгоон хийснээр төгс үйлдэгддэгээрээ ялгагдана.

Энэ хэргийн тухайд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хохирогчийн хоолойг боож, хөдөлгөөн хийх боломжийг хязгаарлаж тал талаас нь барьж, үснээс нь зулгааж, хавсарч унагааж байгаа нь хохирогчийн эсэргүүцлийг дарахад чиглэсэн идэвхтэй үйлдлүүд бөгөөд энэхүү довтолгоон хийгдэж эхэлсэн үеэс дээрэмдэх гэмт хэргийн бүрдэл төгссөн байна.

Харин өмгөөлөгч нарын гомдолд дурдсан “хутга шөвөг барьсан, буу зэвсэг агссан, тэсэрч дэлбэрэх бодис далайсан, харуулсан, заналхийлсэн шинж байхгүй” гэсэн нь дээрмийн гэмт хэргийн довтолгооны төрөл, шинжийг хязгаарлахгүй юм.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Э.Отгонболдын “Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү”, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа, Ж.Батбаяр, шүүгдэгч А.Нарангарав нарын “хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх” талаар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 774 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Отгонболд, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа, Ж.Батбаяр, шүүгдэгч А.Нарангарав нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                     Т.УРАНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