Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 71

 

С.Б-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00048/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 311 дүгээр  шийдвэртэй,   

           Нэхэмжлэгч: С.Б-ын  нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: “Дулаан шарын гол” ТӨХК-д холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай”  иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов. 

Нэхэмжлэгч С.Б-оос:

Миний бие тус компанид харуулаар ажилладаг. Гэтэл гүйцэтгэх захирал Б.Энхцэцэг нь 5 харуул ажиллах ёсгүй, 4 харуулын орон тоотой учир 1 харуулыг хална гээд харуулын ажилчдын хурал гэдгийг зохион байгуулж ямар ч шалтгаангүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг баримтлан  ажлаас халсанд гомдолтой байна. Намайг харуулаар ажилд орсны дараа 2 харуулыг уг ажилд шинээр нэмж авч 5 харуултай болсон нь миний буруу биш. Ур чадварын шалтгалт авсан зүйл байхгүй. Анх ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ хийж ажилд орсон. Би гомдолтой байгаа учир харуулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туяагаас:

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.3 дахь заалтуудыг үндэслэн ажлын зохион байгуулалт, хөдөлмөрийн  сахилга  батын  хяналт  сулруулж,  ажлын  цагийг үр бүтээлгүй ашигласан тул 2014 оны 11 дүгээр сарын 26-ны Б/197 тоот тушаалаар ажилд орсноос 2 сар 13 хоногийн дараа хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэлийг ногдуулсан.

Мөн ажилд орсноос хойш 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/160 тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ажилд орох өргөдөл гаргасныг бохир усны төвлөрсөн системийн насосны станцын машинчаар томилсон. Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй, ээлжээ хүлээлцээгүй, диспечерт мэдээ өгөөгүй, бохир цуглуулах резервуар хариулсан нь ажлын байр орхиж явсантай холбоотой гэж цахилгаанчин, засварчдын үзлэг шалгалтаар тоног төхөөрөмж хэвийн ажиллаж байсан нь тогтоогдсон, өөрийнх нь хариуцлага алдсан тухай тэмдэглэгээтэй ажил хүлээлцэх журнал алдагдсан нь ажилтан Ш.Отгонбаатараар авахуулж устгасан нь тодорхой байгаа, үйлдвэрлэлийн жигд ажиллагааг алдагдуулахад хүргэж, албаны баримт бичгийн хөтлөлтийг дураараа өөрчилж, мэдээ, мэдээллийг худлаа мэдээлж байсан зэрэг нь хөдөлмөрийн гэрээ цуцлах хэмжээний хариуцлага алдсаар байтал ямар ч арга хэмжээ авагдаагүй нь дур зоргоороо байсныг гэрчилж байна. С.Б- нь удаа дараа ажлын хариуцлага алдсан боловч тухайн үеийн удирдлагын шийдвэрээр харуулаар ажиллаж байсан Х.Арипыг өөр ажлын байранд шилжүүлж, С.Б-од ажлын байр гаргаж харуулаар ажиллах тушаалыг 2016.04.07-ны өдөр гаргуулж гэрээ хийсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төлөөлөн удирдах зөвлөлд шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, орон тоог бууруулах зарчим баримтлан компанийн бүтцийг оновчтой болгон баталж хэрэгжүүлэх чиглэл ирсэн. 2016.10.28-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөл Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 06 тоот тогтоол гарсан. 2015 оны Захиргаа аж ахуйн албаны орон тоог 4 харуултай байна гэж баталсан байдаг. Компанийн удирдлага солигдож, илүү орон тоог чөлөөлөх үүрэг даалгавар өгч харуулуудад танилцуулж, ажлын үзүүлэлтээр асуудлыг шийднэ гэж анхааруулсан. Шударга зарчмыг баримтлан хамт ажилладаг ажилтнуудын саналыг харгалзан үзэж ажлаас чөлөөлөхөөр тодорхойлсон гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 311 дүгээр  шийдвэрээр: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Б-ыг  “Дулаан шарын гол” ТӨХК-ийн харуулын ажилд эгүүлэн тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Б- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Дулаан шарын гол” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.   

Нэхэмжлэгч С.Б- давж заалдсан гомдолдоо:

Миний бие шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй”  гэж заасан байдаг. Би өөрийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд өгсөн. Миний авч байсан цалингийн тодорхойлолт ч байгаа. Шүүх хуралдаан эхлэхэд би өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж  ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн. Энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд бий. Гэтэл шүүх ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, надад ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч С.Б- нь   ажилд эгүүлэн тогоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг “Дулаан шарын гол” ТӨХК-д холбогдуулан  гаргасныг хариуцагч  нэхэмжлэлийн  шаардлагыг зөвшөөрөхгүй гэж  маргасан.

