Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 42

 

 

                                                  Ч.Эрдэнэтөгс, Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг,

                                                              Ч.Чулуумаа нарт холбогдох

                                                                  эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсийн өмгөөлөгч Б.Даваасүрэн,

шүүгдэгч Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нарын өмгөөлөгч Б.Дашдорж, Э.Мягмарцэрэн,

шүүгдэгч Ч.Пүрвээ,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 12А дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 833 дугаар магадлалтай, 201525031760 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Эрдэнэтөгс, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн, Д.Энхбаяр, шүүгдэгч Ч.Пүрвээ, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Таван хонгор овогт Чулуунбатын Эрдэнэтөгс нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан “Онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1963 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Бушга овогт Чанцалын Пүрвээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан “Хүнийг санаатай алах гэмт хэргийг нуун далдлах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Бушга овогт Чулуунбатын Эрдэнэчимэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан “Хүнийг санаатай алах гэмт хэргийг нуун далдлах” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Чулуунбатын Чулуумаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан “Хүнийг санаатай алах гэмт хэргийг нуун далдлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чулуунбатын Чулуумаад холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан, шүүгдэгч Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нарыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан, шүүгдэгч Ч.Чулуумааг хүнийг санаатай алсан гэмт хэргийг үл мэдээлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ч.Чулуумааг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсийг 21 (хорин нэг) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нарыг тус бүр 300 (гурван зуу) цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсөд оногдуулсан 21 жилийн хугацаатай хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 12А дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Ч.Чулуумаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Ч.Чулуумааг цагаатгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгож, тогтоолын 2 дахь заалтын Ч.Чулуумаад холбогдох хэсгийг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Эрдэнэтөгс, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Ч.Чулуумаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн, Б.Дашдорж, Э.Мягмарцэрэн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсийн өмгөөлөгч Б.Даваасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Хэрэг анхнаасаа зохион байгуулалттай, өс хонзонгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.4, 49.1.5-т заасан ашиг сонирхлын зөрчлөөр үүссэн. 2015 оны 7 дугаар сард Ариунзаяа Эрдэнэтөгсийн биед хүнд гэмтэл учруулахаар нь Пүрвээ, Чулуумаа, Эрдэнэчимэг нар түүнийг эмнэлэгт үзүүлж, цагдаад гомдол өгөх гэтэл хэлтсийн дарга нь олдохгүй, гомдлыг авахгүй гэхээр нь аргагүйдэж Цагдаагийн Ерөнхий газар руу утасдахад Ганболд гэгч ууртайгаар утсаа авсан байдаг бөгөөд тухайн үеийн бичлэг байсныг устгасан. Ариунзаяад холбогдуулан хэрэг үүсгэн шалгаж байгаад “харилцан гэмтэлтэй, эвлэрсэн” гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “гэмт хэргийг мэдээлээгүй” гэх хэргийн үүсэл нь Ганхуяг гэгч үл бүтэх этгээд  Эрдэнэтөгсийн найз мэтээр дүр эсгэж, уг хэрэг болох үед хамт байсан ч байж магадгүй, “хол аваачиж хая” гэсэн худал гүтгэлгийн үгээр хүмүүсийг шийтгэсэн. Ганболд, Серек мэтийн 5-6 байцаагчид “та нарт ямар зүйл анги өгөхөө мэдэхгүй байна, алуурчингууд” гээд дайрч доромжилж, шөнө 24 цагийн үед гэрийн хувцастай нь ачсан нь хувийн сонирхолтойг нотолдог. Пүрвээ, Эрдэнэчимэг нарыг гэрч, сэжигтнээр байцаахдаа өмгөөлөгчгүй байцааж, айлган дарамталж гарын үсэг зуруулсан. Чулуумааг гэрчээр байцаах үед 2 удаа ухаан алдан унаж, эмч дуудаж байсан боловч өмгөөлөгчгүй болохоор тэмдэглэл ч үйлдээгүй. Энэ мэтээр Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Бид шүүхэд хэргийг шилжүүлэхгүй байх талаар хүсэлт гаргаж байсан боловч хариу өгөхгүй байсаар, хэргийг танилцуулахгүйгээр шууд шүүхэд шилжүүлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлсний дараа ч мөн шүүгч, Ерөнхий шүүгчид удаа дараа “мөрдөн байцаалтад буцаах” талаар хүсэлт гаргасан ч хариу өгөхгүй байсаар одоог хүрч байна. Эрдэнэтөгсийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар зүйлчилсэн нь хууль бус. Тухайлбал гар, хөлийг нь баглачихаад 2-3 удаа хэрцгийгээр хутгалаад байснаар “өнгөцхөн” хөнгөн шарх үүссэн мэтээр хийсвэрээр зүйлчлээд байна. Эрдэнэчимэг, Пүрвээ нарт үндэслэлгүйгээр албадан ажил хийлгэх ял оногдуулсан. Хохирлын 1,500,000 төгрөгийг ар гэрээс нь авч, ийм ээдрээтэй хэрэгт хохирол тооцсон нь буруу. Магадлалд Эрдэнэчимэгийг өмгөөлсөн миний эрх ашиг, хэлсэн үгийг дурдалгүй санаатайгаар Эрдэнэчимэгийн эрх ашгийг хохироосон. Удаа дараа прокурорыг татгалзсаар байтал шийдвэрүүдэд нэг ч үг өгүүлбэр оруулахгүй байгаа нь буруу. Прокурор яллах дүгнэлтээсээ буцсаар сүүлдээ хамгаалах үйлдэлгүй болсоор байтал шүүх заавал яллах гээд байгаа нь ойлгомжгүй. Иймд Пүрвээ, Эрдэнэчимэг нарыг цагаатгаж, Эрдэнэтөгсийн хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсийн өмгөөлөгч Д.Энхбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүхийн магадлал эргэлзээтэй гарсан гэж үзэж байна. Шинжээч эмч В.Ариунзул “талийгаачийн хүзүү болон хэвлийд учирсан гурван шархнаас бусад дээрхи гэмтлүүд нь хэзээ хэрхэн үүссэн эсэхийг тогтоох боломжгүй боловч гэмт хэрэг үйлдэгдэх үед хэвлий болон хүзүүний шархтай хамт үүсгэгдэх боломжтой” гэж тайлбарласан нь эргэлзээг зайлшгүй төрүүлж байна. Өөрөөр хэлбэл уг гэмтлүүд нь үүсэх ч юм шиг эсхүл тогтоох боломжгүй мэтээр хоёр утгаар тайлбарлаж байна. Хэргийн газрын үзлэгээр илэрсэн хар өнгийн гар утсанд шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасан боловч прокурор хүсэлтийг хангахаас татгалзсан. Ч.Эрдэнэтөгс “миний барьж байсан хоёр гар утасны нэг утсан дээр бичлэг хийсэн” гэж мэдүүлж байхад шүүх энэ нөхцөл байдлыг илтгэж буй нотлох баримтыг гүйцэт үнэлж дүгнээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.3-т заасныг зөрчиж байна. Гэмт хэрэг гарсан дараалал, үйлдэл яаж бүрэн нотлогдож байгаа нь тогтоогдоогүй. Эрдэнэтөгс талийгаачийг санаатай удаа дараа хутгалсан байдал, дараалал ойлгомжгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.6-д заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг хангалттай нотлоогүй, хувийн байдлын хувьд лавлагааны баримтаас өөр баримтгүй, зан байдлын талаар нэг ч гэрчийн мэдүүлэг, тайлбар байхгүй. Мөн мөрдөн байцаагч Батсайхан Эрдэнэтөгсөөс хурааж авсан гар утсыг хэрхсэн талаар тодорхойгүй байгаа тул үүнийг тодруулан шалгах шаардлагатай. Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэг нэг талыг барьж явагдсан бөгөөд гүйцэд биш хийгдсэн байх тул магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нарын өмгөөлөгч Б.Дашдорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч прокурор давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцэхдээ тэднийг гэм буруутайд тооцож, албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нар хэрэг гарсан талаар 2015 оны 12 дугаар сарын 14-ний орой мэдсэн бөгөөд Ч.Эрдэнэтөгс согтуу тухайн зүйлийн талаар хэлэхэд эгч нар нь сайн ойлгоогүйгээр асуудалд хандсан. Ч.Эрдэнэтөгс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “... эгч нар нь нуун далдлах ямар нэг үйл явдал хийгээгүй ...” талаар  мэдүүлдэг. Ч.Эрдэнэтөгс нь амь хохирогчийн цогцсыг байшингийн дээврийн хөндийд нуусан талаар өөрөө мэдүүлдэг боловч энэ мэдүүлгийг гэрч Ганхуяг нотолдог. Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нар нь амь хохирогчийн цогцос хаана байгааг мэдэхгүй “хүн алсан” гэх согтуугаар хэлсэн Ч.Эрдэнэтөгсийн үгэнд үл итгэсэн байдалтай байсан. Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив тал нь гэмт хэрэг гарсан гэдгийг лавтай сайн мэдэж, үнэн бодит зүйлсийг мэдээлээгүй эс үйлдэхүй байдаг бөгөөд Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нар нь хэргийг нуун далдлах идэвхтэй үйлдэл хийгээгүй нь тэдний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна. Хэргийг нуун далдлах санаа зорилго байсан бол амь хохирогчийг холдуулах боломж байсан. Тэд хэргийн талаар 2015 оны 12 дугаар сарын 12-ны орой 19-20 цагийн хооронд мэдсэн, хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан үеэс Ч.Эрдэнэчимэг нь сэтгэцийн өвчин тусаж одоо ч бүрэн эдгэрээгүй байгаа нь Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нарын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй байгааг харуулж байна.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127 дугаар зүйлийн 127.3-т “онц хүнд гэмт хэргийн газрын үзлэгт прокурор заавал оролцоно” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээс харагдана. Гэрчүүдээс өөр өөр мөрдөн байцаагч нар мэдүүлэг авсан байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 183 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан байдлыг тогтоогоогүй зэрэг зөрчил байдаг. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Ч.Пүрвээ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасныг зөрчиж Эрдэнэчимэг бидэнд эрүү шүүлт тулган, намайг өшиглөн зодож, “ах дүүгээрээ алуурчид” гэж дарамталсан. Энэ хэрэгт гэрчээр оролцсон хулгайч хочит Ганхуягийн үгээр ах дүүсээр нь хэрэгт оруулж, шударга үнэн байх зарчмыг гажуудуулсан. Байнгын сэтгэл санааны дарамтад байж, хууль бусаар цагдан хоригдсоноос болж миний дүү Эрдэнэчимэг сэтгэцийн эмгэгтэй болж 9 сар сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн боловч одоог хүртэл эмчилгээ аваагүй. Бид хоёр тухайн үед Оросод явж байсан, хэргийг нуух санаа зорилго байгаагүй. Үнэхээр нуух байсан бол гражид бэлэн машинууд байсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан. Тухайн үед хашаанд 15 хүн байхад тэднийг байцаагаагүй. Энэ хэрэг Ганхуягаас болж гарсан бөгөөд,  энэ хэрэгт ч оролцсон. Гэтэл Ганхуягийг гэрчээр байцааж, өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан. Ганхуяг гэрч байх боломжгүй гэж үзэж байна. Ганц хүний худал гүтгэлгээр олон хүний амьдрал устаж байна. 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Ариунзаяад холбогдуулан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байсныг үнэн зөвөөр шийдсэн бол энэ хэрэг гарахгүй байсан. Иймд бидний хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Ч.Эрдэнэтөгс хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... гэрч Б.Ганхуяг нь 2000 оноос хойш олон айлаас эд хөрөнгө хулгайлж их хэмжээний хохирол учруулж, бүлэглэн дээрэмдэх, танхайрах гэмт хэргийг үйлдэж 10 жилийн хорих ял аваад Өршөөлийн хуулиар суллагдаж байсан. Ганхуяг намайг уруу татаж хүн хараад хань болчих, чамайг хэрэгт хийхгүй, өөрөө хүлээнэ гээд хулгайн үйлдэлдээ дагуулж явдаг болсон. Тэгээд би 2006 оны 3 дугаар сараас хулгай хийхгүй гэж Ганхуягт хэлээд, түүнтэй дахиж хулгай хийгээгүй. 2015 оны 8 дугаар сард Ганхуяг миний хамтран амьдрагч Ариунзаяад архи уулгаж, хар тамхи татуулан мансууруулж, хүчиндсэн. Би нууцаар дагаж яваад цонхоор нь орж болиулсан, үүнийг баримтжуулах гэж би гар утсаараа бичлэг хийсэн бөгөөд энэ талаар Баатка, Энхбат, Номин, Аагий, Жанжин, Баярсайхан нар гэрчилнэ. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай гэрийнхэн ОХУ руу явсан хойгуур Ганхуяг манайд ирж Ариунзаяа, бид гурав архи уунгаа, түүний авчирсан хар тамхийг хэрэглэсэн. Ингээд Ариунзаяа, Ганхуяг нар маргалдаж, талийгаач Ганхуяг руу хутга далайхад, Ганхуяг Ариунзаяагийн хоёр гарын шуунаас барьж өөрөөсөө холдуулсан. Талийгаач маш ихээр уурлаж хутга барьсан баруун гараа огцом татах эрчээрээ өөрийн хүзүүг санамсаргүй хатгасан. Ингээд цус алдаж маш хурдан хугацаанд нас барсан, би үүнийг өөрийн гар утсаараа бичлэг хийж авсан. Эмнэлэг дуудах гэсэн боловч Ганхуяг нэгэнт үхчихсэн юм чинь дуудаж яах юм, хоёулаа яахаа бодъё, бид хоёроос өөр хүн мэдэхгүй ...” гээд заазуурыг торонд хийгээд аваад явсан. Маргааш нь Ганхуяг над руу залган “хаана байна би машинтайгаа явж байна” гэж яриад над руу ирсэн. Ганхуяг бид хоёр хаана нуухаа ярьж байтал Ганхуяг “Хужирбулан руу манайд очиж нэг юм ууя, замдаа нууя, бензины мөнгө байна уу” гэхээр нь би эгч Пүрвээгээс хадгалуулсан мөнгөнөөсөө 30,000 төгрөг аваад явах гэтэл бага эгч Эрдэнэчимэг “би цуг явъя чи цаашаа хаашаа ч алга болчих юм билээ” гэсэн. Тэгэхээр нь би уурлаад “та итгэхгүй байгаа бол өөрөө цуг яваад бензин хийгээд ир” гээд явуулсан. Тэгээд эгч удалгүй буцаад ирэхэд нь яасан талаар асуухад “Ганхуяг харьлаа” гээд явчихлаа гэсэн. Тэгээд Ганхуяг цагдаа Сүхбаатарын гэрт очиж “би чамд цол нэмэх чухал хэрэг оллоо, чи надад хэдийг өгөх үү, ямар шагнал өгөх үү” гээд “Эрдэнэтөгс миний машинд сууж байхдаа Ариунзаяа үхсэн одоо байшингийн дээвэр дээр байгаа гэнэ, миний машинаар хаямаар байна” гэсэн гэж хэлсэн байдаг. Ганхуяг бид хоёр цогцсыг авч гараад явж байхад цагдаагийн машин зогсоогоод би айсандаа “найз нь энэ хэргийг үүрнэ, чи намайг Био комбинатад аваачиж хаяна гэж байсан гэж хэлээрэй” гэж захисан. Ингээд шалгагдаж эхлээд мөрдөн байцаагч Батсайхан миний нотлох баримттай хоёр гар утсыг хураан авсан бөгөөд би Ганхуягийн хийсэн хэргийг үүрсэн. Гэтэл би хийгээгүй хэрэгтээ 21 жилийн жилийн ял авч байна. Хэргийн бүх баримт гар утсан дээр тов тодорхой байхад байцаагч Батсайхан нуун дараад байна. Мөн Ганхуягийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан, хар тамхи хэрэглэж Ариунзаяаг хүчиндсэн хэргүүдийг хамтад нь шалгуулах хүсэлтэй байна ...” гэжээ.

Шүүгдэгч Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нарын өмгөөлөгч Э.Мягмарцэрэн хяналтын шатны шүүх хуралдаанд: “... 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нарыг цагаатгасан боловч хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхдээ гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Анхны цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нуун далдлах идэвхтэй үйлдлээр илэрдэг. Ч.Эрдэнэчимэг, Ч.Пүрвээ нарын үйлдэлд ямар ч идэвхтэй үйлдэл байгаагүй тул тэдний хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү ...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Ч.Эрдэнэтөгс нь онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах, Ч.Пүрвээ, Ч.Чулуумаа, Ч.Эрдэнэчимэг нар нь хүнийг санаатай алах гэмт хэргийг нуун далдалсан хэрэгт холбогдсон. Мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлүүдийг хангалттай шалгасан. Хэргийн зүйлчлэл, ял шийтгэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Шүүгдэгч Ч.Эрдэнэтөгс, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн, Д.Энхбаяр, шүүгдэгч Ч.Пүрвээ, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Ч.Эрдэнэтөгс, Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг, Ч.Чулуумаа нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх Ч.Эрдэнэтөгс нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9 дүгээр гудамж, 124 тоот гэртээ хамтран амьдрагч А.Ариунзаяаг зодож, хүзүү болон хэвлийн тус газар нь 3 удаа хутгалж, биед нь хуйх, 2 нүдний доод зовхи, хамрын уг нуруу, эрүүний ооч хэсэгт цус хуралт, 2 хөмсөгний гадна болон гол хэсэг, хамрын үзүүрийн өнгөц зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, төвөнхийн бамбайн мөгөөрс, баруун гүрээний артерийн зүсэгдсэн шарх бүхий хүнд гэмтэл учруулж, санаатай алсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Ч.Эрдэнэтөгсийн амь хохирогч А.Ариунзаяад олон тооны шарх гэмтэл учруулж, санаатай алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан “онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэргээр зүйлчилж, түүний гэм бурууд тохирсон ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Ч.Эрдэнэтөгст холбогдох хэргийн үйл баримтыг тогтооход шаардлагатай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан нотлох баримтууд цугларч, бэхжигдсэн байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Ч.Эрдэнэтөгсийг гэм буруутайд тооцоход үндэслэсэн нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Харин анхан шатны шүүх Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг нуун далдлах, Ч.Чулуумааг мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцохдоо хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хууль буруу хэрэглэжээ.

