Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2016/06412/И |
Дугаар | 102/ШШ2016/05587 |
Огноо | 2016-11-02 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2016/05587
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2016/05587
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17-р хороо, Саруул дэнж хотхон, 40В-р байрны 76 тоотод оршин суух, Старсофт ХХК-ний захирал ажилтай, регистр ХЕ75091017, Самбуу ногооныхон овогт Дашхүүгийн Өлзий-Орших,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17-р хороо, Саруул дэнж хотхон, 40В-р байрны 76 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ХК75102306, Богдхангай овогт Чогсомжавын Оюунтунгалаг нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, “Си Жи Эс” эмнэлэгийн байр, 405 тоот, “Ганьт” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохиролд 40 214 115 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Өлзий-Орших, Ч.Оюунтунгалаг, нэхэмлэгчийн өмгөөлөгч Д.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Өлзий-Орших шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Ганьт” ХХК-тай 2007 оны 12-р сарын 17-ны өдөр “Захиалгаар орон сууц барих, бариулах гэрээ” байгуулж Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт барьж буй 40В байрны 2-р орцны 68 тоот 3 өрөө байрыг 1 м.кв-ыг 730 ам.доллараар бариулахаар захиалсан. Төлбөрийг гэрээний 3.2-т зааснаар 2007 оны 12-р сарын 17-ноос 2013 оны 9-р сарын 11-ний хугацаанд нийт 49 640 ам.долларыг өгч дуусгасан. Ганьт компани барилгыг 2008 оны 3-р улиралд ашиглалтад оруулна гэсэн боловч хугацаагаа 850 хоногоор хэтрүүлж 2011 оны 1-р сард оруулсан. Гэрээгээр гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.1 хувийн алданги тооцохоор тохирсон бөгөөд алдангийн хэмжээ 39 216 доллар болж байна. Хуулиар алдангийг 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул 24 820 ам.доллар буюу 32 266 000 төгрөгийн хохирол учирсан. Байр 2011 оны 3-р сард ашиглалтад орсноос хойш 3 сарын дараа доголдол илэрч хана цонхноос сийгэх, нүх гарч гадны орчин харагдах, мөөгөнцөртөх, муухай үнэр гарч өвчин үүсэх, дулаан их алдагдсан нөхцөл үүссэн тул Ганьт компанид хандсан. Гэтэл Ганьт компани асуудлыг түр аргалсан төдийхнөөр орхисон. Одоо 5 жил өнгөрч байхад ямар ч арга хэмжээ аваагүй. Бид 2012 онд Нийслэлийн мэргэжлийн байгууллагат гомдол гаргаж, 2012 оны 3-р сарын 30-ны өдрийн 07-11/1207 тоот албан шаардлага хүргүүлсэн. Ганьт компани шаардлагыг биелүүлээгүй. 2016 оны 4-р сарын 2-ны өдөр НМХГ-т дахин гомдол гаргаж, хариу өгч, засвар үйлчилгээг Ганьт компаниар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэсэн. Нэгэнт Ганьт ХХК нь зөрчлийг арилгаагүй, ямар ч засвар үйлчилгээ хийгээгүй тул бид засварын ажлын үнэлгээ хийлгэсэн. Засварын ажлын тооцоог 6 948 115 төгрөг тогтоосон. Мөн үнэлгээ хийсэн ажлын хөлс 500 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг нийт 40 214 115 төгрөгийг Ганьт компаниас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ч.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага адилхан. Манай хана, цонхны завсараар байнга салхи сийгдэг, завсараар нь хүн харагддаг, мөөгөнцөрддөг, энэ бүхнийг манай нөхөр янзалдаг бөгөөд янз бүрийн яр шарх гардаг. Энэ болгонд эмчилгээ хийлгэж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Өлзий-Орших нь манай компаний барьсан Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэр, “Саруул дэнж” цогцолбор хотхоны 40В байрны 2-р орцны 6-р давхарын 68 кв.м талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалахаар 2007 оны 12-р сарын 17-ны өдөр “Захиалгаар орон сууц барих, бариулах гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний 2-р зүйлийн 2.1-д “гүйцэтгэгч нь 1.2-т заасан орон сууцны байрыг ....2008 оны 3-р улиарлад багтаан ашиглалтанд оруулна” гэсэн атал 2011 оны 1-р сард биднийг захиалсан байрандаа оруулсан гэж нэхэмжлэлдээ дурьдаад захиалсан байрыг хугацаа хожимдуулж ашиглалтанд оруулсан учир алданги төлүүлнэ гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд 2008 оны 3-р улиралд буюу 2008 оны 9-р сард эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн буюу шаардах эрх үүссэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцоход Монгол улсын Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.2-т заасан “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” байна гэж заасан хугацаа нь аль хэдийнэ өнгөрсөн, хуулиар тогтоосон хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй учир алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэн Д.Өлзий-Орших нэхэмжлэлдээ дурьдаад байгаа 2012 оны 03-р сарын 30-ны өпдрийн 07-11/1207 тоот Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлага болон 2016 оны 05-р сарын 03-ны өдрийн 02-07-100/547 тоот албан бичгүүд манай компанид ирж байгаагүй бөгөөд бид ийм шаардлага гарсан талаар огт мэдээгүй, мөн орон сууцны байрны чанарын асуудлаар нэхэмжлэгч Д.Өлзий-Орших нь бидэнд хандан өргөдөл, гомдол гаргаж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Өлзий-Орших, Ч.Оюунтунгалаг нар нь “Ганьт” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохиролд 40 214 115 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Д.Өлзий-Орших нь “Ганьт” ХХК-тай 2007 оны 12-р сарын 17-ны өдөр “Захиалгаар орон сууц барих, бариулах гэрээ” байгуулж, Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт барьж буй 40В байрны 2-р орцны 68 тоот 3 өрөө байрыг 1 м.кв-ыг 730 ам.доллараар бариулахаар тохирчээ.