            Шүүх С.Б-ын  ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж  шийдвэрлэсэн  байх  ба  хариуцагч нь   шүүхийн тус шийдвэрт  гомдол гаргаагүй  харин нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг   шийдвэрлээгүйд гомдож, давж заалдсаныг  хүлээн авах нь зүйтэй.

            Хэргийн  үйл баримтаас үзэхэд  нэхэмжлэгч С.Б- нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн  шаардлагадаа    ажилд эгүүлэн тогтоолгох  гэж,  шүүх  хуралдааны  үед  нэхэмжлэлийн шаардлагаа   нэмэгдүүлж  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар   шаардсан болох нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны   тэмдэглэлд  тусгагдсан   байна.

            Үүнээс үзвэл   нэхэмжлэгч  нь  хоёр   шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байхад  шүүх нэг шаардлагыг  нь  шийдвэрлэж  нөгөө  шаардлагыг  шийдвэрлээгүй байна гэж  үзэхээс гадна   “ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлээгүй”  гэж  дүгнэснийг  буруу  гэж үзнэ. Учир нь  шүүхийн  дүгнэлт  шүүх хуралдааны  тэмдэглэлээс зөрүүтэй болжээ.

Иймд нэхэмжлэгч С.Б-ын давж заалдсан  гомдолд  дурдсан  “...шүүх хуралдаан эхлэхэд  би  өөрийн  нэхэмжлэлийн шаардлагаа  дэмжиж мөн ажилгүй байсан хугацааны  цалинг нэхэмжилсэн, энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх эрхтэй гэсэн байдаг. Энэ дагуу би өөрийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг  нотлох баримтын шаардлага хангуулан  гаргаж өгсөн, тэнд миний авч байсан сарын цалингийн тодорхойлолт  хэрэгт авагдсан  байгаа...” гэх  үндэслэлүүд  нь   хэрэгт авагдсан нотлох баримтаар   тогтоогдож  байна.

            Нэхэмжлэгчийн  хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхол нь  зөрчигдсөнийг зөвхөн  ажилд эгүүлэн  тогтоосноор   бүрэн сэргээгдсэн гэж  үзэхэд  хараахан хангалттай биш юм, зүй нь шүүх  С.Б-ын  ажил хөдөлмөр эрхлэх Үндсэн хуулиар  олгогдсон  эрхийг бүрэн  сэргээхэд түүний ажилгүй  байсан хугацааны  хохирлыг  ч давхар арилгаснаар  хангагдах учиртайг  анхаараагүйг буруу  гэж  үзлээ.

Дээрх алдааг  давж заалдах шатны  шүүхээс   шийдвэрт өөрчлөлт оруулах замаар   засах  боломжтой. Учир нь  ажилгүй байсан хугацааны  цалинтай холбоотой шаардлагыг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт  хэрэгт авагдсан  бөгөөд  түүнийг  шүүх  үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 166 дугаар зүйлийн 166.4-т  заасныг  зөрчихгүй юм. 

             С.Б-ыг  ажлаас буруу халсан нь  тогтоогдсон тул  түүний ажилгүй байсан хугацааны  цалинг  нийгмийн  даатгалын  дэвтэрийн  бичилтийг үндэслэн  сарын дундаж  цалингийн хэмжээг  тооцоход    385.152 төгрөг  болох ба  нэг өдрийн цалин нь  18.340 төгрөг \ 385.140 : 21 хоног\,  2016  оны  12 дугаар сарын 17-ноос 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл  ажлын  62  хоногийн  олговор  1.137.080  төгрөгийг  “Дулаан шарын гол”  ТӨХК-с  гаргуулахаар  шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 311 дүгээр шийдвэрийн Тогтоох   хэсгийн  1 дэх заалтад “Хөдөлмөрийн  тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1  гэсэн  заалтыг нэмж, “...ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацааны  олговор  1.137.080  төгрөг гаргаж,  С.Б-од  олгосугай.”,

Тогтоох  хэсгийн  2 дахь заалтанд   “70.200  төгрөг “  гэснийг  “102.040  төгрөг”  гэж   тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй  болохыг  дурдсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                            ДАРГАЛАГЧ

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ              

                                            ШҮҮГЧИД                                                 С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                              С.ЭНХЖАРГАЛ