Гэмт хэргийг нуун далдлах гэмт хэргийн нийгмийн аюул нь гэмт хэрэгтэй тэмцэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа буюу гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэгтэнг олж, ял шийтгэл хүлээлгэх, хохирол гэм хорыг арилгах, нөхөн сэргээх ажиллагаанд саад учруулдагт оршдог.

Нуун далдлах гэмт хэрэг нь урьдчилан амлаагүй байдгаас гадна гэмт хэрэг төгсөх үе шат нь нуун далдалсан бодитой буюу идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг. Тухайлбал, гэмт хэрэгтнийг нуусан, мөн гэмт хэрэг үйлдсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг урьдчилан амлалгүйгээр нуун дарагдуулсан идэвхитэй үйлдлээр илэрнэ.

Шүүгдэгч Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг, Ч.Чулуумаа нар нь дүү Ч.Эрдэнэтөгсийн хүнийг санаатай алсан гэмт хэргийг нүдээр үзэж, хараагүй, дүү Ч.Эрдэнэтөгсөөс сонссон байх бөгөөд нуун далдлах идэвхтэй үйлдэл хийсэн болохыг дан ганц гэрч Б.Ганхуягийн “... том эгч Пүрэв Баянхошууны тийшээ хая, наадах чинь тэнд ажил хийдэг гээ биз дэ гэхэд бага эгч нь тийм ойрхон яах гэсэн юм ... гэсэн. Бензингүй гэхэд том эгч нь 30,000 төгрөг өгсөн, Эрдэнэчимэг эгч нь намайг дагаад бензинд явсан ...” гэсэн мэдүүлэгт үндэслэн тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. 

Өөрөөр хэлбэл Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг, Ч.Чулуумаа нарын хүнийг санаатай алах гэмт хэргийг нуун далдалсан идэвхтэй үйлдэл хийсэн эсэх талаарх нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч уг гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй байна.

Гэмт хэргийг нуун далдлах нь үл мэдээлэх гэмт хэргээс объектив талын шинж буюу идэвхтэй үйлдлээр ялгагддаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...эрхтэй...” гэж заасан байдаг бөгөөд Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг, Ч.Чулуумаа нар нь дүүгээ хүн алсан болохыг мэдсэн хэрнээ зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдээгүй нь тэдний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхэд хамаарч байх тул “эс үйлдэхүй”-гээр илэрдэг Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлгүй юм.

Ийнхүү Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг, Ч.Чулуумаа нарын үйлдэлд хүнийг санаатай алах гэмт хэргийг нуун далдлах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж тогтоогдохгүй байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 12А дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 833 дугаар магадлалд “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Ч.Пүрвээ, Ч.Эрдэнэчимэг, Ч.Чулуумаа нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Эрдэнэтөгсийн гомдлыг бүхэлд нь, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн, Д.Энхбаяр нарын гомдлын Ч.Эрдэнэтөгст холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                                                  Б.БАТЦЭРЭН

                                  ШҮҮГЧ                                                                Д.ГАНЗОРИГ