Нэхэмжлэгч нь “Ганьт” ХХК орон сууцыг 2008 оны 3-р улиралд ашиглалтад оруулах байсан боловч 2011 оны 1-р сард ашиглалтад өгч 850 хоног хугацаа хэтрүүлсэн, ашиглалтад орсноос хойш 3 сарын дараа доголдол илэрсэн талаар маргаж хохирол шаардсан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “захиалагч ямар ч гомдол гаргаж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж тайлбарлажээ.
“Ганьт” ХХК нь гэрээний 2-р зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг 2008 оны 3-р улиралд ашиглалтад оруулах, 4-р зүйлийн 4.2-т зааснаар гүйцэтгэгч нь орон сууцны байрыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн сар тутам 0.1 хувийн алдангийг захиалагчид төлөхөөр тохирсон байна.
Нэхэмжлэгчийн алданги шаардах эрх нь эрх зөрчигдсөн буюу сууцыг 2008 оны 3-р улиралд ашиглалтад оруулах хугацаа дууссан үеэс үүссэн байх ба Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Өөрөөр хэлбэл, захиалагч нь 2011 оны 3-р улирал хүртэлх 3 жилийн хугацаанд алданги шаардаагүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Нөгөө талаас, тухайн сууц 2011 оны 1-р сард ашиглалтад орсон талаар талууд маргаагүй бөгөөд байранд орсноос хойш 3 сарын дараа “...хана цонхноос сийгэх, нүх гарч гадны орчин харагдах, мөөгөнцөртөх, муухай үнэр гарах, дулаан алдагдах” зэрэг доголдол илэрсэн, улмаар оршин суугч Д.Өлзий-Орших нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2012 оны 01-р сарын 31-ний өдөр өргөдөл гаргаж, улсын байцаагч 2012 оны 03-р сарын 30-ны өдрийн 07-11/1207 тоот албан шаардлага /хх 25-26/ гаргажээ.
Зөрчил арилгуулах тухай албан шаардлага, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 05-р сарын 03-ны өдрийн 02-07-100/547 тоот “Барилгын ашиглалтын төлөв байдлын тухай” дүгнэлтийг /хх 25-26/ Д.Өлзий-Орших, Ч.Оюунтунгалаг нарын гомдлоор гаргасан байх ба харин нэхэмжлэгч нар нь “Ганьт” ХХК-д доголдлыг арилгуулах талаар гомдлын шаардлага гаргасанаа нотлоогүй байна.
Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 349-р зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар барилга байшингийн догодол дутагдлын талаар ажлыг хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болох хугацаанд Ганьт ХХК-иар доголдлыг арилгуулах, захиалагч тогтоосон хугацаанд доголдлыг арилгаагүй бол захиалагч доголдлыг арилгаж, гарсан зардлаа нөхөн төлүүлэх шаардлага гаргаагүй гэж үзнэ.
Нөгөө талаас, 6 948 115 төгрөгийн засварын ажлын үнэлгээ /хх 30-46/ нь засвар хийхэд гарах зардлыг тогтоосон байх ба нэхэмжлэгч нар доголдлыг өөрсдөө арилгасан зардал гэх үндэслэлгүй.
Үүнээс дүгнэвэл, “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, орон сууцны чанарын асуудлаар манайд өргөдөл гомдол гаргаж байгаагүй, албан шаардлага, дүгнэлт манайд ирээгүй” гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь засварын ажлын үнэлгээ хийлгэхэд төлсөн 500 000 төгрөг нь доголдлыг арилгасантай холбоотой гарсан зардал биш байна.
Нэхэмжлэгч нар нь 2016 оны 07-р сарын 28-ны өдөр өмгөөлөгч Д.Туяатай “Эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсан /хх 48-49/ байх ба өмгөөлөгчид 500 000 төгрөгийг хөлс төлөхөөр тохирчээ.
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг талууд сайн дурын үндсэн дээр, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн хийдэг бөгөөд үйлчлүүлэгч гэрээний үүргээ биелүүлж хөлс төлсөн байна. Иймд өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1, 349-р зүйлийн 349.1, 352-р зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ганьт” ХХК-иас 40 214 115 /дөчин сая хоёр зуун арван дөрвөн мянга нэг зуун арван тав/ төгрөг гаргуулахыг хүссэн Д.Өлзий-Орших, Ч.Оюунтунгалаг нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359 050 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА